Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 124/ШШ/2022/55

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Б-ын А,

      Хариуцагч: Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргад холбогдуулан гаргасан,

        “Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2022 оны 04 сарын 18-ны өдрийн Б/15 дугаар “Төрийн албанаас халах тухай” тушаалыг хүчингүй болгож,урд эрхэлж байсан Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах,ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч тус тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.З, хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.1. Нэхэмжлэгч Б.А тус шүүхэд “Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2022 оны 04 сарын 18-ны өдрийн Б/15 дугаар “Төрийн албанаас халах тухай” тушаалыг хүчингүй болгож,урд эрхэлж байсан Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах,ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

1.2. Хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 04 сарын 18-ны өдрийн “Төрийн албанаас халах тухай” Б/15 дугаар тушаалаар Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.А-г  2022 оны 04 сарын 18-ны өдрөөр тасалбар эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэжээ.

1.3. Нэхэмжлэгч Б.А маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байх ба Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 05 сарын 18-ны өдрийн 01/1111 дугаар албан бичгээр “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах,түүнд гомдол гаргах журам”-ын 8.2 дахь хэсэгт “Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1, 48.1.2-т заасан шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар Төрийн албаны зөвлөл,48.1.3, 48.1.4-т  заасан шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар шүүхэд тус тус гомдол гаргана” гэж зааснаар тухайн асуудлыг шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариуг өгсөн байна.

1.4. Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт “Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн 25, 26, 27, 45, 46, 47, 48 дугаар зүйл, 52.2, 66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан гэж үзэн 2022 оны 05 сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ ирүүлснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан хугацааны дотор гаргасан гэж үзлээ.

 1.5. Нэхэмжлэгч Б.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“ Миний бие нь Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2022 оны 4 дүгээр сарын 18-ний өдрийн Б/15 дугаартай төрийн албанаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Увс аймгийн засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Би 1998 онд Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг төгсөөд 1999 оноос 2004 он хүртэл Увс аймгийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2004-2010 оны хооронд Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэст мэргэжилтэн, хэлтсийн дарга, 2010-2015 оны хооронд Мэргэжлийн хяналтын газарт орлогч дарга, 2016 оноос 2020 оны 3 дугаар сар хүртэл Увс аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга, 2020 оны 3 дугаар сараас 2022 оны 4 дүгээр сарын 18-н хүртэл ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан. 2021 оны 9 дүгээр сарын 30-ний өдрийн Б/32 тоот тушаалаар намайг албан тушаал бууруулсан. Энэ тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөл уг гомдлыг хянаад 2021 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн 395 дугаар тогтоолоор намайг албан тушаалыг бууруулсан шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн томилох шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дагуу аймгийн ЗДТГ-ын даргын 2022 оны 1 дүгээр сарын 18-ний өдрийн Б/03 тоот тушаалаар эргүүлэн томилсон. Мөн үүний дараа 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдөр надад сануулах арга хэмжээ авсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахад ТАЗ нь гомдлыг хүлээн авч шийдвэрлэж надад ногдуулсан сахилгын шийтгэлийг хууль бус байна гэж үзэж тушаалыг хүчингүй болгосон. 4 дүгээр сарын 15-нд ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б нь надад сонсох ажиллагааны мэдэгдэл өгсөн.  Сонсох ажиллагааны мэдэгдэлд 2022 оны 4 дүгээр сарын 15-ны 15 цагаас сонсох ажиллагаа хийнэ гэсэн байсан. Уг мэдэгдлийг хүлээж аваад өрөөнд нь орсон боловч өнөөдөр хийхгүй 1 дэх өдөр сонсох ажиллагааг хийнэ гэж хэлсэн. 4 дүгээр сарын 18-нд танд арга хэмжээ авч ажлаас халж байна гээд ажлаас халсан шийдвэрийг өгсөн. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар сонсох ажиллагаа нь Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасан. Гэтэл нэгэнт гарсан шийдвэрийг  сонсох ажиллагаа биш гэж ойлгож байна. Энэ утгаараа оролцогчийн тайлбар гаргах, санал авах эрхийг хангасан байхаар хуульчлагдсан боловч намайг энэ боломжоор хангаагүй. 2022 оны 4 дүгээр сарын 14,15-нд аймгийн ЗДТГ-ын даргын сонгон шалгаруулалтыг төрийн албаны зөвлөл зарласан байсан. Би сонгон шалгаруулалтад оролцохоор 4 дүгээр сарын 15-ны өдөр төрийн албаны зөвлөлийн сайтад орж бүртгүүлсний 1 цагийн дараа надад мэдэгдэл өгсөн. ЗДТГ-ын дарга нь энэ тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргүүдийг зөрчсөн, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байгаа. Надад төрийн албан хаагчийн үүргээ зөрчсөн, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн асуудал байхгүй. ЗДТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Б нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан энэ хуульд заасан улс төрийн албан хаагч уг албан тушаалаас чөлөөлөгдөх, өөрчлөгдөх төрийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч болон шууд захирагч өөрчлөгдөх нь төрийн албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй гэж заасан төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчсөн. Намайг албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн. Энэ нь хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхэд халдсан гэж үзэж байна. Уг тушаал дээр Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан заалтыг үндэслэл болгосон. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д сахилгын арга хэмжээ авсан бол ЗГХЭГ-ын даргын болон төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар батлагдсан журмыг хэрэгжүүлж ажиллах ёстой. Гэтэл энэ журмыг хэрэгжүүлж ажиллаагүй. Тийм учраас шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар гомдлоо ТАЗ-д гаргасан. ТАЗ-өөс 2022 оны 5 дугаар сарын 18-ний өдөр 01111 тоот албан тоотоор уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна. Шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу ирсэн тул шүүхэд хандсан. Надад Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн зөрчсөн зүйл байхгүй.Миний бие нь 2015 онд Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргаар томилогдсон. ТЗУХ-ийн дарга, Хууль зүйн хэлтсийн даргын албан тушаалын шатлал нь ТЗ-10 буюу адилхан албан тушаал байдаг. Албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлага, шалгуурыг хангаж байсан учраас тусгай шалгалт өгөхгүйгээр Хууль эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалаас ТЗУХ-ийн даргын албан тушаал руу шилжүүлэн томилсон. Хариутай 2 бичгийн хугацаа хэтрүүлсэн гэж ярьж байна. Өмнө нь 2 дугаар сарын 18-ний өдрийн тушаалаар сануулах арга хэмжээ авч сахилгын шийтгэл оногдуулсан. Үүнийг төрийн албаны зөвлөлөөс хянаж хууль бус шийдвэр гэж тогтоосон. Засаг даргын захирамжаар урамшуулал авсан байна гэж ярьсан. Засаг даргын захирамжийг гарах үед би Улаангомд байгаагүй. 11 дүгээр сард Улаанбаатар хот руу эрхэлсэн түшмэлийн сургалтад явсны дараа ийм урамшуулал гарсан байсан. Энэ захирамжийг би хянаагүй. Хяналтын дагалдах хуудсан дээр миний гарын үсэг байгаагүй, хууль зөрчсөн үйлдэлд зөвлөгөө өгөөгүй. Мөн албан тушаалын чиг үүрэг, хэрэгжилтийг хангаагүй гэж үзсэн. Хэрэгжилтийг хангасан эсэхийг төрийн албаны хууль болон гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулах журамд заасан байдаг. Энэ журмын дагуу гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулж хэрэгжүүлсэн эсэхийг үнэлж дүгнэх ёстой байсан. 2020 оны үнэлгээгээр 46 оноо тавьсан. Яг хэдэн оноо авснаа мэдээгүй. Яагаад гомдол гаргаагүй вэ? гэвэл 2020 оны 12 дугаар сарын 29-ний Б/67 тоот тушаалаар надад 26%-ийн урамшуулал олгосон байсан. Энэ журамд зааснаар В үнэлгээ авсан бол мөнгөн болон бусад хэлбэрийн урамшуулал олгоно гэж заасан. Үүнийг үзэж би В үнэлгээ авсан байна гэж бодсон. Яагаад ингэж үзсэн вэ гэвэл миний гүйцэтгэлийн төлөвлөгөөг үнэлж дүгнэсэн гүйцэтгэлийн төлөвлөгөөг танилцуулаагүй. 2021 оны 6 дугаар сарын 30-ны А/49 тоот тушаалаар 1 улирлын урамшууллыг 30%-иар бодож олгосон. Надад урамшуулал олгосон болохоор хангалтгүй үнэлгээ аваагүй гэж ойлгосон. Харин 2-р улирлын урамшууллыг олгоогүй талаар тухайн үедээ мэдсэн боловч Ковид авчихсан байсан учраас үргэлжлүүлээд амралтаа авч 8 дугаар сарын сүүлээр ажилдаа орсон. 9 дүгээр сард сахилгын арга хэмжээ авсан үйлдэл болсон. Гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлуулаагүй гэж хэлсэн. Харин би батлуулаагүй биш батлуулсан. 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлуулах журам шинэчлэгдэн батлагдсан. Энэ журмын дагуу хэлтсийн төлөвлөгөө болон өөрийнхөө мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилтыг төлөвлөж өгсөн. Урьд нь Г.Б дарга 2021 оны төлөвлөгөөг баталсан. Харин 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг Баяраа мэргэжилтэн батлуулсан. Б даргад гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө өгсөн ч буцааж өгдөггүй, тайлангаа өгсөн ч буцааж өгдөггүй. Миний төлөвлөгөөг баталсан учраас миний мэдлэг чадварыг үнэлээд тавьсан байна.

Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс нь тамгын газрын дотоод ажилд оролцож үнэлгээ хийдэг чиг үүрэгтэй хэлтэс биш. Өмнө нь энэ нотлох баримтыг гаргаж өгсөн бол хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэс нь ямар чиг үүрэгтэй вэ гэдгийг нотлох баримтаар гаргаж өгөх боломж байсан. Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс нь хууль, журам, бодлогын баримт бичигт хяналт шинжилгээ үнэлгээ хийнэ гэсэн журам байгаа. Энэ хэлтэс нь 2016 оны засгийн газрын 8 дугаар тогтоолоор шинээр байгуулагдсан хэлтэс байдаг. ЗГХЭГ-ын албан тоотоор аймгийн ЗДТГ-ын 6-н хэлтсийн чиг үүргийг тус бүрд нь ийм ийм чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана гэж ирүүлсэн. Гэтэл ХШҮХ-ийн мэргэжилтэн сахилгын шийтгэл ногдуулах журмын дагуу шалгасан гэж ярьсан. ХШҮХ нь журмын 2.2-т энэ журмын 2.1-т заасан албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан эсвэл тухайн байгууллагын дотоод хяналт шалгалтын нэгж гэж заасан. Гэтэл ХШҮ-ний хэлтэс нь ЗДТГ-ын  дотоод хяналт шалгалтын нэгж биш. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү?Нэхэмжлэлийн шаардлагуудаа дэмжиж байна...” гэв.

1.6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...Нэхэмжлэгч Б.А-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд нь үндэслэлтэй гэж үзэж байна. Тухайн маргаан бүхий захиргааны акт нь хэд хэдэн зүйл дээр үндэслэж гарсан. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4, 67.5 дахь хэсэгт заасан үндэслэлүүдийг баримталсан. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан хэд хэдэн үндэслэлүүдийг зааж өгсөн байдаг. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 37.1.6-т  харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, 37.1.8 өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх, 37.1.13-т албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах, 37.1.15-т харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах үүргээ тус тус хэрэгжүүлээгүй байна гэж үндэслэл болгосон. Мөн хуулийн 48.1.4-т төрийн албанаас халах гэсэн сахилгын шийтгэлийг ногдуулсан. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-ийг тушаалынхаа үндэслэл болгосон. Төрийн албан хаагчийг албан тушаалаас нь халах үндэслэлд хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа буюу 3 ба түүнээс дээш албан үүргээ хангалтгүй биелүүлсэн байхыг ойлгодог. Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 12 дугаар зүйлийн 12.1.8-т заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалд хамаарч байна.  Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.9-т төрийн жинхэнэ албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулахыг журмаар зохицуулахаар хуульчилж өгсөн. ЗГХЭГ-ын дарга, төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 тушаалаар төрийн жинхэнэ албан хаагчдад сахилгын шийтгэл оногдуулах, түүнд гомдол гаргах журмыг баталсан. Энэ журмын хүрээнд сахилгын шийтгэлийг ногдуулах ёстой байсан гэж үзсэн. Сахилгын шийтгэлийг удаа дараа гаргаж сахилгын шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь цаашид тухайн албан тушаалд ажиллуулах боломжгүй нөхцөл байдал байвал төрийн албан хаагчдад халах сахилгын шийтгэл ногдуулж болохоор хуульчилсан байна.  Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалтаас харахад сахилгын шийтгэлийг удаа дараа гаргасан гэж үзэж шийтгэл ногдуулаад байна уу эсхүл зөрчлийн шинж байдлын хувьд цаашид ажиллуулах боломжгүй, хөдөлмөрийн харилцааг нь шууд цуцлах шинжтэй байна уу гэдэг нь эргэлзээтэй байдаг.Сахилгын шийтгэл ногдуулахдаа үндэслэлийг шалгана гэж журмын 2 дугаар зүйлийн 2.1, 2.4-т  заасан. Эдгээр ажиллагаанууд хийгдээгүй гэж үзэж байна. Иймд сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хууль журмын дагуу томилсон төрийн албан хаагчийг төрийн албанаас халах зохицуулалтыг зөрчиж үндэслэлгүй халсан. Нотлох баримтаар шинээр гаргаж өгсөн баримтад 2022 оны 4 дүгээр сарын 15-ний 3/461 дугаартай албан бичгийг Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэст хүргүүлсэн байдаг. Тухайн бичигт сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг шалган тогтоож ирүүлнэ үү гэсэн. Уг хэлтсийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар хандсан. Тухайн бичиг явуулахад 2022 оны 4 дүгээр сарын 15-ний өдөр нь буюу баасан гариг байсан. Үүнийг төрийн жинхэнэ албан хаагчдад сахилгын шийтгэл оногдуулах, түүнд гомдол гаргах журмын 2-т заасан ажиллагаа хийгдсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон зүйлүүдэд 2022 оны 1 дүгээр сарын 22-ний Б/06 дугаартай ЗДТГ-ын даргын тушаалаар “Сануулах” сахилгын шийтгэлийг ногдуулсан. Тухайн тушаалыг төрийн албаны зөвлөлийн 5 дугаар сарын 12-ний өдрийн тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл тухайн зөрчилд нь төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасан үндэслэлийг хариуцагч нь татгалзлын үндэслэлээ тайлбарлаагүй. Ерөнхий байдлаар тайлбарласан. Албан тушаалын зорилт, чиг үүргийг хангаагүй гэж үзсэн. Яг ямар чиг үүргийг хангаагүй гэдэг нь тодорхой байх ёстой. Тийм учраас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү ...” гэв.

 1.7. Хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа:”Б.А-ийн нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдох захиргааны хэрэгт хариуцагчаас дараах тайлбар гаргаж байна.

Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Б.А нь төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлуулаагүй, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн тодорхой заалтуудын хэрэгжилтийг албан тушаалынхаа зорилго, зорилтын дагуу хангаж ажиллаагүй, албан үүргээ удаа дараа биелүүлээгүй санаатайгаар төрийн ажлыг гацааж, гүйцэтгэлийн хяналт тавьж ажиллаагүй, удаашруулдаг.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай албан тушаалын тодорхойлолтын тодорхой чиг үүргүүдийг, Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолоор баталсан "Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам"-ыг зөрчсөн. Тухайн асуудалд нь сахилгын арга хэмжээ авч ажилласан боловч үүргээ ухамсарлаж дахин зөрчил гаргахгүйн төлөө ажиллаагүй, тангараг өргөсөн төрийн албан хаагч хүн удирдлагатайгаа хамтран ажиллаж мэргэшлийн зөвлөгөөгөөр хангаж ажиллахгүй, нэгжийн албан хаагчдаа удирдлагаар хангаж ажилладаггүй тул сахилгын шийтгэл ногдуулсан болно.

Иймд Б.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

1.8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...Маргаан бүхий актын үндэслэх хэсэгт заасан зүйл заалтуудыг нэхэмжлэгч тал нь зөрчөөгүй байхад хариуцлага хүлээлгэсэн гэж байна. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх гэж заасан.  Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд үндсэн хуулийн 1.2-т заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зэрэг зарчмаас гадна дараах зарчмыг баримтална гэж заасан. Үүнд мөн хуулийн 7.1.1 ард түмэнд үйлчлэх, 7.1.2.мэргэшсэн, тогтвортой байх, 7.1.3 улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх, 7.1.4.Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах, 7.1.5.төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах, 7.1.6.ил тод байх, 7.1.7.ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, 7.1.8 захирах, захирагдах ёсыг баримтлах зэрэг зарчмуудыг зааж өгсөн. Аймгийн засаг дарга “Иргэдээ сонсъё” гэсэн захирамж гаргаж сар бүрийн 4 дэх долоо хоногийн Бямба гаригт буюу сард нэг өдөр иргэдтэйгээ уулзах шийдвэр гаргахад Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга нь ажлын өдөр хийх хэрэгтэй гэж эсэргүүцсэн. Энэ захирамж нь хууль ёсны шийдвэр байсан учраас ард түмэнд үйлчлэх, мэргэшсэн тогтвортой байх зарчмыг алдагдуулсан. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-т харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлнэ гэж заасан. Хэлтсийн дарга Б.А-аас хууль бус шийдвэр биелүүлэхийг шаардаж байгаагүй. Ажлын байрны тодорхойлолтод заагдсан зорилго зорилтоо хангаж ажиллахыг аймгийн засаг дарга, ЗДТГ-ын дарга нар шаардаж байсан. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-т өөрийн мэдлэг чадвараа хөгжүүлж хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүн, бүрэн хариуцлага хүлээх гэж заасан.  Засгийн газрын 218 дугаар тогтоолоор батлагдсан журмыг зөрчиж ажлаа дүгнүүлээгүй. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 1.7-д Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах гэж заасан. Б.А нь ажилдаа ирдэг боловч ажлын үр дүн гарсан зүйл байдаггүй. Мөн 2 хугацаатай бичгийн хугацаа хожимдуулсан үндэслэлээр сахилгын шийтгэл хүлээлгэсэн. Уг шийдвэрт гомдол гаргаж ТАЗ-өөс хүчингүй болгосон. Гэхдээ энэ хүн нь ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах үүргээ биелүүлээгүй нь тогтоогддог. Албан үүргээ яагаад хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байна гэвэл тухайн албан хаагч нь 2020 оны жил эцэс, 2021 оны 1,2,3,4-р улирал, 2022 оны 1-р улиралд ажлаа дүгнүүлж урамшуулал авч байгаагүй. Энэ нь ЗДТГ-ын даргын тушаалаар батлагдсан үнэлгээний ажлын хэсгийн хурлын тэмдэглэл болон үр дүнгийн урамшуулал олгосон тушаалын хавсралтаар тогтоогдож байна. Сахилгын шийтгэлийг засгийн газрын болон төрийн албаны зөвлөлийн хамтарсан 32/36 дугаар тогтоолын дагуу аваагүй гэж үзсэн.ЗДТГ-ын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэг нь Б.А-ы ажлыг үнэлж шийдвэр гаргасан. Дахин шалгаж тогтоогоод байх ямар нэгэн шаардлага байхгүй. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна гэж заасны дагуу аймгийн ЗДТГ-ын дарга сахилгын шийтгэл ногдуулсан. Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолын хавсралтаар  батлагдсан төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлуулах,  ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журмын 4.20-т албан хаагчийн ажлын үр дүн 3 ба түүнээс дээш удаа хангалтгүй үнэлүүлсэн бол төрийн жинхэнэ албан тушаалаас халах үндэслэл болно гэж заасан. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж өгнө үү...” гэв.

1.9. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 5 дугаар сарын 31-нд Б.А нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох 3 гол үндэслэлийг дурдсан. Сонсох ажиллагааг хийж миний тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй гэж тайлбарласан. Нотлох баримтаар гаргаж өгсөн  сонсох ажиллагааны тэмдэглэлд ТЗУХ-ийн дарга Л.Алтан надад хэлэх зүйл алга, сахилгын арга хэмжээг авах гэж байгаа юм байна гэж ойлголоо. Тухайн үедээ гомдол гаргахдаа тайлбараа хийгээд явъя гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл энэ үед тайлбар гаргахгүй дээд шатны байгууллагад нь тайлбар гаргана гэдгээ хэлсэн байна. Мөн сонсох ажиллагааны тэмдэглэлийн төгсгөл хэсэгт Засаг даргын тамгын газрын дарга Г.Б засаг даргын мөрийн хөтөлбөр хэрэгжүүлж ажиллах сэтгэл байхгүй, зүтгэл ч байхгүй байна гэж Б.Ад хэлсэн байдаг. Ийм учраас өнөөдрөөс эхлэн таныг ажлаас хална гэж хэлэхэд Б.А сайн байна, баярлалаа, хууль хяналтын байгууллага дээр хоёулаа уулзъя гэж хэлсэн байдаг. ЗДТГ-ын дарга Б нь ТЗУХ-ийн дарга та ажлаа хийхгүй байна. Би танаас ажил хийхийг шаардаж байна. Чамаас бусад хэлтсийн дарга нар ажлаа хийгээд төлөвлөөд яваад байна гэхэд Б.А танай хэлтсийн дарга нар чинь ажилдаа ирдэггүй, хурал цуглаанд оролцдоггүй, ажлаа тасалдаг асуудал зөндөө байна гэж хариу хэлсэн байдаг. Би ажлаа ингэж хийсэн гэж тайлбарлах байтал өөр зүйл тайлбарласан. Аймгийн ЗДТГ-ын дарга Г.Б нь “засгийн газрын 218 дугаар тогтоолоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлуулах ёстой. Гэтэл мэргэжилтэн болоод хийсэн зүйл байхгүй, буцаад дарга болоод хийсэн юм байхгүй байж ур чадварын нэмэгдэл авна гээд байдаг” гэхэд Б.А авах ёстой зүйлээ авна гэж хариулж хэлсэн байдаг. Гэтэл 218 дугаар тогтоолын дагуу энэ ажлыг ингэж хийсэн гэж харуулсан зүйл байхгүй. Г.Б-ийн гаргасан шийдвэрийн үндэслэлтэй нь маргах ёстой байсан. Сонсох ажиллагааны явцад шийдвэрийн үндэслэл дээр маргаагүй. Харин өөр зүйл ярьсан байна. Тийм учраас сонсох ажиллагаа хийгээгүй миний тайлбар гаргах, санал авах ажиллагаа хийгээгүй учраас үндэслэлгүй байна гэсэн шаардлага үндэслэлгүй байна.

Б.А-ы дараагийн маргаж байгаа зүйл бол Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлсэн гэж үзэж байна. Би хуралд орохын өмнө ЗДТГ-ын дарга Г.Б, Засаг дарга Ч.Чимэдтэй энэ тушаалыг гаргах ямар шаардлага байсан бэ гэдэг талаар уулзаж ярилцсан. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх гэж заасныг яагаад зөрчсөн вэ гэхээр сая шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Авлигатай тэмцэх газрын 2020 оны 3 дугаар сарын 18-ний өдрийн 05/3254 тоот хувийн ашиг сонирхлыг хянасан тухай албан бичиг гаргаж өгсөн. Энэ албан бичгээр юуг хянасан вэ гэвэл нэр дэвшигч нар нь албан тушаалын тусгай шалгалтыг өгөөгүй байна. Иймд дээрх хуульд заасны дагуу Төрийн албаны шалгалт болон албан тушаалын шалгалт өгч журмын дагуу нэр дэвшүүлснээр төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох  эрх зүйн зохицуулалтай тул цаашид нэр дэвшигчийг тухайн албан тушаалд түр болон жинхлэн ажиллахад дээрх журмыг баримталж ажиллана уу гэж ирсэн.  Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т тухайн албан тушаалд томилогдох гэж байгаа бол албан тушаалын тусгай шалгалт өгөх ёстой. Б.А нь хууль эрх зүйн хэлтсийн дарга хийж байхдаа тусгай шалгалт өгсөн нь үнэн. Харин Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд томилогдохдоо тусгай шалгалт өгөөгүй. Үүнийг авлигатай тэмцэх газраас ирсэн бичиг нотолж байна. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т заасныг зөрчиж байна. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-т хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлнэ гэсэн заалт байдаг. Төрийн албан хаагч нь хуульд нийцээгүй шийдвэрийг биелүүлэхгүй байх үүрэгтэй. Гэтэл Б.А нь хуульд нийцээгүй шийдвэрийг удаа дараа биелүүлсэн. Аймгийн засаг даргаар ажиллаж байгаад сонгуулийн үр дүнгээр чөлөөлөгдсөн Д.Батсайхан нь сонгуулийн үр дүн гарсны дараа 7 хоногийн дотор 2 удаа захирамж гаргаж тухайн үед хамтран ажиллаж байсан хэлтсийн дарга нарыг урамшуулсан. Үүний нэг нь Б.А байсан. 7 хоногийн дотор 3100.000 төгрөг авсан. Гэтэл жирийн нэгэн төрийн албан хаагчийн цалин хэд билээ. Энэ бол байж болохгүй зүйл байсан. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-т өөрийн мэдлэг чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа үр дүн, гүйцэтгэлийн төлөө бүрэн хариуцлага хүлээнэ гэж заасан. Гэтэл Алтан нь гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө хийдэггүй. Хавтаст хэрэгт 2020, 2021 онуудын гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө өгсөн. 2020 оны жил эцсийн төлөвлөгөөг үнэлэхэд 46 хувьтай үнэлэгдсэн. Өөрөөр хэлбэл ажлын биелэлт нь 50% хүрч шаардлага хангаагүй. 2021 онд 40.5%-тай үнэлэгдсэн. Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолын 2.1-т Төрийн жинхэнэ албан хаагчийн төлөвлөгөө нь зохион байгуулалтын нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд үндэслэж, тухайн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолттой уялдсан байна. Нэгжийн даргын гүйцэтгэлийн төлөвлөгөө нь тухайн зохион байгуулалтын нэгжийн төлөвлөгөө болон мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт арга хэмжээ гэсэн 2 хэсгээс бүрдэнэ гэж заасан. Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга нь гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө хийж түүний нэмэлт хэсэгт өөрийнхөө мэдлэг чадвараа хөгжүүлэх арга хэмжээ гэсэн хэсгийг хийх ёстой байсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад гүйцэтгэлийн төлөвлөгөөний 2 дугаар хэсэгт өөрийн мэдлэг чадварын талаар юу ч байхгүй байна. Харин төлөвлөгөөг үнэлэхээр хэлтсийн ажлыг бүхэлд нь үнэлнэ. Харин хэлтсийн ажил нь удирдлагаас биш, тухайн хэлтэст ажиллаж байгаа өчнөөн хүмүүсээс шалтгаалдаг. Мэдлэг ур чадвараа дээшлүүлэх зорилт арга хэмжээ гэсэн энэ  хэсгийг үнэлэх ёстой. Гэтэл Б.А нь ажиллаж байх хугацаандаа энэ төлөвлөгөөг огт хийгээгүй, үнэлүүлээгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэдгийг нотолсон нотлох баримтуудыг хавтаст хэрэгт өгсөн. Удаа дараа хугацаатай бичгийг хоцроодог, зорилт арга хэмжээндээ хүрдэггүй, үр дүнгийн урамшууллаа аваагүй байна. Б.А-д үр дүнгийн урамшуулал олгохгүй гэж байхад гомдол гаргаж болох байсан. 2020, 2021 онуудад өөрийг нь хангалтгүй дүгнээд байхад энэ ажлын дүгнэлтэд маргах ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч Б.А нь маргаагүй. Үүнээс харахад өөрт өгсөн үнэлгээ, ажлын гүйцэтгэлээ хүлээн зөвшөөрч байсан нь харагдаж байна. Тийм учраас Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т зааснаар ажлаас халсан. Уг тушаалд Б.А нь ажлын зорилго, зорилт, чиг үүргээ хангаагүй, гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлуулаагүй, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлийг тусгасан. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах журмын дагуу зөрчил гаргасан эсэхийг шалгаад шийдвэр гаргасан. Б.Батгэрэл өмгөөлөгч нь тайлбар гаргахдаа энэ нь Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн чиг үүрэгт хамаарахгүй асуудал гэж хэлсэн. Тэгвэл хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн чиг үүрэг нь юу вэ гэдгийг тодорхойлсон баримт байхгүй байхгүй байхад ямар баримт бичигтэй харьцуулж хамаарахгүй гээд байгаа нь тодорхойгүй. Сонсох ажиллагааны тэмдэглэлээс үзэхэд Б.А нь захирах, захирагдах ёсыг хэрхэн биелүүлж байсныг харж болно. Мөн Ч.Чимэд даргын гэрчээр өгсөн мэдүүлэг дээр байдаг. Гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээг надад мэдэгдээгүй гэж нэхэмжлэгч хэлсэн. Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдолд мэдсэн гэдгээ дурдсан байдаг. Хугацаатай 2 бичгийн хугацааг хэтрүүлсэн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн нь үнэн. Үүнд холбогдуулж сахилгын арга хэмжээ авсныг төрийн албаны зөвлөлөөс хүчингүй болгосон. Сахилгын арга хэмжээ авсан процесс нь буруу гэж үзсэн болохоос зөрчил гараагүй гэж дүгнээгүй. ТАЗ-ийн тогтоолоос үзэхэд зөрчил гарсан нь үнэн, хугацаа хожимдуулсан байдаг. Арга хэмжээ тооцсон хуулийн заалт нь буруу байсан гэж үзсэн.Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

2.1. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2.2. Нэхэмжлэгч Б.А шүүхэд “2022 оны 04 сарын 18-ны өдрийн Б/15 дугаар “Төрийн албанаас халах тухай” тушаалыг хүчингүй болгож,урд эрхэлж байсан Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах,ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг гаргасан.

2.3. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс “...Сонсох ажиллагааг гаргасан шийдвэрээ танилцуулах төдий хийсэн,тайлбар,санал гаргах боломж олгоогүй, сахилгын шийтгэл ногдуулахдаа “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах,түүнд гомдол гаргах журам”-д заасны дагуу зөрчлийг шалгаж тогтоогоогүй, зөрчил гаргаагүй...” гэсэн үндэслэлээр тайлбар гарган маргаж байна.

2.4. Хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дарга,түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч,өмгөөлөгчийн зүгээс“...Б.А нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн үүргийг зөрчсөн сахилгын зөрчил гаргасан, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсээс журамд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаар ажиллагаа хийсэн...” гэсэн үндэслэлээр тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй болно.

2.5. Нэхэмжлэгч Б.А-г Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 03 сарын 27-ны өдрийн Б/11 дугаар тушаалаар тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар томилсон байна.

2.6. Маргаан бүхий акт болох Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2022 оны 04 сарын 18-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4,67.5, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1,37.1.6, 37.1.8, 37.1.13, 37.1.15, 48 дугаар зүйлийн 48.4, 48.1.4, 47 дугаар зүйлийн 47.1.1, 52 дугаар зүйлийн 52.2, Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолын 4.20 дахь заалтыг үндэслэн Б.А-г албан тушаалын зорилго,зорилт,чиг үүргийн хэрэгжилтийг хангаагүй, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлуулаагүй,албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж үзэн Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын үүрэгт ажлаас 2022 оны 04 сарын 18-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халж шийдвэрлэжээ.

Маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх хэсэгт заасан төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг ногдуулахын зэрэгцээ Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт заасан “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлээр төрийн албанаас халах арга хэмжээг авсан байна.

2.7. Үүнээс өмнө Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 09 сарын 30-ны өдрийн Б/52 дугаар тушаалаар албан тушаал бууруулж тус хэлтсийн бодлогын баримт бичиг,төрийн байгууллагын чиг үүргийг хариуцсан мэргэжилтнээр ажиллуулахаар шийдвэрлэснийг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 12 сарын 22-ны өдрийн 395 дугаар тогтоолоор уг тушаалыг хууль зүйн үндэслэлгүйд тооцож,хүчингүй болгосон байна.

Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2022 оны 01 сарын 18-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар Б.А-г бодлогын баримт бичиг,төрийн байгууллагын чиг үүргийг хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлж, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар томилжээ.

2.8. Үүний дараа Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2022 оны 02 сарын 22-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар Б.Ад сануулах сахилгын шийтгэл ногдуулсныг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 05 сарын 10-ны өдрийн 322 дугаар тогтоолоор хууль зүйн үндэслэлгүйд тооцож, хүчингүй болгосон байна.

2.9. Нэхэмжлэгч Б.А Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1,37.1.6,37.1.8, 37.1.13, 37.1.15 дугаар зүйлүүдийг зөрчсөн нь албан тушаалын зорилго, зорилт чиг үүргийн хэрэгжилтийг хангаагүй гэх үндэслэлийн талаар:

Маргаан бүхий актад нэхэмжлэгчийн ямар үүргээ биелүүлээгүйг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн холбогдох хэсгүүдийг зөрчсөн гэж үзсэн нь тусгагдаагүй байх ба хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хүрээнд дүгнэлтийг хийв.

2.10. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэж заасан. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд төрийн албанд баримтлах зарчмыг заасныг сахин биелүүлээгүй. Аймгийн засаг дарга “Иргэдээ сонсъё” гэсэн захирамж гаргаж сар бүрийн 4 дэх долоо хоногийн Бямба гаригт буюу сард нэг өдөр иргэдтэйгээ уулзах шийдвэр гаргахад Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга нь ажлын өдөр хийх хэрэгтэй гэж эсэргүүцсэн нь төрийн албаны ард түмэнд үйлчлэх, мэргэшсэн тогтвортой байх зарчмыг алдагдуулсан гэх үндэслэлийн талаар:

Хэрэгт аймгийн Засаг дарга “иргэнээ сонсож-зөвлөлдөх цаг” товлох тухай захирамжийн төслийн хяналтын дагалдах хуудаст 2021.01.04-ний өдөр эрх бүхий албан тушаалтнууд  саналаа тусгасан байх ба Б.А “Ажлын цагаар байлгах саналтай байна” гэсэн саналыг гаргажээ.

Маргаан бүхий актаас 1 жил 3 сарын өмнө гаргасан Б.А-ийн энэхүү саналаас үүдэж ямар сөрөг үр дагавар үүсэж дээрх зарчмыг алдагдуулсныг хариуцагч талаас шалгаж тогтоогоогүй байх тул энэхүү үндэслэл хуульд нийцээгүй гэж үзлээ.

2.11. Хариуцагчийн Б.А-аас ажлын байрны тодорхойлолтод заагдсан зорилго зорилтоо хангаж ажиллахыг аймгийн засаг дарга, ЗДТГ-ын дарга нар шаардаж байсан тул Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-т заасан “Харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” үүргээ биелүүлээгүй гэх тайлбарт холбогдох баримтыг хариуцагчаас ирүүлээгүй, “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах,түүнд гомдол гаргах журам”-ын 2.2-т заасны дагуу энэ талаарх баримтыг бүрдүүлж, шалгаж тогтоогоогүй байна.

2.12. Төрийн албаны тухай хуулийн 37.1.13-т “Албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 37.1.15-т “Харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах” үүргийг төрийн жинхэнэ албан хаагч хэрэгжүүлэхээр заасныг маргаан бүхий актад баримталсан, хариуцагч Засаг даргын тамгын газрын даргаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн тодорхой заалтуудын хэрэгжилтийг албан тушаалынхаа зорилго,зорилтын дагуу хангаж ажиллаагүй,санаатайгаар төрийн ажлыг гацааж,гүйцэтгэлийн хяналт тавьж ажилладаггүй,удаашруулдаг,удирдлагатайгаа хамтран ажиллаж, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангаж ажиллахгүй, нэгжийн алба хаагчдаа удирдлагаар хангаж ажилладаггүй гэх тайлбарыг ирүүлсэн боловч “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах,түүнд гомдол гаргах журам”-ын 2.2-т заасны дагуу энэ талаарх баримтыг бүрдүүлж, шалгаж тогтоогоогүй байна.

2.13. Нэхэмжлэгч Б.А нь Засгийн газрын 218 дугаар тогтоолоор батлагдсан журмыг зөрчиж гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлуулаагүй, 2020 оны жилийн эцэс, 2021 оны 1,2,3,4-р улирал, 2022 оны 1-р улиралд ажлаа дүгнүүлж урамшуулал аваагүй, гүйцэтгэлийн төлөвлөгөө нь удаа дараа хангалтгүй үнэлэгдэж албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн тул Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-т “өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх” үүргийн дагуу хариуцлага тооцсон гэх хариуцагч талын тайлбар, үндэслэлийн талаар:

Албан үүргээ удаа дараа /3 ба түүнээс дээш/ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт заасан төрийн албанаас халах арга хэмжээг тооцох үндэслэл болохоор заасан ба хариуцагч талаас Б.А-ийн 2020, 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний “хангалтгүй” үнэлсэн байдлыг албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж үзэхийн зэрэгцээ сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлд хамаарах Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-т заасан үүргийг зөрчсөн гэж үзэж тайлбарласан болно.

Увс аймгийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 04 сарын 15-ны өдрийн 3/661 дугаар албан бичгээр хяналт,шинжилгээ,үнэлгээний хэлтэст “ Б.А нь албан тушаалын зорилго,зорилт,чиг үүргийн хэрэгжилтийг хангаагүй,төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлуулаагүй,албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн тул “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах,түүнд гомдол гаргах журам”-ын хоёр дахь заалтын дагуу сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл бий эсэхийг шалган тогтоож, 2022 оны 04 сарын 18-ны өдрийн дотор санал,тайлбар ирүүлэхийг хүсжээ.

Увс аймгийн Засаг даргын тамгын газрын хяналт,шинжилгээ, үнэлгээний хэлтсийн мэргэжилтэн Ж.О-ийн хариу хүргүүлэх тухай 2022 оны 04 сарын 18-ны өдрийн 8/668 дугаар албан бичигт “Б.А нь 2021 оны хэлтсийн гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө батлуулсан боловч мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт, арга хэмжээг төлөвлөөгүй байна.2021 оны ажлын гүйцэтгэл,мэргэшлийн түвшинг үнэлэх үнэлгээгээр 40.5 буюу “хангалтгүй” үнэлэгдсэн байна” гэсэн хариуг өгснөөс өөрөөр бусад асуудалд шалгалтыг хийгээгүй, сахилгын шийтгэл ногдуулах эсэх дүгнэлтийг гаргаагүй байна.

Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах,ажлын гүйцэтгэл,үр дүн,мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ын 2.1-т нэгжийн даргын гүйцэтгэлийн төлөвлөгөө нь тухайн зохион байгуулалтын нэгжийн төлөвлөгөө болон мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт, арга хэмжээ гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ гэж,төлөвлөгөөний биелэлтийг хагас,бүтэн жилээр тайлагнана, 4.10-т нэгжийн даргын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг дараах байдлаар тодорхойлж үнэлнэ гээд гүйцэтгэлийн зорилт арга,хэмжээний биелэлтийг тухайн нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээний үр дүнгээр тооцож 70 хүртэлх оноогоор,мэдлэг чадварын үнэлгээг,мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилт арга хэмжээний биелэлтээр тооцон 15 хүртэлх оноогоор, хандлага ёс зүй, ур чадварын үнэлгээг төсвийн шууд захирагчийн үнэлгээгээр тооцон 15 хүртэлх оноогоор үнэлэхээр, 4.12-т нэгжийн даргын өгсөн гүйцэтгэлийн үнэлгээтэй албан хаагч танилцаж, хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд гарын үсэг зурж баталгаажуулна заажээ.

Хэрэгт 2021 оны Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэлтсийн дарга Б.А боловсруулж, 2021 оны 01 сарын 05-ны өдөр батлуулсан, 2022 оны хэлтсийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б боловсруулан батлуулсан, Б.А-ийн 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг Засаг даргын тамгын газрын дарга Г.Б 46.47 хувьтай үнэлсэн, 2021 оны ажлын гүйцэтгэлийг 40.5 оноогоор үнэлсэн баримтууд авагджээ.

2.14. Хариуцагчаас Б.А-ийн 2020, 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний “хангалтгүй” үнэлгээг Б.А-д танилцуулж гарын үсэг зуруулаагүй, энэ талаарх баримт байхгүй, түүнчлэн Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 12 сарын 23-ны өдрийн Б/64 дугаар “Үр дүнгийн урамшуулал олгох” тухай тушаалын хавсралтаар Б.Ад 2020 оны 4-р улирлын ажлын гүйцэтгэлийн урамшууллын хувийг 26 хувь гэж, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 06 сарын 30-ны өдрийн А/49 дугаар “Үр дүнгийн урамшуулал олгох” тухай тушаалын 1-р хавсралтаар Б.А-д 1-р улирлын ажлын гүйцэтгэлд олгох урамшууллын хувийг 30 хувь гэж үнэлж олгож байсан зэрэг нөхцөл байдлууд  тогтоогдож байх тул шүүхээс нэхэмжлэгч Б.А-г албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэх боломжгүй байна.

Иймд хариуцагчийн 2020 оны жилийн эцсийн болон 2021 оны улирлын урамшуулал зэргийг аваагүй гэсэн тайлбараар нэхэмжлэгчийг албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

2.15. Мөн Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд 2021 оны 09 сарын 23-ны өдөр Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Атай ажил үүргээ хэрхэн гүйцэтгэж байгаа талаар уулзаж ярилцаад ажлын үр дүнгүй байгаа тул хариуцлага тооцох чиглэлийг өгөх тухай 2021 оны 09 сарын 29-ний өдрийн албан бичгийг Засаг даргын тамгын газрын даргад хүргүүлсэн, 2021 оны 09 сарын 30-ны өдрийн Б/52 дугаар Засаг даргын тамгын газрын даргын тушаалаар Б.А-г албан тушаал бууруулж шийдвэрлэж байсан, уг тушаал Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор хүчингүй болсон, хариуцагч талаас Б.А-г албан үүргээ хангалтгүй биелүүлснийг хуульд нийцүүлэн тогтоогоогүй байхад Ч.Ч-ийн шүүхэд өгсөн “Б.А албан үүргээ хэрэгжүүлж ажилладаггүй” тухай гэрчийн мэдүүлэг нь маргаан бүхий актын албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлийг зөвтгөхгүй болно.

2.16. Нэхэмжлэгч Б.А нь 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулахдаа мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт, арга хэмжээ гэсэн хэсгийг боловсруулж батлуулаагүй нь Увс аймгийн Засаг даргын тамгын газрын хяналт,шинжилгээ үнэлгээний хэлтсийн мэргэжилтэн Ж.Октябрийн 2022.04.18-ны өдрийн 8/668 дугаартай албан бичигт “Б.А нь 2021 оны хэлтсийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулсан боловч мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт, арга хэмжээг төлөвлөөгүй байна” гэж дурдсан, Б.А-ийн 2021 оны ажлын гүйцэтгэл,үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх үнэлгээний хуудаст мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт арга хэмжээний биелэлтийг төлөвлөөгүй гэж тэмдэглэсэн, уг төлөвлөөг батлуулсан талаарх баримтгүй нь тогтоогдож байх боловч хяналт шалгалтыг явуулсан хэлтэс,мэргэжилтнээс “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах,түүнд гомдол гаргах журам”-ын 2.5-д заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаарх дүгнэлтийг гаргаагүй байна.

Мөн “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах,ажлын гүйцэтгэл,үр дүн,мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ын 2.3-т зааснаар гүйцэтгэлийн төлөвлөгөөг  01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор батлахаар заасан ба Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэгт зааснаар Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасантай нийцэхгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

2.17. 2022 оны хувьд Б.А нь гүйцэтгэлийн төлөвлөгөөний мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт арга хэмжээний төлөвлөгөөг батлуулсан гэх баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй байна.

Хариуцагч талаас гүйцэтгэлийн төлөвлөгөөний хавсралт хэсэг болох мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт арга хэмжээний төлөвлөгөөг батлуулаагүй гэх үйл баримтыг сахилгын зөрчил гэж үзэн энэ талаар “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах,түүнд гомдол гаргах журам”-д заасны дагуу шалгуулахаар Засаг даргын тамгын газрын хяналт,шинжилгээ үнэлгээний хэлтэст даалгасан боловч 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт, арга хэмжээг төлөвлөсөн эсэхэд шалгалтыг явуулаагүй байхад төрийн албанаас халах сахилгын шийтгэлийн үндэслэлийн нэг болгосон нь буруу байх ба мөн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах,түүнд гомдол гаргах журам”-ын 6.1-д зааснаар төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах зөрчил гэж үзэхээргүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “нэхэмжлэгч нь аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн зорилт арга хэмжээний хэрэгжилтийг үндэсний хөгжлийн газарт 2022 оны 01 сарын 10-ны дотор хүргүүлж ажиллах байсан боловч хугацаа хэтрүүлж 01 сарын 17-ны өдөр хүргүүлсэн, Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 01 сарын 24-ний өдрин 01/198 тоот төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний хэрэгжилтийн тайлан ирүүлэх тухай хугацаатай бичгийн хугацааг хэтрүүлж тайлан хүргүүлснийг албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн” гэж тайлбар гаргасан ба дурдагдсан зөрчлүүдтэй холбогдуулж Б.А-д Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2022 оны 02 сарын 22-ны өдрийн Б/06 дугаартай тушаалаар сануулах сахилгын арга хэмжээ авсны дараа 2022 оны 04 сарын 18-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар Б.А-г төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Өөрөөр хэлбэл, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 05 сарын 10-ны өдрийн 322 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2022 оны 02 сарын 22-ны өдрийн Б/06 дугаартай тушаалыг хүчингүй болгохоос өмнө маргаан бүхий акт гарсан байхад хугацаатай албан бичгийн хугацаа хэтрүүлж хариу хүргүүлсэн гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6 дахь хэсэгт заасан “Сахилгын шийтгэл давхардуулан ногдуулахыг хориглоно” гэж заасантай нийцэхгүй байна.

2.18. Хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “Б.А нь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн заалтуудын хэрэгжилтийг албан тушаалынхаа зорилго,зорилтын дагуу хангаж ажиллаагүй,албан үүргээ удаа дараа биелүүлэхгүй санаатайгаар төрийн ажлыг гацааж,гүйцэтгэлийн хяналт тавьж ажиллаагүй,удаашруулдаг,удирдлагатайгаа хамтран ажиллаж мэргэшлийн зөвлөгөөгөөр хангаж ажиллахгүй,нэгжийн албан хаагчдаа удирдлагаар хангаж ажилладаггүй тул сахилгын шийтгэл ногдуулсан” гэсэн ерөнхий байдлаар дүгнэж үндэслэлээ тайлбарласан, маргаан бүхий актад Б.А нь  албан тушаалын ямар зорилго,зорилт,чиг үүргийн хэрэгжилтийг хангаагүй, ямар албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн зэргийг тодорхой бичээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь хэсэгт заасан “захиргааны акт гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг захиргааны актад заах” шаардлагыг зөрчсөн байна.

2.19. Хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан “Б.А нь Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд томилогдохдоо тусгай шалгалтыг өгөөгүй, Аймгийн засаг даргаар ажиллаж байгаад сонгуулийн үр дүнгээр чөлөөлөгдсөн аймгийн Засаг дарга Д.Б нь сонгуулийн үр дүн гарсны дараа 7 хоногийн дотор 2 удаа захирамж гаргаж тухайн үед хамтран ажиллаж байсан хэлтсийн дарга нарыг урамшуулсан хууль бус шийдвэр гаргасныг Б.А удаа дараа биелүүлсэн” гэх тайлбар нь маргаан бүхий актад дурдагдаагүй, хариуцагч талаас энэ талаар тайлбарлаж маргаагүй үйл баримтын талаарх тайлбар тул хүлээн авах боломжгүйг тэмдэглэв.

2.20. Дээр дурдсан дүгнэлтүүдээр маргаан бүхий Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2022 оны 04 сарын 18-ны өдрийн Б/15 дугаар “Төрийн албанаас халах тухай” тушаал нь Төрийн албаны тухай хуулийн болон “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын холбогдох заалтуудад нийцээгүй, нэхэмжлэгч Б.А-ийн хөдөлмөрлөх эрх, ашиг сонирхлыг хөндсөн байх тул тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

2.21. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2022 оны 04 сарын 18-ны өдрийн Б/15 дугаар “Төрийн албанаас халах тухай” тушаалыг хүчингүй болгон, Б.А-г Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2022 оны 04 сарын 18-ны өдрөөс 2022 оны 11 сарын 29-ний өдрийг хүртэл  ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг тооцож Б.А-д олгох, эрүүл мэнд,нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуу/  төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЛТАНЦЭЦЭГ