Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 119/ШШ2023/0002

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “С” ХХК

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.П

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Н

         Хариуцагч: “Э” ТӨҮГазар, ТҮХ

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Х, П.О, М.Ж

         Гуравдагч этгээд: “В” ХХК

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.С, Б.Д нарын хоорондын  “Э” ТӨҮГ-ын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ДҮ-112-12/3931 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэр, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг даалгах, ТҮХ-ны 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаар шийдвэр, “Э” ТӨҮГ-ын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн  ДҮ-112-12/3930 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэр, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Э” ТӨҮГ “В” ХХК-тай байгуулсан “Худалдах-худалдан авах гэрээ”-г тус тус хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, хариуцагч “Э” ТӨҮГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, П.О, М.Ж, гуравдагч этгээд “В” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “С” ХХК “Э” ТӨҮГ болон ТҮХ-д холбогдуулан “ТҮХ-ны 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаар шийдвэр, “Э” ТӨҮГ-аас “Э” ТӨҮГазрын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ДҮ-112-12/3931 тоот мэдэгдэл болон 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 03/6247 тоот бүхий Монгол улсын Сангийн яамны шийдвэрийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалт болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь заалтыг тус тус үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож, тендер сонгон шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг даалгах” шийдвэр гаргуулахаар маргаж байна.

2. “С” ХХК нь “Э ТӨҮГ-ын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “Хавтант тэжээгүүр” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах  ЭҮТӨҮГ/2022012...  тоот нээлттэй цахим тендерт оролцжээ.

3. Хариуцагч “Э” ТӨҮГ-аас 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ДҮ-112-12/3931 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “С” ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг үндэслэн тендерт шалгараагүй гэж ТҮХ дүгнэснийг мэдэгдсэн байна.

4. 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

5. Нэхэмжлэгч “С” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

- “С” ХХК-д БНХАУ-ын “S” компаниас олгосон үйлдвэрлэгчийн итгэмжлэлийн англи хэлээр үйлдсэн баримт бичигт нотариатын баталгааны тэмдэг дараагүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэж хуулийн зүйл, заалтыг нь маш тодорхой заан тайлбарлан хүргүүлсээр байхад дахин Үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн эх хувийг нотариатаар гэрчлүүлээгүй, хөндлөн тэмдгээр баталгаажуулаагүй гэх хууль бус шийдвэрийг гаргасан гэж тодорхойлжээ.

6. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П  шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Э” ТӨҮГазрын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр зарлагдсан тендерт материалаа хугацаанд нь явуулсан. Тус тендер шалгаруулалт дуусаад манай компанид хариу ирсэн. Уг мэдэгдэлд 4-н албан бичиг шаардлага хангаагүй гэсэн хариуг ирүүлсэн. Манай компани уг асуудлаар Монгол улсын Сангийн яаманд гомдол гаргасан. Гомдлын хариуд дахин тендер шалгаруулалтыг 15 хоногийн хугацаатай явуулах албан бичиг ирээд дахин “Э” ТӨҮГазраас үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн их хувийг нотариатаар батлуулж, хөндлөн тамга дараагүй, үйлдвэрлэгчийн итгэмжлэл дээр гарын үсэг зурсан хүний албан тушаал байхгүй гэсэн мэдэгдлийг ирүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна.” гэв.  

7. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн өмгөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Хариуцагч талаас 4-н үндэслэлээр шаардлага хангаагүй байна гэсэн хариуг ирүүлсэн. Манай тендерээс татгалзсан нь үндэслэлгүй байсан учраас хуульд заасан хугацаанд Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам манай талын гомдлыг хүлээн авч, хариуцагч талын шийдвэрүүдийг бүхэлд нь хүчингүй болгож дахин тендер шалгаруулалт үнэлгээ хийхийг даалгасан. Сангийн яамны шийдвэр нь үндэслэлтэй тул бүрэн дэмжиж байгаа. Хариуцагч тал дахин үнэлгээ хийсэн. Хариуцагч тал 4-н үндэслэлээр татгалзаж байсан бол хоёр дахь удаагаа шалгахдаа хоёр үндэслэлийг буруу шалгасан байна гэж хүлээн зөвшөөрсөн. Дахин татгалзсан хоёр үндэслэл нь үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг нотариатаар батлуулаагүй, үйлдвэрлэгчийн итгэмжлэл дээр гарын үсэг зурсан хүний албан тушаал тавигдаагүй, тамга буруу дарагдсан байна гэсэн хариуг ирүүлж манай тендерээс татгалзсан. Сангийн яамнаас шийдсэн асуудал байхад дахин өмнөх тайлбараараа хоёр дахь удаагаа татгалзсан. Манай талаас хүлээн зөвшөөрөөгүй цаашилбал нэхэмжлэгчийг тендерт шалгаруулахгүй зориуд ийм хариуг удаа дараа өгч, тендерийн баримт бичигт тусгагдаагүй асуудлаар шалтаг шалтгаан болж татгалзсан гэж манай зүгээс үзэж байгаа. Сангийн яаманд хоёр дахь удаагаа хандсан. Сангийн яам шийдсэн асуудлыг дахин шийдэх боломжгүй тул хууль хяналтын байгууллагад хандана уу гэсэн хариуг ирүүлсэн. Сангийн яамнаас ирүүлсэн албан бичгийн дагуу шүүхэд хандсан. Татгалзаад байгаа нөхцөл байдлыг харах юм бол тендерийн өгөгдлийн хүснэгтийн, тендер шалгаруулах зааврын 18.6.2-т заасан татгалзаад байгаа нөхцөл нь нэг ойлголтод зэрэг хамаарч байгаа. Татгалзаж байгаа энэ үндэслэл, тайлбарыг харахаар манай компанийн тендерийн материалаас татгалзсан тийм үндэслэл байдаггүй. “Э” ТӨҮГазрын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ДҮ-112-12-/3931 тоот мэдэгдэл болон 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 03/6247 тоот шийдвэр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байгаа. Үүнд нэгдүгээрт “В” ХХК-ийн тус тендерт шалгаруулсан 2022 оны 08 дугаар сарын 29-ний шийдвэр, хоёрдугаарт  2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “В” ХХК-д гэрээ хийх эрх олгосон шийдвэр, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Э” ТӨҮГ болон “В “ХХК-тай байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгуулах, тендерийн сонгон шалгаруулалтыг хуульд нийцүүлсэн дахин хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна.” гэв.

8. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиалагчаас манай компанийн тендер шалгаруулалтаас татгалзсан дөрвөн үндэслэл нь хуульд нийцээгүй байсан тул Сангийн яаманд гомдол гаргасан. Өндрийн хэмжээ заагаагүй, он сар, тамга тэмдэг, албан тушаалтан тусгагдаагүй байна гэсэн ийм үндэслэл байсан. Сангийн яам албан бичигтээ маш тодорхой хариу ирүүлсэн байхад дээд шатны байгууллагынхаа шийдвэрийг үл хүндэтгэж дахин хууль бус шийдвэр гаргасан тул хүлээн зөвшөөрөхгүй байгаа.” гэв.

9. Хариуцагч “Э” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Э” ТӨҮГазар нь 2019 оны Монгол улсын Засгийн газрын тогтоолд “Э” ХХК статустай байж байгаад “Э” ТӨҮГ болон өөрчлөгдсөн. Үүнээс хойш Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу худалдан авалтын ажлыг хийдэг болсон. Энэ хуульд заасан шаардлагын дагуу худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн. Тус хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7.-т “барааны хувьд эрх бүхий байгууллагаас олгосон чанарын гэрчилгээ, үйлдвэрлэгчийн итгэмжлэл” гэж, 16.2.-т “энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт заана” гэж, 19 дүгээр зүйлийн 19.1.-т “захиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэнэ” гэж, 19.2.-т “тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгана” гэж тус тус заасны дагуу захиалагч Сангийн сайдын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 145 дугаар тушаалаар бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай тендерийн жишиг баримт бичгийг баталсан. Энэ жишиг баримт бичигт тавьсан шаардлагад нийцүүлэн 2020 оны 06 дугаар сард тус тендерийг зарласан. Цахимаар зарладаг учир тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулах боломжгүй байдаг. Тухайн жишиг баримт бичгийн 18.6.2-т “үйлдвэрлэгчийн итгэмжлэлийг албан ёсны хэвлэмэл хуудсанд нотариатаар гэрчлүүлэн, баталгаат орчуулгын газраар орчуулга хийлгэж, тамга, тэмдэг, гарын үсгээр баталгаажуулсан байна” гэж заасан. Тендерийг хугацаанд нь зарлаад 3-н компани оролцсон. Үнэлгээний хороо хуралдаад “В” ХХК-ийг шалгаруулсан. Захиалагчийн зүгээс мониторинг хийж үр дүнг танилцуул гэж цохолт хийсний дагуу дүгнэлт гаргаад энэхүү дүгнэлтээр үнэлгээний хороог зөв дүгнэлт хийсэн гэж шийдвэр гарсан. “С” ХХК нь хууль журмын дагуу Сангийн яаманд гомдол гаргасан. Гомдлын хариуд Хууль зүйн дотоод хэргийн яамны Сайдын 2011 оны 171 дугаар тушаалын хавсралтаар баталсан. Нотариатын үйлдэл хийх зааврын 2.7-т “баталгааны тэмдгийг баримт бичгийн баруун доод хэсэгт, нотариатчийн тамгыг баталгааны тэмдгийн зүүн дээд хэсэгт тус тус дарж гэрчилнэ. Олон хуудастай гэрээ, хэлцэл, баримт бичгийн хуудас бүрд нотариатчийн тамгыг уг хуудасны баруун доод хэсэгт бичвэр оруулан дарж, баримт бичгийн төгсгөлийн хуудсанд тамга, баталгааны тэмдэг дарна”, “нотариатч нь орчуулга хийх эрх бүхий этгээдийн эх хувийг баримтлан баталгаажуулан” гэж тус тус заасан байдаг. “С” ХХК нь БНХАУ-ын “S”компанийн  олгосон үйлдвэрлэгчийн итгэмжлэлийн англи хэл дээр үйлдсэн баримт бичигт нотариатчийн тамга тэмдэг дараагүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэсэн дүгнэлтийг Сангийн яамнаас ирүүлсэн. Мөн “С” ХХК нь саяны дурдсан компаниас олгосон үйлдвэрлэгчийн итгэмжлэлд албан тушаал гэх мэдээлэл байх боловч уг албан бичигт гарын үсэг зурсан хүний албан тушаал тодорхойгүй буюу бичигдээгүй байна гэсэн зүйлийг гомдлын хариу албан бичигт дурдсан байсан. Үйлдвэрлэгчийн итгэмжлэл олгосон албан бичгийг албан ёсны хэвлэмэл хуудас нь дээр нотариатаар гэрчлүүлэн баталгаат орчуулгын газраар орчуулга хийлгэж баталгаажуулсан эсэхийг хянан үзэх нь зүйтэй, гарын үсэг зурсан хүний албан тушаал тодорхойгүй байна гэж үзсэн дүгнэлтээр “С” ХХК-ийн тендерийн баримт бичиг нь бүрэн дүүрэн шаардлага хангаагүй гэж манай зүгээс дүгнэсэн. Сангийн яамны гомдол дээр Хууль зүйн дотоод хэргийн Сайдын нотариатын үйлдэл хийх журмын 2.7-д заасан өгүүлбэрийг хасаж гомдолд ирүүлсэн байсан. Нотариатын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “нотариатч нь тогтоосон загварын дагуу үйлдсэн тамга, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.” 13 дугаар зүйлийн 13.1.1-д “нотариатчийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, журам, заавар, аргачлалыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж заасан. Үүний дагуу Монгол улсын хууль зүй, дотоод хэргийн Сайдын 2011 оны 171 дүгээр тушаалын хавсралтаар нотариатын хийх үйлдлийн зааврыг баталж өгсөн. Уг хавсралтаар баталсан нотариатын үйлдэл хийх зааврын 2.7-д “баталгааны тэмдгийг баримт бичгийн баруун доод хэсэгт, нотариатчийн тамгыг баталгааны тэмдгийн зүүн дээд хэсэгт тус тус дарж гэрчилнэ. олон хуудастай гэрээ, хэлцэл, баримт бичгийн хуудас бүрд нотариатчийн тамгыг уг хуудасны баруун доод хэсэгт бичвэр оруулан дарж, баримт бичгийн төгсгөлийн хуудсанд тамга, баталгааны тэмдэг дарна” гэж заасан. “С” ХХК-ийн тендерт ирүүлсэн үйлдвэрлэгчийн итгэмжлэлийн баримт бичгийн хуудаст баталгааны тэмдэг дараагүй байсан. Энэ үйлдлийг хэрэгжүүлээгүй гэж ойлгож болно. Нотариатын үйлдэл хийх зааврын 2.8.-т “Тогтоосон маягтын дагуу бичигдэж, тусгайлан гэрчилгээ олгодог үйлдлийн хувьд маягтыг гараар бөглөж зөвхөн нотариатчийн тамга дарж гэрчилнэ, нотариатч гэрчилсэн баримт бичигт соёмбо бүхий нотариатчийн тамганы дугаарыг тод гаргаж, баталгааны тэмдгийн бичилтийг хийх ба баталгаат гарын үсгээ зурна, энэ шаардлагыг хангаагүй үйлдэл хүчингүйд тооцогдоно.” гэж заасан. Ийм шаардлагыг хангаагүй байсан. Эдгээр хууль тогтоомж, дүрэм, зааврын дагуу тендерийн материалын нэг хуудсыг албан ёсоор баталгаажуулж ирээгүй байна гэсэн үүднээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана.” гэж заасны дагуу “С” ХХК-ийн тендерээс татгалзсан. Захиалагч дахин үнэлгээний хорооноос гарсан шийдвэрийг хүргүүлсэн. Захиалагч “В” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон. Захиалагчийн зүгээс хуульд нийцсэн шийдвэр гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна.” гэв.

10. Хариуцагч “Э” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Ямар учраас нотариатч нь үйлдлээрээ аливаа бичиг баримтыг гэрчилдэг талаар Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.2-т “үйлчлүүлэгч хүсвэл нотариатчаар гэрчлүүлэхээр хуульд зааснаас бусад үйлдэл, баримт бичгийг үл маргах шинжтэй болгох зорилгоор гэрчлэх” гэж заасан. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэгчийн итгэмжлэлтэй маргах боломжгүй гэж гэрчилнэ. Нотариатч нь яаж гэрчлэх талаар манай зүгээс дэлгэрэнгүй тайлбарласан. “С” ХХК-ийг шалгаруулсан бол мөн адил “В” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаад явах байсан ийм дүр зураг харагдаж байна. Тендерт шалгарах бичиг баримтын шаардлагыг хангаагүй байсан тул шалгаруулах боломжгүй байсан. Тендерийн шаардлагад байхгүй шаардлагаар манай тендерийн материалаас татгалзсан гэж тайлбарлаад байгаа. Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д "баримт бичиг" гэж аливаа мэдээлэл тээгчид буулгаж тэмдэглэсэн, стандартаар тогтоосон бүрдэл бүхий баримтжуулсан албан ёсны мэдээллийг хэлнэ. Мөн хуулийн 4.1.7-д "баримт бичгийн бүрдэл" гэж баримт бичиг зохиож бүрдүүлэх, тэдгээрийг албан ёсны хүчинтэй болгоход зайлшгүй шаардлагатай хууль тогтоомж, стандартаар тогтоосон мэдээллийг” гэж тодорхойлсон байгаа. Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол цаасан суурьтай баримт бичиг стандартаар тогтоосон баримт бичгийн бүрдлүүдээр баталгаажна. MNS 5140-2: 2021 Баримт бичгийн бүрдэл, тэдгээрт тавих шаардлага гэсэн хавсралтын 5.17-д  “Гарын үсэг” бүрдэлд албан тушаалын нэр, гарын үсгийн тайлал орох бөгөөд том үсгээр голлуулан бичнэ гэсэн шаардлагуудыг хангаж ирүүлээгүй байсан.” гэв.

11. Хариуцагч “Э” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Захиалагчийн зүгээс мониторинг хийлгэх саналтайгаар шилжүүлсэн байдаг. Дүгнэлтийг үндэслээд 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “В” ХХК-ийн тендерт шалгарсан, шалгараагүй гэх мэдэгдлийг “С” ХХК-д тус тус цахимаар хүргүүлсэн. Сангийн яаманд “С” ХХК нь гомдол гаргаад үнэлгээний хороо дахин хуралдсан. 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “В” ХХК-д гэрээ байгуулах мэдэгдлийг, “С” ХХК-ийг тендерт шалгараагүй гэх мэдэгдлийг дахин цахимаар хүргүүлсэн. Үнэлгээний хороо тендерийн хугацаандаа ажлаа хийсэн.” гэв.

12. Гуравдагч этгээд “В” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч талыг дэмжиж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Сангийн яамны шийдвэрийг хүчингүй болгуулах тухай байсан. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр энэ Сангийн яамны шийдвэрийг хүлээн зөвшөөрч дэмжиж байна гэсэн тайлбарыг хэлж байна. Энэ шаардлагаасаа татгалзсан эсэх талаар ярьсангүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна” гэж заасан байдаг. Шүүхэд гаргасан нэхэмжлэл нь нотлох баримтын хүрээнд үнэлэгдээд явна. Сангийн яамны энэ шаардлагаасаа татгалзсан гэдгээ бичгээр гаргаж өгсөн зүйл байхгүй байна. Сангийн яамны ирүүлсэн албан бичигт тендерийн албан бичгийн шаардлагыг дахин хянан үзэх нь зүйтэй гэсэн болохоос биш тендер шалгаруулалтыг дахин явуул гэсэн зүйл бичээгүй. Энэ талаар хавтаст хэрэгт байхгүй байна. Нэхэмжлэгч талын тендер шалгаруулалтыг дахин шинээр хийлгэх мэтээр тайлбар гаргаад байгааг ойлгохгүй байна. Хариуцагч нарын яриад байгаа тамга, тэмдэг, тендерийн баримт бичиг, хууль тогтоомжууд үндэслэлтэй байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 1. Нэхэмжлэгч “С” ХХК нь “Э” ТӨҮГ-т холбогдуулан ““Э” ТӨҮГ-аас 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ДҮ-112-12/3931 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрийг хүчингүй болгож, тендер сонгон шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг даалгах” нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Хавтант тэжээгүүр” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах  ЭҮТӨҮГ/2022012... тоот тендерт Үнэлгээний хорооны 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгох, “Э” ТӨҮГ-ын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ДҮ-112-12/3930 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэрийг хүчингүй болгох, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Э” ТӨҮГ “В” ХХК-тай байгуулсан “Худалдах-худалдан авах гэрээ”-г хүчингүй болгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

2. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг  үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

3. Шүүх нэхэмжлэгч “С” ХХК-ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн “Хавтант тэжээгүүр” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах  ТҮХ-ны 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн  03 дугаар шийдвэрийг хүчингүй болгох, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “Э” ТӨҮГ-ын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн  ДҮ-112-12/3930 дугаар “В” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэрийг хүчингүй болгох, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Э” ТӨҮГ “В” ХХК-тай байгуулсан “Худалдах-худалдан авах гэрээ”-г хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, ““Э” ТӨҮГ-аас 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ДҮ-112-12/3931 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрийг хүчингүй болгож, тендер сонгон шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг даалгах” нэхэмжлэлийн үндсэн шаардлагын хүрээнд дүгнэлт өгч уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

4. Нэхэмжлэгч “С” ХХК нь “Э” ТӨҮГ-аас 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зарласан “Хавтант тэжээгүүр” сонгон шалгаруулах тендерт оролцож захиалагчийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн тендерт шалгараагүй тухай ДҮ-112-12/3931 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулахаар 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд анх нэхэмжлэл гаргасан бөгөөд 11 дүгээр сарын 01, 25-ны өдрүүдэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ТҮХ-ны шийдвэр, захиалагчийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “В” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” ДҮ-112-12/3930 дугаар мэдэгдэл, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн байгуулсан “Худалдах-худалдан авах гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлсэн нь хуулийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

5. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны Ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэж тусгайлан заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байдаг.

6. Сангийн яамны 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 03/6247  дугаар албан бичгээр гомдлыг шийдвэрлэж хариу өгснөөс хойш тооцон үзэхэд нэхэмжлэгч “С” ХХК нь “Хавтант тэжээгүүр” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ТҮХ-ны 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаар “В” ХХК-ийг шалгаруулсан шийдвэр, тус компанид гэрээ байгуулах эрх олгосон “Э” ТӨҮГ-ын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ДҮ-112-12/3930 дугаар шийдвэр, “Э” ТӨҮГ, “В” ХХК-тай 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан “Худалдах-худалдан авах гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 01, 25-ны өдрүүдэд гаргасан байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж шүүх дүгнэлээ.

7. Мөн маргаан бүхий актууд нь нэхэмжлэгч “С” ХХК-ийг “шаардлага хангаагүй” гэсэн үндэслэлээр татгалзсаныг мэдэгдсэн “Э” ТӨҮГ-ын 2022 оны ДҮ-112-12/3931 дугаар шийдвэрээс тусдаа буюу гуравдагч этгээд “В” ХХК-д чиглэсэн эрх зүйн үр дагавартай, бие даасан захиргааны актууд байгаа учраас тэдгээрийг хүчингүй болгуулахаар шаардсан нэхэмжлэлийг хүлээн авах эсэхийг шүүх шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр  зүйлийн 54.1 дэх хэсгийг бүхэлд нь шалгах шаардлагатай байдаг.

8. “Э” ТӨҮГ-аас 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ДҮ-112-12/3931 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрийг хүчингүй болгож, тендер сонгон шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг даалгах” нэхэмжлэлийн  үндсэн шаардлагын тухайд:

 Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

8.1. “Э” ТӨҮГ-ын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ДҮ-112-12/3931 дугаар мэдэгдлийг 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 03/6247 тоот бүхий Монгол улсын Сангийн яамны шийдвэрийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалт болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь заалтыг тус тус үндэслэн шийдвэрийг хүчингүй болгох”  гэж тодорхойлсон.   

8.2. “Э” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2022 оны  02 дугаар сарын 10-ны өдрийн А/60 дугаартай “Үнэлгээний хороод байгуулах тухай” тушаалын 6 дугаар хавсралтаар ”Хавтант тэжээгүүр” /ЭҮТӨҮГ/2022012..../ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулсны дагуу ТҮХ 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тендер сонгон шалгаруулалтыг зарласан байна.

8.3. ТҮХ 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тендерийг үнэлж, “Э” ТӨҮГ-ын хэрэгцээт “Хавтант тэжээгүүр” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах  ЭҮТӨҮГ/2022012... тоот тендерт Үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн “В” ХХК-ийн DDP-“Э” ТӨҮГ-ын агуулах нөхцөлөөр нийлүүлэх 2.131.800.000.00 төгрөгийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзжээ.  

8.4. Дээрх үнэлгээний хорооны дүгнэлтэд захиалагчийн зүгээс мониторинг хийж, Үнэлгээний хороо шаардлагад нийцсэн “хамгийн сайн” тендерээр үнэлсэн “В” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичиг нь батлагдсан тендерийн баримт бичгийн дагуу ирүүлсэн байх тул үнэлгээний хорооны шийдвэртэй санал нэг байна.” гэж дүгнэжээ.

8.5. Нэхэмжлэгч “С” ХХК-д 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн ДҮ-112-12/3618 дугаар “Мэдэгдэл”-ээр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг үндэслэн танай тендерийг шалгаруулаагүй гэж Үнэлгээний хороо дүгнэсэн”-ийг мэдэгдсэн ба “С” ХХК захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасны дагуу 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 03/5799 дугаар албан бичгээр ”С” ХХК-д БНХАУ-ын “S” компаниас олгосон үйлдвэрлэгчийн итгэмжлэлд албан тушаал гэсэн мэдээлэл байх боловч уг итгэмжлэл олгосон албан тушаалтан тодорхойгүй байна. БНХАУ-ын “S” компаниас итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдлыг тодруулж, тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийг ТШЗ 18.6.2-т “Үйлдвэрлэгчийн итгэмжлэлийг албан ёсны хэвлэмэл хуудсан дээр нотариатаар гэрчлүүлэн, баталгаат орчуулгын газраар орчуулга хийлгэж тамга гарын үсэг, тэмдэгтээр баталгаажуулсан байна.” гэсэн шаардлагад нийцсэн эсэхийг хянан үзэх нь зүйтэй.

Иймд захиалагчийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн ДҮ-112-12/3617 тоот гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, ДҮ-112-12/3618 тоот мэдэгдлийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож байна. ...” гэсэн хариуг хүргүүлжээ.  

8.6. Сангийн яамны албан бичгийн дагуу ТҮХ 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр дахин үнэлгээ хийж, “Э” ТӨҮГ-ын хэрэгцээт “Хавтант тэжээгүүр” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах  ЭҮТӨҮГ/2022012.... тоот тендерт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3, 28.7.4 дэх заалтуудыг үндэслэн үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн  “В” ХХК-ийн DDP-“Э” ТӨҮГ-ын агуулах нөхцөлөөр нийлүүлэх 2.131.800.000.00 төгрөгийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер” гэж үзэж, нэхэмжлэгч “С” ХХК-д 2022 оны 09 дугаар сарын 02-ны өдрийн ДҮ-112-12/3931 дугаар “Мэдэгдэл”-ээр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг үндэслэн танай тендерийг шалгаруулаагүй гэж үнэлгээний хороо дүгнэсэн”-ийг мэдэгджээ.

8.7. ТҮХ-ны 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хурлаар “С” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзээд ТШЗ-18.6.2-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэн Үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар нэхэмжлэгч компанийн ирүүлсэн тендерээс татгалзсан байна.

8.8. Тендерийн баримт бичгийн “Тендер шалгаруулалтын зааварчилгааны 18.6.2-т “Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл: “шаардлагатай” “үйлдвэрлэгчийн итгэмжлэлийг албан ёсны хэвлэмэл хуудсан дээр наториатаар гэрчлүүлэн, баталгаат орчуулгын газраар орчуулга хийлгэж тамга гарын үсэг, тэмдэгтээр баталгаажуулсан байна” гэж заасан байна.

8.9. Нэхэмжлэгч талаас тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-18.6.2-ыг хангаж, үйлдвэрлэгчийн зөвшөөрөл англи хэл дээр ирсэн ба түүнийг орчуулгын газраар орчуулга хийлгэн Нийслэлийн тойргийн нотариатч Ц.О-аар нотариатын баталгаажуулалт хийлгэсэн нь Монгол Улсын Наториатын тухай хууль, нотариатын үйлдэл хийх зааврын дагуу нотариатын үйлдлээр баталгаажуулан хүргүүлсэн гэж тайлбарласан боловч  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсонгүй гэж шүүх үзлээ.

8.10.  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7-д “ ... үйлдвэрлэгчийн итгэмжлэл” гэж заасны дагуу захиалагч байгууллага тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-18.6.2-т /ХХ-84 хуудас/ 1 дүгээрт үйлдвэрлэгчийн итгэмжлэлийг албан ёсны хэвлэмэл хуудсан дээр нотариатаар гэрчлүүлэх, 2 дугаарт  баталгаат орчуулгын газраас орчуулга хийлгэж тамга, гарын үсэг, тэмдэгтээр баталгаажуулахыг тус тус шаардсан байна.

8.11. Наториатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.4.4-т “хууль зүйн агуулга бүхий үйлдэл, баримт бичгийг хуульд заасан тохиолдолд болон шүүх, төрийн бусад байгууллагын хүсэлтээр гэрчлэх”,  49 дүгээр зүйлийн 49.1-д “Баримт бичгийн бүрэн буюу хэсэгчилсэн хуулбарын агуулга нь хуульд харшлаагүй бол нотариатч хуулбарыг эх хувьтай нь тулган шалгасны үндсэн дээр гэрчилнэ.”, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 171 дугаар “Заавар батлах тухай” тушаалын хавсралтаар баталсан “Нотариатын үйлдэл хийх заавар”-ын 2.7-д “Баталгааны тэмдгийг баримт бичгийн баруун доод хэсэгт, нотариатчийн тамгыг баталгааны тэмдгийн зүүн дээд хэсэгт тус тус дарж гэрчилнэ. Олон хуудастай гэрээ, хэлцэл, баримт бичгийн хуудас бүрд нотариатчийн тамгыг уг хуудасны баруун доод хэсэгт бичвэр оруулан дарж, баримт бичгийн төгсгөлийн хуудсанд тамга, баталгааны тэмдэг дарна.” 2.8-д “ ...Нотариатч гэрчилсэн баримт бичигт соёмбо бүхий нотариатчийн тамганы дугаарыг тод гаргаж, баталгааны тэмдгийн бичилтийг хийх ба баталгаат гарын үсгээ зурна. Энэ шаардлагыг хангаагүй үйлдэл хүчингүйд тооцогдоно.” гэж  хуульчилжээ.

8.12.  “С” ХХК-ийн   БНХАУ-ын “S” компаниас олгосон үйлдвэрлэгчийн итгэмжлэлд /ХХ-172 хуудас/ нотариатч зөвхөн тамга дарсан болох нь, харин гуравдагч этгээд “В” ХХК-ийн “Ш” ХХК-иас олгосон үйлдвэрлэгчийн итгэмжлэлд /ХХ-169 хуудас/ нотариатч  нотариатчийн тамга, баталгааны тэмдгийг дарсан болох нь тус тус хэрэгт нотлох баримтаар авагдсан ба нэхэмжлэгч “С” ХХК нь  захиалагчийн тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-18.6.2-д заасан шаардлагыг хангаагүй болох нь нотлогдож байна.  

8.13. Нэхэмжлэгч компани үйлдвэрлэгчийн итгэмжлэл, түүнийг орчуулсан  баримт хоёрыг 1 албан бичиг учраас орчуулга дээр нотариатч хуулийн дагуу баталгааны тэмдгийг баримт бичгийн баруун доод хэсэгт, нотариатчийн тамгыг баталгааны тэмдгийн зүүн дээд хэсэгт тус тус дарж гэрчилсэн учраас тендерийн баримт бичгийн шаардлагыг хангасан гэж тайлбарласан  нь үндэслэлгүй юм.

8.14. ТҮХ нь “С” ХХК-ийн тендерээс татгалзсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7-д “барааны хувьд эрх бүхий байгууллагаас олгосон  ...үйлдвэрлэгчийн итгэмжлэл.”,   27 дугаар зүйлийн 27.1-т “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ: 27.1.2.техникийн тодорхойлолт; 27.1.3.тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага;”, 27.3-д  “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.”, 27.4-д “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч тендерээс татгалзана” гэж тус тус заасныг зөрчөөгүй байна.

9. “Э” ТӨҮГ-аас зарласан “Хавтант тэжээгүүр" нийлүүлэгчийг сонгон шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг даалгах” нэхэмжлэлийн тухайд:

9.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн дагуу “Тендерийг хянан үзэх”,  28 дугаар зүйлд заасан “Тендер үнэлэх”, 29 дүгээр зүйлд заасан “Гэрээ байгуулах эрх олгох” шийдвэрүүдийг мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-д “Тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно.” гэж зааснаар Үнэлгээний хороо захиалагчид шийдвэрээ хүргүүлэх зохицуулалттай.

9.2. ЭҮТӨҮГ/2022012.. дугаартай “Хавтант тэжээгүүр” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт “С” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичиг шаардлага хангаагүй, нэхэмжлэгч компанийн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэр хууль зөрчөөгүй, хууль бус болох нь тогтоогдоогүй тул энэхүү даалгах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

10. Иймд Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт “ Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана.” гэснийг захиргааны байгууллага зөрчөөгүй тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.  

11. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн гэрч оролцуулах хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд уг хүсэлтээсээ татгалзсан учраас гэрчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдлаа.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан “С” ХХК-ийн “Э” ТӨҮГ, ТҮХ-д холбогдуулан гаргасан “ТҮХ-ны 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаар шийдвэрийг  хүчингүй болгох”, “В” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ДҮ-112-12/3930 дугаар шийдвэрийг хүчингүй болгох”, “2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Худалдах-худалдан авах гэрээ”-г хүчингүй болгох” нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7,  27 дугаар зүйлийн 27.4  дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн “Э” ТӨҮГ-т холбогдуулан гаргасан “Э” ТӨҮГ-ын 2022 оны оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ДҮ-112-12/3931 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэр, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280.800 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож,  “С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.БОЛОРМАА