Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 148/ШШ2020/00427

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг 1 дүгээр хэсэг 001А тоотод оршин суух, ******* овогт *******ы ******* /РД:МЮ87040369/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг 1 дүгээр хэсэг 001А тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:МЮ87040369/-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүдээ ноогдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Миний бие нь 2011 онд Б.*******тай танилцан улмаар 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтийн 4301000014 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүү М.*******, төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдал Б.******* нь гэр бүлээс гадуурх харилцаатай болсон учраас 2018 оны 08 дугаар сараас салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү М.******* маань эх Э.*******ийн асрамжид амьдарч байна. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү М.*******ыг миний асрамжид үлдээж, эцэг Б.*******гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, бидний дундын өмчлөлийн эд хөрөнгө болох 5 дугаар баг 1 дүгээр хэсэг 001А тоот 64 м.кв хашаа байшин газрын хамт, мөн Тус сумын 4 дүгээр баг 19 дүгээр гудамж 1909 тоот газар, grand mark II суудлын авто машинаас өөртөө болон хүүдээ ногдох хэсгийг гаргуулахаар шүүхэд хандсан. Одоо бид эд хөрөнгө дээр тохиролцож гэрээ хийсэн. Одоо хүсэж байгаа зүйл бол гэрлэлтээ цуцлах, хүүгээ өөрийн асрамжид үлдээж, эцэг Б.*******гаас тэтгэлэг гаргуулах л хүсэлтэй байна! ... гэжээ.

Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Миний бие нь Э.*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хүүдээ тэтгэлэг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Бид эд хөрөнгөө хэрхэн хуваах тал дээр тохиролцож гэрээ хийсэн. Миний зүгээс Э.*******ээс хүсэхэд хүүтэй минь л уулзуулж байхыг л гуйж байна! ... гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад;

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Шүүх хуралдааны явцад хариуцагч гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагыг зөвшөөрч, талууд хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хэрхэн хуваах талаар тохиролцож, Ү-1317003395 улсын бүртгэлийн дугаартай 5 дугаар баг 1 дүгээр хэсэгт байрлах хувийн сууцыг газрын хамт Э.*******ийн өмчлөлд шилжүүлэхээр, 4 дүгээр баг 19 дүгээр гудамж 19-09 тоот гэрчилгээний 000693619 тоот дугаартай 0,7 газар, grand mark II маркын тээврийн хэрэгслийг Б.*******гийн нэр дээр шилжүүлж өгөхөөр тохиролцож гэрээ байгуулсан нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д нийцэж байх бөгөөд энэхүү гэрээ нь гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэв.

Шүүх гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар хангаж шийдвэрлэв.     

Зохигчид 2011 онд танилцаж, 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн ба тэдний дундаас 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүү М.******* төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.  

Гэрлэгчид 2018 оноос хойш тусдаа амьдарч ирсэн бөгөөд хэн аль нь цаашид хамт амьдрахыг хүсэхгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байх тул шүүх тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж, тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Зохигчдын дундаас төрсөн хүүгийн асрамжийн талаар зохигчид маргаагүй тул нэхэмжлэгчийн шаардлага, хариуцагчийн зөвшөөрөлд үндэслэн эхийнх нь асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг Б.*******гаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү М.*******ыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хэдийгээр гэрлэлтийг цуцалж байгаа боловч хүүхдүүдийн хувьд Э.*******, Б.******* нарын Гэр бүлийн тухай хуульд заасан эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр хадгалагдахыг, энэ эрх, үүргээ хэрэгжүүлэхэд хэн алиндаа саад хийхгүй байхыг мөн дурдах нь зүйтэй гэж үзлээ.   

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ы ******* /РД:МЮ87040369/, ******* овогт *******ын ******* /РД:МЮ87040369/ нарын гэрлэлтийг цуцалсугай.         

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7 дахь хэсэгт зааснаар 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Б.******* /РД:МЮ14270832/-ыг эх Э.*******ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү М.*******ыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.*******гаас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Б.******* нь Ү-1317003395 улсын бүртгэлийн дугаартай 5 дугаар баг 1 дүгээр хэсэгт байрлах хувийн сууцыг газрын хамт Э.*******ийн өмчлөлд шилжүүлэхээр, 4 дүгээр баг 19 дүгээр гудамж 19-09 тоот гэрчилгээний 000693619 тоот дугаартай 0,7 газраар, Grand mark II маркын тээврийн хэрэгсэлийг Б.*******гийн нэр дээр шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталсугай.

5.  Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 38 дугаар зүйлийн 38.1, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсгүүдэд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчинг бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас бусад шаардлагатай зүйлээр хангах зэрэг эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх,  энэхүү эрх, үүргээ хэрэгжүүлэхэд хэн алиндаа саад хийхгүй байхыг Э.*******, Б.******* нарт тайлбарласугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар Э.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395.153 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 232.676 төгрөг 05 мөнгийг гаргуулж Э.*******д олгосугай.    

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.*******гаас нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож, 33.105 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баярдэлгэрт даалгасугай

 9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ