| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2018/03060/И |
| Дугаар | 101/ШШ2018/02727 |
| Огноо | 2018-08-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 101/ШШ2018/02727
2018 оны 08 сарын 24 өдөр Дугаар 101/ШШ2018/02727 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ххххххх, Хаан банкны /РД: хххххххх/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ххххххххххххххх тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ххххххххххххххххх-д оршин сууж байгаа, Д.Ц /РД:хххххххххххх/ холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 147.385.273,55 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Сэлэнгэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Цагаанхүү нь 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ЗГ-2/86 тоот зээлийн гэрээгээр 80.000.000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлсэн.
Зээлийн барьцаанд Бххххххххххххххххххххххх тоотын 672 м.кв талбайтай, иргэний ахуйн зориулалттай, 0000000000000000 тоот нэгж талбарын дугаартай, газрыг эзэмших эрх, мөн хаягт байршилтай, 309 м.кв талбайтай хувийн сууц, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Товчооны 5-90 тоотын 671 м.кв талбайтай, иргэний ахуйн зориулалттай, 000000000000000 тоот нэгж талбарын дугаартай газар эзэмших эрх зэрэг үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.
Зээлдэгч нь өнгөрсөн хугацаанд үндсэн зээлд 13.533.006,72 төгрөг, зээлийн хүүнд 26.810.445,35 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1.364.048,22 төгрөг, нийт 41.707.500,29 төгрөг төлсөн.
Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр дууссан боловч зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байна. 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 67.066.993,28 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 70.275.273,42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 10.043.006,84 төгрөг, нийт 147.385.273,55 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Зээлийн төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Д.Цагаанхүүгийн эзэмшлийн Бххххххххххххххххххххххх тоотын 672 м.кв талбайтай, иргэний ахуйн зориулалттай, 0000000000000000тоот нэгж талбарын дугаартай, газрыг эзэмших эрх, мөн хаягт байршилтай, Д.Цагаанхүүгийн өмчлөлийн 309 м.кв талбайтай хувийн сууц, түүний охин С.Дэлгэрцэцэгийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Товчооны 5-90 тоотын 671 м.кв талбайтай, иргэний ахуйн зориулалттай, 000000000000000 тоот нэгж талбарын дугаартай газар эзэмших эрх зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү.
Д.Цагаанхүү түүний охин С.Дэлгэрцэцэг нар эзэмшлийн газраа нийтэд нь христийн сүмд сарын 500.000 төгрөгөөр түрээслүүлдэг гэсэн бөгөөд энэ нь ашиглалтын зардалдаа таардаг гэсэн. Д.Цагаанхүү нь зээлийн хүү зогсоох талаар бичгээр хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд гэрээний хугацаа дуусаагүй байхад барьцаа хөрөнгөө зарах асуудал ярьж байсан гэв.
Хариуцагч Д.Цагаанхүү шүүхэд гаргасан тайлбартаа:
Д.Цагаанхүү би 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Хаан банкнаас 24 хувийн хүүтэй, 80.000.000 төгрөг зээлж, хувиарийн дагуу төлөлт хийж байсан. Үндсэн зээлд 13.533.006,72 төгрөг, зээлийн хүүнд 26.810.445,35 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1.364.048,22 төгрөг, нийт 41.707.500,29 төгрөг төлсөн байна.
Бизнес хийж байсан мөнгөө П.Байгалмаа гэдэг хүнд залилуулан хийж байсан ажил доголдсон билээ. П.Байгалмаа нь дамаа хүнд алдаж сэтгэцийн өвчин тусан одоог хүртэл шар хадны эмнэлэгт хэвтэн, хэрэг хүлээх чадваргүй болсон.
Уг байдлыг банкны эдийн засагч болон холбогдох хүмүүст танилцуулан хүүг зогсоох арга хэмжээ авч өгөхийг 2014 оны 3 дугаар сараас хүссэн. Өнөөдрийг хүртэл хүү бодож 147.385.273,55 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Миний хүсэлтийг хүлээн авахгүй, үндсэн зээл 67.066.993,28 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 70.275.273,42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 10.043.006,84 төгрөг, нийт 147.385.273,55 төгрөг гаргуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй.
Миний зүгээс банкинд зөвхөн хүүнд 26.811.809 төгрөг, үндсэн хүүнд 13.533.006,72 төгрөг төлсөн, 67.066.993,28 төгрөг үлдсэнийг дахин бодож хүүний төлбөрийг хөнгөлж өгөхийг хүсч байна гэжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч Д.Цагаанхүүд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 147.385.273,55 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
/үндсэн зээл 67.066.993,28 төгрөг, зээлийн хүү 70.275.273,42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10.043.006,84 төгрөг, нийт 147.385.273,55 төгрөг/
Хариуцагч Д.Цагаанхүү нь хөрөнгө оруулалтын зориулалтаар Хаан банктай 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ЗГ-12/86 тоот зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулж 80.000.000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
/ХХ-ийн 8-24 дүгээр тал/
Зээлийн барьцаанд Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Товчооны 5-90 тоот хаягт байршилтай, иргэний ахуйн зориулалттай, 671 м.кв талбайтай, нэгж талбарын 000000000000000 дугаартай, эзэмших эрхийн 0269098 дугаар бүхий гэрчилгээтэй газар, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Товчоо 5-90А тоот хаягт байршилтай, иргэний ахуйн зориулалттай, 672 м.кв талбайтай, нэгж талбарын 0000000000000000дугаартай, эзэмших эрхийн 0269099 дугаар бүхий гэрчилгээтэй газар, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Товчоо 5-90А тоот хаягт байршилтай, 309 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Y-2204029873 дугаарт бүртгэлтэй хувийн сууц зэрэг хөрөнгийг барьцаалсан нь хэрэгт авагдсан 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн барьцааны гэрээ, зохигчдын шүүхэд өгсөн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдов.
/ХХ-ийн 11-17 дугаар тал/
2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр уг барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ.
/ХХ-ийн 11-14 дүгээр тал/
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,
мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.
Хаан банк болон хариуцагч Д.Цагаанхүү нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч Д.Цагаанхүү нь зээл, зээлийн хүүнд 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлд 13.533.006,72 төгрөг, зээлийн хүүнд 26.810.445,35 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1.364.048,22 төгрөг, нийт 41.707.500,29 төгрөг төлсөн байх ба тэрээр үүнээс хойш хугацаанд зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй бөгөөд зохигчид энэ талаар маргахгүй байгаа болно.
/ХХ-ийн 18-24 дүгээр тал/
Хариуцагч Д.Цагаанхүүгийн Хаан банк дахь 5129009944 тоот дансанд 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр зээл 80.000.000 төгрөгийг шилжүүлсэн байх ба тэрээр уг мөнгийг авсан талаараа маргахгүй байгаа бөгөөд гагцхүү уг мөнгийг бусдад алдсан гэх боловч хариуцагч нь зээлийг хэнд шилжүүлснээс үл шалтгаалан зээлийн гэрээний үүргийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.
Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр дуусаж байх ба гэрээгээр тохиролцсон нэмэгдүүлсэн хүүг мөн өдрөөс хойш тооцох ёстой бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө тооцсон нэмэгдүүлсэн хүүг, мөн нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцоолсон нь тодорхой бус байх тул урьд өмнө төлүүлсэн 1.364.048,22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд нэхэмжилсэн 10.043.006,84 төгрөг, нийт 11.407.055 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасч тооцох үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасны дагуу нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгчийн хүлээх хариуцлага учраас гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй.
Иймд хариуцагч Д.Цагаанхүүгээс 135.978.218,48 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 11.407.055 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Д.Цагаанхүү, түүний өмгөөлөгч З.Алтангэрэл нарт шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд буюу шүүх хуралдаан болохоос 9 хоногийн өмнө мэдэгдсэн боловч тэдгээр нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаагийн хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг үндэслэн хариуцагч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-т зааснаар хариуцагч Д.Цагаанхүүгээс 135.978.218,48 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 11.407.055 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Хаан банкны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 965.076 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цагаанхүүгээс 908.041 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгосугай.
3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Д.Цагаанхүү нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Товчооны 5-90 тоот хаягт байршилтай, иргэний ахуйн зориулалттай, 671 м.кв талбайтай, нэгж талбарын 000000000000000 дугаартай, эзэмших эрхийн 0269098 дугаар бүхий гэрчилгээтэй газар, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Товчоо 5-90А тоот хаягт байршилтай, иргэний ахуйн зориулалттай, 672 м.кв талбайтай, нэгж талбарын 0000000000000000дугаартай, эзэмших эрхийн 0269099 дугаар бүхий гэрчилгээтэй газар, мөн Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Товчоо 5-90А тоот хаягт байршилтай, 309 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Y-2204029873 дугаарт бүртгэлтэй хувийн сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН