Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/136

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч О.Батнасан,     

Шүүгдэгч Б.Б,    

Нарийн бичгийн дарга О.Баттүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,            

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овгийн Б-ы Б-д холбогдох 2528001630159 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.          

Биеийн байцаалт:          

Холбогдсон гэмт хэргийн талаар:      

Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг Дундсайхан гэр хорооллын ... тоотод тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан Ч.С-ыг үснээс нь зулгааж багалзуурдаж, гарын сарвууг арагш нь дарж эрүүл мэндэд тархины доргилт, хуйх, цээжний зөөлөн эдийн няцрал, баруун хацар, завж, баруун сарвууны зулгаралт, хүзүү, цээж дэх цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                    

ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Б-ийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:    

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Өмнөх мэдүүлэгтэй санал нэг байна гэв.       

Хохирогч Ч.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...11 цаг өнгөрөөгөөд манай бэр Ц над руу залгаад та хүрээд ирээ гэхээр нь би нойргүй хоносон бие өвдөөд байна очиж чадахгүй нь гэж хэлсэн. Тэгээд байж байтал манай хүүгийн хүүхэд Долгормаа над руу залгаад та гэрт хүрээд ирээ гэхээр нь би хүүгийнхээ гэр болох 4 дүгээр баг Дунд сайхан гэр хорооллын ... тоотод очсон. Намайг гэр ороход манай хүү хоолоо хийгээд, бэр пиво уучихсан хүүхдүүд нь цүнхтэй юмаа баглачихсан сууж байсан. Тэгэхээр нь би бүгдийг загнаад бэрийн ууж байсан пивог авч шидээд үглэж байгаад хооронд нь эвлэрүүлсэн. Тэгээд байж байтал манай бэр хүү хоёр хогоо ачих гээд гадагшаа гарсан би хүүхдүүдтэй нь гэрийг нь цэвэрлээд байж байтал бэрийн дүү болох О орж ирээд нээх ууртай хүн харааж зүхээд хувцас хунараа аваад намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байхаар нь би тэсэхгүй О-ын гэдэс хэсэгт нь 2-3 удаа түлхэж авсан. Тэгсэн бэрийн дүү утсаа аваад У-гийн ээж намайг зодоод байна гэж орилсон. Тэгтэл гаднаас төд удалгүй Ц-гийн хоёр эгч болох Н, Б, Н-гийн нөхөр М гээд нэлээн хэдэн хүмүүс орж ирсэн. Б над руу давраад байгаарай хачин авгай минь хүүхэд зодоод явуулсан байна гэж хэлээд миний үснээс зулгаагаад багалзуурдсан хэнийг нь мэдэхгүй нэг нь араас үсдээд хоолой боогоод би нэг мэдсэн чинь ухаан алдсан байсан. ...Би Н-г гадаа хаалгаар гаргах гээд түлхээд зогсож байхад Б зөрж орж ирээд миний гарын сарвууг арагш нь дараад гар тулгасан. Тэгээд би бүр дийлдэхгүй болохоор нь төрсөн дүү рүүгээ залгаад хурдан хүрээд ир цагдаа дууд гэж хэлэхэд очиж байна гэж хэлсэн. ... Миний хамрын хажууд самардсан, хоолой зүсэлттэй, багалзуурдсан, цээж зулгаралтай, зүүн гарын эрхий хуруу тулсан байдалтай байсан... Надад сэтгэцэд учирсан хор уршиг байхгүй. Одоо гомдол байхгүй байна. Манай хоёр хүүхэд салахгүйгээс хойш худуудтайгаа эв зүйгээ олоод явсан нь дээр. Тэгээд одоо болдог бол энэ гомдлоо буцаагаад авчихмаар байна. Бид нар хоорондоо эв зүйгээ олчихсон.” (хавтаст хэргийн 7-8, 19 дэх тал)    

Гэрч Э.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр би гэртээ байж байсан. Тухайн үед манай ээж С манайд байсан. Тэгэхэд манай эхнэрийн төрсөн дүү О, эгч Н, эгч Б, М, М-ийн дүү нь нөхөртэйгөө манайд ирцгээсэн. Намайг гэрт ороод очиход О манай ээжтэй хэрэлдээд та нар ямар овоо юм их дарамтлах нээ гээд хэрэлдсэн. Тэгэхэд манай ээж дарамтлаад байх юу байхав зүгээр хэлж байна гэж хэлсэн. Тэгэхэд О буцаад гараад явсан, би гараад хашаандаа хог ачиж байсан. Тэгсэн чинь гэрт хүн хашхирах чимээ сонсогдсон. Би гаднаас цонхоороо ороод очиход Б ээжийн үснээс зулгаагаад доош нь дарчихсан зогсож байсан. ...Б ээжийн хоолойг гараараа багалзуурдаж боосон. ...Тэгж байхад нь би эгч С рүү яриад ээж ухаан алдчихлаа та нар хурдан хүрээд ирээч гэж ярьсан байсан, тэгээд удалгүй эгч ирсэн. Тэгэхэд тэдгээр хүмүүс хэрүүл хийгээд намайг гараад ир гээд загнаад байж байсан, тэгэхэд гадаа цагдаагийн машин ирсэн. Тэгэхэд нөгөө хүмүүс бүгд гэрээс гараад явчихсан байсан. Түүнээс хойш тэд нар эргэж ирээгүй.” (хавтаст хэргийн 11-12 дахь тал)      

Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багт байх манай төрсөн дүү болох Ц-гийн байшинд манай дүү болох О, миний охин Ж-гийн хамт хувцсаа авах гээд очиход нь зодсон байсан. Тэгээд У нь наадахыг чинь алаад хаячихъя, чи муу аавыгаа үхүүлсэн биз дээ, амьд үхдэл минь гэж доромжлоод зодоод байна гэж над руу залгасан. Тэгээд би дүүдээ хэлээд нөгөө айл руу явсан. ...Тэгээд байж байтал С та нар муусайн аавыгаа алсан чинь үнэн биз дээ гээд доромжлоод Бий өөдөөс дайрсан. Хоёр гараараа сарвайгаад Б рүү С дайрч байсан, У босож ирээд бас дайрахаар нь би У-ыг хорих хооронд С газар ойчсон, тэгээд бид нар гараад явсан. ...Би муураад унаж байхад нь яаж хаяад явах вэ дээ гэж бодоод эргээд ороход У над руу юм шидсэн. Тэгээд У над руу дайраад байсан. Янз бүрийн юм шидээд байхаар нь чи зүгээр бай, ээж чинь ухаан алдаж уначихаад байна гэж хэлээд болиулсан. Тэгээд цээжин дээр нь усаар норгоод цонх нээгээд цээжин дээр нь зөөлхөн дарсан, ээж нь ухаан орсон...” (хавтаст хэргийн 16-17 дахь тал)   

Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг гараад явж байх замд эгч Н, Б нар тааралдсан. Тэгээд юу болсон тухайгаа хэлээд буцаад хамт хэл амаа олох гээд явсан. Тэгээд гэрт ороод хоорондоо муудалцсан. Б-ийг орж очиход У зодох гэж дайрсан. Тэгэхэд нь Б У-ыг цохисон уу, түлхсэн үү мэдэхгүй. У ойчоод өгсөн. Ээж нь болох С хүүгээ өмөөрөөд Б рүү дайрч ноцолдоцгоосон. Б тэр хоёр, үсдэлцээд Б-ий гарыг маажаад үсийг нь зулгаасан байсан. Тэгэхэд 2 цагдаа дуудлагаар ирчихсэн байсан. Тэгээд ер нь тарцгаасан.” (хавтаст хэргийн 22 дахь тал)

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ӨМГ0725/123 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Э.У-ын биед баруун эгэм орчмын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3 заалтаар хохирлын зэрэг тогтоохгүй.” (хавтаст хэргийн 27-28 дахь тал)

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ӨМГ0725/119 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Ч.С-ын биед тархины доргилт, хуйх, цээжний зөөлөн эдийн няцрал, баруун хацар, завж, баруун сарвууны зулгаралт, хүзүү, цээж дэх цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл тус бүр нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 заалтаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” (хавтаст хэргийн 31-32 дахь тал)

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал)

Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 35 дахь тал)

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дахь тал)

Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 37 дахь тал)

Хүүхдийн мөнгө олгож байгаа эсэх тодорхойлолт (хавтаст  хэргийн 38 дахь тал)

Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /иргэн өмнө өмчилж байсан/ (хавтаст хэргийн 39 дэх тал)

Эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах тодорхойлолт (хавтаст хэргийн 40-43 дахь тал)

Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох тодорхойлолт (хавтаст хэргийн 44-45 дахь тал)

Төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дахь тал)

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дахь тал)

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал)

Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 49 дэх тал)

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 59 дэх тал)

Прокурорын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” 53 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 62 дахь тал)

Прокурорын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай” 53 дугаартай санал (хавтаст хэргийн 63-64 дэх тал).  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Б-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.     

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.   

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.Б нь 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг Дундсайхан гэр хорооллын ... тоотод тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан Ч.С-ыг үснээс нь зулгааж багалзуурдаж, гарын сарвууг арагш нь дарж эрүүл мэндэд тархины доргилт, хуйх, цээжний зөөлөн эдийн няцрал, баруун хацар, завж, баруун сарвууны зулгаралт, хүзүү, цээж дэх цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.          

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч Ч.С-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8, 19 дэх тал), гэрч Э.У-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал), гэрч Б.Нгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал), гэрч Б.О-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ӨМГ0725/119 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.                                 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.                                                                              

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.                

Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Б.Б-ий хохирогч Ч.С-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.                

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.Б-ий гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.С-ын биед тархины доргилт, хуйх, цээжний зөөлөн эдийн няцрал, баруун хацар, завж, баруун сарвууны зулгаралт, хүзүү, цээж дэх цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ӨМГ0725/119 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дахь тал)-ээр тогтоогдож байна.

Хохирогч Ч.С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Надад сэтгэцэд учирсан хор уршиг байхгүй. Одоо гомдол байхгүй байна. Манай хоёр хүүхэд салахгүйгээс хойш худуудтайгаа эв зүйгээ олоод явсан нь дээр. Тэгээд одоо болдог бол энэ гомдлоо буцаагаад авчихмаар байна. Бид нар хоорондоо эв зүйгээ олчихсон.” (хавтаст хэргийн 19 дэх тал) гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.            

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.             

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлтийг,    

Шүүгдэгч нь улсын яллагчаас санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг тус тус гаргав.      

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.       

Шүүх шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.   

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д шүүхээс оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв энэхүү хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.   

Бусад асуудлаар.

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Ч.С нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.   

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.                    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:     

1. Шүүгдэгч М овгийн Б-ы Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.        

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.        

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д шүүхээс оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.      

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Ч.С нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.               

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                                                                    

                                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ