Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 148/ШШ2020/00445

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Шаамар сум, Дэлгэрхаан 1 дүгээр баг, 1-10 тоотод оршин суух, Бээлийн хошуу овогт Батнасангийн Мөнхзул РД:/МО93042507/-гийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 7 дугаар баг, 1 дүгээр хэсэг эмнэлгийн хажуу талын 2 давхар нийтийн байрны 8 тоотод түр оршин суух хаягтай Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо Шархад 1-13 тоот хаягт бүртгэлтэй ******* овогт *******гийн ******* РД:/УК91040455/-д холбогдох

 

Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Мөнхзул, хариуцагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Энх-Амар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Мөнхзул нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Миний бие 2015 онд Д.*******тэй танилцаж гэр бүлийн харилцаатай байсан. Бидний дундаас 2016 оны 05 дугаар сарын 05-нд хүү, охин П.Амин-Эрдэнэ, П.Амин-Очир ихэр хүүхдүүд төрсөн. 2019 онд хэрэлдэж муудалцан Д.******* гэрээсээ явж таарч тохирохгүй улмаас хоёр тийш болсон. Хоёр хүүхдүүд эхийн хамт амьдардаг. Эцэг болох Д.******* өөр хүнтэй хамтран амьдарч байгаа учраас хүү, охин П.Амин-Эрдэнэ, П.Амин-Очир нарын эцэг Д.******* мөн болохыг тогтоож хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.

Д.*******гийн хувьд хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгох санааг өөрөө гаргасан болохоор үүнийг нь дэмжиж хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байгаа. Бид хоёрын хувьд буцаж нийлэх ямар ч боломжгүй болсон. Бид хоёр бие биеэ үл ойлголцож, хэрүүл маргаан гардаг байсан тул одоо эвлэрэх боломжгүй, 2 тийш нэг мөр салсан байгаа. Д.*******гийн хувьд хардалт ихтэй, хүн. Эцэст нь гэж хэлэхэд энэ хүн одоо хамтран амьдрагчтай болсон байгаа! ... гэжээ.

Хариуцагч Д.******* нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Би 2015 онд Б.Мөнхзултай танилцаж, 2016 оноос хамтран амьдарч эхлээд 2016 онд 2 ихэр хүүтэй болсон. Хамт амьдарч байгаад 2018 оноос эхлэн Б.Мөнхзул цэргийн коспитал шилжсэнээр бид 2 Улаанбаатар хотод амьдарч эхэлсэн. Энэ үеэс эхэлж Б.Мөнхзул ажлын шаардлагаар гэж хэлээд олон хоногоор гадуур хонодог, утсаа салгадаг болсон. Б.Мөнхзулын энэ байдлаас болж хэрүүл, маргаан хийдэг болж 2019 онд энэ хүнийг өөр хүнтэй болсон гэж хүмүүсээс сонссон тул 2019 оны 06 дугаар сараас эхлэн 2 тийш болсон юм. Одоо буцаж эвлэрэх боломжгүй, миний хувьд сар бүр хүүхдүүддээ тодорхой хэмжээнд тэтгэлэг өгдөг, хэрэгцээтэй зүйлсээр тусалдаг болохоор үүнийгээ албан ёсны болгох гэж санал тавьж шүүхэд хандуулсан юм.Иймээс охин П.Амин-Эрдэнэ, хүү П.Амин-Очир нарт эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Өөрийн хүүхдүүд мөн болохыг хүлээн зөвшөөрч байна. Өмч хөрөнгийн болон хүүхэд асрамжийн тал дээр маргаангүй. Хүүхдийн тэтгэлэг гаргахад татгалзах зүйл байхгүй! ... гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад;

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Мөнхзул нь хариуцагч Д.*******д холбогдуулан Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.******* нь П.Амин-Эрдэнэ, П.Амин-Очир нарыг өөрийн хүүхэд мөн болохыг хүлээн зөвшөөрч, эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэх тайлбар өгсөн байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Зохигчид нь 2015 онд танилцаж, улмаар тэдний хамтран амьдрах хугацаанд охин, хүү П.Амин-Эрдэнэ, П.Амин-Очир нар нь 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, хүүхдүүдийн эрүүл мэндийн талаарх өрхийн эмчийн тодорхойлолт  зэрэг баримтуудаар тогтоогдож байх ба уг гэрчилгээнд хүүхдийг эхээр нь овоглож, хууль ёсоор бүртгэгдсэн байгааг захиргааны журмаар эцэг тогтоогдсон гэж үзэхгүй тул шүүхийн журмаар хүүхдийн эцэг тогтоох үндэслэлтэй гэж үзэв.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-т "гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ "гэж зааснаар 2016 оны 05 дүгээр сарын 05-нд төрсөн хүү, охин П.*******, П.Амин-Очир нарын эцгийн талаар хариуцагч маргаагүй тул Д.*******г охин П.Амин-Эрдэнэ, хүү П.Амин-Очир нарын эцгээр тогтоож, хүүхдүүдээ эхийнх нь асрамжид үлдээх талаар зохигчид маргаагүй, харилцан тохиролцсон нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасантай нийцэж байх тул хүү П.Амин-Очир, охин П.Амин-Эрдэнэ нарыг эхийнх нь асрамжинд үлдээж,  Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэл, журмаар хүүхдийн тэтгэлэг тогтоож, хариуцагчаар хүүхдүүдийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг эх болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй тул охин, П.Амин-Эрдэнэ, хүү П.Амин-Очир нарыг хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээс эцэг Д.******* болон эх Б.Мөнхзул нар чөлөөлөгдөхгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуульд заасан эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр хадгалагдахыг, энэ эрх, үүргээ хэрэгжүүлэхэд хэн алиндаа саад хийхгүй байхыг энд мөн дурдах нь зүйтэй гэж үзлээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү П.Амин-Очир, охин П.Амин-Эрдэнэ нарын эцэг ******* овогт *******гийн ******* мөн болохыг тогтоосугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү, охин П.Амин-Эрдэнэ, П.Амин-Очир нарыг эх Б.Мөнхзулын асрамжид үлдээсүгэй.

 

3.Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин П.Амин-Эрдэнэ, хүү П.Амин-Очир нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар П.Амин-Эрдэнэ, П.Амин-Очир нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Д.*******гээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-т зааснаар хариуцагч Д.*******гээс нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож, 33.105 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ