Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 715

 

 

МАГАДЛАЛ

 

2019.04.22                                                 Дугаар 715                                      Улаанбаатар хот

 

 

 

“ЭӨ 48 ” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2019/00335 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ЭӨ 48 ” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч “БДХ” ХХК-д холбогдох,

 

Оршин суугчдаас хууль бусаар хураасан гэм хорын хохирол 25 095 000 төгрөг гаргуулах, орон сууцны эд хөрөнгө, орон сууцны барилгад холбогдох ажлын зураг, холбогдох бусад баримт, сууц өмчлөгчдийн холбооны ажлыг хүлээлгэн өгөхийг даалгах, орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөд учирсан доголдол, эвдрэл гэмтлийг арилгуулах тухай иргэний хэргийг,  

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Ж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.П,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, С.Шаравын гудамж, ЭӨ 48 орон сууцны барилгыг дахин төлөвлөлтийн дагуу “А ” ХХК, “Т ” ХХК, “АӨ ” ХХК, “СЭ ” ХХК барьж 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ашиглалтад оруулсан байдаг. “А ” ХХК барилгыг байнгын ашиглалтад оруулсны дараа орон сууцны ашиглалтыг “БДХ ” ОСНААК-т гэрээгээр хүлээлгэж өгсөн гэдэг Хэдийгээр барилга ашиглалтад ороод удаагүй ч иргэд, оршин суугчдаас барилгын эд хөрөнгийн доголдлын талаар, мөн орон сууцны ашиглалт, цэвэрлэгээ, хог ашиглалттай холбоотой төлбөр хураамжийн талаар маш их гомдол, санал гарч байсан, байсаар байна. Оршин суугчид бид “А ” ХХК болон “БДХ ” ОСНААК-тай удаа дараа уулзаж, шаардлага хүргүүлдэг боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд дорвитой арга хэмжээ авалгүй, ажил хийлгүй оршин суугчдаас хууль бусаар ашиглалтын гэх мөнгө хурааж өнөөдрийг хүрсэн. “БДХ ” ОСНААК сууц өмчлөгчдийн өмнөөс үйл ажиллагаа явуулах эрхгүй. Тус байрны оршин суугчид бид 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргад хүсэлтээ уламжилж, хуулийн дагуу албан ёсоор худалдаж авсан орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх, эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор “ЭӨ 48 ” СӨХ-г үүсгэн байгуулсан билээ. СӨХ-г албан ёсоор байгуулсны дараа “БДХ ” ОСНААК-оос орон сууцны ашиглалт, цэвэрлэгээ, үйлчилгээтэй холбоотой ажлыг “ЭӨ 48 ” СӨХ-нд хүлээлгэн өгөхийг шаардаж, оршин суугчдаас хууль бусаар мөнгө хураахгүй байхыг анхааруулсаар атал энэхүү хууль бус ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, тодруулсан бөгөөд “БДХ ”    ОСНААК-оос 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацааны оршин суугчдаас хууль бусаар хураасан орлого 25 095 000 төгрөгийг гаргуулж, орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөд учирсан доголдол эвдрэл гэмтлийг арилгахыг даалгаж, мөн “ЭӨ 48 ” СӨХ-нд холбогдох орон сууцны дундын эд хөрөнгө, орон сууцны барилгад холбогдох ажлын зураг, холбогдох бусад бичиг баримт, сууц өмчлөгчдийн холбооны ажлыг хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.  

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Манай компани нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр оршин суугчдыг ус, дулаан, эрчим хүчээр хангах, дамжуулан түгээх үйл ажиллагаа явуулдаг. Барилга ашиглалтад орж улсын комисс хүлээн авсаны үндсэн дээр ус, дулаан, цахилгаантай холбоотойгоор тусгай зөвшөөрөл бүхий хангах байгууллагууд буюу ОСНААК-т тухайн барилгын захиалагчийн зүгээс хүлээлгэн өгдөг. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд орших 48 дугаар байр нь 2016 оны 10 дугаар сард ашиглалтад орж барилгын захиалагч болон оршин суугчдын зүгээс хүсэлт тавьсаны үндсэн дээр манай компани тухайн байрны ус, дулаан дамжуулах төв болон гадна доторх инженерийн шугам сүлжээг өмчлөлдөө шилжүүлэн авч 2017 оны 02 дугаар сараас оршин суугчдыг ус, дулаан, цахилгаанаар хангаж эхэлсэн болно. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6 дахь хэсэгт заасан 1+3 жилийн хугацааны хүрээнд барилгын захиалагч болох “А ” ХХК-тай 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нийтийн эзэмшлийн талбайн ашиглалт үйлчилгээг шилжүүлэх гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний үндсэн дээр манай компани тухайн байрны нийтийн эзэмшлийн талбай, орцны цэвэрлэгээ, гэрэлтүүлэг лифтний засвар үйлчилгээ, нийтийн эзэмшлийн ус, дулаан, цахилгааны төлбөр, харуул хамгаалалт, үйлчлэгч, хогны төлбөр зэргийг хариуцан ажиллаж ирсэн болно. “А ” ХХК нь дээрх үйл ажиллагааг өөрсдөө явуулах боломжгүй гэж манай компанид хүсэлт тавьснаар “БДХ ” ОСНААК нь энэхүү СӨХ-ны үйл ажиллагааг нь хүлээн авч өнөөдрийг хүртэлх хугацаанд явуулж байна. Дээрх гэрээний үндсэн дээр нийтийн эзэмшилтэй холбоотой асуудлууд нийт оршин суугчдын аюулгүй байдал, харуул хамгаалалтын асуудал хотхоны гадна доторх тохижилт, лифтний бүрэн бүтэн байдал, эвдрэл гэмтэл, засвар үйлчилгээг хариуцах, нийтийн эзэмшлийн камержуулалт, лифт хариуцах зэргийг тусгасан байх бөгөөд энэхүү үйл ажиллагааг өнөөдрийг хүртэлх хугацаанд хэрэгжүүлэн явж байна. 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тухайн байрны оршин суугчдаас хэсэг бүлэг хүмүүс хууль бус СӨХ байгуулан явж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн мэдэгдлийг хэд хэдэн оршин суугч албан ёсоор бүх оршин суугчдын гарын үсгийн хамт өгсөний дараа Н.Ж гэх хүн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “А ” ХХК-д хаягласан “ЭӨ 48 ” СӨХ-ны бланк бүхий албан бичгийг манай компанид өөрийн биеэр хүргэж ирсэн. Манай компани уг албан бичгийн хариуг 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр өгсөн бөгөөд тухайн хугацаанаас хойш ямар нэгэн байдлаар дээрх СӨХ-ны үйл ажиллагааг өөрсдөө хүлээн авах талаар  нэг ч удаа манайд хандаагүй. Учир нь үнэхээр дээрх “ЭӨ 48 ” СӨХ нь хууль ёсны болсон бол нийтийн эзэмшлийн цахилгаан, хог, ус, дулаан, лифт зэргийн төлбөрийг СӨХ-ны нэр дээр эрх бүхий байгууллагуудад албан ёсоор хүсэлт гарган хандаж дээрх төлбөр тооцооны гэрээг шилжүүлэн авах ёстой байсан боловч ийм үйлдлийг хийгээгүйн улмаас одоо хүртэл манай компани дээр төлбөр нь гарсаар байна. Нэхэмжлэгчийн гаргасан хууль бусаар олсон орлого 7 340 000 төгрөг, хариуцагчаас хууль бусаар хураасан гэм хорын хохирол 25 095 000 төгрөг гаргуулах шаардлагыг огт ойлгохгүй байгаа бөгөөд хэн гэдэг оршин суугчаас ямар байдлаар яаж хууль бус орлогыг хураасан талаар огт дурдаагүй байдаг. Мөн түүнчлэн манай компани эд хөрөнгийн доголдол эвдрэл гэмтэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхгүй бөгөөд Барилгын тухай хуульд заасны дагуу доголдол, эвдрэл гэмтлийг “А ” ХХК 3+1 баталгаат хугацаанд хариуцан шийдвэрлэж байгаа болно. Дээрх СӨХ-ны үйл ажиллагааг манай компани баталгаат хугацаанд нь хариуцан ажиллахаар дээрх барилгын компанитай гэрээ хийсэн тул “А” ХХК нь гэрээний нэг талын хувьд нэхэмжлэлийн шаардлагатай илүү хамааралтай байгааг шүүх анхаарч үзэхийг хүсч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Шүүх: Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Шаравын гудамж хаягт байрлах 48 дугаар орон сууцны барилгад холбогдох ажлын зураг, холбогдох бусад баримт, сууц өмчлөгчдийн холбооны ажлыг нэхэмжлэгч “ЭӨ 48 ” СӨХ-д хүлээлгэн өгөхийг хариуцагч “БДХ ” ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасныг баримтлан гэм хорын хохиролд 25 095 000 төгрөг гаргуулж, дундын өмчлөлийн зүйлд учирсан доголдол эвдрэл, гэмтлийг арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 450 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Дундын өмчлөлийн эд хөрөнгийн эвдрэл доголдлыг тодорхойлж үнэлгээ хийлгэн барилгын шинжээч томилуулах хүсэлтийг шүүхэд гаргасан ч шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн доголдлын талаарх фото зургийг хэрэгт хавсрагасан. Мөн лифт хариуцаж байсан “ХЭ ” ХХК-ны захирал н.Б-ийн  гэрчийн мэдүүлэг, эвдэрсэн эд зүйлийг засхад шаардлагатай барааны үнийн нэхэмжлэх, оршин суугчдын төлөөлөл шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдох боломжтой байхад шүүх хэт нэг талыг барьж нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэдийгээр “ЭӨ 48 ” СӨХ байгуулагдсан боловч энэ байгууллага нь байгуулагдсан үеэсээ СӨХ-ны үйл ажиллагааг хууль ёсны дагуу явуулах ямар ч хүсэл зориггүй байсан бөгөөд манай компани 2018 оны 3 дугаар сард дээрхи “ЭӨ 48 ” СӨХ-ны удирдлага гэх нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Ж-д үйл ажиллагаагаа хүлээн авахыг хүссэн хүсэлт шаардлагыг удаа дараа гаргасан боловч бодитойгоор хэрэгжүүлээгүй бөгөөд дээрхи шаардлагад дурьдсан орон сууцны барилгад холбогдох ажлын зураг, холбогдох бусад баримт гэх баримтууд манай дээр байхгүй захиалагч байгууллага болох “А ” ХХК-д байгаа бөгөөд манай компани барилгын тухай хуульд заасан барилгыг зүгрүүлэх, тохируулах хугацааны үндсэн дээр 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “А ” ХХК-тай орон сууцны ашиглалтыг хариуцах хамтран ажиллах гэрээг байгуулсан болно. Гэрээний үндсэн дээр нийтийн эзэмшлийн дулаан, ус, үйл ажиллагааны зардлыг банкинд код үүсгэн төлбөрийг оршин суугч болон “А ” ХХК-иас авч дулаан, цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах үйл ажиллагааг явуулсан бөгөөд тухайн байрны зарим хэсэг худалдагдаагүй тул захиалагч байгууллага үйл ажиллагааны зардлыг төлж байсан болно. Түүнчлэн дээрхи нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор “А ” ХХК-ийн гуравдагч этгээдээр татуулах, гэрчээр оролцуулах хүсэлтийг гаргаж байсан боловч шүүх хүлээн аваагүй. Дээрхи захиалагч байгууллага нь орон сууцны барилгын зураг болон холбогдох бусад баримт бичиг гэх баримтуудыг манайд хүлээлгэн өгөөгүй бөгөөд шүүхийн шийдвэрт тусгагдан манайхаас гаргуулахаар заасан баримт бичиг, барилгын зураг нь “А ” ХХК-д хадгалагдаж байгаа болно. Анхан шатны хоёр байгууллагын хооронд хийгдсэн гэрээг таслан СӨХ-тэй холбоотой үйл ажиллагааг хулээлгэн өгөхөөр шийдвэр гаргасан нь ойлгомжгүй бөгөөд манай компани болон “А ” ХХК-ийн хооронд хийгдсэн нийтийн эзэмшлийн талбайн ашиглалт үйлчилгээг шилжүүлэх гэрээгээр “ЭӨ 48 ” СӨХ-ийн өмнө үүрэг хүлээсэн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч хариуцагчаа буруу тодорхойлсон гэж хариуцагч талаас удаа дараа хэлж байсан болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “ЭӨ 48 ” СӨХ нь хариуцагч “БДХ ” ХХК-д холбогдуулан оршин суугчдаас хууль бусаар хураасан гэм хорын хохирол 25 095 000 төгрөг гаргуулах, орон сууцны эд хөрөнгө, орон сууцны барилгад холбогдох ажлын зураг, холбогдох бусад баримт, сууц өмчлөгчдийн холбооны ажлыг хүлээлгэн өгөхийг даалгах, орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөд учирсан доголдол, эвдрэл гэмтлийг арилгуулахаар нэхэмжилж, хариуцагч уг шаардлагыг баримт бичиг зураг, төсөл байхгүй гэж маргажээ.

Хэргийн баримтаас үзвэл анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан хэрэг үүсгэсэн шүүгчийн гүйцэтгэвэл зохих ажиллагааг дутуу хийсэн гэж үзэхээр байна. Тухайлбал, хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зохицуулсан байхад энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаагүй нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй.

Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад “орон сууцны барилгад холбогдох ажлын зураг, холбогдох бусад баримт бичгийг гаргуулахаар хариуцагчид даалгахаар байгаа боловч хэнд байгаа нотлох баримт, ямар ажлыг хүлээн авахаар шаардаж байгаа нь тодорхой бус байгааг шүүх тодруулаагүй байна.

Дээрх нотлох баримтыг үндэслэн талуудын хооронд дундын эд хөрөнгийн эвдрэл гэмтлийн талаарх маргаантай харилцаа үргэлжилж байгаа эсэх, СӨХ-ны баримт бичиг нь, барилга ашиглалтад оруулсан байгууллага СӨХ-нд баримт бичиг шилжүүлж өгөөгүйтэй холбоотой хохирол учирсан эсэх, эрхтэй зэргийг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Энэ тохиолдолд хэргийн оролцогч хохиролыг шаардах нь тухайн баримтыг өөрөө гаргах боломжгүй буюу нөгөө талд уг нотлох баримт байгаа бол шүүхийн журмаар гаргуулах эрхтэй.

Түүнчлэн, нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүх хуралдааны явцад иш татаж буй баримтыг анхан шатны шүүхэд гаргаагүй тул талуудын тайлбарт заасан баримт бичгийг хариуцагч тал бодитой ашиглаж байгаа эсэх талаар үйл баримтыг тодруулалгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн маргааны үйл баримтыг дүгнэх боломжгүй юм.

Дээрх нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2019/00335 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 353 625 төгрөг, хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    М.НАРАНЦЭЦЭГ