Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 82

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2017/0083/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга: Н.Болор-Уянга

Улсын яллагч: Ц.Цэен-Ойдов

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Л.Наранчимэг

Шүүгдэгч: Б.Мөнгөншагай нарыг оролцуулан 

Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 153 дугаар зүйлийн 153.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халзад овогт Баярсайханы Мөнгөншагайд холбогдох 201623000212 тоот эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Биндэр суманд 1989 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж ахын хамт Хэнтий аймгийн Биндэр сумын 3 дугаар баг Өвөр тохой гэх газар оршин суух Халзад овогт Баярсайханы Мөнгөншагай /РД: СЖ89020851/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэнд дурдсанаар /

Шүүгдэгч Б.Мөнгөншагай нь 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын төвд 59-03 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ар талын жижиг хаалганы шил рүү чулуу шидэж хагалж хохирогч П.Ренчинсамбууд 100.000 төгрөгийн хохирол учруулсан, уг шил хагарах үед хэлтэрхий нь М.Болдбаатарын толгой газар онож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Хохирогч П.Ренчинсамбуугийн мөрдөн байцаалтад өгсөн: ... Би Мөнгөншагайг Биндэр сумын төвд гудамжинд морь унаад зогсож байхад нь чи юундаа муухай хараав, хүний морь уначихаад гуйлгачин царайлчихаад гэж хэлсэн. Мөнгөншагай миний тэгж хэлсэн үгэнд уурлаад миний автомашин руу чулуу авч шидэж автомашины ар талын жижиг цонхыг хагалсан юм. Тэр хагарсан цонхны жижиг хэлтэрхий миний авто машины арын суудалд сууж байсан М.Болдбаатарын толгойн тус газар онож зүсчихсэн юм. ... гэх мэдүүлэг. /хх-ийн 77-78хуу/

Хохирогч М.Болдбаатарын: ... Шаазгай голын гарамын урд байдаг хүнсний дэлгүүрийн хажууд Мөнгөншагай ганцаараа морьтой зогсож байсан. Тэгээд бид нарыг хажуугаар нь гарахад Мөнгөншагай морьноосоо буугаад газраас нэг зүйл аваад мордохоор нь бид нар Мөнгөншагайгаас зугтаасан. Мөнгөншагай араас морьтой хүрч ирээд гартаа барьсан зүйлээрээ Ренчинсамбуугийн машин руу чулуу шидсэн. Тэгээд Мөнгөншагайгийн чулуудсан чулуу ар талын жижиг хаалганы цонхыг хагалсан. Машины цонх хагарахад бутарсан шил нь миний толгойн ар хэсэгт зүссэн байсан. Ренчинсамбуу нь яалтачгүй чи юундаа муухай хараад байгаа юм. Хүний морь уначихаад гуйлгачин царайлчихаад гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 19-20, 77 хуу/

Гэрч Д.Намхайдоржийн: ... Би хойшоо эргээд машинтай явсан. Тэгтэл биднийг явах замд Мөнгөншагай морьтой гудамжинд зогсож байсан. Ренчинсамбуу Мөнгөншагайн дэргэд очиж зогсоод чи юундаа муухай хараад байгаа юм, хүний морь уначихаад гуйлгачин царайлчихаад гэж хэлээд автомашинтайгаа хөдлөөд явсан. Тэгээд машинтайгаа хойшоо явж байгаад Шаазгайн гол гараад баруун тийшээ эргэсэн. Тэгтэл гэнэт пад хийсэн чимээ гарсан. ... гэх мэдүүлэг. /хх-ийн 81хуу/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 161 тоот дүгнэлт:

М.Болдбаатарын биед толгойн ар дагзны хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь толгойн ар дагзны хэсэгт үүссэн байх ба ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт. /хх-ийн 22хуу/

Эд зүйлийн үнэлгээ. /хх-ийн 23хуу/

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 74хуу/

Шүүгдэгч Б.Мөнгөншагайгийн: ... тухайн хэрэг болдог өдөр Ренчинсамбуу намайг хүний морь уначихаад гуйлгачин царайлчихаад ямар том юм гээд хэл амаар доромжилсон болохоор машиных нь цонхийг хагалъя гэж бодоод түүний араас чулуугаар шидсэн гэх мэдүүлэг зэрэг болно.

Шүүгдэгч Б.Мөнгөншагай нь 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын төвд хохирогч П.Ренчинсамбуугийн зүй бус үйлдлийн улмаас түүний 59-03 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ар талын жижиг хаалганы шил рүү чулуу шидсэний улмаас хагалж бусдын эд хөрөнгийг гэмтээх гэмт хэргийг үйлдсэн,

Улмаар тухайн чулууг шидсэний улмаас машины ар талын жижиг цонх хагарч дотор нь сууж явсан М.Болдбаатарын толгойн ар дагзны хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл үүсгэж бусдын биед хөнгөн гэмтэл учруулсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч М.Болдбаатарын ... Мөнгөншагай араас морьтой хүрч ирээд гартаа барьсан зүйлээрээ Ренчинсамбуугийн машин руу чулуу шидсэн. Тэгээд Мөнгөншагайгийн чулуудсан чулуу ар талын жижиг хаалганы цонхыг хагалсан. Машины цонх хагарахад бутарсан шил нь миний толгойн ар хэсэгт зүссэн байсан. ... Хүний морь уначихаад гуйлгачин царайлчихаад гэж хэлсэн гэх мэдүүлэг, хохирогч П.Ренчинсамбуугийн ... Би Мөнгөншагайг Биндэр сумын төвд гудамжинд морь унаад зогсож байхад нь чи юундаа муухай хараав, хүний морь уначихаад гуйлгачин царайлчихаад гэж хэлсэн. Мөнгөншагай миний тэгж хэлсэн үгэнд уурлаад миний автомашин руу чулуу авч шидэж автомашины ар талын жижиг цонхыг хагалсан юм. Тэр хагарсан цонхны жижиг хэлтэрхий миний авто машины арын суудалд сууж байсан М.Болдбаатарын толгойн тус газар онож зүсчихсэн юм гэх мэдүүлэг,  гэрч Д.Намхайдоржийн ... Ренчинсамбуу Мөнгөншагайн дэргэд очиж зогсоод чи юундаа муухай хараад байгаа юм, хүний морь уначихаад гуйлгачин царайлчихаад гэж хэлээд автомашинтайгаа хөдлөөд явсан. Тэгээд машинтайгаа хойшоо явж байгаад Шаазгайн гол гараад баруун тийшээ эргэсэн. Тэгтэл гэнэт пад хийсэн чимээ гарсан. ... гэх мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Иймд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мөнгөншагайд холбогдуулан Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 153 дугаар зүйлийн 153.1-т заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнд ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч нар шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хавтаст хэргийн 100-101 дүгээр хуудсан авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Мөнгөншагайгийн М.Болдбаатарын биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийн хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлуудыг нь харгалзан үзэж түүнийг эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж уг үйлдлийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Мөн бусдын эд хөрөнгийг гэмтээх гэмт хэргийн үйлдэлд нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг нь харгалзан үзээд түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ  НЬ :

1. Шүүгдэгч Халзад овогт Баярсайханы Мөнгөншагайг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах, бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнгөншагайд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнгөншагайг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар шүүгдэгч Б.Мөнгөншагайг 01 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнгөншагайд оногдуулсан 01 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

    5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5-т зааснаар шүүгдэгч Б.Мөнгөншагайд оногдуулсан 01 жил хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавиж ажиллахыг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Мөнгөншагайд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ     Ц.МӨНХТУЛГА