| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2020/00367/И |
| Дугаар | 148/ШШ2020/00400 |
| Огноо | 2020-06-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 148/ШШ2020/00400
| 2020 оны 06 сарын 09 өдөр | Дугаар 148/ШШ2020/00400 | Сэлэнгэ аймаг |
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын нэхэмжлэлтэй Х.*******, М.******* нарт холбогдох Тусгаарлах байранд байрласны төлбөр 1120.000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гамшигаас хамгаалах улсын хяналтын байцаагч ажилтай
Хэнгэлдэр овгийн Батсуурийн Түвшинтөр
регистрийн дугаар:ТЗ- 85092972
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Буур хээр 8 дугаар баг, 2 дугаар хэсэг, 128 тоотод оршин суух, тэтгэвэрт байдаг
******* овгийн *******ын *******
регистрийн дугаар:ЧР-58102321
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Буур хээр 8 дугаар баг, 2 дугаар хэсэг, 128 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй
******* овгийн *******ын *******
регистрийн дугаар:ЧР - 88021205
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч:Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Улсын онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар тогтоолын 3 дахь заалт, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 01-А/76 тоот захирамжийн 3 дугаар заалт, Дархан-Уул аймгийн Онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 11 дүгээр хурлын тэмдэглэлийн хүрээнд Коронавируст халдвар/ COVID-19/ гарсан улс оронд оршин сууж байсан, дамжин өнгөрсөн, халдвартай хүн болон сэжиг бүхий хүнтэй хавьтал болсон иргэдийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоос зөөвөрлөж Дархан-Уул аймагт ажиглан тусгаарлах байранд 14 хоног тусгаарлах гэрээ байгуулан иргэнийг өдрийн 40.000 төгрөг, 6-12 насны хүүхдийг өдрийн 30.000 төгрөг өөрсдөөс нь гаргуулах гэсэн заалтын дагуу уг иргэд төлбөрийг төлөх чадваргүй гэх шалтгаанаар Гамшгаас хамгаалах тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.1-д заасан иргэний үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч *******ын *******, /ЧР-58102321/, *******ын ******* /ЧР-88021205/, нар нийт 1.120.000 төгрөгийг гаргуулж өгнө үү!
Тус аймгийн Онцгой комисс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болно... гэжээ.
Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Түвшинтөр шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа:
Улсын онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар тогтоолын 3 дахь заалт, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 01-А/76 тоот захирамжийн 3 дугаар заалт зэрэг тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэхээр Коронавируст халдвар/ COVID-19/ гарсан улс оронд оршин сууж байсан, дамжин өнгөрсөн, халдвартай хүн болон сэжиг бүхий хүнтэй хавьтал болсон иргэдийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоос зөөвөрлөж Дархан-Уул аймагт авчирч, тусгаарлах байранд 14 хоног тусгаарлах гэрээ байгуулж, байр, хоолны зардалд өдрийн 40.000 төгрөгөөр Онцгой байдлын газар, иргэн, тусгаарлах байрны захиргаа хамтарсан гэрээ байгуулан тусгаарласан.
Иргэн Х.*******, М.******* нар нь 2020 оны 03 дугаар сарын 28-өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 18-ны хооронд Дархан-Уул аймгийн Таталбар ХХК-ны SB зочид буудалд тусгаарлагдсан. Тухайн үед иргэдийг гарахад нь тусгаарлалтад байсан хугацааны төлбөрийг төлөхийг шаардсан боловч иргэд маань төлбөрийг төлөх чадвар байхгүй гэж өргөдөл бичээд гарсан. Хоол унд байрны нөхцөлийн талаар тухай ямар нэгэн гомдол гаргаж байсныг мэдэхгүй байна. Тусгаарлах байрны хоол хүнсэнд мэргэжлийн хяналтын байцаагч хяналт тавьж ажиллаж байсан. Бид бол байнга орох боломжгүй. Тэр байранд тусдаа хүмүүс ажиллаж байсан.Тусгаарлах байранд байхдаа гэртээ өөрсдийгөө тусгаарлана, өөр эмнэлэгт хэвтнэ гэсэн хүсэлт гаргаж байсан байдаг юм билээ. Тийм боломжгүй гэдгийг мэдэж л байсан байх л даа. Байрны сүүлийн 7 хоногийн зардлыг төрөөс дааж байсан.Төлбөрийн чадваргүй гэдэг ч төрөөс явуулсан арга хэмжээ болохоор тусгаарлах байрны зардлыг төлөх ёстой байх л гэж үзэж байна... гэв.
Хариуцагч: Х.******* шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Би тэтгэвэр сарын 300.000 төгрөг авдаг. Мөн тэтгэврийн зээлтэй. Тийм учраас төлж чадахгүй гэж анх тусгаарлагдах үеэс эхлээд хэлсэн. Би байнгын Орост ихэвчлэн байдаг. Эх орондоо ирээд тусгаарлагдна гэдгийг мэдэж л байсан л даа. Хүний нутагт байхаар өөрийн эх орондоо буцъя гэж бодоод л ирсэн. Хэрвээ ингэж шүүхээр явна гэж мэдсэн бол Орост л байж байсан дээр байж. Хил хаалаа гэхээр нь би ямар ч мөнгөгүй ирсэн. Надад төлбөр төлөх ямар ч боломж байхгүй... гэв.
Хариуцагч: М.******* шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Миний хувьд хил гаалиар явж амьдардаг. Энэ хугацаанд би 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Оросын хилээр гарсан. Тэгээд буцаад гарах гэтэл машин эвдрээд машинаа засчихаад буцаад хилээр гарах гэтэл хил хаахаар болж байна гэдгийг мэдээд хилээр орж ирсэн. Би өөрөө хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Анх би тусгаарлалтад орохдоо төлбөр төлөх чадваргүй гэдгээ хэлсэн.
Хамгийн гол нь тусгаарлах байранд тусгаарлалтад байхдаа хэцүүхэн байдалтай байсан. Нэг хүний өдрийн 40.000 төгрөг гэсэн боловч үнийн дүндээ таарахаар байгаагүй. Гэтэл тэр байранд өгсөн хоол хүнс нь хүйтэн, ариутгал цэвэрлэгээ хийдэггүй байсан. Тэгээд бид нарыг төлбөрийн чадваргүй болохоор ингэж хандаж байгаа юм байна гэж бодсон. Үнэхээр хүндхэн байдалд бид нар байсан. Ор хөнжлийн даавуу сольж өгдөггүй. Өгсөн хоол нь ямар ч шим тэжээлгүй хоол унд өгдөг байсан. Биднээс ямар ч шинжилгээ аваагүй. Хүн ч орж ирдэггүй байсан болохоор хэнд гомдол гаргах юм. Бид нар өнөөдөр нэг хүний 40 мянга, хоёр хүний 80,000 төгрөгөөр дээд зэрэглэлийн буудалд байж болох байсан. Энэ бүхнийг нотлох зураг нь утсан дээр байгаа боловч одоо угаалгаж авчраагүй байна.
Би анхнаасаа л төлбөрийн чадваргүй гэж олон удаа өргөдөл бичиж өгсөн. Надад төлбөр төлөх боломж байхгүй... гэв.
Иргэний хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, шүүх хуралдаанд
талуудын гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас Х.*******, М.******* нарт холбогдуулан Тусгаарлах байранд байрласны төлбөр 1.120.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Х.*******, М.******* нар нь ... төлбөрийн чадваргүй, Х.******* нь тэтгэвэрт байдаг, М.******* нь ажилгүй, өрх толгойлсон, хил гаалиар гарч хоол ундаа залгуулдаг байсан... Тусгаарлах байранд байсан төлбөр нь байж боломжгүй өндөр тул төлөх боломжгүй... гэж маргажээ.
Монгол Улсын онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар тогтоолын 3 дахь заалт, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 01-А/76 тоот захирамжийн 3 дугаар заалт, Дархан-Уул аймгийн Онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 11 дүгээр хурлын тэмдэглэлийн хүрээнд Коронавируст халдвар/ COVID-19/ гарсан улс оронд оршин сууж байсан, дамжин өнгөрсөн, халдвартай хүн болон сэжиг бүхий хүнтэй хавьтал болсон иргэдийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоос зөөвөрлөж Дархан-Уул аймагт ажиглан тусгаарлах байранд байлгахаар шийдвэрлэсэн байна.
Х.*******, М.******* нар нь ОХУ-аас 2020 оны 03 дугаар сарын 27-нд Монгол Улсын хилээр Алтанбулаг боомтоор орж ирээд Дархан-Уул аймгийн Таталбар ХХК-ний SB зочид буудалд 21 хоног тусгаарлагдсан байх ба эхний 14 хоногийн тусгаарлах байр, хоолны зардлыг хоногийн 40.000 төгрөгөөр тооцон хувь хүмүүс төлөхөөр захиалагч Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, иргэн, гүйцэтгэгч Таталбар ХХК-ний SB зочид буудалд гэсэн гурвалсан гэрээ байгуулан 21 хоног байрласан болох нь хэрэгт авагдсан Тусгаарлагдсан иргэнтэй байгуулсан гэрээ , Таталбар ХХК-наас ирүүлсэн Таталбар ХХК-ний SB зочид буудалд ажиглан тусгаарлагдсан иргэдэд гарсан байр хоолны зардлын тооцоо зэрэг баримтаар нотлогдож байна.
Хариуцагч Х.******* тухайн үед Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт хандан ...би тэтгэвэрт байдаг, 62 настай, тэтгэвэр доод хэмжээгээр 350.000 авдаг, Тэтгэвэр маань эм тариа, хоол унд юун ч хүрдэггүй,яаж ч бодсон энэ мөнгийг төлөх боломжгүй... гэх, хариуцагч М.******* ...миний даралт ихтэй, тогтворгүй байдаг. Хавар нөхөн сэргээх эмчилгээ хийлгэдэг. Би өөрийгөө тусгаарлаад өөр эмнэлэгт эмчлүүлэх хэрэгтэй...насанд хүрээгүй 2 хүүхэдтэйгээ байдаг өрх толгойлсон эмэгтэй, 2017 онд нөхрөө өвчний улмаас алдсан... амьдрал хэцүү, түрээсийн байранд амьдардаг, банкны өртэй... миний хувьд ийм их мөнгө төлөх боломжгүй... гэх хүсэлт гаргаж байсан, төлбөрийн чадваргүй, тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авдаг гэх тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн байх боловч Гамшигаас хамгаалах тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.1-д заасан Гамшигаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг биелүүлэх, Коронавируст халдвар /КОВИД -19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд ...халдварын голомттой улсаас ирсэн... бол эрх бүхий байгууллагаас тогтоосон нөхцөл, хугацаанд тусгаарлалтын дэглэмд байх, татан авалт, тусгаарлалт, үйлчилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх зэрэгтэй холбогдон гарах зайлшгүй зардлыг төлөх гэж заасны дагуу тусгаарлалтанд байсан 14 хоногийн зардалыг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй болно.
Иймд Х.*******, М.******* нараас 14 хоногийн тусгаарлах байр, хоолны зардлыг хоногийн 40.000 төгрөгөөр тооцон, хүн тус бүрээс 560.000 төгрөг бүгд 1.120.000 төгрөг гаргуулан Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт олгож, хариуцагч тус бүрээс нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээнээс улсын тэмдэгтийн хураамж нөхөн гаргуулж төсвийн орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гамшигаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 37 дугаар зүйлийн 37.2, 37.2.1-д зааснаар Х.*******гаас 560.000 төгрөг, М.*******оос 560.000 төгрөгийг тус тус гаргуулан Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 31.430 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж Х.*******гаас 17.450 төгрөг, М.*******оос 17.450 төгрөг тус тус гаргуулан төсвийн орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ