2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1728

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, тус шүүхийн байрны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,

            улсын яллагч Э.Дөлгөөн,

            шүүгдэгч Н.Б- нарыг оролцуулан эрүүгийн 2506011621096 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, Б ургийн овгийн Н.Б

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б- нь 2024 оны 8 дугаар сарын 01-ээс 09 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд хохирогч Г.С-ын ******** дугаарт бүртгэлтэй Л цахим зээлийн программд зөвшөөрөлгүй нэвтэрч, танилцсан,

 2024 оны 08 дугаар сарын 01-ээс 09 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд хохирогч Г.С-ын ******** дугаарт бүртгэлтэй Л цахим зээлийн программаас нийт 6 удаагийн үйлдлээр 1.164.000 төгрөгийг нууцаар хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокуророос шүүгдэгч Н.Б-ны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Г.С-ын мэдүүлэг, “Л” ХК-ийн шугамын зээлийн түүх, “С” ХХК-ийн цахим хэтэвчний хуулга, Хаан банкны албан тоот, шүүгдэгч Н.Б-ын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Н.Б- нь 2024 оны 8 дугаар сарын 01-ээс 09 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд хохирогч Г.С-ын ******** дугаарт бүртгэлтэй Л цахим зээлийн программд зөвшөөрөлгүй нэвтэрч, танилцсан,

 2024 оны 08 дугаар сарын 01-ээс 09 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд хохирогч Г.С-ын ******** дугаарт бүртгэлтэй Л цахим зээлийн программаас нийт 6 удаагийн үйлдлээр 1.164.000 төгрөгийг нууцаар хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.Б-ын дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн үйл баримт нь:

түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн: “...Би С.М- эмэгтэйтэй 2019 оноос 2023 он хүртэл хамтран амьдарч байсан. Тэр үед С.М- ******** гэсэн дугаарыг эзэмшиж ашигладаг байж байгаад 2019 онд миний нэр дээр шилжүүлж өгөлгүйгээр надад бэлэглэсэн. Тэрнээс хойш 2024 оны 11 дүгээр сарыг дуустал би ******** дугаарыг ашиглаж байгаад би тухайн дугаарын сим картыг нь алга болгочихсон. Би С.М-тай 2019 оноос хойш хамт амьдарч байхдаа С.М-гийн ээж болох Г.С- гэж хүний нэр дээр Л нэртэй зээлийн аппликейшнаар бүртгүүлж байсан. Тухайн үед С.М- ээжийнхээ бүх мэдээллийг мэддэг байсан болохоор бүртгүүлж байсан. Тэгээд С.М-гаас 2023 онд салсны дараа надад мөнгө хэрэгтэй болоод С.М-гийн надад бэлэглэсэн ******** дугаарын Л зээлийн аппликейшнд  нэвтрэхэд Г.С- /РД: *****/ нь бүртгэлтэй байхаар нь 2024 онд сар өдрийг нь санахгүй байгаа юм цувуулж өөрийн 5603****** гэсэн Хаан банкны дансаар авч байгаад зээлийн хүүтэйгээ нийлээд 1.200.000 төгрөг болсон байсан. Тэгээд би тухайн Г.С-ын нэр дээр авсан зээлээ төлж чадахгүй явсаар байгаад Г.С-ын ээж нь мэдсэн байсан. Би Г.С- гэж хүний Л нэртэй зээлийн аппликейшнаар зөвшөөрөлгүй нэвтэрч мөнгө авсан. Би Г.С-д 900.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 85, 97-98/,

 

хохирогч Г.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2024 оны 12 сард Л гэх нэртэй зээлийн апп-аас зээлийн мэргэжилтэн гэх хүн миний ******** дугаар луу залгаад та зээлээ төлөөч ээ хугацаа хэтэрсэн байна гэж хэлэхээр нь гайхаад ямар учиртай зээл болохыг тодруулж асуухад та 1.200.000 гаран төгрөгийн хэрэглээний зээл аваад эргэн төлөлт хийгээгүй байна. Гэхээр нь би гайхаад би өөрөө зээл аваагүй тул цагдаагийн байгууллагад хандсан. Би хаан банкны 5603****** дугаартай дансны эзэмшигчийг танихгүй бөгөөд сүүлд манай охин М- одоогоос 2-с 3 жилийн өмнө таньдаг Б- гэж залуу байсан гэдийг нь мэдсэн бөгөөд одоогоор надад учруулсан нийт хохирол болох 1.200.000 төгрөгөөс дансаар болон бэлнээр өгөөд одоо 400.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Би Н.Б-тай анх 2-оос 3 жилийн өмнө уулзаж байсан бөгөөд манай охин М-тай хамт ажилладаг байсан юм. Надад Н.Б- миний Л зээлийн апп-с зээл авъя гэж хэлсэн эсвэл надаас зөвшөөрөл авсан зүйл байхгүй надад мэдэгдэлгүйгээр миний Л зээлийн апп-аас зээл авсан байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

Л ББСБ ХК-ийн шугамын зээлийн түүх /хх-ийн 29/,

 

С ХХК-ийн цахим хэтэвчний хуулга /хх-ийн 28/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Н.Б- нь 2024 оны 8 дугаар сарын 01-ээс 09 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд хохирогч Г.С-ын ******** дугаарт бүртгэлтэй Л цахим зээлийн программд зөвшөөрөлгүй нэвтэрч, танилцсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр халдаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан” гэмт хэрэг үйлдсэн,

2024 оны 08 дугаар сарын 01-ээс 09 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд хохирогч Г.С-ын ******** дугаарт бүртгэлтэй Л цахим зээлийн программаас нийт 6 удаагийн үйлдлээр 1.164.000 төгрөгийг нууцаар хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан 10 дугаар сарын 12-ны өдөр 500.000 төгрөгийн зээлийг хохирогчийн нэр дээр авсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим хэрэгсэл, мэдээллийн систем, сүлжээг ашиглан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Н.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний дотор шүүгдэгч Н.Б-д 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Б- нь Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэргийг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-д “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол...тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно...” гэж зааснаар түүнд энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял, торгуулийн ялуудыг тус тусад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Б-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан энэ тогтоолоор оногдуулсан торгуулийн ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч  Н.Б-ын үйлдлийн улмаас хохирогч Г.С-д 1.164.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлсөн байна.

Иймд шүүгдэгч Н.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б  ургийн овгийн Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр халдаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл, мэдээллийн систем, сүлжээг ашиглан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх ялаар тус тус шийтгэсүгэй.  

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Н.Б-д энэ тогтоолоор оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял болон 2.700.000 төгрөгөөр торгох ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож сольдог болохыг түүнд тайлбарласугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б- нь энэ тогтоолоор оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Н.Б- нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай

 

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР