Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2021/ДШМ/06

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Г.Уламбаяр, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                          Прокурор Г.Цолмонгэрэл

                                          Хохирогч Х.Л

                                                       Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа

                                                     Шүүгдэгч Д.О

                                                       Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаярын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын       28-ны өдрийн 2020/ШЦТ/188 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Д.О-д холбогдох эрүүгийн 1826004320090 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Д.О нь иргэний нэхэмжлэгч Э.Бы эзэмшлийн улаан өнгийн хово маркын ачааны автомашин, шар өнгийн улсын дугааргүй World  маркын ковш 1 ширхэг, гар аргаар хийсэн жижиг оврын усан буу 1 ширхэг, жижиг оврын дизель мотор 1 ширхэг, иргэний нэхэмжлэгч Д.Д-н эзэмшлийн улсын дугааргүй Hyundai Robeh 3000LC-7 маркын экскаватор 1 ширхгийг тус тус ашиглан 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр, 2018 оны 08 дугаар сарын 30-наас 31-ний өдрийн хооронд, 2018 оны 09 дүгээр сарын 04-нөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд нийт 29 хоног орчим Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн нутаг Өвөр бүргэдэй гэх газар хойд өргөрөгийн 46°39 09.2 '46°33 09.6 , зүүн уртрагийн 102°14 57.1“-102°14 56.0, хойд өргөрөгийн 46°33 07.9-46°33 07.9”, зүүн уртрагийн 102°14 58.2“-102°14 58.0, хойд өргөрөгийн 46°33 01.1”-46°33 00.5, зүүн уртрагийн 102°14 56.7“-102°14 57.0, хойд өргөрөгийн 46°32 01.1-46°32 59.3, зүүн уртрагийн 102°14 54.4-102°14’ 55.3 гэсэн солбицол бүхий цэгүүдэд төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаа явуулж байгаль экологид 3285504.78 төгрөгийн хохирол учруулсан,

 

мөн 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 21 цагийн орчим Өвөрхангай аймгийн Уянга сумын Онги 8 дугаар багийн Жаргалант хорооллын 06-01 тоотод байрлах иргэн Ц.Баасандоржийн хашааны үүдэнд Г.А-г зодож тархи доргилт, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу зүүн хацрын төвгөр зүүн чихний дэлбэн, хүзүү хоолой, цээж, баруун зүүн гарын бугалга, баруун зүүн хөлийн гуя хэсэгт зулгаралт, цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргүүдэд тус тус холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Хорьд овогт Д.О-г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 7000000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1000000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял болох нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1000000 төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хүнд ял болох долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 7000000 төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 8000000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Од оногдуулсан найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 8000000 төгрөгөөр торгох ялыг 1 жил 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдан, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдан, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Ооос байгаль орчинд учирсан хохирол 3285504.78 төгрөг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөх зардал 4672202.85 төгрөг нийт 7957707.63 төгрөг, Д.Оы эвдрэлд оруулсан талбайн нөхөн сэргээлтийн зардал 4963387.16 төгрөг, усны нөөцөд учруулсан хохирол 10988544 төгрөгийг бүгд 23909638.79 төгрөг гаргуулж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Ооос 301178 төгрөг гаргуулж хохирогч Г.Ад олгохоор, хохирогчийн нэхэмжилсэн 16006606 төгрөгийн нэхэмжлэлээс 15705428 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Г.А нь хэлэлцэхгүй орхисон хохирол 15705428 төгрөгийн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  шүүгдэгч Д.Оы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй Word-30 маркын ковшийн үнэ  10000000 төгрөг, жижиг оврын усан бууны үнэ 500000 төгрөг, жижиг оврын дизель моторын үнэ 500000, Хово маркын ачааны автомашины үнэ 8000000 төгрөг, улсын дугааргүй Хьюндэй Robex 3000LC7 маркын эксковаторын үнэ 18000000 төгрөг нийт 37000000 төгрөгийг шүүгдэгч  Д.Ооос гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох шинжээчийн хөлс 1000000 төгрөгийг шүүгдэгч Д.Ооос гаргуулж “Монслав” ХХК-д олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна. “АУМ алт” ХХК-ийн захирал Ц.М гэдэг хүн шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгт татан оруулсан гэдэг нь Д.Оы мэдүүлэг, шүүгдэгч Д.Оы утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, Ц.М болон Д.Оы дансны хуулга, гэрч Зоригтын мэдүүлэг зэргээр нотлогдсон байхад Ц.М гэдэг хүнийг яллагдагчаар татаагүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч хатгагч гэнэ”, 3.5 “...дэмжлэг үзүүлсэн хүнийг...хамжигч гэнэ” гэж заасан. Шүүгдэгч Д.О нь Ц.М гэх хүнийг уул уурхайн ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлөөр ашигт малтмал олборлодог “АУМ алт” ХХК-ийн захирал хүн учраас итгэж, асуудал гарвал арыг нь даана гэсэн үгэнд нь итгэж нөгөө талын санал болгосны дагуу “нөхөн сэргээлтийн гэрээ”-нд гарын үсэг зурж шаардсан мөнгийг нь өөрийн данснаас Ц.М гуайн данс руу шилжүүлсэн байдаг. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хоёр тал анхнаасаа нөхөн сэргээлт хийх хүсэл зориггүй, ашигт малтмал олборлох санаа зорилготой байсан гэдэг нь нотлогддог. Энэхүү гэрээ дээр үндэслэн хийсэн Д.Оы үйлдлийг цагдаа, прокурорын байгууллага гэмт хэрэгт тооцож шүүх ял оногдуулсан байхад Ц.М гэх хүнийг яагаад яллагдагчаар татахгүй байна вэ гэдгийг гайхаж байна. Цаашлаад ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хуулийн этгээд холбогдох төрийн байгууллагатай байгуулсан гэрээ, гэрээгээр хүлээсэн үүрэг, ашигт малтмалын тухай хуулиар болон холбогдох бусад олон хууль журмаар хүлээсэн эрх үүргийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах ёстой. Ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй компани бусдад ашиглах эрх шилжүүлж болох уу? Нөхөн сэргээлтээ хэрхэн хийх үү гэдгийг холбогдох хууль, журам, гэрээнд нарийвчлан заасан байгаа. Дээрх хууль журмыг зөрчвөл хэрхэн хуулийн хариуцлага хүлээх үү гэдэг нь гэрээ болон зөрчлийн хууль, эрүүгийн хуульд мөн заасан байгаа. 2018 оноос хойш Уянга суманд үйлдэгдсэн гэх хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргүүд үйлдэгдэх болсон шалтгаан нөхцлүүд хууль ёсны дагуу ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдүүдтэй холбоотой байгаа. Нөхөн сэргээлтийн гэрээ гэсэн халхавч ашиглан иргэдээс мөнгө авч ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүй талбайд иргэдээр олборлолт хийлгэдэг гэдэг нь шүүхээр шийдэгдсэн олон хэргүүд дээр тогтоогдсон. Иймд энэхүү гэмт хэргээс урьдчилан сэргийлье, таслан зогсооё гэвэл нөхөн сэргээлтийн гэрээ байгуулаад иргэдтэй хамтарч ашиг хүртээд байгаа хуулийн этгээдүүдэд холбогдох хуулийн дагуу зөрчлийн болон эрүүгийн хэргүүдийг үүсгэн шалгаж хуулийн хариуцлага хүлээлгэж, захирлуудыг нь гэм буруутайд тооцогдоод байгаа иргэдтэй нь хамт гэмт хэрэгт хамтран оролцогчоор татан оролцуулж яллагдагчаар татаж хуулийн хариуцлагыг нь хүлээлгэх хэрэгтэй. Мөн энэ хуулийн этгээдүүдийн иргэдтэй нөхөн сэргээлтийн гэрээ хийгээд байгаа үйлдэл нь хууль ёсны эсэхийг шалгуулахаар ашигт малтмал, газрын тосны газар руу цагдаа прокурорын байгууллага чиг үүргийнхээ хүрээнд хуульд заасны дагуу албан бичиг, мэдэгдэл явуулах ёстой гэж бодож байна. Өмнө манай аймагт шүүхээр шийдэгдсэн энэ төрлийн гэмт хэргүүд дээр гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан хуулийн этгээдүүд бүгд хуулийн хариуцлагаас мултарсан. Энэ хэрэг дээр энэ тохиолдолд Эрүүгийн хуулийг хэрхэн хэрэглэхийг Улсын дээд шүүх хүртэл явж жишиг тогтоохыг хүсч байна. Шүүгдэгч Д.О нь энэ гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож 7 сая төгрөгийн торгууль, 23909638 төгрөгийн хохирол төлөх, 37000000 төгрөгийг эд зүйлээ хураалгаж улсын орлого болгуулах нийт 67000000 төгрөгийн төлбөрт орсон. Шүүгдэгч Д.Од энэ хэрэгт нотлох баримтаар авагдсан нөхөн сэргээлтийн гэрээтэй холбоотойгоор иргэний хэргийн шүүхэд хандаж хохирлоо төлүүлэх нэхэмжлэл гаргах ямар ч эрх байхгүй. Учир нь энэ гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр биш бөгөөд энэхүү гэрээний үр дагаврыг эрүүгийн хэрэгт тооцсон учир иргэний шүүхээр шийдэгдэх хууль зүйн үндэслэлгүй.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийг мөн хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Учир нь гэрчүүд 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр буюу хэрэг үйлдэгдсэн гэх өдөр хохирогч Аын дух шалбарсан байсан гэж мэдүүлсэн байдаг. Тэр үед нь дуудлагаар очсон цагдаа гэрчээр мэдүүлэхдээ нүүр нь хавдсан, нүд нь хөхөрсөн талаар огт мэдүүлээгүй байдаг. Харин тэр орой нь хохирогч Аыг нөхөр нь зодсон талаар, маргааш өглөө нь зодсон талаар, дуудлагаар очсон талаараа, дараа нь хохирогч Аыг нөхрөөсөө айгаад байна гэхэд нь цагдаагийн байгууллагаас цагдаа хохирогч Атай хамт гэрт нь очиж хувцас, бичиг баримтыг нь авсан талаар гэрч Мөрөн гэрчилсэн. Харин бусад нотлох баримтууд болох тухайн үйлдэл болох үед хамт байсан 3 гэрчээс шүүгдэгч Д.Оы нөхөр эгч хоёр нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ Д.О хохирогч Аыг зодоогүй гэж мэдүүлсэн. Хохирогчийн нөхөр Лхагвасүрэн хохирогч Аыг Д.О зодсон гэж мэдүүлсэн. Д.О зодоогүй, хохирогч А болохоор Д.Од зодуулсаны улмаас өөрт нь гэмтэл учирсан гэж мэдүүлдэг. Хохирогч Аын нөхөр би эхнэрээ зодсон гэж хэлвэл өөрөө хорих ялтай эрүүгийн хэрэгт холбогдоно. /ашиг сонирхлын зөрчил үүссэн/ Хэрэв хохирогч А нөхөр намайг зодож түүнээс үүдэн миний эрүүл мэндэд гэмтэл учирсан гэж мэдүүлэг өгвөл нөхөр нь эрүүгийн хэрэгт холбогдож хоригдох болно. Нөхөртөө зодуулчихаад гомдлоо татъя гэдэг. Шүүх хурал дээр мэдүүлгээ өөрчилж нөхрийгөө гэм буруугүй мэтээр мэдүүлэг өгдөг хохирогч нар байдаг. Нөгөө талаар хохирогч А Д.Отой хувийн таарамжгүй харилцаа үүссэн, өс хонзон санах магадлал нотлох баримтуудаас харагддаг. Мөн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн дух хэсэгт гэмтэл тогтоогдоогүй байдаг. Энэ бүхнээс дүгнэхэд Д.Оыг хохирогч Аын биед гэмтэл учруулсан гэдэг нь эргэлзээтэй байдаг. Мөн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дууссан.

Иймд Д.Од холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг тусгаарлан түдгэлзүүлж Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2020 оны 10 сарын 28-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолын Д.Од холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэлтэй холбоотой хэсгийг хүчингүй болгож хэргийг мөрдөн байцаалтанд буцаалгах хүсэлтэй байна гэжээ.

Прокурор Г.Цолмонгэрэл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогч Аын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгтэй холбогдуулж шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаагаар хохирогчийн дух хэсэгт нь шарх үүссэн, тэр шарх нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан байх ёстой гээд байна. Гэтэл тархи доргилт гэдэг гэмтэл нь шинжээчийн дүгнэлтэд тусгаснаар Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар дээрх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж заасан байдаг. Гэрч Мөрөн тухайн орой очиход куртик нь урагдчихсан, дух нь хөхөрсөн, үс нь сэгсийчихсэн байсан гэдэг. Хохирогч ч мөн адил миний үснээс зулгаасан, газар унагаасан, намайг цохьсон гэж мэдүүлдэг. Энэ үйлдлийн улмаас төвөөсөө зах руугаа чиглэсэн хүчний үйлчлэлийн улмаас тархи доргилт үүссэн гэдгийг шинжээч эмч тайлбарласан. Нотлох баримт шинжлэн судлахад шинжээчийн дүгнэлтийн бодит үзлэг хэсэг дэх нүдний алимны чичирхийлэлт илэрнэ, дагзны булчингийн хөшилт илэрч байгаа гэдэг асуудлыг тодотгож өгсөн нь өөрөө тархи доргилт гэмтлийн клиникийн үндсэн шинж, үүнийг үндэслэн бусад хөхөрсөн, няцарсан, бяцарсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дугар зүйлд зааснаар гэмтлийн зэрэгт хамаардаггүй бол тархи доргилт нь 2.4.1-т зааснаар дангаараа хөнгөн гэмтэл болдог. Д.Оы зүгээс А руу чиглэсэн хүчний үйлчлэлийн улмаас тархи доргилт гэмтэл үүсч хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан гэдэг нь тогтоогдсон.

 

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Мягмардоржийг татъя гэж байна. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан “Монслов” ХХК-ийн шинжээч 2 дүгнэлт гарсан. Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны болон ашигт малтмал газрын тосны газрын 07/7979 дугаартай албан бичгүүдийг тухайлж харуулсан. Тэр газар дээр ашигт малтмал олборлох, хайгуулын болон ашиглалтын лицензгүй газар гэдгийг тодорхойлж өгсөн. Магадгүй Мягмардорж ямар нэгэн аргаар Д.Отой нөхөн сэргээлтийн гэрээ хийсэн бол нөхөн сэргээлт явуул гэж байгаа нь өөрөө хууль бусаар ашигт малтмал олборло гэсэн агуулгатай биш. М-н зааж өгсөн зөвшөөрөлтэй газар дээр ашигт малтмал олборлосон бол М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн тохирох хэсгийг нь журамлан хамжигч, хатгагч, зохион байгуулагч, хамтран оролцсон уу гэдгийг нь харгалзан яллагдагчаар татах боломжтой байсан боловч төрийн эрх бүхий байгууллагаас байгаль орчин, аялал жуулчлалын газар болон ашигт малтмал газрын тосны газрын албан бичгүүдээр Д.Оы үйл ажиллагаа явуулж байсан газар нь огт зөвшөөрөлгүй. Ашигт малтмал олборлох, хайгуулын болон ашиглалтын лицензгүй, зөвшөөрөлгүй газар гэдгийг нь тодорхойлж гаргаж ирсэн байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан үндэслэл бүхий баримтад тулгуурлах ёстой. Мягмардоржтой байгуулсан нөхөн сэргээлтийн гэрээний хувьд иргэний эрх зүй, гэрээний эрх зүй буюу гэрээний үүргээс үүдэлтэй харилцаа байна, намайг ноцтой төөрөгдөлд оруулсан гэж үүргийн гүйцэтгэлээ хангаагүй гэх үндэслэлээр иргэний шүүхээр явах боломж байгаа. Дээрх заасан уртраг, өргөрөгийн кординатад Д.Оыг зөвшөөрөлгүй, ашигт малтмал олборлох талбайтай давхцаагүй газар очоод ашигт малтмал олборлосон гэдэг асуудлаар нь яллах дүгнэлт үйлдсэн. Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргаас хууль бусаар ашигт малтмал олборлоод байгаа иргэд, аж ахуй нэгжүүд, хуулийн этгээдүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр 2 удаа удирдамж гаргасан байдаг. Энэ удирдамжийн дагуу тухайн үед байгаль хамгаалагч нар, байгаль орчны байцаагч нар, хэсгийн төлөөлөгч нар мөн сүүлд нь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны байцаагч Жавхлантай хамтарсан ажлын хэсгүүд удаа дараа очиж наад ашигт малтмал явуулаад байгаа газар чинь ямар нэгэн зөвшөөрөлгүй газар шүү, энд ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж болохгүй, тиймээс энэ үйл ажиллагаа зогсоо гэж шаардлага тавьдаг, албан мэдэгдэл өгдөг. Д.О өөрөө тэр албан мэдэгдэл дээр гарын үсэг зурдаггүй. Гарын үсэг зураагүй гэдэг нь хавтаст хэргийн 198-250 дугаар хуудас дээр авагдсан. Төрийн эрх бүхий байгууллагын байгаль хамгаалагч нар, байгаль хамгаалах хяналтын улсын байцаагч Жавхлан нар хууль ёсны шаардлага тавиад энэ үйл ажиллагаагаа зогсоо, танайх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулаад байна гэж байхад шүүгдэгч нь зогсоох л байсан. Тэгэхэд зогсоогоогүй. Санаатай гэмт хэрэг үйлдсэн. Шаардлага тавьсаар байхад дахиад 09 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын Цагдаагийн газрын байранд хураалгачихсан байсан техник хэрэгслээ аваачаад дахин эхлэсэн. Мягмардоржтой хийсэн 33 дугаартай нөхөн сэргээлтийн гэрээ нь Д.Оыг хууль бусаар ашигт малтмал олборло гэж зөвшөөрч байгаа асуудал биш. Гэрээ байгуулсан газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагааг явуулаагүй. Харин Д.Оы Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 06б6893, Ашигт малтмал газрын тосны газрын 07/7979 дугаартай албан бичгүүдээр, ашигт малтмал олборлох, хайгуулын болон ашиглалт явуулах зөвшөөрөлгүй талбай руу очоод газрын хэвлийд халдсан үйлдэл болон бусад баримт бичгүүдийг үндэслэн Д.Оыг ашигт малтмал олборлосон гэх асуудлаар яллах дүгнэлт үйлдсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Өвөрхангай аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 2020/ШЦТ/188 дугаартай хууль ёсны үндэслэл бүхий шийтгэх тогтоолыг гаргасан... Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна гэв.

Хохирогч Х.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өдрийг нь сайн санахгүй байна. Аймгийн мэргэжлийн хяналт, сумын Цагдаагийн албан хаагчидтай шалгалтаар очиход Насанжаргал, Оы хоёрынх буучихсан, Насанжаргалынх нь 4, 5 хоног ажиллачихсан, эд нар хоорондоо муудалцчихсан, хэрүүл маргаан болчихсон байж байсан. Д.Оынх ашигт малтмал олборлоод, угаах төхөөрөмжөө татчихсан байсан. Тэр үед тэд нарт хангалттай хэлсэн. Энэ бол Мягмардоржийн талбай биш, тэгээд ч нөхөн сэргээлтийн гэрээгээр ашигт малтмал олборлохгүй гэж хэлж байсан. Тэр шалгалтанд аймгийн эдийн засгийн төлөөлөгч, мэргэжлийн хяналтын байгаль орчны хэлтсийн дарга, Мэргэжлийн хяналтын геологи уурхайн байцаагч, сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, сумын цагдаа болон миний бие явж байсан. Дараа нь 31-ний өдөр байх ашигт малтмал олборлох үйл ажиллаагаа эхэллээ гэсэн дуудлагаар сумаас цагдаагийн газрын хүмүүс болон байгаль орчны байцаагч нар очоод Д.Оы техникүүдийг цагдаагийн хашаанд аваачаад саатуулсан байсан. Ингээд ашигт малтмал олборлох боломжгүй, хууль бус байна гэдгийг хэлсэн. Дахин 09 дүгээр сарын 04-нд ажиллагаагаа эхэлсэн. Энэ байдлууд нь гэмт хэргийг санаатай үйлдсэн нь харагдаж байна. Аймгаас 3, 4 удаа шалгалт очсон. Мягмардоржтой холбоотой гэрээ нь та нарын л асуудал байх. Гэм буруутай эсэхийг нь шүүх тогтооно байх. Тэр гэрээгээ шүүгдэгч нь өөрөө нягталж шалгах ёстой байсан. Тусгай зөвшөөрлийн талбай MV6700 гэсэн талбайд нөхөн сэргээлт хийнэ гэж гэрээ байгуулсан байсан, би наад газрыг чинь зааж өгөөгүй, наанаа үйл ажиллагаа явуул гэж хэлээгүй гэж 2, 3 удаа Мягмардорж ирж тайлбарлаж байсан. Би энэ хэрэгт хохирогчоор оролцож байгаа болохоор эхнээс нь эхлээд мөрдөн байцаалт, прокурорт шилжтэл хэрэгтэй танилцсан. Тэгэхээр Мягмардоржийн үгэнд орж ашигт малтмал олборлосон гэдэг нь үндэслэлгүй байна аа өмгөөлөгчөө. Би шүүх хуралдаанд байгаль орчинд учруулсан хохирлыг  нэхэмжилж оролцож байна. Д.Ооос дээрх хохирлыг богино хугацаанд гаргуулж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Д.Оыг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг гэм буруутайд тооцсныг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргасан. 2 дугаар хавтаст хэргийн 84-85 дугаар хуудсанд цагдаа Мөрөнгийн гэрчээр өгсөн мэдүүлэгт 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр очиход хохирогч Аын дух хэсэг нь халцраад, хавдчихсан байсан. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11 цагийн орчимд хохирогч Аын ээж нь Хөвсгөл аймгаас миний утас руу залгаад  А-г нөхөр нь зодоод байгаа юм шиг байна гэж дуудлага өгөхөөр нь дуудлагын дагуу очиход нүүр нь битүү хавдчихсан байсан, гэрээсээ 3 хашааны цаана нөхөр нь Аын хоолойг нь боочихсон зогсож байсан. Тэр үед нүүр нь битүү хавдаад хөхөрчихсөн байсан, хоолой, цээж хэсэг нь шалбараад улайсан байсан гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд гэрч М-г оролцуулахад А нь нөхрөөсөө айгаад гэрээсээ хувцас, бичиг баримтаа авч чадахгүй байсан учраас цагдаагаас хүмүүс хамт очиж гэрээс нь бичиг баримтыг нь авч явуулж байсан талаараа мэдүүлсэн. Мөн 2 дугаар хавтаст хэргийн 102 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэгт хохирогч А-н дух хэсэгт нь гэмтэл учирсан гэсэн дүгнэлт байхгүй. Нүд, цээж, нүүр хэсэг нь нилээн аймар болчихсон байсан гэдэг. Харин шинжээчийн дүгнэлтээр духан дээр нь гэмтэл учирсан гэсэн дүгнэлт гараагүй учир бусад нүүрний гэмтлүүдийг нөхөр нь учруулсан юм байна гэдэг нь гэрч М-н дээрх мэдүүлгээр  тогтоогдож байна. Энэ хэргийг Д.О дангаараа үйлдсэн гэж хохирогч мэдүүлж байгаа нь эргэлзээтэй, гэрч Мөрөнгийн мэдүүлгээр нотлогдож байна гэж үзэж байна. Тэгэхээр энэ хэргийг нэгдүгээрт эргэлзээтэй, хоёрдугаарт энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж үзэж байна. 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т зааснаар, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцааж хэрэглэнэ гэж заасан байгаа. Хэдийгээр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө Д.Оыг яллагдагчаар татсан, хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой Эрүүгийн хуульд өөрчлөлт орсон ч гэсэн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцааж хэрэглэнэ гэсэн эрүүгийн хуулийн үндсэн зарчим нь хүчин төгөлдөр хэвээр байгаа учир энэ хэргийг хэрэгсэхгүй болгуулах саналтай байгаа.

 

Мөн Д.Оы холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд би анхан шатны шүүхэд ч мөн адил гомдолд бичсэн зүйлүүдээ хэлж байсан. 2 дугаар хавтаст хэргийн 15-18 дугаар хуудсанд авагдсан Д.Оы утсанд ирсэн фэйсбүүкийн чатанд Мягмардорж гэдэг хүнтэй чатласан чатанд үзлэг хийж тэмдэглэл хөтөлж нотлох баримт бүрдүүлсэн. Тэрний 15 дахь хуудсанд  байгаа Мягмардорж нь Д.О руу чи 20-н сая төгрөг өгчих тэгээд л би арыг нь даана. Ундрах 25-н сая төгрөг өгье гэсэн өнөөдөр. Чи өнөөдөр өгч чадах уу? гэхэд өгч чадна гээд хариу бичсэн байгаа юм. Миний данс гээд 5554045637 Мягмардорж гээд дансаа үлдээсэн байдаг. 2 дугаар хавтаст хэргийн 25-26 дугаар хуудсанд авагдсан Д.Оы данснаас “АУМ алт” ХХК-ийн захирал Мягмардорж гэх хүний данс руу 12 сая төгрөг шилжүүлсэн нотлох баримт байгаа. Энэ нотлох баримтаар Мягмардорж гэх хүнийг хамтран оролцогчоор татах хангалттай үндэслэл байгаа гэж үзэж байгаа. Яагаад гэвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд санаатайгаар нэгдсэн, хамтран оролцох хэлбэрүүд байгаа. 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 2 түүнээс дээш этгээд гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцогч гэнэ гэж заасан байдаг. Гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрүүд болох хамжигч, хатгагч, зохион байгуулагч, гүйцэтгэгч гэж тодорхойлсон байгаа. Энэ дээр Мягмардорж гэдэг хүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4, 3.5 дугаар зүйлд тус тус заасны дагуу хатгагч, хамжигч гэж үзэж байгаа. Хатгагч гэдэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг хэлнэ гэж заасан байдаг. Үүнээс үзэхээр гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэж үзэх үндэслэл байгаа. Д.О нь хуулийн этгээд биш энгийн иргэн хүн. Тэгэхэд чи 20 сая төгрөгийг өгчих арыг чинь даая гэж бүхэл бүтэн том уул уурхай эрхэлдэг “АУМ алт” гэх Өвөрхангай аймагтаа хамгийн том компанийн захирал нь өөрөө дансаа өгөөд арыг чинь даая чи манай газар дээр орчих гээд газрыг нь хүртэл зааж өгөөд ухуулсан чинь нөгөө газар нь тусгай зөвшөөрөлгүй байж таараад хэрэгт холбогдсон. Д.О нь тухайн газрыг тусгай зөвшөөрөлтэй газар гээд итгэчихсэн байсан. Хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа гэдгээ ерөөсөө мэдээгүй байсан. Гэтэл байгаль орчны байцаагч хохирогч Х.Л мэдүүлэгтээ 2018 оны 08 дугаар сарын 14, 29-ний өдрүүдэд мэдэгдэл өгсөн гээд байдаг. Тэр мэдэгдлүүд нь нотлох баримтаар авагдсан. Түүн дээр Д.Оы гарын үсэг огт байхгүй. Д.О нь 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “АУМ алт” ХХК-ийн хуулийн зөвлөх Зориг гэх хүнтэй нөхөн сэргээх гэрээ байгуулсан. Тэр гэрээгээ байгуулсныхаа дараа газрыг нь заагаад заасан газар нь очсон байдаг. 31-ний өдөр техникүүдийг нь хураагаад аваад явчихсан байдаг.

 

Тиймээс Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Д.Од холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгуулах, мөн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэлтэй холбоотой хэргийг мөрдөн байцаалтанд буцаах саналтай байна гэв.

Шүүгдэгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 08 дугаар сарын 18-нд гэрээ байгуулаад гэрээ байгуулснаас хойш манай суманд мянган ахмадын баяр болсон. Тэр баяр дээр миний 5 настай хүүхдийн хөлийг нь согтуу залуучууд дайрч хугалаад хөл нь хугархай байсан. Тэр үед би уурхайгаа гаргаагүй. Бэлтгэл ажлаа хийгээд гэрээгээ бариад техникээ түрээсэлсэн Баярсайхан гэж хүн дээр ийм ийм гэрээтэй байна гэж 08 дугаар сарын 18-ны өдрөөс хойш очсон. Тэгэхэд гэрээг үзээд тамга тэмдэгтэй, хууль ёсны гэрээ байна гэж үзээд надад техникээ түрээслүүлэхээр  болсон. Надад өөрийн гэсэн нэг ч техник байдаггүй. Би тэр богинохон хугацаанд 9, 10 сая төгрөгийн усны хохирол учруулаад байх уу? тэр ухсан гэх “Монслов” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлт бүгд хууль бус. Тэр шинжээчийн дүгнэлтийг хийлгэе гэж манай дэлгүүр дээр Чойжил гэх байцаагч ирээд “Монслов” ХХК-ийн шинжээч нар ирчихлээ чи тэр газар дээр очоод өөрийнхөө газрыг заагаад өгчих гэж хэлсэн. Тэгэхэд нь 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө чи өөрөө очсон, тэгэхэд би ямар газар ажиллах гээд завдаад зогсож байсныг чи мэдэж байгаа, эгч нь завгүй байна, эндээ үнэхээр их ажилтай байна, уурхай нааш цаашаа гаргалаа, орууллаа гээд хүн амьтанд хууртагдаад өчнөөн мөнгө төгрөгөөрөө хохирчихоод байна, хүүхдийн бие өвдөөд боломжгүй байна. Би очиж чадахгүй нь үнэхээр шаардлагатай гэвэл тэр газраа чи өөрөө мэдээд хэмжүүлчих гээд тэр хоосон шалыг хэлсэн. Шал гэдэг нь надад нинжа нар зааж өгснөөр голыг нь хуулаад авчихсан, хад нь гарчихсан, үерийн усаар алт урсаад гардаг юм гэж зөвлөсөн. Чи техник муутай, мөнгө төгрөг муутай ядарсан эмэгтэй хүн ил хөрс хуулаад, гүн гүнзгий дэлгээ хийх хүчин чадал байхгүй юм чинь тэр шалыг нь сориод үз гэсэн. Би тэр шал руу орсон. Надад хамгийн гомдолтой байгаа зүйл нь хэмжихэд намайг байлцуулаагүй. Тэнд олон уурхай ажилласан. Аль уурхай тэр рүү орсныг, ажилласныг би мэдэхгүй. Тэгэхэд намайг байлцуулаагүй тэр газар хэмжилт хийгээд, намайг яллаад байгаа Г.Цолмонгэрэл прокурор энэ гэмт хэрэг дээр ганцхан барьж байгаа, намайг буруутгаж байгаа, энэ хүнд байгаа ганц баримт нь “Монслов” ХХК-ийн хэмжилт. Өөр юу ч байхгүй. Х.Л байцаагчид ч намайг тэнд ажиллаж байсныг нотлох баримт байхгүй. Олон удаа очиж байсан юм бол намайг ажиллаж байхад дэлгээ хийгээд газар руу орчихсон байхад авсан зураг чинь хаана байгаа юм бэ? хавтаст хэрэгт ганц зураг ч хавсаргаагүй, ядаж эвлүүлэг хийчихгүй яасан юм бэ? намайг ингэж гүтгэж байхын оронд. Ямар ч нотлох баримт байхгүй, ямар ч зураг, бичлэг байхгүй байгаа. 20 сая төгрөг өгчих тэгээд л чиний ар найдвартай, бараг алт урсаж байгаа газар очно гэж намайг хуураад тэр газар аваачсан. Би тэрнээс болж бүтэн 3 жил цагдаагийн байгууллагад дуудагдаж хамаг амьдралаараа хохирсон. Ямар ч нотлох баримтгүйгээр бүтэн 3 жил, одоо 4 жил дамнаж шалгаж байна. Би энэ 2 хэрэгт буруугүй. Нотлох баримт байхгүй байж намайг гэм буруутайд тооцож, шүүх рүү шилжүүлж байгаа Г.Цолмонгэрэл прокурорт маш их гомдолтой. Ямар ч нотлох баримтгүйгээр хүнийг гүжирдэж гүтгэж байгаа хүмүүст маш их гомдолтой байна. Мөрдөн байцаалт хийж, нотлох баримтгүйгээр хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт надад эрүүгийн хэрэг үүсгэлээ гээд Өлзийжаргал гэдэг ахмад цолтой хүн намайг дуудсан. Би ахмад цолтой хүн намайг дуудангуут нь би хүндэтгээд очсон. Би тэр хэрэгт огт холбогдолгүй, намайг айлд эгчийндээ хоол идээд сууж байхад А гэдэг хүн миний утас руу залгаад танай гадаа ирчихсэн байна хүрээд ир гэж дуудсан. Тэгэхэд нь би яваад очиход тэр хэд аль хэдийн ирчихсэн байсан. Өмнө нь 2 мессэжний тухай маргалдаад байсан. Би хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Миний утас мобиком руу үнэгүй ярьдаг. Манай тэнд маш олон уурхай ажилладаг. Явуулын нинжа нар, уурхайд ажилладаг энд тэндхийн олон газрын хүмүүс, утасных нь цэнэг нь дуусчихсан, орох орон, хонох газар олдохгүй хүмүүс зөндөө, өвдсөн зовсон янз бүрийн хүмүүс над дээр орж ирээд намайг утсаа өгөөч ээ гээд миний утсаар ярьдаг, мессэж бичдэг. Хоёр хүний хайрын сэдэвтэй мессэжнээс болж А гэдэг хүн надад маш их дарамт шахалт үзүүлж, чи надад 5 сая төгрөг өгөөдөх гэж дарамталсан. Тэгж дарамталснаас хойш нилээн хэд хоногийн дараа намайг эгчийндээ ханьтайгаа хамт хоол идээд сууж байхад над руу залгасан. Би тэр дугаарыг хэнийг гэдгийг нь ч мэдээгүй. Тэгэхэд А байна танай гадаа нөхөртэйгөө ирчихсэн байна хэдүүлээ учраа ололцъё хүрээд ир, гараад ир гэхээр нь би эгч нь айлд хоол идээд сууж байна, хэсэг хугацааны дараа очих нь байна шүү гэж хэлэхэд за яахав би хүлээж байя гэсэн. Ханьтайгаа хамт гэрийнхээ үүдэнд очиход А нөхөртэйгөө ирчихсэн байсан. Тэгсэн чинь манай нөхөр Аын нөхрийг барьж авсан. А өмнө нь манай нөхөрт танай эхнэр чинь ийм тийм гээд өчнөөн ухуулга хийчихсэн байсан учраас манай нөхөр цухалдаад нөхөртэй нь заамдалцаад авахад нь би хурдхан шиг гэр рүүгээ нөхрийгөө аваад орсон. Тэгсэн чинь А, Лхагвасүрэн 2 за за өглөө уулзацгаая гээд гэж тохиролцоод бид нар өглөө уулзахаар болсон. ...хашааны хаалга хүн цохиод зогсож байсан. Батжаргал цагдаа байна Д.О мөн үү? гэхэд нь би мөн байна гээд гараад очиход А чамайг өөрийг нь зодчихлоо гээд ирчихлээ. Чи Аыг зодчихсон юм уу? О эгчээ гэхэд нь үгүй би зодоогүй шүү дээ, арай ч дээ манай дэлгүүр камертай, манай урд талын дэлгүүр камертай, сумын төвөөс цагдаагийн байгууллагаас тавьсан, манай дэлгүүрийн өөдөөс харсан камер байна. 4,5 камер манай энд байна. Та нар яг одоо цагдаагийн байгууллага, хуулийн байгууллагад ажилладаг хүмүүс халуун дээр нь зургийг нь аваад бичлэгийг нь хий, энэ камеруудыг шалга, шаардлагатай гэвэл эгч нь өөрөө өглөө цагдаа дээр очъё гэж хэлсэн. Тэгэхэд тэр хэд тэндээсээ явцгаасан. Нүүр амных нь зургийг авсан юм байгаа биз дээ гэхэд авсан гэсэн. Гурван цагдаа манай гадаа ирсэн. Тэр бичлэг нь хэрэгт байдаггүй. А нь нөхөртөө зодуулаад эмнэлэгт хэвтсэн юм байна лээ. Би тэрийг нь сүүлд нь сонссон. Шалгаад өгөөч гэж прокурор, мөрдөгч нарт хүсэлт тавихад шалгаж өгдөггүй. Баримтгүйгээр ял шийтгэж байгаад гомдолтой байна. Би Монголын хуулийг итгэтлээ доройтсон гэж бодохгүй байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Д.О нь иргэний нэхэмжлэгч Э.Б эзэмшлийн улаан өнгийн хово маркын ачааны автомашин, шар өнгийн улсын дугааргүй World  маркын ковш 1 ширхэг, гар аргаар хийсэн жижиг оврын усан буу 1 ширхэг, жижиг оврын дизель мотор 1 ширхэг, иргэний нэхэмжлэгч Д.Д-н эзэмшлийн улсын дугааргүй Hyundai Robeh 3000LC-7 маркын экскаватор 1 ширхгийг тус тус ашиглан 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр, 2018 оны 08 дугаар сарын 30-наас 31-ний өдрийн хооронд, 2018 оны 09 дүгээр сарын 04-нөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд нийт 29 хоног орчим Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн нутаг Өвөр бүргэдэй гэх газар хойд өргөрөгийн 46°39 09.2 '46°33 09.6 , зүүн уртрагийн 102°14 57.1“-102°14 56.0, хойд өргөрөгийн 46°33 07.9-46°33 07.9”, зүүн уртрагийн 102°14 58.2“-102°14 58.0, хойд өргөрөгийн 46°33 01.1”-46°33 00.5, зүүн уртрагийн 102°14 56.7“-102°14 57.0, хойд өргөрөгийн 46°32 01.1-46°32 59.3, зүүн уртрагийн 102°14 54.4-102°14’ 55.3 гэсэн солбицол бүхий цэгүүдэд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж байгаль орчинд 3285504.78 төгрөгийн, усны нөөцөд 10988544 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Х.Л, иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэзаяа, Э.Б, Д.Дагвадорж, гэрч Э.Н, Ц.М, Л.Зориг, Д.С, Х.Д, Т.С, Б.Э нарын мэдүүлгүүд, “Монслов” ХХК-ний 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18/113 дугаартай шинжээчийн дүгнэлт, “Монслов ХХК”-ний 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 18/072 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 05/03 дугаартай шинжээчийн дүгнэлт, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ний 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 05/06 дугаартай үнэлгээний тайлан, албан мэдэгдэл, албан мэдэгдэл тараасан бүртгэл, Уянга  сумын 6 дугаар багийн нутагт Байгаль орчны хууль тогтоомжийн биелэлтийг шалгах удирдамж, хийсэн ажлын талаарх баримт бичгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Д.Оыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, оногдуулсан ял шийтгэл нь түүний гэм бурууд тохирсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн шийтгэх тогтоолоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэсгийг хүчингүй болгож хэргийг мөрдөн байцаалтанд буцаалгах тухай гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.О-г 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 21-н цагийн орчим Г.А-г зодож тархи доргилт, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу зүүн хацрын төвгөр зүүн чихний дэлбэн, хүзүү хоолой, цээж, баруун зүүн гарын бугалга, баруун зүүн хөлийн гуя хэсэгт зулгаралт, цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, дээрх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар хөтөлбөргүй нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Учир нь хэрэгт авагдсан гэрч Б.М-н 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өгсөн /хх-ийн 84 хуу/ ... 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Д.Отой хэрүүл маргаан хийснээс болж Г.А-н духны хэсэгт шалбарч хавдсан, хувцас урагдсан, үс нь арзайчихсан байсан. Харин 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мөн дуудлагаар очих үед Г.А-н нөхөр болох Г.Л нь заамдаад зогсож байсан тэр үед Г.Аын нүүрэн хэсэг нь хавдаад хөхөрчихсөн, хоолой цээж хэсэг нь улайчихсан ... нөхөр нь зодсон байсан ... 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 11 цагийн орчим Г.А-н ээж нь гэх хүн миний утас руу залгаад Г.Аыг нөхөр нь зодоод байгаа юм шиг байна гэж дуудлага ирсэн гэх мэдүүлгээр Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 577 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон  ...тархи доргилт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, зүүн хацрын төвгөр, зүүн чихний дэлбэн, хүзүү хоолой, цээж, баруун, зүүн гарын бугалга, баруун, зүүн хөлийн гуя хэсэгт зулгаралт, цус хуралт гэмтлийг шүүгдэгч Д.О нь Г.А-н биед учруулсан гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

 

Иймд прокуророос Д.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/188 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/188 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

11 дэх заалтыг нэмж Өвөрхангай аймгийн прокурорын газраас Д.О-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэж,

1 дэх заалтыг “Шүүгдэгч Хорьд овгийн Дашцэрэнгийн Оыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хорьд овгийн Д.О-г долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 7000000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж,

4 дэх заалтыг “8000000 төгрөгөөр торгох гэснийг 7000000 төгрөгөөр” гэж тус тус өөрчлөн;

Шийтгэх тогтоолын 3, 8 дугаар заалтуудыг тус тус хасч;

4, 5, 6, 7 дугаар заалтуудыг 3, 4, 5, 6 гэж, 9, 10, 11, 12, 13 дугаар заалтуудыг 7, 8, 9, 10, 11 гэж дугаарлан шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14  хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.