Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/135

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч О.Батнасан,

Шүүгдэгч Ж.М,    

Нарийн бичгийн дарга О.Баттүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                                         

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ж М-т холбогдох 2528001660139 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

Биеийн байцаалт:    

Шүүгдэгч Ж.М нь 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт 4 дүгээр баг, ... тоотод байх гэртээ унтаж байсан иргэн М.Г-ийн эзэмшлийн “Iphone 16 Pro” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 2,880,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ж.М-ийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч Ж.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Өмнө нь ярих зүйлсээ ярьсан. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.   

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2025 оны 03 дугаар сарын сүүлээр Гурвантэс сумын Мобикомын салбараас анх 4,300,000 төгрөгөөр Iphone 16 pro загварын гар утас авч байсан. 04 дүгээр сарын 18-ны өдөр би адуунд явж байгаад орой 20 цагийн үед гэртээ ирээд хоолоо идчихээд дунд эгч болох Б-ийнд очиж кино үзэж байгаад эргээд гэртээ 23 цагийн үед ирсэн. Гэрт ирчихээд адуундаа өвс тавьж өгчихөөд гэртээ ороод унтахдаа миний утас 20 хувьтай цэнэг нь дуусаж байсан учир би өөрийн унтаж байгаа орны толгой дээр цэнэглэж тавьчихаад унтсан. Би шөнө 03 цагийн үед сэрээд утсаа хайхад байхгүй байсан. Би доошоо уначихсан юм байна гэж бодоод эргээд унтсан. Өглөө 08 цагийн үед босоод утсаа хайхад олдохгүй байсан. Тэгээд би найз охины утсаар залгаж үзэхэд холбогдох боломжгүй байсан. Нэлээн хайж байгаад олдохгүй байсан учир цагдаагийн байгууллагад хандсан... Би М гэх хүнийг танина. М-тэй бүр багаасаа нэг гэрт тоглож өссөн, хуурай ах маань байгаа юм. М нь манай гэрт цуг амьдардаг. Ажлаасаа буугаад манай гэрт ирдэг байсан. Би өөрийн утсаа шалгаж үзлээ. Ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байна. Би утсаа олж авсандаа баяртай байна. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй.” (хавтаст хэргийн 15-16, 19-20 дахь тал)     

Гэрч Д.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Миний бие болох Даариймаа овогтой Ө нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт 4 дүгээр баг ... тоотод амьдардаг. Манайх хашаандаа 3 гэртэй. Тус гурван гэрийн хоёр гэрт нь хүмүүс амьдардаг. Том гэрт нь манай хүүхдүүд болох Га, Г болон манай хүү Г-ийн найз охин болох Б нар байдаг. Харин жижиг гэрт би болон манай ээж Д болон манай нөхөр Ц нар амьдардаг. 2025 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө манай манай хүү болох Г нь гэрээсээ өөрийн гар утас болох Iphone 16 pго загварын гар утсаа алга болгосон. Манай хүү Г нь шөнийн 00 цаг өнгөрөөгөөд утсаа орныхоо толгой дээр цэнэглэчихээд унтсан гэж хэлсэн. Тэгээд шөнийн 03 цагийн үед сэрээд өөрийн утсаараа цаг харах гэж сэрсэн чинь утас нь байхгүй байсан гэж хэлсэн. Тэгээд найз охиныхоо утсаар цаг харчихаад найз охиноо сэрээгээд миний утас хаачсан юм гэхэд найз охин нь орноос доошоо унасан юм байлгүйдээ гэж хэлсэн гэж хэлсэн. Тэгээд манай хүү болох Г нь утсаа хайлгүй шууд унтаад өгсөн гэсэн. 19-ний өглөө 07 цагийн үед манай хүү Г адуундаа явах гээд сэрээд утсаа хайтал утас нь байхгүй байсан гэж хэлсэн. Тухайн утас алга болсон гэх гэрт манай хүү болох Г, манай охин болох Га, манай хүү Г-ийн найз охин Б нар нь тухайн 18-наас 19-ний шилжих шөнө хоносон. Тэгээд өглөө сэрээд бүгдээрээ Г-ийн утсыг хайгаад олоогүй цагдаагийн байгууллагад хандсан.” (хавтаст хэргийн 23-24 дэх тал)

Гэрч З.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би найз залуу болох Г-тэйгөө үерхээд бараг 2 сар болж байна. Үерхээд удаагүй найз залуу болох Г-ийн гэр болох Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт баг ... хорооллын ... тоотод байх Г-ийн аав, ээжийнх нь гэрт ирсэн. Аав, ээжийнх нь гэрт ирээд би 1 сар гаруй хугацаа өнгөрч байна. Би болон манай найз залуу болох Г, манай найз залуугийн эгч Га, мөн ах нь болох Ононмөр амьдардаг. Тухайн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны орой 22 цагийн үед бид хэд бөөндөө буюу Г, Га эгч бид гурав Товон хороололд байх Г-ийн бага эгчийнд кино үзчихээд ирсэн. Тэгээд бид хэд 22 цагийн үед гэртээ ирчихээд манай хүн болох Г хажуу гэрт байх аав, ээжийн гэр рүү орсон. Харин эгч бид 2 том гэр рүү орж ороо засаж орондоо орсон. Манай хүн болох Г аав, ээжийн гэр рүү орчихоод адуундаа өвс тавьчихаад ирье гэж хэлээд гарсан. Адуундаа өвс тавьчихаад 23 цаг өнгөрөөгөөд гэртээ орж ирсэн. Тэгээд орж ирээд Г миний хажуугаар орж хэвтээд утсаа цэнэглэчихээд шууд унтаад өгсөн. Тэгээд би мөн адил унтсан. Шөнө дунд манай хүн болох Г намайг сэрээгээд миний утас хаачсан юм гэж асуусан. Тэгэхээр нь би мэдэхгүй чи өөрөө хаана тавьсан юм гэсэн. Тэгээд миний утасны гэрлийг асаагаад хайгаад олдохгүй байхаар нь өглөө олдох байх гэж бодоод буцаад унтсан. Тэгээд өглөө сэрээд утсыг нь хайтал утас олдохгүй байсан. Тэгээд цагдаад хэлцгээсэн.” (хавтаст хэргийн 27-28 дахь тал)

Гэрч Б.Га мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Манай дүү болох Г болон Г-ийн найз охин Б бид хэд манай эгчийнд 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн орой кино үзэж байгаад 22-23 цагийн үед гэртээ ирцгээсэн. Би ирээд хажуу гэр болох эмээгийн гэрт байж байгаад гэр рүүгээ орсон. Харин Г найз охинтойгоо эмээгийн гэр рүү орчихоод түрүүлээд гэр рүүгээ орцгоосон. Тэгээд Г гадаа адуундаа өвс тавьж өгч байгаад шөнө 23-24 цагийн хооронд гэртээ орж ирээд унтсан. Би утас байсан үгүйг нь сайн мэдэхгүй. Тэгээд бид амарцгаасан. Намайг өглөө сэрэхэд утас нь байхгүй болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд өглөө утсыг нь бөөндөө хайгаад олоогүй цагдаад хандсан.” (хавтаст хэргийн 31-32 дахь тал)

Гэрч Б.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр манай Ноён суманд нэг волейболын тэмцээн болсон. Тэр тэмцээнд би хэдэн найзын хамт баг бүрдүүлж орсон. Тэгтэл манай найз М хамт сууж байгаад утсаа тулах уу гэхээр нь би Мээс ямар утас юм бэ гэж асуухад Iphone 16 pгo загварын гар утас гэхээр нь би өөрийн Iphone 14 pro мах загварын гар утсаараа тулсан. Тэгээд уг утсанд өөрийн ... дугаарын утасны биет сим картыг хийж тэр өдрөөс хойш одоог хүртэл Iphone 16 pro загварын гар утсыг ашиглаж байна. М надад хэлэхдээ би дүүгээсээ авсан юм аа гэж хэлсэн. Мөн өөрийнх нь icloud хаяг бүртгэлтэй байсан. Надад уг утсыг цагдаагийн байгууллагад эд мөрийн баримтаар хүлээлгэн өгөхөд татгалзах зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал, сэтгэл санааны хохирол, нэхэмжлэх зүйл байхгүй.” (хавтаст хэргийн 40-41 дэх тал)

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 8 дахь тал)       

“Damno” ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ӨмЦ-25-71 дугаартай хөрөнгийн үнэлгээнд: “Шинжилгээний объект буюу “Iphone 16 Pro” загварын гар утас 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ нийт 2,880,000 төгрөгөөр үнэлэв.” (хавтаст хэргийн 52-57 дахь тал)

“Мобиком Корпораци” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 4/2557 дугаартай “...имэй кодтой утсанд ашигласан дугаарууд, эзэмшигчийн мэдээллийг хавсралтаар хүргүүлэв...” гэх албан бичиг (хавтаст хэргийн 73 дахь тал)

Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 74-75 дахь тал)   

Ж.М-ийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 80 дахь тал),

Прокурорын 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” 51 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 83 дахь тал)

Прокурорын 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” 51 дугаартай санал (хавтаст хэргийн 84-85 дахь тал).                                                                                                                                

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ж.М-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.      

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.  

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ж.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ж.М нь 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт 4 дүгээр баг, ... тоотод байх гэртээ унтаж байсан иргэн М.Г-ийн эзэмшлийн “Iphone 16 Pro” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 2,880,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.        

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Г-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16, 19-20 дахь тал), гэрч Д.Ө-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал), гэрч З.Б-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал), гэрч Б.Г-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал), гэрч Б.Ч-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 8 дахь тал) , “Damno” ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ӨмЦ-25-71 дугаартай хөрөнгийн үнэлгээ (хавтаст хэргийн 52-57 дахь тал), “Мобиком Корпораци” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 4/2557 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 73 дахь тал), эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 74-75 дахь тал), шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.      

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.   

Хууль зүйн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт хуульчилжээ.

Ийнхүү шүүгдэгч Ж.М-ийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт тооцогдоно.  

“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн улмаас алдагдсан эд юмс хэний өмчлөлд байгаагаас үл шалтгаалан эд юмсыг гэмт этгээд өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсныг хулгайлах гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд шүүгдэгч Ж.М нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт 4 дүгээр баг, ... тоотод байх гэртээ унтаж байсан иргэн М.Г-ийн эзэмшлийн “Iphone 16 Pro” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,880,000 төгрөгийн хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан мэдүүлгийн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ж.М болон хохирогч М.Г нар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт 4 дүгээр баг, ... тоотод цуг амьдардаг болох нь тогтоогдсон тул хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдохгүй байна гэж үзэв.

Шүүгдэгч Ж.М нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас эд хөрөнгөд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.  

Иймд шүүгдэгч Ж.М-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.        

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Г нь шүүхэд хандан “Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад “Iphone 16 Pro” загварын гар утсыг биет байдлаар буцаан авсан болох нь эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 74-75 дахь тал)-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.          

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.       

Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-т хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.М-ийг оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч нь миний буруу, би хохирлоо төлж барагдуулсан. Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна гэх тайлбарыг тус тус гаргав.                                                                         

Шүүгдэгч Ж.М-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.                    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.                  

Шүүх шүүгдэгч Ж.М-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-т хорих ял оногдуулахгүйгээр 6 (зургаа) сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй байна.                                         

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.М-т оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.       

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М нь тэнсэгдсэн 6 (зургаа) сарын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.     

Бусад асуудлаар.       

Шүүгдэгч Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Г-т 2,880,000 (хоёр сая найман зуун наян мянга) төгрөгийн үнэ бүхий “Iphone 16 Pro” загварын гар утсыг биет байдлаар буцаан өгсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.      

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.    

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

ТОГТООХ нь:         

1. Шүүгдэгч Б овгийн Ж М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-т хорих ял оногдуулахгүйгээр 6 (зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.       

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.М-т оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М нь тэнсэгдсэн 6 (зургаа) сарын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.             

5. Шүүгдэгч Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Г-т 2,880,000 (хоёр сая найман зуун наян мянга) төгрөгийн үнэ бүхий “Iphone 16 Pro” загварын гар утсыг биет байдлаар буцаан өгсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.                   

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.                              

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

   

                                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ