| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 195/2025/1538/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1795 |
| Огноо | 2025-07-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Е.Хулан |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1795
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга: Л.Онцгойгэрэл,
Улсын яллагч: Е.Хулан,
Хохирогч/иргэний хариуцагч: ***,
Иргэний нэхэмжлэгч: ***,
Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2410020681039 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***,
Шүүгдэгч *** нь 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Богд Вилла” хотхоны 1202 дугаар байрны гаднах автомашины зогсоол дээр хохирогч ***тай “машин хааж тавьчхаад, удаан хүлээлгэсэн” гэх асуудлын улмаас маргалдаж, улмаар түүний шанаа тус газар нь гараараа цохих, багалзуурдан түлхэх зэрэг байдлаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би эхнэрээ хамгаалах зорилгоор дунд нь ороод түлхсэн. Би санаатайгаар тийм үйлдэл хийгээгүй. Би эхнэрээ хамгаалаагүй бол манай эхнэрт ямар зүйл тохиолдох байсан болохыг мэдэхгүй. Миний зүгээс өөрийгөө хамгаалах зүйл байхгүй” гэв.
Хохирогч *** шүүх хуралдаанд: “...Тухайн өдөр би машин хааж тавьсан байсан. Өглөө залгахад эрт байсан учир эхний залгасан дуудлага аваагүй. 2 дахь дуудлагыг би аваад ярьсан. Надтай утсаар ярьсан хүн нь эхнэр нь биш нөхөр ярьсан. Гар утсыг аваад ярихад над руу уурласан, дээрэлхсэн, доромжилсон хоолойн өнгө аясаар ярьсан. Би 2 дахь дуудлага аваад гар нүүрээ угаагаад 5 минутын дараа гарсан. Гарч байхад 3 дахь дуудлага орж ирсэн ба аваад ярихад чи хаачсан бэ гэх мэт доромжилсон хоолойн өнгө аясаар ярьсан. Би гараад машиндаа суугаад холдуулаад явж байх үед *** эхнэртэйгээ машиныхаа цонхоо доош буулгачхаад намайг хэл амаар доромжилсон. Би очоод 30 минут хүлээлгээгүй 5 минутын дотор ирээд машинаа гаргаж байхад яагаад намайг хэл амаар доромжлоод байгаа юм бэ гэж хэлэхэд машиныхаа зүүн талын хаалгыг онгойлгоод намайг доромжилсон. Би болъё гээд машины хаалгыг нь өөрийнхөө машин шиг бодоод хаахдаа хүчтэй хаасан ба савсан юм шиг хаагдсан байх. Би хаалгыг нь хаагаад буцаад машин руугаа явж байх үед гэнэт *** гэх хүн гарч ирээд намайг боогоод шахаж, машин мөргүүлсэн. Би өөрийгөө хамгаалах зорилгоор шүүгдэгчийг цааш түлхсэн ба түлхэх явцад цаана нь эхнэр нь байсан ба унаж гэмтсэн. Би санамсаргүй хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээнэ. Шүүгдэгчийн ярьж байгаа шиг эхнэрээ хамгаалах зорилгоор тийм хийсэн үйлдэл байхгүй. Би маргаанаа зогсоогоод буцаад явж байхад тухайн үйл явдал болсон. Надад гомдол санал байхгүй бөгөөд баримтаар гаргаж өгсөн мөнгөн дүнг нэхэмжилж байгаа” гэв.
Иргэний нэхэмжлэгч Оюунцэцэг шүүх хуралдаанд: “Миний хамаг бие салганаад чичрээд байна. Хохирогч бүх зүйлийг эргүүлж яриад байна. Над дээр ирээд уучлалт гуйх болов уу эсхүл утсаар яриад уучлалт гуйх болов уу гэж бодсон. Гэтэл над дээр ирж уучлалт гуйгаагүй. Эмнэлэг дээр таарахдаа үл тоосон, инээсэн байдалтай байдаг байсан. Би эмчилгээний зардал, 4 сар хэвтрийн дэглэмтэй хөдөлж чадахгүй хэвтэж байсан ба ажилгүй байсан үеийнхээ хохирлыг нэхэмжилж байна. Анх гарч ирэхдээ чи хөгшин зөнөг гэж машины хаалга савсан. Эмчилгээний зардал 744.590 төгрөг, ажилгүй байсан хугацааны 6.800.000 төгрөг нийт 7.634.590 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.
Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдөр над руу нэг үлт таних эрэгтэй залгаад машин гарах гэсэн юм гэж хэлсний дагуу гарч очиход бид нарын дунд маргаан үүсэж, тухайн Төмөрхуяг гэх ах миний зүүн шанаа хэсэгт 1 удаа цохисны улмаар толгой доргисон, үргэлжлүүлэн миний хоолой хэсгээс хоёр удаа боогоод /багалзуурдаад/ хойш түлхэх үед би хойд талд байсан миний өөрийн эзэмшлийн “Тоёота Хэриэр” маркийн тээврийн хэрэгслийн хаалганы бариул хэсгийг нурууны доод хэсгээр мөргөсний улмаас нурууны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд үүссэн миний биед өмнө тухайн гэмтлүүд огт байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх 1-н 103/,
Иргэний нэхэмжлэгч ***ийн мөрдөн байцаалтад шатанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Богд вилла” 1202 дугаар байрны гадна автомашины зогсоол дээр Санчир гэх хүн манай нөхөр болох ***ийг түлхэх үед би нөхрийн ард талд зогсож байгаад давхар түлхэгдэн газарт унасан. Улмаар миний нурууны 12 дугаар үе хугарч надад учирсан гэмтлийн төлбөрийг өөрийн өмгөөлөгч ....дамжуулан баримтыг гаргаж өгнө. ...2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд 3-4 удаа үзүүлсэн. Мөн тухайн баримтыг гаргаж өгнө одоогийн байдлаар надад байхгүй байна. Эмнэлэгт давтамжтай байнга үзүүлж байгаа... би ноос ноолуурын үйлдвэрт компьютерын сүлжмэлийн баригч ажил хийдэг байсан. Тухайн үйл явдал болсноос хойш ажлаа хийж чадахгүй, очихгүй байгаа учир нь удаан зогсох явахад хүндрэлтэй байна. Би тухайн газраас нэг өдрийн 60.000 төгрөгийн цалинтай сарын 26 өдрөөр тооцож, 1.560.000 төгрөгийн цалинтай. Мөн тухайн Санчир гэх хүнээс өөрт учирсан эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх 1-н 106/,
Иргэний хариуцагчаар ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн эмэгтэйн биед санаатай халдсан зүйл огт байхгүй. Харин түүний нөхөр Төмөрхуяг гэх эрэгтэй миний биед халдсаны улмаас өөрөөсөө зайлуулах гэж цааш түлхэх үед нөхрийнхөө хойд талд нь эхнэр *** нь байсан ба түүний хойд талд нь зогсож байгааг огт хараагүй. ...миний ярьсан бүгд үнэн зөв” гэсэн мэдүүлэг /хх 1-н 108/,
Шинжээчийн 6756 тоот дүгнэлтэд: “... ***ын биед тархи доргилт, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр, 2024.05.18-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хх 1-н 25-26/,
Шинжээч эмч С.Чулуунсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тус гэмтлүүд нь тус бүрдээ нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, мөргөх үйлдлээр үүсэх боломжтой. Тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн мэдүүлэг /хх 1-н 75/,
Шинжээчийн 6760 тоот дүгнэлтэд: “...***ийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэжээ. /хх 1-н 32-33/,
Шинжээчийн 6759 тоот дүгнэлтэд: “...***ийн биед сээрний 12-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойнд зулгаралт гэмтэл тогтогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хх 1-н 38-39/,
Дуудлагын лавлагааны хуудас /хх 1-н 4/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 5-6/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 54-60, 2-н 44-49/, хохирогчийн хохирлын баримтууд /хх-н 91/, иргэний нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтууд /хх 1-н 165-183/, туршилт хийсэн тэмдэглэл /хх 1-н 32-38/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хан-Уул дүүргийн прокурорын хяналтын прокуророос ***т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт ***ыг 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр иргэний хариуцагчаар татсан мөрдөгчийн тогтоол, ***ийг 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоолыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хохирогч нь шүүгдэгчийн түлхэх үед шүүгдэгчийн ард байсан түүний эхнэр *** унаж, шинжээчийн дүгнэлтээр хүндэвтэр гэмтэл учирсан байна. Улмаар тухайн гэмтлийг хохирогч ***ын үйлдлийн улмаас учирсан гэж үзэж түүнийг иргэний хариуцагчаар татсан, ***ийг иргэний нэхэмжлэгчээр татсан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх үзсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бу хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ”, гэж 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг хариуцагчаар татан оруулж болно” гэж тус тус хуульчилжээ.
Хууль тогтоогчоос дээрх хууль, заалтад заасны дагуу иргэний хариуцагч, нэхэмжлэгч гэдгийг тодорхойлж өгсөн ба иргэний нэхэмжлэгч, хариуцагч нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй.
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас иргэний нэхэмжлэгчид хохирол учирсан тохиолдолд шүүгдэгчээс эсхүл иргэний хариуцагчаас тухайн нэхэмжлэлийг нэхэмжлэх нь зүйтэй.
Гэтэл шүүгдэгчийн үйлдэл буюу тухайн гэмт хэргийн улмаас учраагүй хохирлыг нэхэмжлэх, улмаар дээрх гэмт хэргийн улмаас хохирол учирсан хохирогчийг иргэний хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзсэн ба энэ хэрэгт хамт ***ийн нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй, тус хэрэгт хамааралгүй байна.
Иймд дээрх ***ийн хохирсон асуудлыг иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй болно.
Шүүгдэгч *** нь 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Богд Вилла” хотхоны 1202 дугаар байрны гаднах автомашины зогсоол дээр хохирогч ***тай “машин хааж тавьчхаад, удаан хүлээлгэсэн” гэх асуудлын улмаас маргалдаж, улмаар түүний шанаа тус газар нь гараараа цохих, багалзуурдан түлхэх зэрэг байдлаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгчийн шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч *** нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *** нь хохирогч ***тай “машин хааж тавьчхаад, удаан хүлээлгэсэн” гэх шалтгаанаар шанаа тус газар нь гараараа цохих, багалзуурдах, түлхэх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч ***ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч ***ийн идэвхтэй үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч *** болон түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Хохирогч нь хавтаст хэрэгт авагдсан баримттай хохирлыг шүүгдэгчээс нэхэмжилсэн тул баримтаар авагдсан 336.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч ***т олгохоор шийдвэрлэсэн.
Хохирогч нь шүүх хуралдаанд сэтгэцэд учирсан хор уршиг, цаашид эмчилгээ хийлгэх эсэх асуудлаар хохирол нэхэмжлээгүй болохыг дурдав.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт тус тус гаргасан болохыг дурдав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгч ***ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан доод хэмжээгээр 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР