| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/1250/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1664 |
| Огноо | 2025-06-23 |
| Зүйл хэсэг | 18.3.1., |
| Улсын яллагч | Б.Очгэрэл |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1664
2025 06 23 2025/ШЦТ/1664
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, тус шүүхийн байрны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
улсын яллагч Б.Очгэрэл,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан эрүүгийн 2502000000174 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ц овогт Б.Б
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.Б нь **** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2021 оны жилийн эцэс, 2022 оны 9 дүгээр сар хүртэлх татварын тайлант хугацаанд “*****************” ХХК-аас 8 ширхэг падаанаар 554,822,890.91 /таван зуун тавин дөрвөн сая, найман зуун хорин хоёр мянга, найман зуун ерэн төгрөг, ерэн нэгэн мөнгө/-ийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 55,482,289.09 /тавин таван сая, дөрвөн зуун наян хоёр мянга, хоёр зуун наян есөн төгрөг, есөн мөнгө/-өөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, ***** дүүргийн татварын хэлтсээс ирүүлсэн танилцуулга, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ж.А-ын мэдүүлэг, гэрч О.Б-ын мэдүүлэг, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн шинжээч чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Э-гийн 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 47250017 дугаартай мөрдөгчийн магадлагаа, Н.Х-ы эрүүгийн 231002584 дугаартай хэрэгт сэжигтнээр өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Б.Б-ын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, тайлбараар Б.Б- нь **** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2021 оны жилийн эцэс, 2022 оны 9 дүгээр сар хүртэлх татварын тайлант хугацаанд “*****************” ХХК-аас 8 ширхэг падаанаар 554,822,890.91 /таван зуун тавин дөрвөн сая, найман зуун хорин хоёр мянга, найман зуун ерэн төгрөг, ерэн нэгэн мөнгө/-ийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 55,482,289.09 /тавин таван сая, дөрвөн зуун наян хоёр мянга, хоёр зуун наян есөн төгрөг, есөн мөнгө/-өөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б-ын татвар төлөхөөс зайлсхийх буюу хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон үйл баримт нь:
Шүүгдэгч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай байгууллага ковидын үед буюу 2021-2022 онд үүсгэн байгуулагдсан ба би энэ үйлдлийг санаатайгаар хийгээгүй. Миний хяналт шалгалт муутайгаас болж ийм байдал үүссэн байна. Би хариуцлагаа хүлээхэд бэлэн байна...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “…Би “*****************” компанийг мэднэ. Манай компани нь бусад компаниудтай гэрээ хийгээд бараа худалддаг юм. Тухайн компанийг би Ба гэх хүнээс өөрийн нэр дээр 2021 оны 06 дугаар сард үнэгүй шилжүүлж авсан юм. Манай компани ямар нэгэн оффисгүй бөгөөд би ***** дүүргийн *** дүгээр хороо ** байрны *** тоотоос үйл ажиллагаа явуулдаг юм. Би тухайн компанийг 2021 оны 6 дугаар сард Ба гэх хүнээс ямар нэгэн үнэ төлбөргүйгээр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан юм. Тухайн Ба гэх хүнийг танилаараа дамжуулж холбогдоод компанийг нь өөрийн нэр дээр авсан юм. Тэгээд би авсан цагаасаа хойш ямар нэгэн татвар огт төлөөгүй юм. Би анх уг нь компаниудтай гэрээ хийгээд хэрэгтэй бараа материалуудыг нь өөр газраас хямдхан худалдаж аваад гэрээ хийгээд нийлүүлдэг байсан юм. Тэгээд сүүлдээ нөгөө компаниуддаа бараа материал өгөлгүйгээр падан бичиж өгөөд бичсэн бараа материалуудын үнийн дүнгийн 10 хувийн 2 хувь болох мөнгийг нь би өөрөө авдаг байсан юм. Би зарим гэрээ компаниуд болон тухайн компаниуд болон тухайн компанид ямар бараа материал хэдэн төгрөгөөр өгсөн талаарх зарим баримтуудыг хэрэгт хавсаргахаар өгнө. Тэгэхдээ зарим компаниудтай гэрээ огт хийлгүйгээр падан бичиж өгөөд мөнгө авдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 120/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ж.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...“******” ХХК нь 2021 оны 12 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сарын хооронд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор “*****************” ХХК-аас 8 ширхэг падаанаар 554,822,890.91 төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээг худалдан авсан мэтээр Татварын ерөнхий газрын цахим системд хуурамч тайлан илгээж нийт 55,482,289.09 төгрөгөөр татвараа бууруулан, татвар төлөхөөс зайлсхийсэн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,
гэрч О.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би ***** дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагчаар ажилладаг юм. Тэгтэл манай дүүргийн татварын хэлтэст бүртгэлтэй 61***** тоот дугаартай ***************** ХХК-н 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацааны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн дагуу ТЕГ-н 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 3423501744 тоот томилолтоор тус байгууллагын хяналт шалгалтын үйл ажиллагааг татварын албаны мэдээллийн баазад тулгуурлан цахим хяналт шалгалт хийсэн. Тус байгууллагын хяналт шалгалтыг хийхэд Бүрэн хангай нуруу ХХК-н барилгын засвар хийх, барилгын материалын худалдаа эрхэлдэггүй, импортоор ямар нэгэн худалдаа авалт хийгээгүй, аливаа бараа материал үйлдвэрлээгүй байна. Тус байгууллага нь үл хөдлөх хөрөнгө, авто тээврийн хэрэгсэл байхгүй. 2019-2022 онуудад НӨАТ ноогдох бодит үйл ажиллагаа явуулж НӨАТ ноогдох борлуулалтын орлого олсон эсэхийг тодорхойлох боломжгүй байсан. Ийм тус байгууллага нь 2020-2022 онуудад 14.088.052.755.36 төгрөгийн үнийн дүн бүхий НӨАТ-н борлуулалтын хий бичилттэй падаан үйлдэж хавсралтад дурдсан 63 аж ахуй нэгжийн улсын төлөвт төлөх татварыг 1.408.805.275.64 буруулсан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн үзэн цагдаа ийн байгууллагад шалгуулахаар өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/,
***** дүүргийн татварын хэлтсээс ирүүлсэн танилцуулга /хх-ийн 2-4/,
Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн шинжээч чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Э-гийн 20253 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 47250017 дугаартай мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 28-49/,
Н.Х-ы эрүүгийн 231002584 дугаартай хэрэгт сэжигтнээр өгсөн: “...Тэгээд сүүлдээ нөгөө компаниуддаа бараа материал өгөлгүйгээр падан бичиж өгөөд бичсэн бараан материалуудын үнийн дүнгийн 10 хувийн 2 хувь болох мөнгийг нь би өөрөө авдаг байсан юм. Би зарим гэрээ хийсэн компаниуд болон тухайн компанид ямар бараа материал хэдэн төгрөгөөр өгсөн талаарх зарим баримтуудыг хэрэгт хавсаргахаар өгнө. Тэгэхдээ зарим компаниудтай гэрээ огт хийлгүйгээр падан бичиж өгөөд мөнгө авдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 107-108 зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.Б- нь **** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2021 оны жилийн эцэс, 2022 оны 9 дүгээр сар хүртэлх татварын тайлант хугацаанд “*****************” ХХК-аас 8 ширхэг падаанаар 554,822,890.91 /таван зуун тавин дөрвөн сая, найман зуун хорин хоёр мянга, найман зуун ерэн төгрөг, ерэн нэгэн мөнгө/-ийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 55,482,289.09 /тавин таван сая, дөрвөн зуун наян хоёр мянга, хоёр зуун наян есөн төгрөг, есөн мөнгө/-өөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 2.000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Б-т 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Б.Б- нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар
Шүүгдэгч Б.Б-ын дээрх үйлдлийн улмаас Татварын Ерөнхий газарт 55.482.289.09 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад залруулга 13.827.743 төгрөгт залруулга хийж нийт 41.654.546 төгрөг гаргуулан улсын орлого болгохоор шүүх шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Б.Б-т холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад шүүгдэгчээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар завсарлага авсан бөгөөд шүүгдэгч Б.Б- нь завсарлага авсан хугацаанд хохирол, төлбөр болох 4.200.000 төгрөг Төрийн сангийн 10090000**** дансанд төлсөн тул шүүгдэгчээс 37.454.546 төгрөг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц овогт Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “...Татвар төлөхөөс зайлсхийх буюу хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 2.000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- нь энэ тогтоолоор оногдуулсан 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Б- нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5.Шүүгдэгч Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас 37.454.546 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР