Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2022/00952

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2022/00952

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэгт оршин суух, *******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт оршин суух, *******,

Хариуцагч: Хан-Уул дүүрэгт оршин суух, *******,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэгт  байрлах,******* ХХК -д тус тус холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага:*******,*******нартай байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, байрны төлбөрт өгсөн 22.000.000 төгрөгийг гаргуулах, гэрээнээс учирсан хохиролд 82.843.403 төгрөгийг хариуцагч*******, Ч.Батцэнгэл, Глобконстракшн ХХК нараас гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч*******гаас нэхэмжлэгч ******* болон Глобконстракшн ХХК-д тус тус холбогдуулан гаргасан,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Глобконстракшн ХХК-иас 2009 онд *******т олгосон орон сууц эзэмших батламж бүхий хэлцэл хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, ******* шаардах эрхээ хэрэгжүүлээгүй буруутай болохыг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Ш.Э, хариуцагч******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.М, хариуцагч Ч.К-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болорчимэг нар оролцов. Хариуцагч Ч.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.М нар шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй тул тэдгээрийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь Глобконстракшн ХХК,*******,*******нарт холбогдуулан Ч.Куланда,*******нартай байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, байрны төлбөрт өгсөн 22.000.000 төгрөгийг гаргуулах, гэрээнээс учирсан хохиролд 82.843.403 төгрөгийг хариуцагч*******, Ч.Батцэнгэл, Глобконстракшн ХХК нараас гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие******* ХХК-ийн барьж ашиглалтанд оруулсан Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Хоршооллын хотхон, Б.Доржийн гудамж, 32 дугаар байр, 28 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг Монголын Үндэсний Олон Нийтийн радио телевизийн захирлаар ажиллаж байсан*******,*******нараас 2005 онд тухайн үеийн зах зээлийн ханш болох 22.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож худалдаж авсан. Орон сууцны төлбөрийг бэлнээр Ч.Батцэнгэлд төлсөн. 2005 онд байрандаа орж, эзэмших ашиглаж холбогдох ашиглалтын зардал болох цахилгаан, дулаан, цэвэрлэгээний төлбөрийг зохих ёсоор төлөн 14 жил амьдарч ирсэн. Дээрх орон сууцыг Улсын комисс хүлээн аваагүй байсан тул үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ байсан. Харин уг орон сууцны хууль ёсны өмчлөгч иргэн ******* намайг мөн гэдгийг нотолж******* ХХК албан ёсны батламжийг 2009 онд гарган өгсөн. Түүнчлэн 2016 онд******* ХХК-ийн захирал Ж.Мэндбаяр 32 дугаар байрны оршин суугчидтай уулзаж удахгүй барилгыг Улсын онцгой комисс хүлээн авна. Үүний дараа өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх тул шаардлагатай баримт материалаа хураалгахыг хүссэн. Миний бие тухайн үед шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгсөн. Гэвч дээрх орон сууцыг 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор суллаж өг гэсэн албан бичиг ирүүлж,******* ХХК нь ******* намайг уг байрны хууль ёсны өмчлөгч гэж мэдсээр байж Г.Мөнхбаясгалан гэдэг хүнд хууль бусаар худалдан борлуулж, гэрчилгээ гаргуулан авсан төдийгүй намайг гэртээ байхгүй хойгуур хаалганы голыг солин дотор нь байх эд хогшлыг өөр газар дур мэдэн гаргасан.

Уг асуудлаар Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гомдол гаргасан ч Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 3475 дугаар прокурорын тогтоолоор Иргэний маргаан байх тул хэмээн хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Дээрх ажиллагааны явцад Монголын Үндэсний Радио Телевизийн тухайн үеийн захирал*******, иргэн Ч.Батцэнгэл,******* ХХК-ийн захирал Ж.Мэндбаяр, Г.Мөнхбаясгалан нараас мэдүүлэг авсан ба Ч.Батцэнгэлийн мэдүүлгээс "...2004 онд билүү 2005 онд шиг санаж байна. Тухайн үед манай даргаар ажиллаж байсан Куланда гэх хүн надад 3 өрөө хямдхан байр байна. Авах хүн байна уу гэж асуухаар нь би *******т ийм байр байна. Хямдхан 22 сая төгрөг юм байна, гэж асуусан", "....*******аас 22 сая төгрөгийг Куландад өгсөн...", Тэгээд би 2017 билүү 2018 онд 22 сая төгрөгийг Куланда гэх хүнээс аваад. Ж.Мэндбаярын компани руу шилжүүлсэн...", "...Ж.Мэндбаяр ч өөрөө зөвшөөрсөн..", гэх тайлбар,

Ч.Куландагийн мэдүүлгээс ....тухайн үед Батцэнгэл гэх манай нэг захирал Энэ байрыг би нэг хүнд зарчихъя гэж хэлээд ******* гэх хүнд 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 22.000.000 төгрөгөөр зарсан байдаг. Мөнгө надад байсан ба би 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Батцэнгэлд шилжүүлж, Ж.Мэндбаяр сүүлд шоронгоос суллагдаж гарч ирэхээр нь түүнд Батцэнгэлээс шилжүүлж өгсөн байгаа..." гэх тайлбар, "Глоб констракшн" ХХК-ийн захирал Ж.Мэндбаяр "....реклам явагдаагүй учраас байраа авъя гэхэд Батцэнгэл нь Оюунбаяр гэх хүнд 2006 онд зарсан...,*******нь 2016 онд санагдаж байна 22 сая төгрөгийг манай компанид өгсөн..." гэх тайлбар зэргүүдээс үзэхэд*******,*******нар эрхийн зөрчилтэй, өөрийн өмчлөлийн биш үл хөдлөх хөрөнгийг ******* надад худалдан борлуулсан. Ж.Мэндбаяр нь маргааны зүйл болох орон сууцны төлбөрийг авч, орон сууцны эзэмшигч мөн хэмээн ******* надад батламж гарган өгсөн мөртлөө өөр этгээдэд худалдан борлуулсан нь тодорхой нотлогдож байна. Өөрөөр хэлбэл орон сууцыг зарахдаа зохих этгээдийн зөвшөөрлийг аваагүй, улсын комисс орон сууцыг хүлээн авчихвал өмчлөх эрхийн гэрчилгээ гарган өгнө гэж хууран мэхэлж ******* надад зарсан хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл бүрдэж байна.

Өнөөдрийн байдлаар орон сууцны үнэ хэд дахин өссөн байдалтай байгаа. Маргааны зүйл болох 3 өрөө орон сууцыг******* ХХК-ийн захирал Ж.Мэндбаяр 100 сая төгрөгөөр үнэлэн ажлын хөлсөнд тооцсон байдаг. Үүнээс үзэхэд гурван өрөө орон сууцны дундаж үнэ 109.217.000 төгрөг байна.

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх үндсэн үүрэгтэй байдаг. Гэтэл худалдагч талаас үүргээ биелүүлэлгүй эрхийн доголдолтой хөрөнгийг шилжүүлсэн. Хэрэв тухайн үед эрхийн зөрчилгүй орон сууцыг шилжүүлж, өнөөдөр тухайн орон сууцыг борлуулвал зах зээлийн ханшаар 87 363 000 төгрөгийн орлого олох байсан боловч хариуцагч нарын үүргээ гүйцэтгээгүйгээс шалтгаалж зайлшгүй орох байсан орлого орох боломжгүй болсон тул бодит хохирол гэж үзэх бүрэн боломжтой юм. Иймд Хариуцагч**************нартай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу байрны төлбөрт өгсөн 22.000.000 төгрөгийг*******,*******нараас хувь тэнцүү хэмжээгээр гаргуулж өгнө үү.

Дээрх хүчин төгөлдөр бус гэрээнээс үүдсэн хохиролд орон сууцны зөрүүг тооцон 87.363.000 төгрөгийг гаргуулахаар анх шаардсан. Шинжээчээс хөрөнгийг 104.843.403 төгрөгөөр үнэлсэн тул зөрүү 82.843.403 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч******* Ч.Батцэнгэл,******* ХХК нараас тэнцүү хэмжээгээр тооцон гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч*******гаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд: Анх 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр "Глоб констракшн" ХХК болон Монголын Үндэсний олон нийтийн телевиз хооронд 3 өрөө сууц бариулах захиалгын 29.800.000 төгрөгний гэрээ байгуулсан боловч*******" ХХК-ийн захирал Ж.Мэндбаяр хуулийн байгууллагад саатуулагдснаас гэрээний хэрэгжилт эргэлзээтэй, тодорхойгүй болж, талуудын гэрээгээр хүлээсэн үүрэг хүлээлттэй болсон. Энэ хугацаанд энэхүү 3 өрөө байрыг эзэмшиж, ашиглаж байсан *******т******* ХХК ирээдүйд өмчлөгч болгоно гэсэн албан ёсны батламжийг 2008 онд гарган өгсөн ба 2016 онд*******" ХХК-ийн захирал Ж.Мэндбаяр 32 дугаар байрыг улсын комисс хүлээн авахаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхөд саадгүй гэсэн тайлбарыг өгч байсан. Ийнхүү 3 өрөө байрны асуудал 2017 оны 10 дугаар сард "Глоб констракшн ХХК-ийн захирал Ж.Мэндбаяр хүрэлцэн ирснээр дахин яригдсан ба Глоб кредит" ХХК-ийн хохирол барагдуулах хамтын бат итгэл нийгэмлэгийн төлөөлөгч С.Баатархуяг нь Ч.Батцэнгэлтэй 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хэлцэл хийн байрны төлбөрийн нэг хэсэг болох 22.000.000 төгрөгийг дундын дансанд түр байршуулсны дараа дахин хэлэлцэж мөнгийг Ч.Батцэнгэлд буцаах, эсхүл байрыг өмчлөлд шилжүүлэх эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр тохиролцсон. Иймд*******нь *******ын 22.000.000 төгрөгийг С.Баатархуягийн дансанд Глоб 32-р байр 28 тоотын барьцаа төлбөр хэмээн шилжүүлсэн. Ингээд цааш иргэн ******* болон******* ХХК-ийн хооронд байрны асуудал 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл зүй ёсоор шийдвэрлэгдээгүй болохыг 3 жилийн дараа шүүхээс нэхэмжлэл хүлээн авснаар мэдсэн. Иргэн ******* 14 жил эзэмшсэн, бусдад түрээсэлж орлого олж байсан орон сууцаа хууль ёсоор өмчлөх эрхээ хамгаалж, шүүхэд хандаагүйд гайхаж байна. Иргэн*******бидний хувьд Монголын Үндэсний телевизтэй байгуулсан гэрээ хэрэгжих боломжгүй болсон тул тухайн үед Ч.Батцэнгэлийн дунд сургуулийн нэг ангийн хүүхэд болох *******ыг орон сууцтай болоход нь******* ХХК-тай холбож, зуучилсан төдий үүрэг гүйцэтгэсэн ба ямар нэгэн ашиг орлого аваагүй болно. Харин орон сууцны асуудлыг шийдвэрлэж чадах Ж.Мэндбаярыг ирэх хүртэл *******ын 22.000.000 төгрөгийг бусдад алдахгүй байх үүрэгтэй байсан. Нэхэмжлэгч ******* "тухайн үед эрхийн зөрчилтэй орон сууцыг шилжүүлсэн гэж буруутгасан байна. Гэтэл 2005 оны 12 дугаар сард ******* орон сууцанд шууд нүүж орохдоо уг байрыг******* ХХК барьсан, Улсын комисс хүлээж аваагүй байгаа, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг******* ХХК гаргаж өгнө, "Глоб констракшн ХХК-ийн захирал Ж.Мэндбаяр хуулийн байгууллагад саатуулагдсан, Глоб ХЗХ-ны хохирогчдын асуудал мандсан зэргийг маш сайн мэдэж байсан. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн эрсдэл гарвал өөрөө хариуцна гэдгээ маш сайн мэдэж байсан. Хариуцагч******* болон нэхэмжлэгч ******* нарын хооронд худалдах худалдан авах гэрээ хийгдээгүй болно. Харин******* ХХК-иас байр авах гэрээний эрхээ шилжүүлэх хэлцэл явагдаж, түүнд шаардах эрхээ шилжүүлсэн болно. ******* болон******* нарын хэлцэл Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-д зааснаар******* ХХК-иас батламж олгосноор үүрэг дуусгавар болсон гэж үзэж байна. Түүнчлэн компанийн удирдлага ял эдэлснээс компани үйл ажиллагаагаа явуулж байсан тул нэхэмжлэгч өөрөө өнөөг хүртэл шаардах эрхээ хэрэгжүүлээгүй буруутай. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Хариуцагч Ч.Батцэнгэлээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд: Иргэн *******аас нэхэмжлэлтэй******* ХХК болон иргэн*******,*******нарт холбогдуулан гаргасан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай хэлцэлийг хүчингүй болгуулж, хэлцэлийн үнэд төлсөн 22,000,000 төгрөг, хохиролд 87,363,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тодорхой үндэслэлээр үл хүлээн зөвшөөрч байна.

Учир нь нэхэмжлэлийн шаардлагад үйл баримтад холбогдуулан гаргасан гэмт хэргийн тухай гомдлыг Цагдаагийн байгууллагаас шалгаад гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй болохыг тогтоосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Хариуцагч Глобконстракшн ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:******* ХХК-ийн барьсан Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо, 32 дугаар байрны 28 тоот орон сууцыг тус компани 2005 онд одоогийн Монголын Үндэсний олон нийтийн радио телевизид рекламын бартераар худалдсан боловч худалдан авагч тал үүргээ биелүүлээгүйн учраас гэрээнээс татгалзан орон сууцаа өөрийн өмчлөл, эзэмшилд бүрэн авсан.

Тус компанийн захирал Ж.Мэндбаяр миний бие 2006 онд хадгаламж зээлийн хоршооны хэрэгт холбогдон улмаар 10 жилийн чанга дэглэмтэй хорих ял шийтгүүлээд 2015 онд суллагдан гарч ирэхэд дээрх үйлдлийн улмаас тус компани хохирч үлдсэн байна.*******,*******нартай биечлэн уулзахад *******аас 22.000.000 төгрөг авсан, мөнгийг буцааж байрыг чинь авч өгөх гэтэл тэрээр зөвшөөрөхгүй байна, үүнийг чи түүнд өгөөд орон сууцаа ав гэснийг би зөвшөөрч тэд 22.000.000 төгрөгийг манайх руу шилжүүлсэн. Би *******т хандан ийм асуудал боллоо, мөнгө чинь надад байна, би байраа чи мөнгө авцгаая гэхэд шүүх цагдаагаар явна гээд мөнгийг аваагүй. Манай компани иргэн *******тай орон сууцыг худалдах худалдан авах ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй, түүний өмнө ямар нэгэн үүрэг хүлээгүй тул хохирол төлөх үүрэг хүлээх боломжгүй. Бид байраа 22.000.000 төгрөгөөр зараагүй. Манайх өөрөө хохирогч. *******т өгөөрэй гэж шилжүүлсэн 22.000.000 төгрөгийг Ч.Батцэнгэлд буцаан шилжүүлэх болно. Манайх энэ хэргийн хариуцагч биш гэв.

 

5.Хариуцагч*******гаас *******,******* ХХК нарт холбогдуулан******* ХХК-иас 2009 онд *******т олгосон орон сууц эзэмших батламж бүхий хэлцэл хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, ******* шаардах эрхээ хэрэгжүүлээгүй буруутай болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлээр шаардсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: "Глобконстракшн" ХХК зар сурталчилгаа хийлгэж, бартераар орон сууц худалдах гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээний дагуу зар сурталчилгаа явуулах гэхэд Олон нийтийн радио телевизийн тухай хууль гарснаар хувийн телевизүүдийн захирлууд болон сонины редакцуудтай ярьж тохирч реклам зар сурталчилгааг явуулснаар "Глобконстракшн ХХК, хадгаламж зээлийн хоршоо маш богино хугацаанд олон гишүүнтэй болж, барьж байсан орон сууцнуудын урьдчилгаа мөнгө нь мөн 100 хувь төлөгдсөн байдаг. Ингээд орон сууцыг хүлээн авч *******т худалдсан ба "Глобконстракшн" ХХК орон сууцыг *******т худалдсан үйлдлийг баталгаажуулан *******тай хэлцэл байгуулж, орон сууцны төлбөрийг бүрэн барагдуулсан болохыг баталгаажуулж орон сууц эзэмших бүрэн эрх олгосон "Батламж"-ийг 2009 онд олгосон байдаг. Бартераар хийгддэг зар сурталчилгаа нь архивлагдаж хадгалагддаггүй, тухайн үед ажиллаж байсан хүмүүс ч байхгүй болсноор зар сурталчилгаа хийсэн баримтууд олдохгүй байдалд орсон нөхцөл байдлыг ашиглаж "Глобконстракшн ХХК-аас зар сурталчилгаа хийсэн гэх баримт чинь олдохгүй учир оронд нь мөнгө төл гэж шаардсан. Хэдийгээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч гэсэн нотлох баримтгүйгээр дарамтлагчтай шүүхээр заргалдах нь өөрийн нэр төрөө гутаалгахад хүрэх байсан учир орон сууцны төлбөр болох 22.000.000 төгрөгийг "Глоб констракшн" ХХК-ийн захирал Ж.Мэндбаярын зааж өгсөн дансанд шилжүүлсэн. Ингээд орон сууцны төлбөрийн асуудал Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-д заагдсанаар захиалгын гэрээ дуусгавар болсон. Гэтэл хүний шунал барагддаггүйн учир "Глобконстракшн" ХХК Г.Мөнхбаясгалан гэдэг хүнтэй хуурамч гэрээ байгуулж, уг хуурамч гэрээгээр Улсын бүртгэлийн газраас өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авч *******ыг уг байрнаас нүүлгэн гаргасан асуудал болсон байна. Уг нь гэрээний дагуу Иргэний хуулийн 248-р зүйлд заагдсанаар орон сууцыг хүлээлгэн өгч "Батламж" бичиг гардуулсан байх ба гэрээ байгуулснаас хойш 3 жил өнгөрсөн, үл хөдлөх хөрөнгийн маргаан гэвэл 6 жил өнгөрсөн, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлээ гэхэд 250-р заагдсан давуу эрх эдлэх,..... гэх мэт олон зөрчил байсан байдаг.

Тэгээд ч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран реклам явуулсан баримт байхгүй болсон учир "Глобконстракшн" ХХК-ийн шаардсан 22.000.000 төгрөгийг төлөөд гэрээг бүрмөсөн дуусгавар болгочихоод байхад "Глоб констракшн ХХК нь Г.Мөнхбаясгалантай хуурамч гэрээ байгуулан эд хөрөнгө шилжүүлэх эрхгүй байхад ******* шаардах эрхээ хэрэгжүүлэхийн оронд, хууль зөрчин эрхэнд нь халдсан "Глобконстракшн" ХХК-тай эвсэж нэг тал болон мөнгө нэхэмжилсэн нь өөрөө хууль бус юм. Маргаан бүхий байр зураг төсөлгүй, улсын комисс ажиллах боломжгүй, газрын зөвшөөрөлгүй барилга бөгөөд ******* улсын комисс ажиллах боломжгүй байранд ямар шугамаар улсын комисс ажилласантай маргах боломжтой байсан. 10 жил эзэмшиж, ашиглаж, худалдан авсан гэх байрыг нь Мөнхбаясгаланд худалдсан үйлдлийг хүчингүй болгуулахаар маргах боломжтой байсан. Орон байрыг хууль бусаар чөлөөлсөн асуудлаар маргах боломжтой байсан. Маргаан бүхий байранд өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах боломжтой байсан ба үүнийгээ иргэний шүүхээр шийдвэрлүүлэх эрх нээлттэй байсаар байтал энэ эрхээ хэрэгжүүлэхээс татгалзаж, 22.000.000 төгрөгөө 5 дахин нугалж хөрөнгөжих гэсэн сэдэлтэй байгаа нь даан ч харамсалтай. ******* байр худалдаж аваад 10 жил тасралтгүй амьдарсан, "Глобконстракшн" ХХК-аас төлбөр бүрэн төлөгдсөний нотлогоо болгож Батламж олгосон, 22.000.000 төгрөгийг "Глобконстракшн" ХХК хүлээн авсан баримтууд байсаар атал хохирол нэхэж буй нь үндэслэлгүй юм. Иргэний хуульд заагдсанаар эхний байгуулсан гэрээ хүчин төгөлдөр ба энэ гэрээг хэн нэгэн этгээд Иргэний хуулийн 56-р зүйлд заагдсан хүчин төгөлдөр бус байх, 57, 58, 59, 60-р зүйлүүдэд заагдсанаар хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардлага гаргаагүй.

Анх байгуулагдсан 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Орон сууц захиалгын 32/28 тоот гэрээг олон жилийн дараа нотлох баримт байхгүй болсон гэдгээр далимдуулан өөр үүрэг буюу 22 сая төгрөг шаардахад нь уг төлбөрийг нь төлж дуусгаснаар анх байгуулагдсан гэрээ дуусгавар болсонд тооцогдохоор хуульчилжээ. Нэгэнт анхны гэрээ хүчин төгөлдөр бол худалдан авагч дамжуулж худалдаж, дамжуулан худалдсаныг хүлээн зөвшөөрч, баталгаа болгож "Батламж" олгосон нь дамжуулан худалдсан гэрээ хуульд заагдсанаар хүчин төгөлдөр гэрээ юм. 16 жилийн өмнө худалдагдсан эд хөрөнгийн хохирол гэж шаардаж байгаа үйлдэл Иргэний хуулийн аль зүйл заалтанд нийцэж байгааг анхаарах шаардлагатай. Юуны өмнө эхлээд хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэхээс эхлэх ба нэхэмжлэлийн шаардлага болон иргэний хэрэг үүсгэсэн захирамж зэргийг үзэхэд хөөн хэлэлцэх хугацааг сэргээгээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд эрх нь зөрчигдөх хуурамч гэрээгээр эрх олж авсан Г.Мөнхбаясгалан нь гуравдагч этгээдээр оролцох ёстой байна. Өөрөөр хэлбэл "Батламж" хүчин төгөлдөрт тооцогдвол Г.Мөнхбаясгалангийн өмчлөх эрх хүчин төгөлдөр бус болох ба ******* шаардах эрхээ хэрэгжүүлбэл мөн Г.Мөнхбаясгалангийн эрх хөндөгдөнө. Иймд "Глобконстракшн" ХХК-аас *******т 2009 онд Орон сууц эзэмших бүрэн эрх олгосон "Батламж" бүхий хэлцэл хүчин төгөлдөр болохыг тогтоож, ******* өөрийн шаардах эрхээ хэрэгжүүлээгүй буруутай болохыг тогтоож өгнө үү гэв.

 

6.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд: Нэхэмжлэгч нь "Глоб констракшн ХХК-иас иргэн ******* Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших нийт 74,5 мкв талбай бүхий 28 тоот орон сууцны бүрэн эрх эзэмшигч мөн болохыг тодорхойлсон Батламжийг хууль ёсны болох тал дээр маргаагүй хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч "Глоб констракшн" ХХК иргэн *******ыг маргаан бүхий орон сууцанд ямар нэгэн төлбөрийн өргүй, бүрэн эрхт эзэмшигч, ирээдүйд хууль ёсны өмлөгч болохыг тухайн Батламжаар тодорхойлсон төдийгүй хожим гэрчийн мэдүүлэг өгсөн тухайн байрны оршин суугч С.Наранцэцэг энэхүү үйл баримтыг нотолсон байдаг. Харин иргэн ******* уг орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардах эрхээ хэрэгжүүлээгүй буруутай болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагын хувьд үндэслэлгүй. Учир нь хэргийн материалд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 6/8527 дугаар албан тоотод маргаан бухий орон сууц 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Г.Мөнхбаясгалангийн нэр дээр анх бүртгэгдэж, улмаар 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны Барьцааны гэрээгээр барьцаалагдсан бөгөөд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 101/ХГ2020/00773 дугаар гүйцэтгэх хуудасны дагуу захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тусгай тэмдэглэл хийгдсэн байгааг тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл тухайн орон сууц Банкны зээлийн өр төлбөрт хураагдаж байгаа нь тодорхой байна. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх журамтай гэвч иргэн ******* маргаан бүхий орон сууцны хууль ёсны эмчлогчоор тогтоолгох нэхэмжлэл гаргасан тохиодолд түүний дараа орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаан дээр маргах гэх мэтчилэн орон сууцыг өөрийн нэр дээр гаргуулан авах нь төвөгтэй, боломжгүй асуудал болж хувираад байна. Орон сууцыг худалдан борлуулж, орон сууцны төлбөрийг бүрэн авсан мөртлөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг иргэн *******ын нэр дээр гарган өгөх үүргээ биелүүлээгүй тул орон сууцны мөнгийг буруутай этгээдүүдээс нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Мөн эрх нь зөрчигдсөн иргэн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох эрхтэй тул хариуцагч нар нэхэмжлэгчийг заавал орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох ёстой гэсэн шаардлага тавих нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн иргэн ******* уг орон сууцны хууль ёсны өмлөгчөөр тогтоолгох шаардах эрхээ хэрэгжүүлээгүй буруутай болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

7.Хариуцагч******* ХХК-иас сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд: Энэ байрыг захиран зарцуулах эрхийг анхнаасаа иргэн*******,*******нарт олгоогүй, манайх МҮОНТелевизэд байгуулсан гэрээний дагуу өгсөн. Гэтэл байгууллагад өгсөн байрыг Ч.Батцэнгэл,******* нар байгууллагын өмчлөлөөс дур мэдэн гаргаж захиран зарцуулахаар *******т худалдсан. Тухайн үед******* байгууллагын захирал,*******хэлтсийн дарга байсан. Ял эдэлж байгаад гарч ирэхэд*******МҮОНТ-ийн байгууллагын даргаар ажиллаж байсан. Очоод байрны асуудлыг ярьсан. Манай сурталчилгааг гаргаагүй тул гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй гэдгийг ярьсан.

Батламж гаргаж өгснөөр талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болсон гэж тайлбарлаж байна. Гэтэл батламжид эзэмших эрхийг олгов гэж бичсэн, өмчлөх эрх олгоогүй. Мөн батламжид энхбаяр гэж байгууллагыг төлөөлөх эрхгүй хүн зурсан. Тухайн үед хадгаламж зээлийн хоршооны хохирогчид бүх байр, хөрөнгийг өр төлбөртөө авна гээд бөөн маргаантай байсан, шууд хөрөнгийг дайрч авч байсан. Харин ч батламжийн дагуу хадгаламж зээлийн хоршооны хохирогчид тухайн байрыг хурааж аваагүй ******* олон жил эзэмшиж ирсэн гэв.

 

8.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Мөнхбаясгалан дараах тайлбарыг гаргасан. Үүнд: Миний бие Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хоршооллын хотхон, Б.Доржийн гудамж, 32 дугаар байр, 28 тоот 74,5 мкв орон сууцыг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр "Глобконстракшн ХХК-иас хууль ёсны дагуу худалдаж авсан ба бидний хооронд ямар нэгэн төлбөрийн маргаан байхгүй болно. Тухайн үед уг орон сууцыг 2019 оны 4 дүгээр сарын 15-нд суллаж өгөх үүргийг "Глоб констракшн ХХК хүлээсэн ба 2019 оны 5 дугаар сарын 15-нд уг орон сууцыг надад суллаж өгсөн болно. Анх орон сууц худалдаж авах үед тухайн сууцанд түрээсээр хүмүүс амьдарч байсан ба тэд ******* гэх хүнтэй тохиролцож хөлсөлж сууж байгаа нэгэнт та худалдаж авсан юм уу, байраа суллаж өгөхөд татгалзах зүйлгүй гээд байр суллаж өгч байсан. Байр суллах талаар ямар нэгэн маргаан гараагүй болно. Дараа нь ******* гэдэг хүн гэнэт гарч ирээд энэ миний байр би худалдаж авч байсан, чамд давхар зарсан байна гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гарган шалгуулсан боловч ******* худалдаж авсан гэдгээ нотлож чадаагүй, уг байранд өөрөө амьдардаггүй олон жил бусдад түрээслүүлж мөнгө олох хэрэгсэл болгон ашиглаж байсан нь тогтоогдож тухайн хэрэг хэрэгсэхгүй болж хаагдаж байсан. *******ын өмгөөлөгч гэх эмэгтэй хэзээ хойно над руу утасдаж орон сууцны дотор зургийг өгч туслаач, таны эрх ашгийг хөндөхгүй, *******ыг хуурч мэхэлж бусдын эзэмшлийн орон сууцыг эзнийг нь эзгүй үед дур мэдэн дамжуулж зарсан хүмүүстэй заргалдах гэсэн юм гэхээр нь дотор зургийг өгч тусалж байсан. Миний бие Y-2204098671 тоот дугаар бүхий 74,5 мкв орон сууцыг хууль, журмын дагуу "Глобконстракшн ХХК-иас худалдаж авсан шударга эзэмшигч билээ. Миний бие уг байраа бусдад хувь лизингээр борлуулж банкны зээлээ төлж байгаа болно. Иргэн ******* бусдын эзэмшлийн уг орон сууцыг эзэн Ж.Мэндбаяр нь хорих ангид ял эдэлж эзгүй байх хооронд сарын 800.000 төгрөгөөр 10 жил орчим тогтмол түрээслүүлж асар их ашиг олдог байсан юм билээ. Бусадтай хийсэн мөнгө төгрөгийн маргаандаа шударга эзэмшигч намайг татан оролцуулж байгаад харамсаж байна гэжээ.

 

9.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, Орон сууц захиалгын 32/28 тоот гэрээ, 2009 оны Батламж, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Ч.Батцэнгэлийн өгсөн гэрчийн мэдүүлэг, 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн*******гийн өгсөн гэрчийн мэдүүлэг, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн хариу мэдэгдэх хуудас,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 3475 тоот хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн мөнгө шилжүүлсэн баримт зэргийг ирүүлжээ. /хх 6-14, 104, 119, 120/

Хариуцагч*******гаас нотлох баримтаар: Төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ зэргийг ирүүлжээ. /хх 49, 117 /

Хариуцагч******* ХХК-аас нотлох баримтаар: Төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргийг ирүүлжээ. /хх 34, 40, 42 /

Хариуцагч Ч.Батцэнгэлээс нотлох баримтаар: Төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэлийг ирүүлжээ. /хх 51/

Гуравдагч этгээд Г.Мөнхбаягалангаас нотлох баримтаар: 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн******* ХХК, Бизнеспойнт ХХК нарын хоорондох ажил гүйцэтгэх гэрээ, хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ, гэрэл зураг, 28 тоотын цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, Бизнеспойнт ХХК, Худалдаа хөгжлийн банк нарын хоорондох 2019 он 2 дугаар сарын 14-ний өдрийн баталгааны гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар, 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Худалдаа хөгжлийн банкны 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн зээл төлөх тухай мэдэгдэл, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0761 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 132 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 89 дүгээр тогтоол, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204098671 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа зэргийг ирүүлжээ. /хх206-232/

Шүүхийн журмаар:нэхэмжлэгч талын хүсэлтээр 181/ШЗ2021/01197 дугаар шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан, гэрч С.Наранцэцэгийн мэдүүлэг,

Хариуцагч*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тус шүүхийн 181/ШЗ2021/13029 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 6/8527 тоот хариу, түүний хавсралтууд, 181/ШЗ2021/14239 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу Баянзүрх дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 8/1791 тоот хариу, түүний хавсралтууд,

Хариуцагч******* ХХК-ийн хүсэлтээр тус шүүхийн 181/ШЗ2022/01980 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс ирүүлсэн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2/169 тоот хариу зэргийг бүрдүүлжээ. /хх 75-96, 136-154, 171-173, 197-201, 221/

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

1.Нэхэмжлэгч ******* нь Ч.Куланда,*******нартай байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, байрны төлбөрт өгсөн 22.000.000 төгрөгийг*******,*******нараас тэнцүү хэмжээгээр гаргуулах, хэлцлийн улмаас учирсан хохиролд 82.843.403 төгрөгийг хариуцагч*******, Ч.Батцэнгэл, Глоб констракшн ХХК нараас тэнцүү хэмжээгээр тооцон гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: анхнаасаа эрхийн доголдолтой хөрөнгийг зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр*******,*******нар худалдсан, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгнө гэж Глоб констракшн ХХК хууран мэхэлсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж тайлбарлаж улмаар орон сууцны төлбөрт шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулна, гэрээнээс учирсан хохиролд орон сууцны зах зээлийн үнийн зөрүүг гаргуулна гэж тайлбарласан.

2.Хариуцагч*******гаас нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:******* ХХК-иас бартерийн гэрээний дагуу авсан орон сууцыг нэхэмжлэгч *******т шилжүүлэхэд анхнаасаа эрхийн доголдолтой, улсын комисс хүлээн аваагүй хөрөнгө гэдгийг мэдэж авсан, нэхэмжлэгчид 2009 онд******* ХХК-иас батламж олгосноор үүрэг дуусгавар болсон нь тогтоогдоно, нэхэмжлэгч өөрөө эрхээ хэрэгжүүлээгүй, хариуцагч******* ХХК хууль бусаар хөрөнгийг гуравдагч этгээдэд худалдсан гэж тайлбарласан.

3.Хариуцагч Ч.Батцэнгэлээс эрүүгийн журмаар тогтоогдсон үйл баримт гэж маргасан.

4.Хариуцагч******* ХХК-иас нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгчтэй худалдах худалдан авах хэлцлийг манайхтай байгуулаагүй, гэрээний оролцогч биш тул хариуцагч Ч.Батцэнгэл,******* нар хариуцах ёстой, анхнаасаа Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн хөрөнгийг иргэн*******,*******нар гуравдагч этгээдэд дур мэдэн худалдсан гэж маргасан.

5.Хариуцагч*******гаас нэхэмжлэгч *******, хариуцагч Глоб констракшн ХХК нарт холбогдуулан Глобконстракшн ХХК-иас 2009 онд *******т олгосон орон сууц эзэмших батламж бүхий хэлцэл хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, ******* шаардах эрхээ хэрэгжүүлээгүй буруутай болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Хариуцагч дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд******* ХХК-иас бартерийн гэрээний дагуу орон сууц шилжүүлэн авах шаардах эрхээ нэхэмжлэгч *******т шилжүүлсэн, нэхэмжлэгчид 2009 онд******* ХХК-иас батламж олгосон, уг батламж хүчинтэй, нэхэмжлэгч орон сууцны өмчлөлийг шилжүүлж авахаар өөрийн эрхээ хэрэгжүүлээгүй буруутай гэж тайлбарласан.

6.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2009 онд******* ХХК-иас олгосон батламж хүчин төгөлдөр гэдгийг хүлээн зөвшөөрч, харин орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл үүссэн тул үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

7.Хариуцагч Глобконсракшн ХХК-иас сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, батламж өмчлөх эрхийг нотлохгүй, эзэмших эрхийг олгосон, түүнчлэн батламжийг эрхгүй этгээдээс олгосон гэж тайлбарласан.

8.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс маргааны зүйл болсон хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тайлбарласан.

9.Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

9.1.Нэг талаас Глобконстракш ХХК, нөгөө талаас Монголын үндэсний телевиз /одоогийн нэршил:Монголын үндэсний олон нийтийн радио телевиз/-г төлөөлж******* нар 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр харилцан тохиролцож, нэг мкв-г 400.950 төгрөгөөр тооцон нийт 29.870.775 төгрөгийн 4-5 дугаар давхарт байрлах 3 өрөө 74,5 мкв талбайтай орон сууцыг өгөхөөр, төлбөрийг хамтын ажиллагааны гэрээний дагуу хийхээр тохирч 32/28 тоот Орон сууц захиалгын гэрээ-г байгуулжээ. /хх 7/

Дээрх гэрээнд тусгагдсан 3 өрөө 74,5 мкв талбайтай хөрөнгө гэдэг нь******* ХХК-ийн шинээр барьсан Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Хоршооллын хотхонд байрлах 32 дугаар байрны 28 тоот орон сууц мөн гэдэгт зохигчид маргахгүй байна.

Гэрээнд тусгагдсан төлбөрийг хамтын ажиллагааны гэрээний дагуу төлөх гэдгийг Монголын үндэсний телевиз-ээр******* ХХК-тай холбоотой зар сурталчилгааг явуулах замаар төлбөрийг төлөхөөр тохиролцсон буюу зар сурталчилгааны хөлсөд бартераар тухайн орон сууцыг тооцон авахаар тохиролцсон байсан болох нь хэрэгт авагдсан 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн*******гийн мэдүүлэг, хариуцагч******* ХХК-ийн тайлбараар тогтоогдож байна. Энэ үйл баримтад зохигчид маргаагүй. /хх 11,12/

9.2.Глобконстракшн ХХК-иас Отгонбаяр овогтой Оюунбаяр******* ХХК-ийн барьсан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 74,5 мкв бүхий 32-28 тоот орон сууцны бүрэн эрхт эзэмшигч мөн тул Батламж олгов гэсэн баримт нэхэмжлэгчид 2009 онд олгосон үйл баримтад маргаагүй. /хх 8 ар талд/

9.3.Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 3475 дугаар прокурорын тогтоолоор иргэн *******аас гаргасан 28 тоот орон сууцыг худалдан авч залилуулсан тухай гомдлыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаажээ. Энэ тогтоол хүчин төгөлдөр гэдэгт зохигчид маргаагүй. /хх13,14/

9.4.Маргааны зүйл болсон Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Хоршооллын хотхон, Б.Доржийн гудамж 32 дугаар байр 28 тоот хаягт байрших 74,5 мкв талбайтай гурван өрөө орон сууц анх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204098671 дугаарт 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр бүртгэгдэж, тухайн хөрөнгийн өмчлөгчөөр Г.Мөнхбаясгалан бүртгэгдэж түүнд өмчлөх эрхийн 000684640 тоот гэрчилгээ олгосон үйл баримт тогтоогдсон. /хх 136-137/

9.5.Хэрэгт баримтаар 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Н.Отгонбаяраас Ч.Батцэнгэлд 22.000.000 төгрөг шилжүүлсэн баримт авагдсан, уг баримтад тусгагдсан мөнгө нэхэмжлэгч *******аас орон сууцны үнэд тооцон шилжүүлсэн мөнгөн хөрөнгө гэдэгт зохигчид маргаагүй. /хх 120/ Түүнчлэн Ч.Батцэнгэлээс 2005 ондоо дээрх 22.000.000 төгрөгийг*******д шилжүүлсэн,*******гаас 2017 онд мөнгийг буцаан Ч.Батцэнгэлд, Ч.Батцэнгэлээс******* ХХК-д шилжүүлсэн, мөнгөн хөрөнгө одоо хариуцагч******* ХХК-д байгаа үйл баримтад зохигчид маргахгүй байна.

9.6.Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар маргааны зүйл болсон тухайн орон сууцны зах зээлийн дундаж үнэ 2005 онд 26.076.972 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын байдлаар 104.843.403 төгрөг гэж үнэлсэн, энэ үнэлгээний тайланд зохигчид маргаагүй болно. /хх 76-96 /

9.7.Хэрэгт авагдсан******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар Ж.Мэндбаяр тус компанийг итгэмжлэлгүйгээр шууд төлөөлөх эрхтэй этгээд, 100 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчаар 2006 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, үүнээс хойш бүртгэлд өөрчлөлт ороогүй болох нь тогтоогдож байна. Ж.Мэндбаяр 2006-2015 оны хооронд хорих ял эдэлсэн үйл баримтад зохигчид маргаагүй болно. /хх 42/

10.Харин зохигчид хэн хэний хооронд ямар харилцаа үүссэн болох, тухайн амаар тохиролцож байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр эсэх, хэн үүргээ зөрчсөн болох, үүрэг дуусгавар болсон эсэхэд тус тус маргаж байна.

Шүүх хэрэгт авагдсан баримт болоод талуудын тайлбараас дүгнэвэл 2005 оны 9 дүгээр сард анх Глобконстракш ХХК болон Монголын үндэсний телевиз хоёрын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар Монголын үндэсний телевиз нь өөрийн телевизээр хариуцагч компанийн үйл ажиллагааг сурталчилж өгөх тухай хөлсөөр ажиллах гэрээг амаар тохиролцож байгуулсан, хөлсөөр ажиллах гэрээний үнэ төлөх өөрийн үүрэгтээ тооцон Глобконстракш ХХК нь өөрийн барьсан байрнаас дээрх гурван өрөө орон сууцны өмчлөлийг Монголын үндэсний телевиз шилжүүлэх үүргээр, харин Монголын үндэсний телевиз нь хөлсөөр ажиллах гэрээний дагуу хөлс авахын оронд худалдан авсан зүйлийн үнийг төлөх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үүргээ хэн алин нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д заасан замаар солилцсон гэж үзэхээр байна.

Ийнхүү хоёр хуулийн этгээдийн хоорондох гэрээний зүйлийг тухайн үед Монголын үндэсний телевиз-ийн захирлаар ажиллаж байсан иргэн*******, тус байгууллагад ажиллаж байсан иргэн*******нараас нэхэмжлэгч *******т 22.000.0000 төгрөгөөр тооцон худалдан борлуулахаар амаар тохиролцсон, улмаар мөнгийг 2005 оны 12 дугаар сарын 01-нд Ч.Батцэнгэлд, Ч.Батцэнгэлээс*******д тус тус шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Нэхэмжлэгч мөнгөн хөрөнгийг шилжүүлж, тухайн орон сууцыг эзэмшил ашиглалтдаа авснаар нэг талаас*******, Ч.Батцэнгэл, нөгөө талаас ******* нарын хооронд 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан харилцаа үүссэн гэж үзэв.

11.Гэвч иргэн*******,*******нар тухайн хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй атлаа *******т худалдахаар хэлцлийг хийсэн, улмаар талуудын хоорондох дээрх хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэв. Учир нь Монголын үндэсний телевиз буюу хуулийн этгээдэд шилжин ирсэн хөрөнгийг тухайн хуулийн этгээдийн удирдлагаар ажиллаж байсан иргэн өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, бусдад худалдан борлуулахаар тохиролцсон явдал анхнаасаа хуульд нийцээгүй байна. Түүнчлэн хариуцагч******* болон*******нараас тухайн хөрөнгийн захиран зарцуулах эрхийг Монголын үндэсний телевиз-ээс хууль ёсны дагуу өөртөө шилжүүлж авсан болохоо баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, энэ талаарх баримтыг ирүүлээгүй болно.

Тухайн үед 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр батлагдаж, 2005 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6.3-д Үндэсний зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд олон нийтийн радио, телевизийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг Гүйцэтгэх захирал эдлэхээр зохицуулсан, хариуцагчаас ийм эрх олгосон баримтыг ирүүлээгүйгээс гадна тус шүүхэд 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээс ийм гэрээ, зар сурталчилгаа явуулсан баримтууд тус байгууллагын архивт байхгүй тухай албан бичгийг ирүүлснээр нотлогдож байна гэж үзэв.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн зүгээс хэрэгт баримтаар авагдсан дээрх 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 32/28 тоот гэрээг хуулийн этгээд бус харин иргэний хувиар******* байгуулсан хэмээн өөр үндэслэл зааж тайлбарласан. Гэвч дээрх гэрээний ерөнхий зүйлд нөгөө талаас МҮТВ нар гэж дурдсан, Ч.Куландагаас цагдаагийн байгууллагад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ МҮОНРТелевизтэй гэрээ байгуулснаар зар сурталчилгаа хийхээр тохирсон, ...телевизэд 28 тоот байрыг өгөхөөр болж орон сууц захиалгын гэрээг байгуулсан гэж мэдүүлсэн, хариуцагч*******гийн төлөөлөгчөөс мөн телевизтэй анх гэрээ байгуулсан гэдэгт маргаагүй энэ талаар сөрөг нэхэмжлэлд дурдсан байх тул нэхэмжлэгчийн энэ тайлбар үндэслэлгүй. Үүнээс гадна үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, бүртгүүлснээр дуусгавар болохоор хуульд заасан тул тухайн амаар тохиролцсон хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д мөн хамаарч байна.

Харин нэхэмжлэгчийн дээрх хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл гэсэн тайлбар үндэслэлгүй, хуулийн дээрх зохицуулалтад хамаарахгүйг дурдах нь зүйтэй.

12.Хариуцагч*******гийн зүгээс******* ХХК болон ******* нарын хооронд 2009 онд батламж өгснөөр хэлцэл байгуулагдсан, уг хэлцэл байгуулагдснаар шаардах эрхийг шилжүүлсэн, ингэснээр*******гийн өмнөх шаардах эрхээ шилжүүлсэн үүрэг дуусгавар болсон гэж тайлбарласан. Улмаар 2009 онд батламж өгснөөр******* ХХК болон ******* нарын хооронд гэрээ байгуулагдсныг тогтоолгох, нэхэмжлэгч ******* өмчлөгчийн шаардах эрхээ хэрэгжүүлээгүй болохыг тогтоолгох сөрөг шаардлага гаргаж байна.

Хэрэгт авагдсан баримтаар******* ХХК-иас нэхэмжлэгч *******т 2009 онд маргааны зүйл болсон орон сууцны эзэмшигч болохыг тодорхойлж батламж гардуулсан үйл баримт тогтоогдсон ч анхнаасаа *******т тухайн хөрөнгийн шаардах эрхээ шилжүүлсэн гэх хэлцлийг шүүх дээр дурдснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн тул 2009 онд батламж өгснөөр байгуулагдсан гэх хэлцэл мөн Иргэний хуулийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас хийгдсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ.

Харин шүүх дээрх батламжийг компанийг төлөөлөх эрхгүй этгээдээс олгосон, түүнчлэн зөвхөн эзэмших эрхийг олгосноос өмчлөх эрхийг олгоогүй тухай хариуцагч******* ХХК-ийн татгалзал үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

Шүүх нэгэнт хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн тул хариуцагч*******гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

13.Тухайн асуудал эрүүгийн журмаар тогтоогдсон үйл баримт, гэм буруутай гэдгийг тогтоосон хэмээн хариуцагч Ч.Батцэнгэлээс тайлбар ирүүлсэн.

Хэрэгт баримтаар авагдсан Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2020 оны 3475 тоот прокурорын тогтоолоор гэмт хэргийн шинжгүй, иргэний маргаан гэж хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан үйл баримт тогтоогдсон тул хариуцагчийн энэ тайлбар үндэслэлгүй. Түүнчлэн хариуцагчийн зүгээс дээрх тайлбараа баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүйгээс гадна хэний гэм бурууг хэзээ хэрхэн тогтоосон талаар тайлбартаа тусгаагүй тул үндэслэлгүй гэж үзнэ.

 

14.Талуудын хоорондох дээрх хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул мөн зүйлийн 56.5-д зааснаар талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаах үүрэг хүлээнэ. Нэхэмжлэгч мөнгөн хөрөнгийг анх Ч.Батцэнгэл, Куланда нарт шилжүүлсэн үндэслэлээр 22.000.000 төгрөгийг тэдгээрээс тэнцүү хэмжээгээр гаргуулахаар шаардсан.

Талуудын тайлбараар 22.000.000 төгрөг хариуцагч нарын хооронд шилжиж одоо******* ХХК-д байгаа үйл баримт тогтоогдсон ч нэхэмжлэгч хэлцлийг хийсэн хариуцагч Ч.Батцэнгэл,******* нараас гаргуулахаар шаардсан тул шүүх хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэлийн хүрээгээр тооцон шийдвэрлэв. Хариуцагч*******,*******нараас мөнгөн хөрөнгийг хариуцагч******* ХХК-иас жич шаардах эрхтэйг дурдав.

 

15.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заажээ. Нэхэмжлэгч учирсан хохиролд орон сууцны зах зээлийн үнийн зөрүүг тооцон 82.843.403 төгрөгийг хариуцагч*******, Ч.Батцэнгэл******* ХХК нараас хувь тэнцүүлж гаргуулахаар шаардсан.

Шүүх талуудын тайлбар, гэм буруу, тэдгээрийн оролцоо зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардсан хохиролд шаардсан 82.843.403 төгрөгийг нэхэмжлэгч /доголдлыг мэдсээр байж хийсэн үйлдэл/ болон хариуцагч*******, Ч.Батцэнгэл******* ХХК /хөрөнгийг эзэмшил ашиглалтад шилжүүлж батламж олгосон үйлдэл/ нарт тэнцүү хэмжээгээр тооцон хариуцуулах нь зүйтэй тул хувааж үлдэх 41.421.701 төгрөгийг хариуцагч тус бүрт хувь тэнцүүлж 13.807.234 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Дээрхийг нэгтгээд үндсэн нэхэмжлэлээс Ч.Куланда,*******нараас 22.000.000 төгрөгийг,*******, Ч.Батцэнгэл******* ХХК нараас тус бүр 13.807.234 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

16.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд: Хариуцагч Ч.Батцэнгэлд өнөөдрийн шүүх хуралдааны товыг түүний шүүхэд тодорхойлсон, иргэний үнэмлэх дэх хаягаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүхийн мэдэгдэх хуудсыг 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүргүүлсэн ч уг хаяг тус хороонд байхгүй хэмээн харьяалах Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооноос тодорхойлж мэдэгдэх хуудсыг буцаасан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнхөд өнөөдрийн шүүх хуралдааны товыг түүний 99222242 дугаарын утсаар 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр мэдэгдсэн ч тэрээр хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Батцэнгэлийн шүүх хуралдаанд оролцох, хэргийн материалтай танилцах эрхийг тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШЗ2021/13029, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШЗ2022/01556 дугаар шүүгчийн захирамжаар шүүхээс удаа дараа хангаж байсан. Төлөөлөгч Б.Батмөнх хамгийн сүүлд 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хэргийн материалтай танилцаж баримтад баталгаажуулснаас хойш түүний Иргэни хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан эрхээ эдлэх боломжийг шүүхийн зүгээс хязгаарлаагүй. Түүнчлэн гуравдагч этгээд Г.Мөнхбаясгаланд өнөөдрийн шүүх хуралдааны товыг түүний 98115621 дугаарын утсаар 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр мэдэгдсэн ч тэрээр мөн хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар тэдгээрийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 56.5, 56.6-д зааснаар 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Ч.Батцэнгэл,******* болон ******* нарын хоорондох үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авахаар тохиролцсон хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул Ч.Батцэнгэл,******* нараас 22.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т, Ч.Батцэнгэл,*******,******* ХХК нараас тус бүр 13.807.234 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 41.421.701 төгрөгийг болон *******,******* ХХК-д холбогдуулан гаргасан 2009 онд орон сууц эзэмших бүрэн эрх олгосон батламж бүхий хэлцэл хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, ******* өөрийн шаардах эрхээ хэрэгжүүлээгүй буруутай болохыг тогтоолгох тухай хариуцагч*******агийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 704.765 төгрөг, хариуцагч*******агаас тэмдэгтийн хураамжид төлсөн 338.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 475.058 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тус шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШЗ2021/00514 дүгээр шүүгчийн захирамжийн үйлчлэл шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ