| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2021/01553/И |
| Дугаар | 101/ШШ2021/02928 |
| Огноо | 2021-09-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 101/ШШ2021/02928
2021 09 30 101/ШШ2021/02928
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, Б.Ч-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоот хаягт оршин суух, Н.Б,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 тоот хаягт байрлах, “ЕҮ” ХХК,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 тоот хаягт байрлах, “УБ” ХХК нарт холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.Ч,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.У,
Хариуцагч Н.Б,
Хариуцагч “УБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш, өмгөөлөгч А.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ч-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч Б.Ч, өмгөөлөгч Ө.У нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Ч миний бие энэхүү нэхэмжлэлийн хариуцагч болох иргэн Н.Б болон “ЕҮ” ХХК нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “Орон сууц захиалгын хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулсаныг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр “Орон сууцны захиалгын гэрээний эрхийг шилжүүлэх гэрээ”-г байгуулсан.
Уг гэрээгээр Н.Б-ийн амьдарч байсан Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0 байр, 0 орц, 0 давхар, 0 тоотод байрлах 43,1 мкв талбайтай орон сууцыг 60,000,000 /жаран сая/ төгрөгөөр шилжүүлэхээр харилцан тохиролцсон.
Гэрээнд заасан үүргийн дагуу 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 60,000,000 /жаран сая/ төгрөгийг Н.Б-ийн ХААН банк дахь 0 тоот дансанд шилжүүлсэн.
2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Б.Ч миний бие байрандаа орж өнөөдрийг хүртэл эхнэр хүүхдүүдийн хамт 2 жил орчим хугацаанд амьдарч байна.
Гэтэл өнөөдрийг хүртэл худалдан авсан орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй байгаа.
Иймээс Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасныг,
мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасныг,
талуудын хооронд байгуулсан “Орон сууцны захиалгын хөрөнгө оруулалтын гэрээ”, “Орон сууцны захиалгын гэрээний эрхийг шилжүүлэх гэрээ”-г тус тус үндэслэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Өгөөмөр хотхон, 73а байр, 1 орц, 3 давхар, 7 тоотод байрлах 43,1 мкв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч Н.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Б.Ч-ийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа.
Н.Б миний бие “ЕҮ” ХХК-тай 2018.02.25-ны өдөр “орон сууц захиалгын хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулж, Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0 байр, 0 орц, 0 давхар, 0 тоот хаягт байрлах, 43,1 м.кв талбайтай орон сууцыг 48.000.000 төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээгээр уг орон сууцыг 2018.04.28-ны өдрийн дотор ашиглалтад оруулах байсан. Гэрээний төлбөр болох 48.000.000 төгрөгийг “УБ” ХХК-ийн захирал Б.О-д хүлээлгэж өг гэж “ЕҮ” ХХК-ийн захирал Д.З хэлсэн.
Ингээд “ЕҮ” ХХК, “УБ” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу гэрээний төлбөр болох 48,000,000 төгрөгийг 2018.02.25-ны өдөр “УБ” ХХК-ийн захирал Б.О-д бэлнээр хүлээлгэн өгч мөнгө хүлээлцсэн тухай баримт үйлдсэн. Үүний дагуу мөн өдөр дээрх 2 компанийн хооронд 2018.01.16-ны өдөр байгуулагдсан №036 дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдаж, үүрэг дуусгавар болсон талаарх баримт үйлдэгдсэн байдаг. Уг хэлцлээр Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0 тоот байршилтай, 43,1 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны захиалгын гэрээг дуусгавар болгосон байдаг.
Байр 2018 оны 8 сард ашиглалтад орсон бөгөөд байрны оршин суугчид ордер гарсан гэхээр нь “ЕҮ” ХХК-ийн захирал Д.З-тэй уулзахад “арай гараагүй байна” гээд байсан.
Тэгээд Н.Б миний бие Б.Ч-тэй 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр орон сууцны захиалгын гэрээний эрхийг шилжүүлэх гэрээ байгуулж, мөн өдөр 60,000,000 /жаран сая/ төгрөгийг өөрийн ХААН банкны дансаар худалдах, худалдан авах гэрээ байгуулж хүлээн авч, байрыг хүлээлгэн өгсөн.
Иймд Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 байр, 0 дүгээр орц, 0 давхар, 0 тоот хаягт байрлах, 43.1 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр Б.Ч-ийг тогтоож, гэрчилгээ гаргуулах шаардлагыг “ЕҮ” ХХК хариуцах ёстой гэж үзэж байна гэв.
Хариуцагч “УБ” ХХК-ийн захирал Б.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш, өмгөөлөгч А.О нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороонд байрлах 0 хотхоны үйлчилгээтэй, 132 айлын орон сууцны зориулалттай, 12 давхар барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “М” ХХК, ерөнхий туслан гүйцэтгэгчээр “ЕҮ” ХХК, туслан гүйцэтгэгчээр “УБ” ХХК ажилласан. Ажлын хөлсөнд 5 орон сууцыг “ЕҮ” ХХК-иас авах гэрээтэй байсан.
Дээрх ажлын хүрээнд “УБ” ХХК нь “ЕҮ” ХХК-тай ажил гүйцэтгэлийн гэрээг хийж ажлын хөлсөнд 0 дүгээр хороо, 0 байрны 7 тоот байрыг авсан үнэн. Энэ байрыг иргэн Н.Б-д худалдсан. Энэ үед улсын комисс хүлээж аваагүй байсан бөгөөд “ЕҮ” ХХК-ийн захирал Д.З нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх гэрээг Н.Б-тэй хийсэн учраас тэрээр энэ үүргийг хариуцах ёстой юм.
Д.З нь 0 байрны 7 тоотын үл хөдлөхийг гаргуулж өгөх хүсэлтийг манай “УБ” ХХК-иас хийлгэж авсан учир үл хөдлөхийн гэрчилгээг Н.Б, “ЕҮ” ХХК-ийн захирал Д.З-ээр гаргуулж өгөхийг Д.З-ээс шаардаж байна. Үл хөдлөхийн гэрчилгээг манай “УБ” ХХК гаргах эрх байхгүй.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “ЕҮ” ХХК хариуцах ёстой учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч “ЕҮ” ХХК-ийн захирал Д.З нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Баянзүрх дүүргийн шүүхэд хариуцагч гэх “ЕҮ” ХХК-ийн захирал Д.З болно. Уг хэргийн 0 байрны 7 тоот байрны захиран зарцуулах хууль ёсны эзэмшигч нь манай компани биш болно.
Мөн уг байрны төлбөр тооцоог манай компани аваагүй болно. “УБ” ХХК-ийн захирал Б.О болон Н.Б хоёрын хүсэлтийн дагуу “ЕҮ” ХХК нь захиалгын гэрээ хийсэн тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ Н.Б-д гаргах боломжтой.
Нэхэмжлэгч Б.Ч гэдэг хүнийг танихгүй тул шүүхээс уг байрны эзэн хэн болохыг зөв тогтоосон тохиолдолд гэрчилгээг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй болно. “УБ” ХХК болон иргэн Н.Б нар манай компанид шилжүүлж өгч болно гэсэн албан бичиг өгөх ёстой.
Иймд төлбөр тооцоо авсан “УБ” ХХК-ийн захирал Б.О энэ асуудлыг шийдэж өгнө үү. Уг хэргийн хариуцагч биш тул энэ хэргээс татгалзуулж өгнө үү гэжээ.
/хх-ийн 61 тал/
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагч Н.Б, “УБ” ХХК, “ЕҮ” ХХК нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч “ЕҮ” ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “М” ХХК-тай түүний барьж буй Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороонд байрлах, 0 хотхоны үйлчилгээтэй, 132 айлын орон сууцны зориулалттай, 12 давхар барилгын гадна дотор өрлөг заслын ажил гүйцэтгэх №1 дугаартай гэрээг байгуулж, гэрээний нийт үнийн дүнгийн зарим хэсэгт 4 ширхэг байрыг тооцохоор тохиролцжээ.
/хх-ийн 133-136/
Мөн тэдний хооронд “Бартераар төлбөр гүйцэтгэх гэрээ” байгуулагдаж, дээрх №1 дугаартай гэрээний үнийн дүнгээс “ЕҮ” ХХК-ийн худалдан авч буй 4 ширхэг байрны үнийг хасч тооцох, захиалагч нь барилгын ажил дуусч комисст хүлээлгэн өгөх үед гүйцэтгэгчийн худалдан авахаар тохиролцсон байр болох “М” ХХК-ийн 132 айлын барилгаас ...43,1 м.кв 2 өрөө 2 ширхэг, ...байхаар тохиролцож, гэрээний хавсралтаар ... 7 тоот, давхар 3, талбай 43,1, 1600000,... гэж тусгагдсан байна.
/хх-ийн 143-146 тал/
Үүнээс үзэхэд хариуцагч “ЕҮ” ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “М” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу бартераар Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0 хотхон, 0 байр, 1 орц, 3 давхар, 7 тоотод байрлах 43,1 мкв талбайтай орон сууцыг тооцож авсан, тэдний хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсон, төлбөр тооцоогүй болох нь “М” ХХК-ийн 2021.08.16-ны 1/38 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.
/хх-ийн 84-90, 132 тал/
Хариуцагч “УБ” ХХК нь “М” ХХК-ийн ЗГБХН-ийн 144 айлын орон сууцны барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч “ЕҮ” ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр №024 дугаартай,150,000,000 төгрөгийн өртөг бүхий “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, үүнээс 43,1 м.кв 2 өрөө байр, нийт байрны үнэ 68,000,000 төгрөг, бэлэн мөнгө ... байхаар тохиролцож, ...Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дүгээр хороолол, 0 хотхоны 0 байрны, 7 тоот 43,1 м.кв 2 өрөө,...байр гэж тусгажээ.
/хх-ийн 120 тал/
Үүнээс гадна Н.Б болон “ЕҮ” ХХК-ийн хооронд 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр №043 дугаартай “Орон сууц захиалгын хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, Н.Б нь Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 1 корпус, 1 орц, 3 давхар, 7 тоот, 2 өрөө, 43,1 м.кв талбай бүхий, орон сууцны нийт үнэ 48,000,000 төгрөг төлснөөр өмчлөлдөө шилжүүлэх, “ЕҮ” ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дотор ашиглалтад оруулах, орон сууц захиалгын хөрөнгө оруулалт бүрэн хийгдснээр орон сууцны өмчлөх эрх захиалагчид шилжихээр тохиролцжээ.
/хх-ийн 7-11 тал/
Н.Б нь дээрх гэрээний үүрэг болох 48,000,000 төгрөгийг 2018.02.25-ны өдөр хариуцагч “УБ” ХХК-ийн захирал Б.О-д хүлээлгэн өгч, мөнгө хүлээлцсэн тухай хэлцэл хийгдсэн байна.
/хх-ийн 14 тал/
Ийнхүү Н.Б нь 2018.02.25-ны өдөр “ЕҮ” ХХК-тай байгуулсан гэрээний үүрэг болох 48,000,000 төгрөгийг “УБ” ХХК-ийн захирал Б.Од хүлээлгэн өгснөөр “УБ” ХХК болон “ЕҮ” ХХК-ийн хооронд Баянзүрх дүүрэг 0 дүгээр хороо, 0 тоот хаягт байршилтай, 43,1 м.кв хоёр өрөө орон сууцны захиалгын гэрээ дуусгавар болсон талаарх баримтад талууд гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тамга дарсан баримт үйлдэгджээ.
/хх-ийн 12 тал/
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар “ЕҮ” ХХК нь “М” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт түүний барьж ашиглалтад оруулсан Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 1 корпус, 1 орц, 3 давхар, 7 тоот, 2 өрөө, 43,1 м.кв талбай бүхий, орон сууцыг тооцон авч, уг орон сууцыг “УБ” ХХК-тай байгуулсан гэрээний үүрэгт шилжүүлсэн, ингэхдээ Н.Б нь гэрээний үүрэгт 48,000,000 төгрөгийг “УБ” ХХК-д хүлээлгэн өгч, дээрх хуулийн этгээд хооронд байгуулагдсан гэрээний үүрэг дуусгавар болсон нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д: “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна”, 198.2-т:“Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно” гэж заасны дагуу талууд гэрээг “Орон сууц захиалгын хөрөнгө оруулалтын гэрээ” гэж талууд нэрлэсэн боловч тэдний тайлбар, гэрээний агуулгаас үзэхэд “ЕҮ” ХХК-ийн бусадтай буюу “М” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу бартерт тооцож авсан орон сууцнаас 43.1 талбай бүхий, 2 өрөө, 7 тоот орон сууцыг Н.Б сонгож, уг 2 өрөө орон сууцны үнийг төлөхөөр харилцан тохиролцсон зэргээс үзэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.
Хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож буй баримтаар Н.Б нь 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр №043 дугаартай гэрээний үүргийг “ЕҮ” ХХК-ийн өмнө биелүүлсэн, харин “ЕҮ” ХХК нь уг орон сууцыг өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй. Тодруулбал Н.Б нь дээрх гэрээний үүргийг “ЕҮ” ХХК-иас шаардах эрхтэй гэж үзнэ.
Н.Б нь уг орон сууцны захиалгын эрхийг шилжүүлэх гэрээг 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Б.Ч-т 60,000,000 төгрөгт тооцон шилжүүлсэн, мөн өдөр Б.Ч нь гэрээний төлбөрийг Н.Бд хүлээлгэн өгсөн болох нь ХААН банк ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогджээ.
/хх-ийн 4,6 тал/
Нэхэмжлэгч Б.Ч, хариуцагч Н.Б нарын хооронд 2019.07.17-ны өдөр байгуулагдсан орон сууцны захиалгын эрхийг шилжүүлэх гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу өөрсдөө тодорхойлсон гэж үзэхээр байна.
Дээрх үйл баримтаас үзэхэд хариуцагч Н.Б нь 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “ЕҮ” ХХК-тай байгуулсан №043 дугаартай “Орон сууц захиалгын хөрөнгө оруулалтын гэрээ”-ний шаардах эрх буюу гэрээний зүйл Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 1 корпус, 1 орц, 3 давхар, 7 тоот, 2 өрөө, 43,1 м.кв талбай бүхий, орон сууцыг өмчлөх эрхийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Ч-т шилжүүлсэн, тэрээр гэрээний үүргийг биелүүлсэн болох нь тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл Б.Ч нь дээрх орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэх тухай гэрээгээр хүлээсэн үүргийг хариуцагч “ЕҮ” ХХК-иас шаардах эрхтэй болжээ.
Маргааны зүйл болох Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 хотхон, 0 байр, 7 тоот орон сууц нь Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн цахим санд бүртгэлгүй болохыг тус хэлтсийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний 8/839 дугаартай албан бичгээр тодорхойлсноос үзэхэд уг үл хөдлөх хөрөнгө нь хариуцагч нарын өмчлөлд бүртгэгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
/хх-ийн 78 тал/
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд тэрээр дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, ийнхүү өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах гэж үзэхээр байна.
Иймд Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0 хотхон, 0 байр, 1 орц, 3 давхар, 7 тоотод байрлах 43,1 мкв талбайтай орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.Ч-ийг тогтоож, уг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргахтай холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч “ЕҮ” ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Н.Б, “УБ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 хотхон, 0 байр, 1 орц, 3 давхар, 7 тоот хаягт байрлах, 43.1 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Б.Ч-ийг тогтоож, уг орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахтай холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч “ЕҮ” ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Н.Б, “УБ” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч “ЕҮ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 457,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ч-т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ