| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 195/2025/1375/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1749 |
| Огноо | 2025-09-07 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Энх-Амгалан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1749
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Ганбаатар,
хохирогч ***, түүний өмгөөлөгч М.Дорждэрэм,
шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт ***холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2510007430446 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Би автомашин захиалдаг ажлыг 2013 оноос хийж эхэлсэн*** холбоотой энэ асуудал 123.000.000 төгрөг биш. 2023 оны 12 дугаар сараас эхлээд хоорондоо хийсэн гүйлгээгээр 300.000.000 төгрөгийн автомашиныг өгч, авсан асуудал байгаа. Эндээс 120.000.000 төгрөгийн үнэтэй машин захиалгын дагуу ирээгүй гэсэн гомдолтой байгаа. Энэ дээрээс яагаад эдгээр машинууд миний гар дээр ирээгүй вэ гэхээр яаралтай цаг тулсан үед ганц нэг захиалгын машинуудыг наана, цаана нь оруулаад зохицуулаад явах асуудал байсан учраас энэ дээрээс доголдол үүсээд тухайн 13 машины асуудал үүссэн. Дунд нь би 60.000.000 төгрөгөөр залилуулсан асуудал байгаа. Дансны хуулгатай холбоотой 2013 оноос хойш өгч, авалцсан машины тооцоо байгаа. Нийт 30 гаруй машинаас 13 машин захиалгын дагуу ирээгүй. 120.000.000 төгрөгийн хохиролтой санал нийлэхгүй байна. Миний тооцоолсноор 94.000.000 төгрөгийн асуудал байгаа” гэв.
Хохирогч *** шүүх хуралдаанд: “...Миний бие***танилцаад нэлээн олон жил өнгөрсөн. Энэ хугацаанд нэг их машин авдаггүй байсан. Австрали улсад 2022 онд суралцаж байх хугацаанд ***надад нэлээдгүй санал тавьсны үндсэн дээр ***нэлээн олон тооны машин авсан. Авч байх явцад 5 машин авахад нэг нь ч юм уу алга болчихдог байсан. Энэ машин яачих ваа гэхээр Тэнжин дээр байгаа удахгүй ирнэ, битгий санаа зов гэдэг хариулт өгдөг. ***тэр Австралид байдаг хүн рүүгээ хамаг юмаа чихээд байх шиг байна. Тэр хүн нь мөнгөний асуудалтай болоод Австрали руу гараад явчихсан байдаг. ***их худлаа ярьдаг. Сүүлдээ би *** хугацаа өгсөн. Сүүлдээ аргаа бараад цагдаад өгсөн. Одоо 123.000.000 төгрөг нэхэмжилж байна. Бүх зүйл баримттай байгаа” гэв.
Яллагдагчаар ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн :”...би тогтоолтой уншиж танилцлаа, би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 106-107/,
Хохирогчийн өргөдөл /хх 1-н 13/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 19-25/, хохирогч ***ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 1-н 27/, шүүгдэгч ***гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 1-н 28-72/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 110-124, 129-130/, Гаалийн Ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 01-2/1678 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хх 1-н 134-140/, Гаалийн Ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 01-2/1690 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хх 1-н 142-143/, Авто тээврийн үндэсний төвийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 60 дугаартай бичиг түүний хавсралт /хх 1-н 145-246/, Авто тээврийн Үндэсний төвийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 61 дугаартай бичиг түүний хавсралт /хх 2-н 02-70/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *** нь хохирогч ***ыг Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байхад нь Япон Улсаас автомашин захиалж өгнө гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, мөнгө зээлээч /япон улсаас машин худалдаж авч өгнө/ гэж 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд нийтдээ 123.260.000 төгрөгийг шилжүүлэн авч үргэлжилсэн үйлдлээр залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч ***ын мэдүүлэг, депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд, автомашины гаалийн бүрдүүлэлтийн баримтууд, худалдах-худалдан авах гэрээ, итгэмжлэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг...” гэж заасан байх тул шүүгдэгч ***ий үйлдэл нь их хэмжээний хохирол учруулж гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, нэмэлт ажиллагаа хийж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж хууль тогтоогчоос хуульчилсан.
Хуулийн дээрх зохицуулалт нь шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал буюу уг яллах дүгнэлтийн хүрээнд хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэхдээ хууль зөрчсөн, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн эрхийг зөрчсөн асуудлыг зөвтгүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулах ойлголт байх ба шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулах эрх хэмжээг шүүхэд олгоогүй болно.
Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *** нь хохирогч ***д “Япон Улсаас автомашин захиалж өгнө, мөн мөнгө зээлээч гэж хуурч 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд 123.260.000 төгрөг авч, хохирогчид их хэмжээний хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлтэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч ***ий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцаан явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч ***д 123.260.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгчийн гэм буруу, хохирол хор уршиг хэлэлцэх шүүх хуралдаанаар шүүгдэгчээс 123.260.000 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн.
Шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч нар хохирол төлөхөөр ажлын 5 /тав/ хоногийн завсарлага авсан ба эрүүгийн хариуцлагын шүүх хурал эхлэхэд шүүгдэгчийн зүгээс хохирогчид дансаар 5.000.000 төгрөг шилжүүлсэн байна.
Шүүхээс шүүгдэгч ***ий хохирогчид төлсөн 5.000.000 төгрөгийг хохирлоос хасаж, үлдэгдэл 118.260.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Батжаргалд олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч нарын “хохирогчоос зээлсэн гэх 8.000.000 төгрөг иргэний асуудал хохиролд тооцохгүй, мөн хохирогчид 10.000.000 төгрөгийн тээврийн хэрэгсэл өгсөн хохирлыг хасаж өгнө үү” гэсэн хүсэлтүүдийг тус тус хүлээн авах үндэслэлгүй байна.
Хэдийгээр яллах дүгнэлтэд үйлдсэн хэргийн талаар дүгнэхдээ япон улсаас машин худалдан авч өгнө гэж залилсан гэж дүгнэсэн хэдий ч түүний эдгээр үйлдлийг хийх явцдаа 8 сая төгрөгийг зээлж авсан үйлдлийг залилах гэмт хэргийн үйлдэлд оруулсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж дүгнэсэн болно.
Дээрх зээлсэн гэх 8.000.000 төгрөг нь тухайн залилах гэмт хэргийн хохиролд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч нь хохирогчоос тээврийн хэрэгсэл хилээр орж ирсэн, мөнгө зээлээч гэж 8.000.000 төгрөг авсан нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Мөн хохирогчид нэг тээврийн хэрэгслийг өгсөн гэх боловч энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул тухайн тээврийн хэрэгслийг хохирогчид шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.
Хохирогч, шүүгдэгч нарын хооронд автомашин захиалах зорилгоор мөнгө шилжүүлсэн ба тухайн компанитай холбоотой асуудал байхгүй, компаниар дамжуулсан нь нотлогдохгүй бөгөөд хохирогч нь шүүгдэгчийн данс руу мөнгө шилжүүлсэн, мөн 123.260.000 төгрөгийн хохирол учирсан нь хавтаст хэрэгт авагдсан депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр хангалттай нотлогдож байна гэж шүүх үзсэн.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 40.000 нэгж буюу 40.000.000 төгрөгөөр торгох”, хохирогчийн өмгөөлөгч “Улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч “хорихоос өөр төрлийн ял оногдуулж” өгнө үү гэсэн эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт тус тус гаргасан болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгч ***ий үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирогчийн зарим хохирлыг төлсөн, хохирол төлөх нөхцөл бололцоогоор хангах, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч, хохирогчийн өмгөөлөгчийн санал зэргийг харгалзсан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 40.000 нэгж буюу 40.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.
Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх зорилготой ба тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой тул торгох ялыг хуульд заасан хугацаанд буюу 90 хоногийн хугацаанд төлөхийг шүүгдэгчид даалгав.
2.3. Бусад асуудал
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийн шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулан үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч ***г 40.000 нэгж буюу 40.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ээс 118.260.000 төгрөг гаргуулж хохирогч ***д олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР