Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 710

 

 

МАГАДЛАЛ

 

2019.04.22                                                 Дугаар 710                                      Улаанбаатар хот

 

 

 

ЧХ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/00482 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ЧХ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “УС ” ХХК, Б.Г нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 152 103 022,36 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч Б.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.З,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “ЧХБ” ХХК нь хариуцагч “УС ” ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1853/01 дугаартай зээлийн гэрээ байгуулж, мөн дугаартай барьцааны гэрээ байгуулснаар “ЧХБ” ХХК-иас 200 000 000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй 5 жилийн хугацаатай зээлсэн. Уг зээлтэй холбоотой 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт байгуулсан. Дээрх зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт 1-ээр “Зээлдүүлэгч өөрийн эх үүсвэрээр ЖДҮХС-д зээлийн өр төлбөрийг төлсөн тохиолдолд тухайн хугацаанд мөрдөгдөж байгаа “Хүү шимтгэлийн ерөнхий нөхцөл”-д заасан зээлийн хүү болон энэхүү гэрээний 3 дугаар зүйлд заасан хүүгийн зөрүүг зээлдэгч зээлийг бүрэн төлж барагдуулах хүртэл хугацаанд тооцон зээлийн өр төлбөр дээр нэмж төлүүлнэ” гэж харилцан тохиролцсон. Уг тохиролцсоны дагуу “УС ” ХХК-ийн захирал хувьцаа эзэмшигч Б.Г нь өөрийн эзэмшлийн улсын бүртгэлийн     Ү-2206008680 дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 32а тоот хаягт байрлах 280 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр уг барьцааны гэрээг байгуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн. Гэвч “УС ” ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, улмаар нэхэмжлэгч “ЧХБ” ХХК нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргаж, сүүлд 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/Ш32018/06175 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж гарснаар нийт 3 удаа хэрэгсэхгүй болоод байна. 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн төлбөр 122 206 268 төгрөг, зээлийн хүү 8 647 560 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 675 947 төгрөг нийт 141 329 768 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэв “УС ” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй. Мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана. Барьцааны гэрээнд заасны дагуу дуудлага худалдаагаар худалдана гэсний дагуу 1853/01 дугаартай зээлийн гэрээний үүргийн барьцаанд тавигдсан Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Баялаг 00 тоот Б.Г-ын өмчлөлийн 280 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг зээлтэй холбоотой 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж, нийт үндсэн зээл 122 206 260,78 төгрөг, үндсэн хүү 12 638 072,7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17 258 689,51 төгрөг, нийт        152 103 022,36 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: “УС ” ХХК нь “ЧХБ” ХХК-тай 01ЗЦЗ2013 дугаартай зээлийн гэрээг 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан. Тус гэрээгээр 200 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй 5 жилийн хугацаатай зээлсэн. Уг зээлийн гэрээнд заасан зориулалтын дагуу манайх зээлийг ашигласан. Эдийн засгийн хямралаас шалтгаалаад зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийг манайх хугацаандаа төлөхөөс хожимдсон нь үнэн. Гэвч зээлийн гэрээний төлбөрийг манайх боломж бололцоогоор төлсөн. Нэхэмжлэгч нийт 141 329 768 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл шүүхэд гаргасан. 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 125 711 814 төгрөгийг төлсөн. Хамгийн эхэнд нэмэгдүүлсэн хүү, дараа нь үндсэн хүү, үндсэн зээл гэж тооцсон. Гүйцэтгэгчийн хувьд хохиролтой байна. Дээрх зээлийн төлөлт нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлээс хасаж дарааллаар үүргийн гүйцэтгэлийг хүлээн авч байгаа нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлд зааснаар үүргийн гүйцэтгэлийг хүлээж авах журмыг зөрчиж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6 дугаар зүйл буюу Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо нэмэгдүүлсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байхаар тусгасан. Гэвч нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 50 хувиас дээш 13,19 хувиар тооцож бодож байгаа нь илт үндэслэлгүй байна. Тийм учраас үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. “УС ” ХХК нь нийт 125 711 816 төгрөг төлсөн талаар нэхэмжлэлд дурдсан байдаг. Төлсөн мөнгөн дээр ямар нэг маргаан байхгүй. Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт гэж дурдсан байгаа боловч зээлийн хүү хэд болж өөрчлөгдсөн нь тодорхойгүй байна. Өнөөдрийн байдлаар жилийн 7 хувийн хүүтэй нэмэгдүүлсэн хүү буюу жилийн 1,4 хувийн хүү нэмэгдэх ёстой. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагад дурдаж байгаа үндсэн зээлийн тооцооллыг 125 000 000 төгрөгөөс буруу бодож гаргасан байна. Нэмэгдүүлсэн хүү, хүүнд төлөх ёстой мөнгөнөөс илүү мөнгө өгсөн гэж харагдаж байна. Хавтаст хэрэгт байгаа зээлийн гэрээний төлөлт хэднээс хэдний хооронд бодож байгаа нь ойлгомжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдүүлсэн хүү, хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “УС ” ХХК болон Б.Г нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 137 371 947 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ЧХБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх               15 731 075,36 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны зүйл болох Б.Г-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам гудамж, 32а тоот хаягт байршилтай, 280 м.кв талбайтай, амрагчийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн 988 670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ дутуу төлсөн 133 542 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагаас хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 844 809 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэргийн үйл баримт, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Зээлийн гэрээг харвал тус гэрээг нэг талаас “ЧХБ” ХХК, нөгөө талаас " УС ” ХХК нарын хооронд байгуулагдсан байна. Өөрөөр хэлбэл тус гэрээгээр "УС " ХХК нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Компанийн тухай хуульд заасны дагуу өөрийн нэрийр эрх олж, үүрэг хүлээж байгаа нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр харагдаж байна. Иймд хэргийн материалд авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийн Д.Г-од холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг дүгнэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч “ЧХ ” ХХК нь хариуцагч “УС ” ХХК, Б.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 152 103 022,36 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар талуудын хооронд 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 200 000 000 төгрөгийн зээлийг жилийн 7 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай зээлдүүлэхээр, 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн нэмэлт өөрчлөлт-1 гэрээгээр дээрх зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл болон зээлдүүлэгч өөрийн эх үүсвэрээр ЖДҮХС-д зээлийн өр төлбөрийг төлсөн тохиолдолд тухайн мөрдөгдөж байгаа өөрийн хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлд заасан зээлийн хүү болон энэхүү гэрээний 3 дугаар зүйлд заасан хүүгийн зөрүүг зээлдэгч зээлийг бүрэн төлж барагдуулах хүртэл хугацаанд тооцон, зээлийн өр төлбөр дээр нэмж төлүүлэхээр талууд харилцан тохиролцсон байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Хариуцагч Б.Г хувьд дээрх гэрээний дагуу зээлийн эргэн төлөлт хийх үүргээ зөрчсөн нь зохигчдын тайлбар, зээл хүүгийн дэлгэрэнгүй тооцоолол, зээлийн үүрэг гүйцэтгэх тухай зээлдүүлэгчийн шаардлага зэрэг бичгийн баримтуудаар тогтоогджээ. Иймд нэхэмжлэгч байгууллагаас зээлээ хугацаанд нь төлөөгүйн хариуцлагыг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснааар шаардах эрхтэй бөгөөд энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Дээрх хууль зүйн үндэслэлээр хариуцагчаас гаргасан “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэргийн үйл баримтыг зөв дүгнээгүй, нотлох баримтыг буруу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/00482 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 845 000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ИЧИНХОРЛОО

 

             ШҮҮГЧИД                                         Д.БАЙГАЛМАА

 

                                                                          М.НАРАНЦЭЦЭГ