| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/1423/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1754 |
| Огноо | 2025-07-08 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | П.Итгэл |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1754
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч П.Итгэл,
шүүгдэгч Х.Н нарыг оролцуулан эрүүгийн 2503003790531 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б овогт Х.Н
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх ба 2025 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 03 цаг 00 минутын орчимд ***** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр ***** уулзвар замд Toyota Crown маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокуророос Х.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, шүүгдэгч Х.Н-ын яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Х.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх ба 2025 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 03 цаг 00 минутын орчимд ***** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр ***** уулзвар замд Toyota Crown маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Н-ын Автотээвэрийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчиж, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” үйл баримт нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Н-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “…2025 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ***** уулзварын тэнд байдаг найзынхаа гэрт нь 22 цагийн үед очсон юм. Тэгээд найзынхаа гэрт нь найзтайгаа юм ярьж гэрийнх нь биллъяард тоглонгоо 4 лааз 0.5 литрийн хэмжээтэй пиво уусан байсан. Тэгээд би найзынхаа гэрт байж байтал хэдэн залуучууд гадаа яг миний машины хажууд муудалцаад байсан. Тэгэхээр нь би машин янз бүр болгож эвдэлчихнэ гэж бодоод машинаа жолоодоод өөр газар байрлуулах гээд тухайн байшингийн хойд талаас урд тал руу Си Юу-гийн зогсоол хүртэл 200-300 метр зайд жолоодож явсан. Тэгээд Си-Юу-гийн зогсоол дээр очиход л 2 цагдаа ирээд намайг машинаасаа буугаад ир гэж хэлсэн. Тэгээд намайг согтуу байна гэж хэлээд БЗД-ийн замын цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. Тэгээд драгер үлээ гэсэн. Тэгэхээр нь би замын хөдөлгөөнд оролцоогүй болохоор үлээхгүй гэж хэлээд үлээгээгүй. Тэгээд төв замын цагдаа дээр дагуулж ирээд мөрдөгчтэй уулзуулсан тэр мөрдөгч бас үлээлгэнэ гэхээр нь би үлээгээгүй би цусны дээж өгье гэж хэлээд цусны дээж өгсөн юм. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгээ мэдэж байман. Гэхдээ манай хүмүүс машины хажууд муудалцаад зодолдоод байхаар нь би машиныхаа байршлыг л солих гэж хөдөлгөсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын Химийн шинжилгээний лабораторийн шинжээч Б.Н-ийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ЕГ0325/3020 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж шинжилгээнд тэнцэнэ. “Х.Н IV/13” гэж хаягласан цуснаас 1.6 промилли спиртийн агууламж илэрсэн...” гэх дүгнэлт /хх-ийн 9-10/,
Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 27/,
Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн **** шийтгэврийн хуулбар /хх-ийн 32-34/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Х.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх ба 2025 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 03 цаг 00 минутын орчимд ***** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр ***** уулзвар замд Toyota Crown маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Х.Нын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч Х.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ялын төрөл, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан энэ тогтоолоор оногдуулсан торгуулийн ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг дурдав.
Бусад асуудлын талаар
Шүүгдэгч Х.Н-ын гэмт үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг байхгүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Х.Н-ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан буюу “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Х.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н-д энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар Х.Н-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеээс эхлэн тоолсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР