Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 452

 

Р.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбат, Б.Тэнгис,  нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 448 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 717 дугаар магадлалтай, Р.А-д холбогдох 201726020577 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.З, шүүгдэгч Р.А, түүний өмгөөлөгч А.Ганбат, Б.Тэнгис нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1970 онд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 97 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, 3 жил хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Р-ийн А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Хүнийг онц харгис хэрцгийгээр алах” гэмт хэрэгт холбогджээ. 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Р.А-г хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 18 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “прокуророос Р.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, 15 жил хорих ял оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.З гаргасан гомдолдоо “Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж шүүгдэгчид ял завших боломжийг олгож байна хэмээн үзэж гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс Р.А-г хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй боловч онц харгис хэрцгий шинжтэй болох нь тогтоогдохгүй байхад хүндрүүлэн зүйлчилсэн хэмээн дүгнэж түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан 18 жил хорих ялыг 15 жил болгон өөрчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Р.А нь гэмт хэрэг үйлдсэн цагаасаа эхлэн өөрийн хийсэн хэргийг би хийгээгүй мэтээр дандаа худлаа мэдүүлж байсан ба хохирогчид учруулсан бүх шарх сорвийг би учруулаагүй, намайг гадуур явж байгаад орж ирэхэд хохирогч ингэж их гэмтэл аваад нас барсан байсан хэмээн үнэн байдлыг гуйвуулж мэдүүлсэн байгаа. Гэтэл бодит байдал дээр талийгаач нь хүн харахын аргагүй олон тооны шархтай байсан нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. Дээрх хохирогчид учруулсан олон тооны шарх сорвиноос болж хохирогч ээж минь маш их зовж тарчилж нас барсан гэж ойлгогдож байна. Тийм учраас Р.А нь миний ээжийг онц хэрцгий аргаар зовоож алсан юм байна гэсэн ойлголтыг өнөөдрийг хүртэл авсан байгаа. Эцэст нь хэлэхэд Р.А нь өнөөдрийг хүртэл надаас болон хохирогч талаас нэг ч удаа уучлал албан ёсоор гуйгаагүй ба үхсэн хүн үг хэлэх биш хэмээн байдалтай байгаа нь хийсэн хэрэгтээ гэмшээгүй байна хэмээн ойлгогдохоор байна. Оршуулгын зардал нэг ч төгрөг өгөөгүй.Миний хувьд Р.А-д маш ихээр гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч Р.А гаргасан гомдолдоо “Миний бие энэхүү гэмт хэрэгт тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас холбогдсондоо маш их гэмшиж байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг багасгаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт баярлаж байна. Шинжээчийн дүгнэлтэд “хохирогч тархины хальсан дахь цус харвалт авч, уг гэмтлийг авсны дараа идэвхтэй хөдөлгөөн хийж болно. Тодорхой хугацаанд явах чадвартай байна” гэжээ. Намайг гарын ар талаар алгадах үед хохирогч хана мөргөх явцад уг гэмтлийг авсан байхыг үгүйсгэхгүй ч талийгаачийг алах санаа зорилго, хувийн өс хонзон байгаагүй болно. Талийгаачийн ар гэрээс албан ёсоор уучлалт гуйж байна. Эрүүл мэндийн хувьд даралт маань байнга ихсэж, саахарын архаг өвчтэй, мөн өндөр настай ээж, тахир дутуугийн группт байдаг дүү нарын хамт амьдардаг бөгөөд эдгээр нөхцөл байдал болон хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.7 дугаар зүйлийг журамлан ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсч байна. Мөн ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр өөрчилж өгнө үү” гэжээ.  

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан шатны шүүх Р.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар “онц харгис хэрцгийгээр алсан” гэж үзэж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс онц харгис хэрцгийгээр алсан болох нь тогтоогдоогүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч Р.А-г “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэдгийг ямар нотлох баримтаар нотлон тогтоогдож байна гэж үзэн ял шийтгэл оногдуулж байгаа нь ойлгомжгүй, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийг хэн үйлдсэн болох, нотлогдвол зохих байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4-т зааснаар “Дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал”, мөн хуулийн 39.8 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд “... талийгаачийн баруун мөрний дээд хэсэг талд нь цус мэт улаан хүрэн өнгийн шингэн зүйл хатсан байдалтай байсныг гэрэл зургаар бэхжүүлж, дээжийг хуванцар саванд бэхжүүлж авсан”, “...11 тоот хаалгаар гарч явган хүний шатаар доош уруудан 2 давхрын шатны дээшээ гардаг хэсгийн доод талаасаа 3, 4, 5 дахь шатны баруун хэсэгт шингэн цус мэт улаан хүрэн өнгийн жижиг толбоноос биологийн дээж хуванцар саванд авав”, .. 32-83 ЦБА улсын дугаартай автомашины хойд талын запас дугуйны доод хэсгээс биологийн дээжийг хусан авч хуванцар саванд бэхжүүлж авав” гэж тэмдэглэгдсэн. Мөн хэргийн газраас хураагдсан эрэгтэй хүний оосоргүй цаг, шинжээчийн 8405 дугаартай дүгнэлт, гэрч Д.Э мэдүүлэг зэрэг  нотлох баримтуудаас үзэхэд хэргийн газраас авсан цусны дээжнээс илэрсэн 4 дүгээр бүлгийн цус нь хэний цус болох, оосоргүй эрэгтэй хүний цаг нь хэнийх болох, орцонд шатаар дээшээ доошоо гүйгээд байсан хүн хэн болох зэрэг нотлох баримтыг шалгаж тогтоолгүй урьд нь Р.А талийгаач хоёрыг муудалцдаг байсан гэх талаар таамаг бүхий гэрч нарын мэдүүлгийг үндэслэн ял шийтгэл оногдуулж байгаа нь хэт нэг талыг барьсан хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж ял оногдуулсан гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Р.А-г анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, 18 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн боловч уг магадлалын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Р.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол болох 11,066,852 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлж, чин санаанаасаа гэмшиж байгаа болон биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн хөнгөрүүлж өгөхийг хүсье” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Р.А-гийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон байна. Давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь үндэслэл бүхий болжээ. Онц харгис хэрцгийгээр хүнийг алах нь гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогчид олон тооны шарх гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгасан, зовоон тарчлаасан зэрэг шинжийг агуулсан байдаг. Энэ хэргийн тухайд хохирогчийн үхлийн шалтгаан болсон тархины битүү гэмтэл, уруул нуруу, мөрний зулгаралт гэмт хэрэг гарах үед бусад гэмтлүүд нь 3-7 хоногийн өмнө учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба уг гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэж үзэх үндэслэл нотлогдоогүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.З, шүүгдэгч Р.А, түүний өмгөөлөгч А.Ганбат, Б.Тэнгис нарын гаргасан гомдлыг үндэслэн Р.А-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Р.А нь согтуугаар 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Кёкүшю К104 байрны 11 тоотод хамтран амьдрагч Б.Энхнаранг зодож, “тархины зүүн чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, зүүн чамархайн дэлбэнгийн суурийн хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины гүүрийн цус харвалт” бүхий гэмтэл учруулан алсан болох нь  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Р.А-гийн гэм бурууг хянан хэлэлцэхдээ түүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тогтоосныг давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Гэвч давж заалдах шатны шүүх Р.А-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөнтэй холбогдуулж шинээр ял оногдуулахдаа хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон ялыг оновчтой зөв сонгож оногдуулж чадаагүй байна.

Шүүх хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх, шалтгааны талаар бодитой зөв дүгнэлт хийж ял шийтгэлийг ялгамжтай, шударгаар оногдуулах явдал нь хуулийн цээрлүүлэх хүч чадал, үр нөлөөг илэрхийлдэг хүмүүжлийн өвөрмөц чухал хэрэглүүр юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялаас шүүгдэгчид сонгож оногдуулсан ялын хэмжээг тогтоосон үндэслэл, баримталсан шалгуурыг шүүхийн шийдвэрт тодорхой тусгаж байх нь зүйтэй бөгөөд тухайн зүйл, хэсэгт заасан ялын хамгийн доод, эсхүл дээд хэмжээгээр ялыг тогтоож буй бол шийдвэрийнхээ үндэслэл болгосон нөхцөл байдлыг заавал зааж байх нь зохимжтой болно.    

Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлыг үгүйсгэн няцааж, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн атлаа ямар нэгэн үндэслэл заалгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээг оногдуулсан нь хэт яллах талыг өрөөсгөлөөр баримталсан гэж үзэхэд хүргэж байна.

Иймд шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр оногдуулсан 15 жил хорих ялыг 12 жил болгосон  өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.З, шүүгдэгч Р.А, түүний өмгөөлөгч А.Ганбат, Б.Тэнгис нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 448 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 717 дугаар магадлалд:

“Шүүгдэгч Р.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 /арван хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.З, шүүгдэгч Р.А, түүний өмгөөлөгч А.Ганбат, Б.Тэнгис нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                

       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН