Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2018/02689

 

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2018/02689

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ххххххххххххх тоотод оршин суух, Нийн Аын /РД: ххххххххххх/,

Хариуцагч: ххххххххххххх тоотод оршин суух, Бын Пд /РД: ххххххххх/ холбогдох

4.550.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Очир,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Очирваань,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.А нь Б.Птэй 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 2.000.000 төгрөгийг түүнд зээлсэн. Уг мөнгийг хариуцагч Б.Пгийн Хаан банкны дансанд нь тэр өдөр нь шилжүүлсэн.

Ингээд мөн Б.Пгийн мөнгө зээлэх шаардлагатай байна гэснийх нь дагуу 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 500.000 төгрөгийг Хаан банкны ххххххххххх тоот данснаас Б.Пгийн мөн банк дахь ххххххххх тоот данс руу шилжүүлсэн. ххххххххххх данс Н.Аын хамаатны эгч н.Мгийн данс юм.

2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр мөн Б.Пгийн Хаан банк дахь хххххххххххх тоот данс руу сая шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгсөн Б.*******ийн данснаас 800.000 төгрөг шилжүүлсэн.

Б.Пгийн Үндэсний хөрөнгө оруулалтын банк дахь ххххххххххх тоот данс руу 2017 оны 05 дугаар сард 130.000 төгрөгийг Тайжийн гүнж компанийн захирлын хувиар Н.А нь зээл гэж шилжүүлсэн байгаа.

Эдгээр зээлийг нэгтгээд 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу алданги тооцсон бөгөөд 3.430.000 төгрөгийг алдангийн хамт хариуцагч Б.Пгээс гаргуулж өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч Б.Пд холбогдуулан 4.550.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгийн явцад үндсэн зээл 3.430.000 төгрөг, алданги 1.120.000 төгрөг нэхэмжилж байгаа болно хэмээн тайлбарлалаа.

 

Нэхэмжлэгч Н.А, хариуцагч Б.П нар нь 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл 11 сарын хугацаатай, 4.550.000 төгрөгийг хүүгүй зээлсэн гэх гэрээг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан байх ба үүргээ зөрчсөн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги төлөхөөр тохирч гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн зээлийн гэрээг нэхэмжлэгч Н.А нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгож хариуцагч Б.Пгээс зээлийн гэрээний үүрэг шаардаж байгаа ба нэхэмжлэгч тал уг гэрээний дагуу мөнгө хүлээлгэн өгөөгүй, хариуцагч Б.Пгийн урьд зээлсэн мөнгийг тооцон дээрхи гэрээг нөхөн байгуулсан гэж тайлбарлаж байна.

/ХХ-ийн 4 дүгээр тал/

 

Дээрхи гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан тул зохигчдын хооронд гэрээг бичгээр хийгдсэн гэж үзэх ч зээлийн гэрээний үндсэн шинж мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тодорхойлогдох учраас зээлдүүлэгч 4.550.000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлж өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Зээлдэгч нь зээлийн гэрээний зүйл болох мөнгийг зээлдүүлэгчээс шилжүүлэн аваагүй тохиолдолд эргүүлэн төлөх үүрэг үүсэхгүй учир 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч Б.Пд зээлийн төлбөр болон алданги төлөх үүрэг үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Дээрхи гэрээг байгуулахын өмнө хариуцагч Б.П нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 2.000.000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай зээлэн энэ талаараа баримт үйлдэн хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулан уг өдрөө нэхэмжлэгч Н.А өөрийн Хаан банк дахь 5011209674 тоот данснаас хариуцагч Б.Пгийн мөн банк дахь ххххххххх тоот данс руу мөнгийг шилжүүлсэн нь зохигчийн тайлбар, мөнгөн шилжүүгийн болон нэхэмжлэгчийн Хаан банк дахь депозит дансны хуулгаар тогтоогдлоо.

/ХХ-ийн 6-8 дугаар тал/

 

Мөн дээрхи 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн гэрээг байгуулахаас өмнө нэхэмжлэгч Н.А нь хариуцагч Б.Пгийн хүсэлтийн дагуу түүний Үндэсний хөрөнгө оруулалтын банк дахь ххххххххххх тоот данс руу 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 130.000 төгрөг, мөн Хаан банк дахь ххххххххх тоот данс руу 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 500.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 800.000 төгрөг тус тус шилжүүлэн зээлдүүлсэн гэжээ.

/ХХ-ийн 47-48, 59, 83 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч Б.Пд 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 130.000 төгрөгийг шилжүүлэхдээ Тайжийн гүнж тусгай зөвшөөрлийн үнэ-д, 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 500.000 төгрөгийг ... ******* эмд гэх утгатайгаар, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 800.000 төгрөгийг эрх авах зориулалтаар тус тус шилжүүлсэн байна.

Мөн хариуцагчийн өмгөөлөгч Б.П нь нэхэмжлэгч Н.Ааас 4.000.000 төгрөгийг авсан нь үнэн. Уг мөнгийг Тайжийн Гүнж ХХК-д эмийн сангийн зөвшөөрөл авахад зарцуулсан гэж тайлбарласнаас гадна Б.******* шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ ... Н.А 800.000 төгрөг Б.Пгийн данс руу яаралтай шилжүүлээч нь гэхээр шилжүүлсэн. Яах гэж шилжүүлснийг мэдэхгүй. Яаралтай хэрэгтэй байна. Сарын дараа өгье гэж мэдүүлсэн, удаа дараагийн мөнгөн шилжүүлгийн гүйлгээний утгаас үзэхэд дээрх 130.000 төгрөг, 500.000 төгрөг, 800.000 төгрөгийг нэхэмжлэгч Н.А нь хариуцагч Б.Пд зээлдүүлсэн гэж үзэхгүй.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Пгээс 2.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.550.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй ба хариуцагч Б.Пд нэхэмжлэлийн хувийг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гардуулсан боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хэргийг шийдвэрлэсэн.

/ХХ-ийн 13 дугаар тал/

 

Шүүх нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хариуцагч Б.Пд 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, зохигчын эрх, үүргийг тайлбарлаж өгсөн, хариуцагч Б.Пг шүүх хуралдаанд оролцуулах үүднээс нийт 5 удаа хуралдааныг хойшлуулсан зэргээс үзэхэд хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Хариуцагч Б.П нь Төв аймаг, Борнуур сум, Нарт баг, Агьт, 4 тоотод оршин суудаггүй, ххххххххх тоотод оршин суудаг тул өөрийн оршин суугаа газрын шүүхэд хэргийг шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 1584 тоот захирамжаар хэргийг тус шүүхэд шилжүүлжээ.

/ХХ-ийн 16, 18 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж түүнийг хүргэсэнд тооцно гэж заажээ.

Шүүхийн мэдэгдэх хуудсыг хариуцагч Б.Пгийн өөрийнх нь тодорхойлсон ххххххххх тоот хаягаар хүргүүлсэн ба уг хаягт хариуцагч Б.П бүртгэлтэй боловч оршин суудаггүй нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон болно.

/ХХ-ийн 80-81дүгээр тал/

 

Хариуцагч Б.П нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т заасан шүүх хуралдааны товыг лавлах үүргээ биелүүлээгүй, мөн тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Пгээс 2.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.550.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Аын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Пгээс 46.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН