| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2020/00361/И |
| Дугаар | 148/ШШ2020/00428 |
| Огноо | 2020-06-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 148/ШШ2020/00428
Монгол улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багт байрлах, Гялс төгрөг Хадгаламж зээлийн хоршоо /РД:6125875/-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дугаар баг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилчдын байранд оршин суух, ******* овогт Баттулгын Бат-Энх /РД:МФ89011511/-д холбогдох
1.872.220 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Иргэн ******* овогтой Бат-Энх нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр ЗГ/5629 тоот зээлийн гэрээ байгуулан 1,000,000 төгрөгийн зээлийг сарын 5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай цалингийн орлогоо барьцаалан Гялс төгрөг Хадгаламж зээлийн хоршооны Баянхонгор салбараас зээлж авсан.
Б.Бат-Энх нь зээл авсан цагаасаа хойш огт төлөлт хийгээгүй, нэг төгрөг ч төлөөгүй өнөөдрийг хүргэсэн ба зээл төлөх гэрээний хуваарьт хугацаа дууссан, зээлдэгч нь зээлээ төлөхөөс зайлсхийж холбоо барихгүй байгаа.
2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,000,000 төгрөг, зээлийн хүүний өр 739,726 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 132,394 төгрөг нийт 1,872,220 төгрөг төлөгдөөгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлага:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, талуудын хооронд байгуулсан ЗГ/5629 тоот зээлийн гэрээг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар дараах зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүгийн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хариуцагчаас нэхэмжилж байна. Үүнд:
-Үндсэн зээл 1,000,000 төгрөг
- Үндсэн зээлийн хүү 739,726 төгрөг
- Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 132,494 төгрөг, нийт 1,872,220 төгрөг болно.
Иймд хариуцагч Б.Бат-Энхтэй байгуулсан ЗГ/5629 тоот зээлийн гэрээний нийт төлбөр болох 1,872,220 төгрөгийг Б.Бат-Энхээс гаргуулж Гялс төгрөг Хадгаламж зээлийн хоршоог хохиролгүй болгож өгнө үү! ... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Б.Бат-Энх нь гэрээний зүйл заалтыг мэдэхгүй байна, гэрээний үүргийг биелүүлэхгүй байх талаарх асуудлыг ойлгохгүй байна гэж байхгүй. Өөрөө эрх зүйн дээд боловсролтой гэрээний зүйл заалт болгоныг маш сайн мэдэж байгаа. 2020 оны 05 дугаар сарын 01-ний байдлаар нэмэгдүүлсэн хүү нь 132,494 төгрөг, хүү нь 739,726 төгрөг, нийт 1,872,220 төгрөг болж байгаа. Тэрээр хүүг хасч тооцож өгнө үү гэх тайлбарыг гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.
Иргэний хуулийн 451.1-д зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг. Мөн Иргэний хуулийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан байна. Мөн Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-д зааснаар зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан байдаг учраас хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний заасан хугацаа дуусгавар болж зээлдэгч нь зээл зээлийн хүүг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашид уг хугацаанд зээл зээлийн хүүгийн төлбөр хэтэрсэн хугацааны хүүг төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ гэж үзэж байгаа. Гэрээнд заасан үүргийг хугацаа дууссан боловч үүргээ биелүүлээгүй зээлдэгчийн зээл энэхүү гэрээний 2.1.4-т заасан зээл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж заасан байгаа учраас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. ... гэжээ.
Хариуцагч Б.Бат-Энх нь шүүхэд гаргасан тайлбартаа:
...******* овогтой Бат-Энх би Гялс төгрөг ББСБ-ийн нэхэмжилсэн 1.872.220 төгрөгийг бүрэн төлөхөөс татгалзаж байна. Зээлийн хүүгийн өрийг хасаж өгнө үү! ... гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Гялс төгрөг Хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Б.Бат-Энх-д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 1,000,000 төгрөг, хүү 739,726 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 132.494 төгрөг нийт 1.872.220 төгрөг гаргуулахаар шаардсан байна.
Шүүх хариуцагч Б.Бат-Энх-д нэхэмжлэлийн хувийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гардуулсан боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн ч татгалзлын үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Шүүх хуралдааны товыг хариуцагчид түүний 89086076 утсаар мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна.
Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь заалтад заасан нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтад Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хэргийн баримтаас үзэхэд Гялс төгрөг Хадгаламж зээлийн хоршоо болон Б.Бат-Энх нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ/5629 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 1.000.000 төгрөгийн зээлийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэхээр талууд харилцан тохиролцсон байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээ нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Хариуцагч Б.Бат-Энх нь нэхэмжлэлийн хувийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гардаж авсан ба нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн боловч татгалзлын үндэслэл, түүнийг нотолсон баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Б.Бат-Энхээс үндсэн зээлийн үлдэгдэл 1.000.000 төгрөг, хүү 739.726 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 132.494 төгрөг нийт 1.872.220 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.3-т заасныг баримтлан Б.Бат-Энхээс 1.872.220 /нэг сая найман зуун далан хоёр мянга хоёр зуун хорин/ төгрөг гаргуулан Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршоонд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44.905 төгрөг 52 мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бат-Энхээс 44.905 төгрөг 52 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч Гялс төгрөг Хадгаламж зээлийн хоршоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ