Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 84

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

          Хэргийн индекс: 180/2017/0091/Э 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг  шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн “А” танхимд  нээлттэй хийсэн хуралдаанд

 

Нарийн бичгийн дарга Н.Энхзул,

Улсын яллагч   Д.Отгонтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг,

Шүүгдэгч П.Хүдэрчулуун нарыг оролцуулан

 

  Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Хүдэрчулуунд холбогдох эрүүгийн 201723000121 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 20-ны  өдөр хүлээн хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Биндэр суманд 1981 оны 10 дугаар сарын 16-нд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Батноров сумын 6 дугаар баг Салхитын 04-04 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Батнай овогт Пүрэвдоржийн Хүдэрчулуун /РД:СЖ81101618/

 

Яллах дүгнэлтэнд дурдсанаар: Яллагдагч П.Хүдэрчулуун нь 2017 оны 04 дүгээр сарын 19-ний орой Хэнтий аймгийн Батноров сумын баарны гадаа Т.Ганболдыг түлхэж унагаан бие махбодид нь зүүн дунд чөмөгт ясны хүзүү хэсгийн зөрөөтэй хугарал бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан гэмтлийг /хүндэвтэр/ сэнаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан болон дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Хохирогч Т.Ганболын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Нэг мэдсэн чинь би сумын төвийн эмнэлэг дээр ирсэн байсан. Би эмнэлэг рүү яаж хүргэгдэж очсоноо санахгуй байна. Тэгээд эмч үзээд намайг хүнд зодуулсан байна гэсэн. Миний баруум хөлний түнхний яс хугарсан  гэмтэлтэй байсан / хх-ийн 24 хуудас/,

 

Гэрч Л.Найманцэцэгийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:“...Нэргүй аав бахираад хашгираад байна гэсэн. Баар руу дөхөж очиход манай нөхөр Ганболд баарны гадаа баруун хойд талд хашааны дэргэд босч чадахгүй миний хөл хөл гээд хашгираад байсан... Нөхөр Ганболдыг согтуу байхад нь баарны Хүдэрээ гэх залуу гадагш нь авч гараад түлхэж унагаад зодчихсон юм шиг байна /хх-ийн 27-28 хуудас/, 

 

Гэрч Г.Нэргүйн мөрдөн байцаалтанд өгсөн: Баарны гадаа аав Т.Ганбогш иадад туслаач гээд согтуу хашгираад хэвтэж байсан. Ээж бид хоёр өргөх гэхэд өргөж болохгүй хөл хөл гээд өрөөсөн хөл дээрээ зогсож чадахгүй байсан . аав Ганболдыг Хүдэрээ гэдэг залуу түлхэж унагаагаад зодчихсон юм шиг байна лээ. Баарнаас авч гараад түлхэж унагаан зодохыг хүн харсан юм шиг байна /хх-ийн 29 хуудас/,

 

Гэрч Г.Бат-Эрдэний мөрдөн байцаалтанд өгсөн: Нэг согтуу өвгөн ширээ ширээнд очиж суугаад хүмүүст хөөгдөж байсан.Тэр хүнийг баар ажиллуулж байсан Хүдэрчулуун ах гар гээд гаргаж байсан. Тэгсэн чинь удалгүй эргээд орж ирсэн Тэгсэн чинь Хүдэрээ буюу Хүдэрчулуун ах өвгөнийг авч гарч ирээд тэвэрээд тупхээд газар унагаасан юм...Тэр үед тухайн өвгөн ёо ёо гээд газар унасан чигтээ орилоод байж байсан. Баар хаатал орилоод байсан /хх-ийн 31-32 хуудас/,

 

Гэрч Ж.Нямбарсын мөрдөн байцаалтанд өгсөн: Ганболд гуайг баарны гадаа Хүдэрчулуун ах түлхчихсэн гэж хэлсэн /хх-ийн 33 хуудас/,

 

Шинжээчийн 2017.05.10-ны өдрийн № 2017.143 тоот дүгнэлт: 1. Т.Ганболдын биед баруун дунд чөмөгт ясны хүзүү хэсгийн  зөрөөтэй хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр буюу 30% алдагдана /хх-ийн 42 тал/,  

 

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54-55 тал/

Шүүгдэгчий иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56 тал/  зэрэг нотлох баримтууд болно. 

 

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын шинжлэн судлаад шүүгдэгч П.Хүдэрчулууныг  2017 оны 04 дүгээр сарын 19-ний орой Хэнтий аймгийн Батноров сумын баарны гадаа хохирогч Т.Ганболдыг иргэдийн амгалан тайван байдлыг алдууллаа хэмээн түлхэж унагаан, бие махбодид нь хүндэвтэр  буюу зүүн дунд чөмөгт ясны хүзүү хэсгийн зөрүүтэй хугарал бүхий гэмтлийг санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. 

 

Хохирогч Т.Ганболд нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүх шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй. 

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болгож, согтуугаар гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдал болгон тус тус харгалзав. 

 

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдүүлэх шаардлагагүй гэж үзлээ. 

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон                                             

                                              

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Батнай овогт Пүрэвдоржийн Хүдэрчулууныг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хүдэрчулууныг 01 жил 06 сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч П.Хүдэрчулуунд оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй ба шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй  болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч П.Хүдэрчулуунд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил 06 сарын ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд тэнсэгдсэн ялтан П.Хүдэрчулуунд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг дурдсугай. 

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт  зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  П.Хүдэрчулуунд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.УЯНГА