| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 187/2024/0886/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1587 |
| Огноо | 2025-06-17 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Б.Урангоо |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1587
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга: С.Ганбаатар,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: ***, түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ,
Иргэний хариуцагч “Наранбулаг Бэхи Констракшн” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,
Шүүгдэгч: ***, тэдгээрийн өмгөөлөгч Э.Жамц, Т.Урангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310039251500 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн
Шүүгдэгч ***“Наранбулаг бэхи констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн орчин нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн стандарт, шаардлага хангасан байна, "11С5 0301В:2022 Барилга замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах техникийн ерөнхий шаардлага" стандартын 5-д барилгын түр хашаа нь эвдрэл гэмтэлгүй бат бөхийн шаардлага хангасан байна /үүнд хаалга бас хамаарна/ гэж тус тус заасныг, мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтад "Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна" гэсэн заалтыг,
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1,6-д "Ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх", 28.1.8-д "Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх" гэсэн заалт, Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтад "Барилгын ажил гүйцэтгэгч нь барилгын ажлын талбайн орчны хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулж, гуравдагч этгээдийг барилгын ажлаас шалтгаалсан болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах чиг үүрэгтэй" заасныг тус тус зөрчин хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй барилгын түр хашааны нэвтрэх хаалга нь ашиглалтын шаардлага хангаагүй, стандартын дагуу хийгдээгүй байсныг илрүүлээгүй, цаг тухайд нь хаалгыг засуулах арга хэмжээ аваагүйн улмаас 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Наранбулаг бэхи констракшн” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд баригдаж байсан “Тайж вилла” төслийн барилгын талбайн хашааны хаалга унаж хохирогч ***эрүүл мэндэд бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдаж бяцарсан хугарал, хугарлыг хөлөнцөрийн титан шургаар бэхлэх, арын нумыг авч нугас дарагдлыг чөлөөлөх мэс заслын дараах байдал, аарцгийн эрхтний үйл ажиллагааны алдагдал, баруун хөлийн мэдрэл булчинд хөнгөн зэргийн мэдрэл эмгэгшилт /нейропати/ бүхий хүнд хохирол болгоомжгүй учруулсан,
Шүүгдэгч ***нь Наранбулаг бэхи констракшн” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд баригдаж байсан “Тайж вилла” төслийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллаж байхдаа 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.2-т аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн орчин нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн стандарт, шаардлага хангасан байна, "11С5 0301В:2022 Барилга замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах техникийн ерөнхий шаардлага" стандартын 5-д барилгын түр хашаа нь эвдрэл гэмтэлгүй бат бөхийн шаардлага хангасан байна /үүнд хаалга бас хамаарна/ гэж тус тус заасныг, мөн уг хуулийн 27.2-т заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах чиг үүргийг хэрэгжүүлнэ, 27.2-т заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 27.3.1.аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөөг боловсруулж, шаардлагатай дүрэм, журмыг шинэчлэн баталж хэрэгжүүлэх; 27.3.3. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах гэж заасныг тус тус зөрчин барилгын түр хашааны нэвтрэх хаалга нь ашиглалтын шаардлага хангаагүй, стандартын дагуу хийгдээгүй байсныг илрүүлээгүй, цаг тухайд нь хаалгыг засуулах арга хэмжээ аваагүйн улмаас тус хаалга унаж хохирогч ***эрүүл мэндэд биед бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдаж бяцарсан хугарал, хугарлыг хөлөнцөрийн титан шургаар бэхлэх, арын нумыг авч нугас дарагдлыг чөлөөлөх мэс заслын дараах байдал, аарцгийн эрхтний үйл ажиллагааны алдагдал, баруун хөлийн мэдрэл булчинд хөнгөн зэргийн мэдрэл эмгэгшилт /нейропати/ бүхий хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***шүүх хуралдаанд: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч ***шүүх хуралдаанд: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** шүүх хуралдаанд: “...Тухайн хэрэг болдог өдөр орой 20 цагийн үед та яаралтай яваад ир гээд залгасан. Такси бариад очиход амьсгаа авч чадахгүй, түргэн дуудахад орилоод чарлаад байсан. Түргэн очоод байдлыг үзээд өвчин намдаах тариа хийгээд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Эмнэлэгт очоод бүх шинжилгээг нь өгөөд “Эхо”-д харуулсан. Эмчээс нь асуухад энэ хүн хэвтрийн байдалтай бөгсөн бие нь мэдээгүй болно гэж хэлсэн. Би олон удаа очиж асуусан. Охин маань Солонгост очоод 3 хонож байхад нь буцаагаад дуудсан. Нурууны яс нь гэмтэж болно, гэтэл нэгдүгээр нуруу нь бүр алга болчихсон байсан. Дээр нь нугас руу нь 0,8 см орсон байна. Тэгэхээр бөгсөн бие нь мэдээгүй болно, бие засаж чадахгүй болно гэж хэлсэн. Шөнө орилж чарлаж байна. Бид хоёр хүнээс царай алдахааргүй амьдарч байсан. Хүүхдээ оюутан байхад 13.500.000 төгрөгийн зээл аваад хоёулаа ажлаа хийгээд төлөөд явдаг байсан. Сүүлдээ зээлээ төлж чадахаа байгаад найз нөхөд, хамаатан саднаасаа мөнгө авсан. Сэтгэлзүйн хувьд хэцүү байна. 96 настай ээжтэйгээ цуг амьдардаг байсан. Бид нарыг гэнэт алга болчихоор ойлгохгүй, ганцаараа байж байгаад хоол хийж идэх гэж байгаад гараа гэмтээчихсэн байсан. Тэгээд гэмтэл дээр очиж оёулж байсан. Ээж маань энэнээсээ болоод нас барж байсан. Биеийн байдал нь хэцүү байгаа. Байнга л мөнгө хэрэг байсан болохоор очиход эд нар хөөгөөд гаргаж байсан. Ахиад хагалгаанд орох магадлалтай байгаа” гэв.
Хохирогч ***мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *** гэх хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаад харуулаар 2023 оны 9 дүгээр сар хүртэл “Андын зам” ХХК-д ажиллаж байсан. 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс намайг *** нь “Тайж вилла” хотхоны харуулаар ажилла, та тэнд гарахаар болсон, учир нь уг барилгын харуул хамгаалалтыг хариуцаж байсан газар больсон тул би хариуцахаар болсон юм. Та нэг гарааны 90.000 төгрөгийн цалин авна, өдрийн 1 хоолтой гэж хэлсэн. Уг барилга нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хорооллын ертөнцийн зүгээр зүүн хойд талд зам дагуу байсан юм. Би нийт 10 орчим гараа гарсан байсан бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ээлжинд гарах гээд ажил дээрээ өглөө 08 цагийн үед очиж /нэрийг нь санахгүй байна/ бууж байгаа харуулаас ээлжээ хүлээн авсан. Барилгын ажилчид 09 цагт цугларч барилгын ажил эхэлсэн юм. Орой 19 цагийн үед барилгын ажил зогсож ажилчид тарж эхэлсэн бөгөөд хамгийн сүүлийн ажилчин 20 цагийн үед барилгын хашаанаас гарсан юм. Би ганцаараа үлдсэн байсан тул барилгын гүйдэг төмөр хаалгыг 20 цаг өнгөрч байхад ганцаараа хаах гээд татаж байсан чинь хаалга миний дээрээс унасан юм. Тухайн үед доошоо харсан байсан бөгөөд төмөр хашааны хаалга миний дээр унасан байсан. Тухайн үед харанхуй болсон байсан, барилгын хашаанд хүн байгаагүй, мөн би хашааг түлхэж дийлэхгүй байсан тул туслаарай гээд хашхирсан чинь 10 орчим минутын дараа миний дээр байсан төмөр хаалгыг хүн өргөөд газраас хөндийрүүлэхэд нь би босох гэсэн чинь босож чадахгүй байхаар нь биеэрээ өнхрөөд хашаанаас холдсон юм. Төмөр хашааг хоёр танихгүй хүн өргөсөн байсан бөгөөд би баярлалаа гэсэн чинь тэр хоёр хүн явчихсан юм...Эхнэр 30 орчим минутын дараа ирээд 103-т дуудлага өгсөн юм. *** 1 цагийн орчмын дараа ирсэн бөгөөд зэрэг шахуу 103-н эмч ирсэн. Намайг эмнэлгийн авч явах үед Хүрэлбаатар захирал, Отгоо даамал, *** нар өргөж оруулсан юм. Намайг гэмтлийн эмнэлэг дээр хүргээд гэмтлийн эмч үзээд нурууны 4, 5 дугаар үе бяцарсан байна яаралтай хагалгаанд орох хэрэгтэй гээд шууд эмнэлэгт хэвтүүлсэн юм. Би 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нуруу нугасны хагалгаанд орсон. Эмч хэлэхдээ намайг нуруу нугасны хүнд гэмтэлтэй байна. Эл-1 дүгээр нуруу бяцарсан, нугасны 60% гэмтсэн, аарцагны яс хугарсан тул таны бөгсөн бие мэдээ орохгүй доод мөчдүүд саажилттай болно, байнга өвдөнө, ер нь бол хөл дээрээ босож чадахгүй суумгай болно гэж хэлсэн. Би хөдөлмөрийн чадварын хувь тогтоолгоход 90-95% алдсан гээд групп тогтоолгосон, байнгын асаргаанд байна, эмчийн хяналтанд байна гэж хэлсэн. ...Уг хаалга нь маш хүнд хааж, нээхэд маш хүндрэлтэй байсан. Татаж хаахад замаасаа гарчхаад байсан тул өргөж зам дээр нь тавьдаг байсан, хаалга маш их савлагаатай байсан. Тэгэхээр нь би 2 билүү 3 дахь гараа гарч байхдаа инженер *** /бүтэн нэрийг санахгүй байна/-д гадна гэрэлтүүлэг байхгүй, хаалга маш их савлагаатай унаж магадгүй байна гэж хэлсэн. Мөн би ***т хэлсэн. *** гэх хүн удахгүй хаалгыг засаж, гэрэлтүүлэгтэй болгож өгнө гэж хэлж байсан юм... Ямар нэгэн хувцас тусгай хэрэгсэл олгож байгаагүй юм. Ямар нэгэн зааварчилга өгч байсан зүйл бол байхгүй...” гэсэн мэдүүлэг, /хх 1-н 18-19/,
Гэрчээр ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр 2023 оны 10 дугаар сарын 03-ны өглөө 08 цаг өнгөрч байхад ажилдаа явна гээд гарсан юм. Тэгээд орой 20 цагийн үед нөхөр өөрийнхөө *** дугаарын утсаар над руу залгаад би үхлээ ажил дээрээ байна, хаалганд дарагдчихлаа гээд аймар орилоод байсан. Би шууд ганцаараа ажил дээр очиход тус барилгын гадна хашааны хаалган дээр нөхрийг хэвтүүлсэн байсан. Нөхөр хэлэхдээ би энэ хаалганд дарагдаад би 40 орчим минут болсон бөгөөд би туслаарай гээд орилсон боловч хүн туслахгүй байж байгаад 20 орчим насны нэг эрэгтэй хүн ганцаараа хаалгыг өргөх гээд дийлэхгүй байж байгаад арай гэж өргөөд нөхрийг гаргахаар нь чам руу утсаар ярилаа гэж хэлсэн... Эмнэлэгт очоод үзүүлэхэд нуруундаа маш хүнд гэмтэл авсан байна, нуруу нь бяцарч нугасандаа орсон, мах нь няцраад хөхрөөд үхжилт үүссэн, ар гэрийн хүмүүсийг дууд гэж хэлсэн. Тэгээд бүх шинжилгээнд ороод 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нуруу нугасны хагалгаад орсон. Эмнэлгээс 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гарч одоо гэртээ байгаа юм. Нөхөр босож явж чадахгүй, халуунтай бие нь их өвдөлттэй байгаа юм. Эмнэлэг дээр анх очиход *** мөн менежер гэх хоёр хүн ирээд ор хөнжлийн даавуу, бусад хэрэгсэл авч өгсөн. Нийт хэдэн төгрөг болсон талаар мэдэхгүй байна. Хагалгаанд орох үед Ууганбаяр нь нөхөр Гантулгын Хаан банкны /дансыг нь мэдэхгүй байна/ данс руу 93.000 төгрөг, 100.000 төгрөг шилжүүлсэн. Эмнэлэгт байхад нэг удаа эргэж тойрсон өөр бол мөнгө өгөөгүй юм...” гэсэн мэдүүлэг, /хх 1-н 21-22/,
Гэрч Б.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хувиараа харуул хамгаалалтын ажил эрхэлдэг бөгөөд Наранбулаг ХХК-ийн барьж байгаа Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Тайж вилла хотхоны харуул хамгаалалтын ажлыг захирал Хүрэлбаатар болон төслийн менежер ***нартай ярилцаж 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хариуцан ажиллаж байгаа юм. Ямар нэгэн гэрээ бол байгуулаагүй амаар тохирсон юм. Би 3-н ажилтан ажил авч тус барилга дээр ээлжээр ажиллуулж байсан юм. ***2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ээлжинд гарахаар өглөө 08 цагт ажил дээрээ ирсэн юм. Орой 19 цаг 40 минутын үед *** над руу утсаар яриад барилгын гадна хашааны төмөр хаалгыг хааж байгаад хаалга унаад би дарагдчихлаа гэхээр нь би гэрээсээ шууд гараад барилга руу очиж явахдаа би тухайн барилгын карказны ажилтан *** дугаарын утсаар холбогдоод би болсон зүйлийг хэлээд барилга дээр хурдан яваад оч, би очиж байна гэж хэлсэн... Би Гантулгыг эмнэлэгт хэвтэж байх үед нь болон эмнэлгээс гарсан үед эмчилгээний зардал эм тарианы мөнгө нийт ойролцоогоор 2.300.000 төгрөг зарцуулсан юм. ...***д би л амаар зааварчилгаа өгч анхаарал болгоомжтой ажиллаж байгаарай гэж хэлж байсан. Би зааварчилгаа өгөх эрх бол байхгүй. ..надад *** 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр барилгын хашааны хаалганы төмөр гүйдэг дугуй гацаад байна. Засварлах хэрэгтэй байна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг, /хх 1-н 25-26/,
Гэрч ***мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс Андын зам ХХК-ийн барьж байгаа Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Тайж вилла хотхоны барилга дээр харуулаар очиж ажилласан юм... Миний цалинг Тайж вилла хотхоныг бариулж байгаа Наранбулаг бэхи ХХК харуулын дарга ***т мөнгө өгөхөд *** бид нарын цалинг олгодог юм... Барилга дээр ажиллаж байсан хөдөлмөр хамгааллын ажилтан /нэрийг нь санахгүй байна/ 30 гаран насны эмэгтэй зааварчилгаа амаар өгч байсан. Мөн харуулыг *** анхааралтай ажиллаарай гэж гарын үсэг зуруулдаг юм. Осол болохоос өмнө болон одоо ч зуруулдаг байсан... Тус газарт харуулаар очиход өндөр төмөр гүйдэг хаалга байсан. Доороо хоёр дугуйтай, дээрээ нэг тээглүүр буюу хязгаарлагчтай байсан. Дээр хэсэгтээ төмөр сараалжтай байсныг осол болсны дараа аваад дугуй замыг сольж шинэчилж засварласан юм. Уг хаалгыг гараар түлхэж нэг бол чирч хааж нээдэг байсан. Хаахад их төвөгтэй хүнд, замгүй шороон дээр түрдэг байсан болохоор урд талын доод хэсэгтээ дугуйтай, хойд хэсэгтээ жижиг роликтой, замтай байсан юм. Хаалга нь хааж нээхэд замгүй учир савладаг, дугуй нь гадагшаа дотогшоо орчихдог байсан болохоор татаж чиглүүлж хаадаг байсан юм. Би хаалга болохгүй байгаад байна, хааж нээхэд төвөгтэй байгаа талаар харуулын дарга ***т хэлж байсан. Уг хаалгыг машин орж гарах болгонд нээж хаадаг байсан. Хаалгыг компаний инженер техник, хөдөлмөр хамгааллын ажилтан хариуцах ёстой байсан байх, өөр зүйл мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 40-41/,
Гэрч Т.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Наранбулаг бэхи констракшн ХХК-д 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр барилгын талбайн инженерээр ажилд томилогдон ажиллаж байгаа юм...Би барилгын хийцлэл алдаа барилгын талын зүйлийг бүрэн хариуцдаг юм. Барилгын хашаа хаалганы аюулгүй байдлыг ХАБЭА-н ажилтан бид хоёр хариуцах ёстой байсан юм. Ийм осол болсны дараа хаалгыг жижиг болгож зассан байгаа юм...Харуулын албаны ажил руу ордоггүй болохоор сайн мэдэхгүй байна. Барилгын хашаа нь барилгын бүсэд орж байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 43-44/,
Иргэний нэхэмжлэгч ***мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ" гэж заасан байдаг. Иймээс гэмт хэргийн улмаас хохирогчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал эрүүл мэндийн даатгалын сангаас гарч, уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулж байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд баригдаж байсан "Тайж Вилла” төсөл “Наранбулаг бэхи констракшн" ХХК-н барилгын талбайд харуулаар ажиллаж байсан Галсандэмбэрэлийн *** нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр барилгын хашааны төмөр гүйдэг хаалганд дарагдаж "Хүнд" зэргийн гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч 6.887.600 төгрөгийн эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 6.887.600 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байх тул тусламж үйлчилгээний зардлыг гэм буруутай этгээдээс 6.887.600 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь *** дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 140/,
Бүрэлдэхүүнтэй шинжээчийн 315 дугаартай дүгнэлтэд: “...ШШЕГ-н шинжээч эмч цагдаагийн ахлах дэслэгч ***2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2384 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. ***биед бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдаж бяцарсан хугарал, хугарлыг хөлөнцөрийн титан шургаар бэхлэх, арын нумыг авч нугас дарагдлыг чөлөөлөх мэс заслын дараах байдал, аарцгийн эрхтний үйл ажиллагааны алдагдал, баруун хөлийн мэдрэл булчинд хөнгөн зэргийн мэдрэл эмгэгшилт /нейропати/ тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ***биед үүссэн бүсэлхийн 1-р нугалмын их биеийн хугарал, нугас дарагдал, аарцгийн эрхтний үйл ажиллагааны алдагдал, баруун хөлийн мэдрэл булчингийн хөнгөн зэргийн мэдрэл эмгэгшилт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.7, 4.1-н 3.15-д зааснаар хүнд зэргийн гэмтэл болно. Аарцгийн эрхтний үйл ажиллагааны алдагдал, баруун хөлийн мэдрэл булчингийн хөнгөн зэргийн мэдрэл эмгэгшилт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1-н Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтыг тогтоох хүснэгтийн 3.15-д зааснаар хөдөлмөрийн чадварыг тогтмол 40% алдагдуулна...” гэжээ. /хх 1-н 84-88/,
Бүрэлдэхүүнтэй шинжээчийн ***дугаартай дүгнэлтэд: “...Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчид эрүүл мэндийн сайд, хууль зүй, дотоод хэсгийн сайд, улсын ерөнхий прокурорын хамтарсан 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/225, А/153, А/85 тоот тушаалаар батлагдсан хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмыг 2023 оны 06 сарын 12-ны өдрөөс эхлэх дагаж мөрдөж байгаа бөгөөд үүний өмнө Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалаар батлагдсан гэмтлийн зэрэг тогтоох журмыг үндэслэн дүгнэлт гаргаж байсан. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тухайн журмуудаар тогтоодог. Уг журмуудын дагуу ***гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын 40% тогтонгид алдагдуулна. Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх хөдөлмөр магадлах комисс нь эрүүл мэндийн сайд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/441, А192 тоот хамтарсан тушаалын дагуу дүгнэлт гарган хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоодог болно” гэсэн дүгнэлт, /хх 3-н 61-65/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 701 дугаартай дүгнэлтэд: ***сэтгэцэд 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн гэмт хэргийн улмаас Р43.2 Дасан зохицохын эмгэг оношлогдож байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн Дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна. ***хөдөлмөрийн чадвар алдалтын хувь нь дангаараа гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох үндэслэл болохгүй. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг нь түр зуурынх уу, байнгынх эсэх нь бие махбодын эмчилгээ, эдгэрэлт, хувь хүний сэтгэл зүйн онцлог, цаашид сэтгэл засал, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах, гэр бүлийн дэмжлэг бүхий орчноос хамаарна. Шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй...” гэжээ. /хх 3-н 99-101/,
Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нарын 2024/03-03 дугаартай дүгнэлтэд: “...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх "ажлын байр" гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг/. 3.1.20 дахь /"үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг/ гэж тус тус заасан байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 2 дугаар зүйлийн 2.1.1-д ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед гэж заасанчлан Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй "Тайж вилла" төслийн барилгын талбайн харуулаар ажиллаж байсан ***уг төслийн хашааны төмөр хаалганд даруулж гэмтсэн нь хэрэгт авагдсан баримтаар /гэрэл зураг, гэрчүүдийн мэдүүлэг/ нотлогдож байх тул үйлдвэрлэлийн осол мөн гэж үзнэ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн орчин нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн стандарт, шаардлага хангасан байна, "UCS 0301В:2022 Барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах техникийн ерөнхий шаардлага" стандартын 5-д барилгын түр хашаа нь эвдрэл гэмтэлгүй бат бөхийн шаардлага хангасан байна /үүнд хаалга бас хамаарна/ гэж тус тус заасан нь зөрчигдсөн. Мөн уг хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3 дахь /Энэ хуулийн 21.2-1 заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах чиг үүргийг хэрэгжүүлнэ/ заалтыг хэрэгжүүлээгүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтад "Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна" гэж заасан. ...Иймд "Наранбулаг бэхи констракшн" ХХК-ийн гүйцэтгэх захирал ***түүний томилсон ХАБЭА-н ажилтан болон инженер техникийн ажилтан нар хангуулах үүрэгтэй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлд ажил олгогчийн уг хуулиар хүлээх үүргийг тусгахдаа 28 дугаар зүйлийн 28.1.6-д "Ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх", 28.1.8-д "Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх" гэж тус тус заасан. Хэрэгт авагдсан нотлох баримтад тухайн ажлын байранд мөрдөх аюулгүй ажиллагааны зааварчилгааг баталж мөрдүүлсэн болон зааварчилгаа өгснийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд уг төслийн талбайн харуулын ажлын байранд дагаж мөрдөх аюулгүй ажиллагааны зааварчилгаа байхгүй, түүнийг баталж мөрдүүлээгүй ба осолдогч нь ***аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй гэж үзэх үндэслэлтэй байна. ...Барилгын түр хашааны нэвтрэх хаалга нь ашиглалтын шаардлага хангаагүй, стандартын дагуу хийгдээгүй байсан осол гарахад шууд нөлөөлсөн хүчин зүйл нь бөгөөд хариуцагч албан тушаалтнуудад тухайн нөхцөл байдлыг мэдэгдсэн боловч цаг тухайд нь арга хэмжээ авч ажиллаагүй нь осол гарах шалтгаан нөхцөл болсон байна... Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтад "Барилгын ажил гүйцэтгэгч нь барилгын ажлын талбайн орчны хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулж, гуравдагч этгээдийг барилгын ажлаас шалтгаалсан болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах чиг үүрэгтэй" гэж заасны дагуу уг гүйцэтгэгч буюу "Наранбулаг бэхи констракшн" ХХК нь хангуулах үүрэгтэй. Уг заалтыг болон барилгын ажил гэрээний дагуу гүйцэтгэгч тал биелүүлээгүй байна...” гэсэн дүгнэлт /хх 1-н 166-170/,
Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ***“...Хөдөлмөрийн аюулгүй бадал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд заасны дагуу хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хангуулах үүргийг ажил олгогч бүрэн хариуцдаг. Энэхүү үүргээ хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтнаар дамжуулан гүйцэтгүүлж байсан байна. Иймд барилгын хашаа, хаалгыг Хөдөлмөрийн аюулгүй бадал, эрүүл ахуй хариуцсан ажилтан болно...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 78/,
Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ***“...Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг хариуцсан ажилтан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3 дахь заалтад Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль тогтоомж шаардлага стандарт, салбарын болон аж ахуйн нэгж байгууллагын мөрдөх Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дүрэм журмын хэрэгжилтийн байдалд илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах үүрэгтэй. Үүний дагуу тус байгууллагын хашааны хаалга эвдрэл гэмтэлтэйг мэдсээр байж арга хэмжээ аваагүй. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлээгүй нь уг осол гарах нөхцөл бүрдсэн байна...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 80/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 11/, хохирогчийн өргөдөл /хх 1-н 12/, хохирогчийн өвчний түүх /хх 1-н 54-67/, хохирогчийн гэмтэл авсан гэх үеийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 180-182/, шүүгдэгч ***хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 227-229, 246-249, 3-н 81, 93-98/, хохирлын баримтууд /хх 2-н 13-50, 250, 3-н 2-32/, шүүгдэгч ***хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 2-н 51-52, 3-н 80, 84-91/, хохирлын мөнгө шилжүүлсэн баримтууд /хх 2-н 78-79/,
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ***“Наранбулаг бэхи констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн орчин нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн стандарт, шаардлага хангасан байна, "11С5 0301В:2022 Барилга замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах техникийн ерөнхий шаардлага" стандартын 5-д барилгын түр хашаа нь эвдрэл гэмтэлгүй бат бөхийн шаардлага хангасан байна /үүнд хаалга бас хамаарна/ гэж тус тус заасныг, мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтад "Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна" гэсэн заалтыг,
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1,6-д "Ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх", 28.1.8-д "Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх" гэсэн заалт, Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтад "Барилгын ажил гүйцэтгэгч нь барилгын ажлын талбайн орчны хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулж, гуравдагч этгээдийг барилгын ажлаас шалтгаалсан болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах чиг үүрэгтэй" заасныг тус тус зөрчин хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй барилгын түр хашааны нэвтрэх хаалга нь ашиглалтын шаардлага хангаагүй, стандартын дагуу хийгдээгүй байсныг илрүүлээгүй, цаг тухайд нь хаалгыг засуулах арга хэмжээ аваагүйн улмаас 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Наранбулаг бэхи констракшн” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд баригдаж байсан “Тайж вилла” төслийн барилгын талбайн хашааны хаалга унаж хохирогч ***эрүүл мэндэд бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдаж бяцарсан хугарал, хугарлыг хөлөнцөрийн титан шургаар бэхлэх, арын нумыг авч нугас дарагдлыг чөлөөлөх мэс заслын дараах байдал, аарцгийн эрхтний үйл ажиллагааны алдагдал, баруун хөлийн мэдрэл булчинд хөнгөн зэргийн мэдрэл эмгэгшилт /нейропати/ бүхий хүнд хохирол болгоомжгүй учруулсан,
Шүүгдэгч ***нь Наранбулаг бэхи констракшн” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд баригдаж байсан “Тайж вилла” төслийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллаж байхдаа 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.2-т аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн орчин нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн стандарт, шаардлага хангасан байна, "11С5 0301В:2022 Барилга замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах техникийн ерөнхий шаардлага" стандартын 5-д барилгын түр хашаа нь эвдрэл гэмтэлгүй бат бөхийн шаардлага хангасан байна /үүнд хаалга бас хамаарна/ гэж тус тус заасныг, мөн уг хуулийн 27.2-т заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах чиг үүргийг хэрэгжүүлнэ, 27.2-т заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 27.3.1.аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөөг боловсруулж, шаардлагатай дүрэм, журмыг шинэчлэн баталж хэрэгжүүлэх; 27.3.3. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах гэж заасныг тус тус зөрчин барилгын түр хашааны нэвтрэх хаалга нь ашиглалтын шаардлага хангаагүй, стандартын дагуу хийгдээгүй байсныг илрүүлээгүй, цаг тухайд нь хаалгыг засуулах арга хэмжээ аваагүйн улмаас тус хаалга унаж хохирогч ***эрүүл мэндэд биед бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдаж бяцарсан хугарал, хугарлыг хөлөнцөрийн титан шургаар бэхлэх, арын нумыг авч нугас дарагдлыг чөлөөлөх мэс заслын дараах байдал, аарцгийн эрхтний үйл ажиллагааны алдагдал, баруун хөлийн мэдрэл булчинд хөнгөн зэргийн мэдрэл эмгэгшилт /нейропати/ бүхий хүнд хохирол болгоомжгүй учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутай болох нь:
Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч ***, гэрч Б.***, ***нарын мэдүүлэг шинжээчийн дүгнэлтүүд, Хөдөлмөрийн аюулгүй байдлын улсын байцаагч нарын дүгнэлт, хөлсөөр ажиллах гэрээ, хөдөлмөрийн гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.
Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ***Наранбулаг Бэхи Констракшн ХХК-ний гүйцэтгэх захирлаар, шүүгдэгч ***Наранбулаг Бэхи Констракшн ХХК-ний Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар тус тус ажиллаж байхдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас барилгын талбайн хашааны хаалга унаж хохирогч ***эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч *** нарын дээрх үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруу дээр маргаагүй ба улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.
Хохирогч ***эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу түүний эхнэр *** нь шүүх хуралдаанд шүүхийн шатанд гаргаж өгсөн баримттай 18.661.922 төгрөг, сэтгэл санааны хохирол тус тус нэхэмжилсэн.
Шүүгдэгч *** нар нь “Наранбулаг Бэхи Констракшн” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан тус тус ажиллаж байсан.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж хуульчилжээ.
Иймд Иргэний хуулийн дээрх зүйл, заалтад заасны дагуу иргэний хариуцагч болох “Наранбулаг Бэхи Констракшн” ХХК-с 40.661.922 төгрөг гаргуулж хохирогч ***д олгохоор шийдвэрлэв.
Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэргийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцохоор заасан тул гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550.000 төгрөгийг 40 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 22.000.000 төгрөг, шүүхийн шатанд гаргаж өгсөн баримтаар 18.661.922 төгрөг, нийт 40.661.922 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж дүгнэсэн.
Шүүхийн шатанд шинээр гаргаж өгсөн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан, хохирогчийн эмчилгээ үйлчилгээнд зарцуулсан баримтууд байх тул 18.661.922 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.
Хохирогч ***болон түүний хууль ёсны төлөөлөгч *** нар нь ажилгүй байсан үеийн цалин болон бусад хохирол хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар барилгын үйл ажиллагаа явуулах эрхийг 4 сараар хасаж, 6.000 нэгж буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар хувийн байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт тус тус гаргажээ.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгч *** нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *** нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолтой, хохирогчийн биеийн байдал, хохирол төлбөр бүрэн төлж барагдуулаагүй зэргийг харгалзсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар барилгын ажил эрхлэх эрхийг 4 сарын хугацаагаар хасаж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс 01 жилийн хугацаагаар гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх зорилготой, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой ба мөн гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд оршино.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, дээрх хохирол нь бүрэн арилаагүй байх тул улсын яллагчийн торгох ял болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авахаас татгалзав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.
2.3. Бусад асуудал
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нарыг барилгын ажил эрхлэх эрхийг 4 сарын хугацаагаар хасаж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс 01 жилийн хугацаагаар гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***, ***нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *** нарт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс тоолж эдлүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч Наранбулаг Бэхи Констракшн ХХК-с нийт 40.661.922 төгрөг гаргуулж хохирогч ***д олгосугай.
7. Хохирогч ***нь хохирол, хор уршгийн талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР