2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1738

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Ганбаатар,

Улсын яллагч: Э.Билгүүн,

Шүүгдэгч: ***түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн,

 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2505004420444 дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Оросын холбооны Улсын иргэн

Шүүгдэгч *** нь 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Вокзалын хойд талын авто замын уулзвар орчимд хохирогч ***“тээврийн хэрэгслээсээ хүн буулгахдаа хаалгаараа миний автомашиныг цохисон” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний эзэмшлийн Lexus NX200 маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүр хэсгийг хөлөөрөө өшиглөж, хууль бусаар гэмтээсний улмаас 2.915.600 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***шүүх хуралдаанд: “...Түгжрээнд явж байхад хажуу талын машинаас хүн буухдаа миний машиныг хаалгаараа цохисон. Тэгэхээр нь би та яаж байна аа гэж хэлсэн. Тэгэхэд тэр хүн чи юун сүртэй юм бэ, хүний унаагүй юм уначихсан байгаа биш гээд уучлалт гуйхын оронд өөр юм ярьж эхэлсэн. Тэгээд би уурлаад хэрэлдсэн. Нөхөр нь бууж ирээд намайг боох гэж оролдоход эхнэр нь салгасан. Түгжрэл арай гайгүй болоход тухайн машин урагшаа хөдлөөд явсан. Би араас нь хоёр амьсгаа минь барахгүй шүү гээд орилсон. Тэгсэн нөхөр нь гүйж ирээд миний машины хаалгыг хуга татаад миний машины хаалга хаагдахаа болсон. Тэгээд би гарч ирээд яаж байгаа юм бэ гээд машиных нь нүүрийг хагалчихсан. Буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

Хохирогч ***мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 18 цаг 20 минутын үед би Вокзалаас Богд ар руу хойшоогоо эргэдэг авто замын уулзварын орчимд өөрийн эзэмшлийн Лексус Эн экс 200 ти загварын тээврийн хэрэгсэлтэйгээ явж байсан бөгөөд тухайн үед эхнэр *** хамт явж байсан. Тэгээд зам дагуу эхнэрээ буулгах гээд зогссон бөгөөд манай эхнэр жирэмсэн учир хаалгаар буухдаа машины хаалгаар нэг эрэгтэйн алфард загварын тээврийн хэрэгсэлд хүрчихсэн юм. Тэгтэл манай эхнэрийг явж байхад араас гуйлгачин гээд цонхоороо хараагаад байсан. Тэгээд нөгөө машин хөдлөөд урагшаагаа хэсэг явж байснаа зогсоод дотроос нь орос /гадаад иргэн/ эрэгтэй хүн гарч ирээд машины урд нүүрний сээтэг өшиглөж хагалчхаад цаашаагаа машиндаа суугаад яваад өгсөн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. ...Зарын дагуу хүмүүсээс залгаад сээтэг нь хэд болох уу гээд асуухад 1.450.000 гэж хэлж байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-н 29/,

Гэрч ***мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 17 дугаар хороо хариуцсан цагдаа ажилтай. ...2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр миний санаж байгаагаар орой 20 цагийн үед байсан санагдаж байна. Тухайн дуудлага нь Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Бигэр 10-с өгсөн дуудлага мэдээлэл байсан. Яг өгсөн дуудлага нь хэрүүл маргаан болоод байна гэсэн дуудлага мэдээлэл байсан. Тухайн үед дуудлага мэдээллийг аваад эргүүлийн цагдаа жолооч цагдаагийн дэд ахлагч Б.Лхагвадоржийн хамтаар очиход хар өнгийн NX200 маркийн тээврийн хэрэгслийн урд нүүр хэсэг нь хагарч, бутарсан хэсэг нь машиныхаа урд хэсэгт унасан байсан ба тухайн тээврийн хэрэгслийн жолоодож байсан залуу хэлэхдээ эхнэр нь машинаасаа буух гэж байх үед нь алфарт маркийн тээврийн хэрэгсэлтэй жолооч нь хажуугаар нь гарах үедээ хурдан буугаач гэж хэлэхэд тухайн хар өнгийн NX200 маркийн тээврийн хэрэгслийн жолооч залуу жирэмсэн эмэгтэй хүн удаан бууж байна гэж хэлснээс болоод миний машины нүүрийг өшиглөчхөөд явсан гэсэн зүйлийг тухайн үед хэлж байсан. Очиход тухайн алфарт маркийн тээврийн хэрэгсэлтэй жолооч байхгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 36-37/,

 

Дуудлагын лавлагааны хуудас /хх-н 2/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 40-42/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 58-60, 64-67/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч *** нь 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Вокзалын хойд талын авто замын уулзвар орчимд хохирогч ***“тээврийн хэрэгслээсээ хүн буулгахдаа хаалгаараа миний автомашиныг цохисон” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний эзэмшлийн Lexus NX200 маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүр хэсгийг хөлөөрөө өшиглөж, хууль бусаар гэмтээсний улмаас 2.915.600 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч ***нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь хохирогч ***тээврийн хэрэгслээсээ хүн буулгахдаа, хаалгаараа автомашин цохисон гэх шалтгаанаар, тээврийн хэрэгслийн нүүр хэсгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч “ялаас чөлөөлж өгөн үү” гэсэн эрүүгийн хариуцлагын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***н үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад зааснаар “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан доод хэмжээгээр 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх зорилготой, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт нь шүүхэд үүрэг болгосон заалт биш бөгөөд хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал болохыг дурдав.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР