Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 0232

 

                                       

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

        Улсын яллагч Ц.Идэрмөнх

          Хохирогчийн төлөөлөгч Ж.Энхбаатар

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал

         Шүүгдэгч О.Нандинцэцэг

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

          Орхон аймгийн Прокурорын газраас 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1, 152 дугаар зүйлийн 152.1.д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн О.Нандинцэцэгт холбогдох эрүүгийн 201714000225 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

          Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1978 оны 04 сарын 18-ны өдөр Увс аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, хамтран амьдрагч Е.Алтангэрэл болон 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж баг СӨХ-ийн 3-73 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бортго овогт Орсоогийн Нандинцэцэг РД:/ОЮ 78041801/,

 

О.Нандинцэцэг нь Дэнж багийн 3-73 тоотод хажуу өрөө түрээслэн оршин суугч 75 настай Чимэддагваар Хаан банкны хадгаламжинд байх мөнгийг нь захиран зарцуулах итгэмжлэл хийлгэн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хаан банкны 5091028944 тоот данснаас 2.200.000 төгрөг авч завшсан, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хаан банкны Дэнж тооцооны төвөөс Ц.Чимэддагвын 5091002958 тоот данснаас тэтгэврийн зээл авах материалыг бүрдүүлэн өөрт нь хэлэхгүйгээр 6 сарын тэтгэврийн зээл 2.917.400 төгрөгийг итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч О.Нандинцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Чимэддагва гуайг манайд орж ирснээс хойш асарч хамгаалдаг байсан. Чимэддагва гуайгаас 4.620.000 төгрөг авсан нь үнэн. Хэргээ хүлээн зөвшөөрч байна. Чимэддагва гуайн тэтгэврийн зээлийг аваад өөрт нь 500.000 төгрөг өгөөд үлдэгдлийг нь би авсан. Охин маань 6 настай зүрхний ховдол цоорхой. Миний ар гэрийн байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулна уу гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Ж.Энхбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хохирогчийг төлөөлж оролцож байна. Хохирлын хувьд бүрэн төлж дуусгасан. Дахиж ийм алдаа битгий гаргаасай гэж хүсэж байна. Оногдуулах ялыг хөнгөрүүлэхийг хүсч байна гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Ц.Чимэддагвын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2017 оны 02 сарын 10-ны өдөр Нандинцэцэг надад би таны дэргэд байгаад таныг хэдэн ч сараар асраад тойлоод байж чадна. Таны бие муу байгаа юм чинь итгэмжлэл хийлгэвэл би таны өмнөөс банкнаас тэтгэврийг чинь авч өгч байя гээд байхаар нь би итгээд нотариотаар итгэмжлэл хийж өгсөн. Гэтэл миний итгэмжлэлийг аваад хадгаламжийн дэвтрээс 2.200.000 төгрөг аваад завшсан байсан. Надад 160.000 төгрөг өгсөн. Тэр нь Дулааны цахилгаан станцаас 80.000 төгрөг орсон, нөгөө 80.000 төгрөгийг хадгаламжаас авч өгсөн юм. Сүүлд нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Нандинцэцэг намайг дагуулаад Хаан банкинд очоод баахан цаасан дээр гарын үсэг зуруулаад байсан. Гэтэл Нандинцэцэг миний тэтгэврийн зээлийг 6 сараар надаар авахуулсан байна лээ. Би зээл авч байгаагаа өөрөө огт мэдээгүй. Нандинцэцэг надад тэтгэврийг авлаа гээд 500.000 төгрөг өгсөн. Би сард 500.000 төгрөгийн тэтгэвэр авдаг, тэтгэвэр авч өгсөн байна гэж бодоод авсан. Тэгтэл 6 сараар 2.917.400 төгрөгийн зээлийг надаар авахуулаад 500.000 төгрөг надад өгөөд үлдсэн 2.417.400 төгрөгийг хувьдаа завшсан байсан  гэсэн мэдүүлэг /хх 26-27 ху/,

-Гэрч Ж.Энхбаатарын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ...2017 оны 04 дүгээр сарын 05-ны үед Чимэддагва ах тэр байрнаас гарсан. Нандинцэцэг гэх эмэгтэй Чимэддагва ахын Хаан банкны дансанд байсан 2.200.000 төгрөг, Хаан банкнаас тэтгэврийн зээлийг 6 сараар буюу 2.917.400 төгрөгийг аваад хувьдаа завшсан байна гэдгийг бид нар мэдээд цагдаад өргөдөл гаргасан юм. Нандинцэцэгээс Чимэддагва ахыг харж хандах, асарч тойлох талаар гуйсан зүйл байхгүй. Чимэддагва ах ямар нэгэн сэтгэцийн өвчин байхгүй эрүүл саруул хүн байгаа юм. Өмнө нь өөрөө тэтгэврийн зээл авч байгаагүй болохоор юун дээр гарын үсэг зурж байгаагаа мэдээгүй юм шиг байна лээ гэсэн мэдүүлэг /хх 34 ху/,

-Гэрч Б.Баярмаагийн хэрэг  бүртгэлтийн шатанд өгсөн: ...Чимэддагва гуай нь манай Дэнж багийн тооцооны төвөөр үйлчлүүлдэг манай тооцооны төвөөс тэтгэвэр авдаг хадгаламжийн данстай хүн байгаа юм. Чимэддагва гуай тэтгэврээ байнга өөрөө ирж авдаг. Гарын үсгээ зураад мөнгөө өөрөө тоолоод авчихдаг хүн юм. 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Нандинцэцэг гэх эмэгтэй ирээд манай аав /гэсэн байх сайн санахгүй байна/ тэтгэврийн зээл авахад ямар баримт бүрдүүлэх вэ батлан даагч нь ямар хүн байх ёстой вэ гэхээр нь цалингийн тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэх зэрэг байх ёстой гэж хэлээд явуулсан. Нандинцэцэг тэр өдөртөө материалаа бүрдүүлж ирсэн. Батлан даагчаар олон нийтийн цагдаа Ичинноровыг Чимэддагва гуайн ач гэж надад танилцуулж байсан. Чимэддагва гуайн авсан 6 сарын зээл нь 2.917.400 төгрөг болсон ба зээлийн хүү 123.641 төгрөг нэмээд 3.041.041 төгрөгийг төлөх ёстой болж байгаа юм. Одоо 4 сарын тэтгэврийн зээлэнд 506.846 төгрөг төлөгдөж зээлийн үлдэгдэл 2.441.726 төгрөг үлдсэн энэ мөнгийг Нандинцэцэг төлж байх ёстой мөнгө гэж үзэж болно. Банкны хуулга дээр харахад тэтгэврийн мөнгө болох 506.900 төгрөгийг итгэмжлэлээр авсан байна. Тэгэхээр зээлээр авсан 3.041.041 төгрөг дээр банкны хуулга дээр байгаа 3 сарын тэтгэврйин мөнгө болох 506.900 төгрөгийг нэмж хохирол тооцох ёстой. Тэгэхээр 3.547.941 төгрөгийг тэтгэврийн данснаас авсан гэсэн үг гэх мэдүүлэг /хх 35-36 ху/,

-Гэрч Т.Ичинноровын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Нандинцэцэг над руу яриад хаана байна гэхээр нь гэрт байна гэхэд гэр рүү ирээд манай хажуу өрөөнд нэг өвөө байдаг юм би тэр хүнийг асарч байгаа өвөөгийн бие муу байна, тэтгэврийн зээлийг нь авах гэсэн юм надад батлан даалт гаргаад өгөөч гэхээр нь тэр хүн чинь үр хүүхэд гэж байдаггүй юм уу таны овог өөр болохоор өгөхгүй ш дээ гэхэд би итгэмжлэл хийлгээд авчихсан сар бүр тэтгэврийг нь авдаг юм. Үр хүүхэд байхгүй ганц бие өвөө би асарч байгаа юм гээд гуйгаад байхаар нь за тэгвэл би эргүүлд гарахаараа очоод батлан даалт гаргаад өгье гэж хэлсэн. Би Нандинцэцэгт энэ чинь ямар нэгэн асуудалтай зүйл байхгүй биз гэхэд эмнэлэгт хэвтэх гэж байгаа юм, өөрөө мэдэж байгаа эгч нь яалаа гэж тэгэхэв гээд байсан. Тэгээд би Дэнж багт байрлах Хаан банкны тэнд очиж уулзахад Нандинцэцэг банкны хүмүүст баримтаа өгчихсөн одоо чи Цагдаагийн газрын тодорхойлолт, иргэний үнэмлэх 2-оо авч орж ирээд батлан даалтан дээр гарын үсэг зурчих гэхээр нь би Хаан банк руу орж батлан даагч дээр гарын үсэг зурсан. Тэгээд Чимэддагва өвөөг гэрээсээ очиж авч ирээд зээлийн гэрээн дээр гарын үсэг зуруулсан. Нандинцэцэг миний хажууд Чимэддагва ахад зээл авч байгаа талаар хэлээгүй зээлийн баримт дээр та энд гарын үсгээ зурчих гээд бүх хуудас дээр гарын үсэг зуруулсан. Нандинцэцэг Чимэддагвын тэтгэврийн зээлийг авч байгаа талаар банкин дээр хэлээгүй, зээл аваад мөнгийг бүгдийг нь өөрөө цүнхэндээ хийчихсэн. Чимэддагва гуай өөрөө ирээд гарын үсэг зураад байсан болохоор би мэдэж байгаа юм байна гэж бодоод юм хэлээгүй гэсэн мэдүүлэг /хх 31 ху/,

-Гэрч И.Эрдэнэмөнхийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ...Чимэддагва бол миний нагац ах бөгөөд Дэнж багт 3-73 тоот Нандинцэцэг гэх айлын хажуу өрөөг ганцаараа хөлсөлж амьдарч байгаа. Хотод байдаг нагац эгч Долзодмаа над руу яриад наад ах чинь хамаг мөнгө төгрөгөө байрны эзэн хүнд өгсөн юм шиг байна, надад тийм зүйл хэллээ гэхээр нь би Чимэддагва ахтай уулзаад хөлсөлж байсан байрны эзэнтэй нь уулзах гэтэл өөрөө байхгүй хүүхдүүд нь байсан. Гар утсаар нь ярихад би хөдөө машин зарах гээд явж байна. 1 дэх өдрөөс очино тэгээд уулзъя, би өвөөгийн зөвшөөрлөөр мөнгийг нь авсан 2.000.000 төгрөгийг өөрт нь өгсөн. 200.000 төгрөгийг өөрийнх нь эмнэлэгт хэвтсэн үед хэрэглэсэн. Өөрөө 6 сарын тэтгэврийн зээл авахуулсан тэр мөнгийг нь би гэртээ тавилга авсан байгаа. Би тэр мөнгийг машинаа зарж байгаад төлье гэж хэлсэн. Би Чимэддагва ахыг нүүлгэж оруулж өгч байсан. Тэр үед бид нар Нандинцэцэгт асран хамгаалж байгаарай гэж гуйсан зүйл байхгүй, итгэмжлэл хийлгэх тэтгэврийг нь авч өгөх талаар ямар нэгэн зүйл гуйгаагүй. Чимэддагва ах банкнаас өөрөө хадгаламж тэтгэврээ авчихдаг хүн юм. Чимэддагва ахад тэтгэврийн зээл авах ямар ч байгаагүй өөрөө хадгаламжиндаа мөнгөтэй хүн гэсэн мэдүүлэг /хх 32-33 ху/,

-Гэрч Д.Энхжаргалын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ...2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр О.Нандинцэцэг гэх эмэгтэй ажил дээр ирээд би Чимэддагва гуайг харж ханддаг юм, надаас өөр тэтгэвэр тэтгэмжийг нь авах хүн байхгүй, өөрөө энд ирж чадахгүй байна. Та нар очоод итгэмжлэл хийгээд өгөөч гэхээр нь би ажил үүргийн хуваарийн дагуу туслах ажилтан Үзмээг Нандинцэцэгийн гэр рүү явуулсан. Үзмээ буцаж ирээд надад энэ охин миний хоол ундыг дөхүүлдэг юм, би энэ охинд тэтгэвэр хадгаламжаа өгөх, авах эрхийг олгож байна, надад өөр харж хандах үр хүүхэд байхгүй болохоор тэгж байгаа юм. Би итгэмжлэл хийлгэхээ зөвшөөрч байна. Хийж байгаа үйлдлээ ойлгож байна гэж хэллээ гээд итгэмжлэл дээр гарын үсэг зуруулаад ирсэн гээд Чимэддагвад Нандинцэцэг Хаан банкны 5091028944 дугаартай хадгаламжийн данснаас мөнгө авах, орлого зарлагын гүйлгээ хийх, төлөөлж гарын үсэг зурах итгэмжлэл, мөн Хаан банкны 90173 тоот дэвтрээр өндөр насны тэтгэврийн мөнгө авах, Насны хишиг тэтгэвэр тэтгэмжийн мөнгө авах, баримт бүрдүүлж өгхө, төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг олгосон итгэмжлэл дээр гарын үсэг зуруулаад ирсэн байсан тул би тамга тэмдэгийг дарж баталгаажуулж өгсөн. Энэ итгэмжлэлд зээл авах эрхийг дурьдаагүй тул Нандинцэцэг өөрөө зээл авч болохгүй гэсэн мэдүүлэг /хх 37-38 ху/,

           -Гэрч Б.Үзмээгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ...2017 оны 02 сарын 10-ны өдөр Нандинцэцэг гэх эмэгтэй ажил дээр ирээд Чимэддагва гуайг харж ханддаг юм, надаас өөр тэтгэвэр тэтгэмжийг нь авах хүн байхгүй, өөрөө энд ирж чадахгүй байна. Та нар очоод итгэмжлэл хийгээд өгөөч гэхээр нь би ажил үүргийн хуваарийн дагуу Нандинцэцэгийн гэрт очоод Чимэддагва гуайд Хаан банкны 5091028944 дугаартай хадгаламжийн данснаас мөнгө авах, орлого зарлагын гүйлгээ хийх, төлөөлж гарын үсэг зурах итгэмжлэл, мөн Хаан банкны 90173 тоот дэвтрээр өндөр насны тэтгэврийн мөнгө авах, Насны хишиг тэтгэвэр тэтгэмжийн мөнгө авах, баримт бүрдүүлж өгхө, төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг олгосон итгэмжлэл хийх гэж байгаа талаар тайлбарлаж өгөөд та энэ итгэмжлэлийг өөрөө зөвшөөрсний үндсэн дээр хийж өгч байна уу итгэмжлэл олгох уу зөвшөөрч байна уу гэхэд Чимэддагва гуай зөвшөөрч байна. Би өндөр настай болохоор энэ хүүхдээр авахуулахаар болж байгаа юм итгэмжлэл хийлгэх талаар зөвшөөрч байна, энэ хүүхэд намайг харж хандаж байгаа юм, би өөрөө гарч орж чадахгүй байна гээд итгэмжлэл дээр гарын үсэг зурсан. Чимэддагва хйиж байгаа үйлдлээ ойлгох чадвартай байсан гэсэн мэдүүлэг /хх 39-40 ху/,

         -Гэрч Е.Алтангэрэлийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Нандинцэцэг надад Чимэддагва ахын Хаан банкинд байсан хадгаламжийн дэвтрээс мөнгө авсан талаар юу ч хэлээгүй. Хаан банкнаас тэтгэврийн зээл авахад Чимэддагва ах өөрөө зээл авна гээд хоёулаа хамт явъя гэж Нандинцэцэгийг хэлэхээр нь би тэр настай хүнд туслая гэсэн бодлын үүднээс би дагаж явсан.  Чимэддагва гуайг өөрөө зээл авч байгаа юм байх гэж бодсон. Нандинцэцэг теллерээс мөнгө төгрөгийг нь авч байсан. Хэдэн төгрөг авсныг нь хараагүй гэсэн мэдүүлэг /хх 48-49 ху/,

         -Гэрч Д.Нарангэрэлийн хэрэг бүртгэлтйин шатанд өгсөн: Алтангэрэл Нандинцэцэг нарыг урьд нь танихгүй. Зарын дагуу ярилцаад байраа түрээслэсэн. 2017 оны 03 дугаар сарын 06-ны үед би байрандаа ирэхэд хажуу өрөөндөө нэг настай хүнийг оруулчихсан байсан. Би ямар учиртай хүн бэ гэхэд Нандинцэцэг манай өвөө байгаа юм гэж хэлсэн. Би дотроо өөрийнх нь өвөө ирсэн юм байна л гэж бодсон гэсэн мэдүүлэг /хх 41 ху/,

        -Гэрч Х.Болорчулууны хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Би 2017 оны 03 сарын 13-ны өдөр Чимэддагвад амидтриплин гэдэг эмийг бичиж өгсөн. 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Гэсэрмаа эмчээр эм бичүүлж аваад авч чадаагүй гээд дахин эм бичүүлж авч байсан. Би сая уг эмийн жортой болон карттай танилцлаа Чимэддагва ходоод бөөр өвддөг, даралт ихэсдэг өвчтэй хүн юм байна гэсэн мэдүүлэг /хх 42-43 ху/,

       -Гэрч Б.Баттөгөлдөрийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2017 оны 02 сарын 10-нд би Хүрэнбулаг багийн тооцооны төвд теллерээр ажиллаж байсан. Хуулга дээр байгаа 2.200.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 5091028944 дугаартай данснаас авч өгч гүйлгээ хийсэн байна. Уг хуулганы хамгийн ард байгаа 0015462 гэсэн код бол миний код байгаа юм. Уг хадгаламжинд 2.286.551 төгрөг байснаас эхлээд 2.200.000 төгрөг аваад шимтгэлд нь 300  төгрөг суутгагдсан байна. Мөн 80.000 төгрөг авч өгч үлдэгдэл 5.951 төгрөг үлдсэн байна. 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 400.000 төгрөгийн орлого хийгээд тэр өдрөө 80.000, 320.000 төгрөгөөр 2 удаа авсан байна. 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 79.500 төгрөгийн орлого ороод 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 80.00 төгрөгийн зарлага гарсан байна гэсэн мэдүүлэг /хх 44-45 ху/,

      -Гэрч Б.Ганзаяагийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:  2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Эрдэнэ багийн иргэн Чимэддагва гуайд өндөр настны асаргааны мөнгөн тэтгэмж авах талаарх хүсэлтийг өөрөө болон Эрдэнэ багийн иргэн Е.Алтангэрэл нар гаргаж холбогдох материалыг бүрдүүлэн одоо асаргааны мөнгө олгоход бэлэн болсон байна. Сар бүрийн 15-ны өдөр асаргааны мөнгийг хэлэлцээд олгох шийдвэр гарвал данс руу мөнгө орох ёстой байсан. Одоогоор Е.Алтангэрэлийн данс руу ямар нэгэн мөнгө төгрөг ороогүй, эрх нээгдээгүй байна. Асаргааны мөнгийг тэр  хүнийг асарч байгаа хамт байдаг хүнд өгдөг. Заавал төрөл садан байх албагүй. 2 хүн өөрсдөө хүсэлт гаргаад эмнэлгийн дүгнэлт гарчихвал материалыг бүрдүүлээд асаргааны эрх нээгдэж мөнгө нь асарч бу хүний данс руу ордог гэсэн мэдүүлэг /хх 46-47 ху/,

-Шүүх сэтгэц гэм судлалын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн магадлагаа /хх 53 ху/

- Хохирол төлсөн баримтууд /хх 141-142, ..... ху/

-О.Нандинцэцэгийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 58-68 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч О.Нандинцэцэг нь Дэнж багийн 3-73 тоотод хажуу өрөө түрээслэн оршин суугч 75 настай Чимэддагваар Хаан банкны хадгаламжинд байх мөнгийг нь захиран зарцуулах итгэмжлэл хийлгэн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хаан банкны 5091028944 тоот данснаас 2.200.000 төгрөг авч завшсан, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хаан бакна Дэнж тооцооны төвөөс Ц.Чимэддагвын 5091002958 тоот данснаас тэтгэврийн зээл авах материалыг бүрдүүлэн өөрт нь хэлэхгүйгээр 6 сарын тэтгэврийн зээл 2.917.400 төгрөгийг итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогчийн төлөөлөгч  Ж.ЭнхбаатарынХохирогчийг төлөөлж оролцож байна. Хохирлын хувьд бүрэн төлж дуусгасангэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ж.Энхбаатар /хх 34 ху/, Б.Баярмаа /хх 34-35 ху/, Т.Ичинноров /хх 31 ху/, И.Эрдэнэмөнх /хх 32-33 ху/, Д.Энхжаргал /хх 37-38 ху/, Б.Үзмээ /хх 39-40 ху/, Е.Алтангэрэл /хх 48-49 ху/, Д.Нарангэрэл /хх 41 ху/, Х.Болорчулуун /хх 42-43 ху/, Б.Баттөгөлдөр /хх 44-45 ху/, Б.Ганзаяа /хх 46-47 ху/ нарын мэдүүлгүүд, ял шийтгэлийг шалгах хуудас, Хаан банкны зарлагын мэдүүлэг, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хохирол төлсөн баримт болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн тул шүүгдэгч О.Нандинцэцэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1, 152 дугаар зүйлийн 152.1.д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Нандинцэцэгийн дээрхи үйлдэл нь итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилсан, бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч О.Нандинцэцэг нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Энэ хэргийн улмаас хохирогчид 5.117.400 төгрөгийн хохиол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн “...Хохирлын хувьд бүрэн төлж дуусгасан. Дахиж ийм алдаа битгий гаргаасай гэж хүсэж байна” мэдүүлгээр нотлогдож бах тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 8 цаг цагдан хоригдсоныг, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бортого овогт Орсоогийн Нандинцэцэгийг итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилсан, бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч О.Нандинцэцэгийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1.д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1.д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч О.Нандинцэцэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1.д зааснаар оногдуулсан 1.200.000 төгрөгөөр торгох ял дээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1.д зааснаар оногдуулсан 1.200.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, торгох ялын хэмжээг нийт 2.400.000 төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч О.Нандинцэцэгт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/  сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

5.  2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч О.Нандинцэцэг нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг  анхааруулсугай.

6. Шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болтол шүүгдэгч О.Нандинцэцэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

7. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь 8 цаг цагдан хоригдсон болохыг  тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ж.БАЙГАЛМАА