Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0235/З |
Дугаар | 128/ШШ2023/0015 |
Огноо | 2022-12-26 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 128/ШШ2023/0015
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүгч Г.Урангуа, шүүгч Д.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Т**********” ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Б**********
Хариуцагч: Эрчим хүчний зохицуулах хороо
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Д**********, Х.Н**********
Маргааны төрөл: “Т**********” ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих ******* дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б**********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А**********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д**********, Х.Н**********, иргэдийн төлөөлөгч А.Ц**********, нарийн бичгийн дарга Т.А********** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 537 дугаар, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 487 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулж, “Т**********” ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих ******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг даалгах” гэж нэмэгдүүлснийг шүүх хүлээн авсан байна.
Иймд шүүх “Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 537 дугаар, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 487 дугаар, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 526 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулж, “Т**********” ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих ******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Дээрх тогтоолын дагуу Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар захирамжаар тус сумын ******* багийн “*******” орчмын газарт 1 нэгж талбар бүхий 20 га газрыг салхин цахилгаан станцын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийг төсөл сонгон шалгаруулах журмаар олгохоор шийдвэрлэжээ.
Улмаар Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 196 дугаар тогтоолоор “Т**********” ХХК-д Эрчим хүчний барилга байгууламж /50 МВт-ын салхин цахилгаан станц/ барих тусгай зөвшөөрлийг 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 4 жилийн хугацаагаар олгосныг үндэслэн ******* дугаар гэрчилгээг олгож, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг баталжээ.
Дээрх тогтоолыг үндэслэн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ******* дүгээр захирамжаар газар ашиглах эрхийг нэхэмжлэгчид олгож, газар ашиглах эрхийн 000343268 дугаар гэрчилгээ болон гэрээг байгуулсан байна.
Улмаар Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02/15 дугаар тогтоолоор тусгай хамгаалалтад авсан ******* багийн нутаг “И*******” нэртэй 49994,67 га газраас “Т**********” ХХК-ийн салхин цахилгаан станцын газар доорх 1760 га газрыг чөлөөлжээ.
Харин “Д**********” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2/1071 дүгээр албан бичгээр салхин цахилгаан станцыг системтэй зэрэгцээ ажиллагаанд залгах боломжтой гэх хариуг хүргүүлж, улмаар тус станцыг эрчим хүчний нэгдсэн системд холбох техникийн нөхцөлийг 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 1 жилийн хугацаагаар сунгасан байна.
Эрчим хүчний сайдын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 159 дүгээр тушаалаар “Т**********” ХХК-тай “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулах эрхийг “Д**********” ХХК-ийн гүйцэтгэх захиралд олгосны дагуу СЭХ-2017/12 дугаар гэрээг байгуулсан байна.
Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 5/630 дугаар албан бичгээр Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ, Байгаль орчныг хамгаалах арга хэмжээний төлөвлөгөөг ирүүлэх хугацаатай үүргийг нэхэмжлэгчид өгсний дагуу тус компанийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн EZ/18-10 дугаар албан бичгээр үнэлгээ, төлөвлөгөөг хүргүүлжээ.
Мөн Эрчим хүчний сайдын зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 09 дүгээр хуралдаанаар салхины эх үүсвэрийн хувьд суурилагдсан хүчин чадлын 40 хувьтай тэнцэх хэмжээний суурилагдсан хүчин чадалтай, суурилагдсан хүчин чадлыг 4 цагаас багагүй хугацаанд гаргах чадалтай, нэгж циклийн цэнэг алдалтын гүн 90 хувиас багагүй, энерги хуримтлуулах технологитой ашиглалтын хугацаа 10 жилээс багагүй байх цэнэг хураагууртай байхыг ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажлын даалгаварт тусгахыг даалгасан байна.
Нэхэмжлэгчээс Эрчим хүчний яаманд хандан салхин цахилгаан станцыг 220 кВт-ын Тавантолгой, Оюутолгой дэд станцуудыг холбосон цахилгаан дамжуулах агаарын шугамын дунд шинээр 220 кВт-ын дэд станцыг барьж, 220 кВт-ын ил хуваарилах байгууламжаар оруулж гарган, төвийн эрчим хүчний системд холбогдохоор техникийн нөхцөлийг олгуулахаар 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн EZ/18-11 дүгээр, 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн EZ/19-03 дугаар, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн EZ/19-05 дугаар албан бичгүүдээр хүсэлт гаргахад “Д**********” ХХК-ийн 2019 оны горим ажиллагааны дүгнэлт дутуу гэх үндэслэлээр буцаасан.
Харин нэхэмжлэгчээс 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн EZ/19-04 дүгээр албан бичгээр дээрх дүгнэлтийг гаргуулахаар хүргүүлэхэд “Д**********” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01/687 дугаар албан бичгээр нэгдсэн сүлжээнд нэмж зэрэгцээ ажиллагаанд залгаж ажиллах боломжгүй талаар мэдэгджээ.
Нэхэмжлэгчээс 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн EZ/19-07 дугаар албан бичгээр Эрчим хүчний зохицуулах хороонд хандан тусгай зөвшөөрлийг сунгах хүсэлтээ гаргахад тус хорооны 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 5/1045 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх асуудлыг хорооны хурлаар хэлэлцүүлэхийг мэдэгджээ.
Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1/975 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийн тайланг 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдсэний дагуу нэхэмжлэгчээс 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн EZ/19-09 дүгээр албан бичгээр тайлангаа хүргүүлжээ.
Тус ажлын хэсэг “Т**********” ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг 30% буюу хангалтгүй гэж дүгнэсэн байна.
Улмаар Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 537 дугаар тогтоолоор “Т**********” ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, сунгуулах хүсэлтийг 6 хоногоор хэтрүүлэн өгсөн, нөхцөл, шаардлагыг удаа дараа зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэлээр 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар “Хангалтгүй” гэж дүгнэсэн байна.
Нэхэмжлэгчээс 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн EZ/19-13 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг дэмжиж өгнө үү гэх хүсэлтийг Эрчим хүчний сайдад гаргахад сайдын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн а/195 дугаар албан бичгээр тус станцын өмнөд бүсэд холбогдон ажиллах техникийн боломжийг судлан горимын тооцоо дүгнэлт гарган ирүүлэхийг “Д**********” ХХК-д мэдэгдэхэд 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 01/497 дугаар албан бичгээр нэгдсэн сүлжээнд зэрэгцээ залгах боломжгүй гэх хариуг хүргүүлжээ.
Мөн Эрчим хүчний сайдын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн а/197 дугаар албан бичгээр техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулж ирүүлэхийг “Т**********” ХХК-д мэдэгдэхэд албан бичгийн дагуу нэхэмжлэгчээс 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн EZ/20-02 дугаар албан бичгээр горимын тооцоо, дүгнэлтийг гаргуулахаар “Д**********” ХХК-д хандсан байна.
Улмаар Эрчим хүчний зохицуулах хорооноос “Т**********” ХХК-д хүргүүлсэн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/109 дүгээр албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах боломжгүй болсныг мэдэгджээ.
Харин “Т**********” ХХК-иас 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн EZ/20-03 дугаар албан бичгээр “тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг хурлаар хэлэлцүүлэх боломж олгож өгнө үү” гэх хүсэлтийг “С**********” ТӨААТҮГ-тай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хамт Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлжээ.
Нэхэмжлэгчээс 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн EZ/20-05 дугаар албан бичгээр горимын тооцоо, дүгнэлтийг гаргуулахаар “Д**********” ХХК-д дахин хандахад 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 02/570 дугаар албан бичгээр нэгдсэн сүлжээнд зэрэгцээ залгах боломжгүй гэх хариуг хүргүүлжээ.
Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1/1118 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байх тул хүчингүй болгох болсныг мэдэгдсэн байна.
Улмаар Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 487 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийг ******* дугаар тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангалтгүй биелүүлсэн, цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл боломжгүй байгаа гэх үндэслэлээр уг тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байхаар шийдвэрлэснийг хорооны 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/1300 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдсэн байна.
Түүнчлэн Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 526 дугаар тогтоолоор “Т**********” ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих 20-2015 дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэснийг хорооны 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1/1423 дугаар албан бичгээр мэдэгджээ.
9. Нэхэмжлэгчээс дээрх тогтоолуудыг эс зөвшөөрч 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн EZ/21-02 дугаар албан бичгээр Эрчим хүчний яаманд гомдол гаргахад тус яамны 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн в/377 дугаар албан бичгээр Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 537 дугаар, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 487 дугаар тогтоолууд нь Эрчим хүчний зохицуулах хорооны бүрэн эрхийн хүрээнд гарсан тул яам дүгнэлт хийх боломжгүй, харин хорооны 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 526 дугаар тогтоол нь Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасны дагуу гаргасан байна гэх хариуг хүргүүлжээ.
Нэхэмжлэгчээс дээрх хариуг эс зөвшөөрч тус шүүхэд 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1759 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоон буцааж, дахин 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гаргасныг шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэжээ.
10. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
“... Тусгай зөвшөөрөл авснаас хойш “Т**********” ХХК нь цахилгаан үйлдвэрлэх тарифыг Эрчим хүчний зохицуулах хороогоор батлуулах, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг "О**********" ХХК-иар хийлгэж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамаар батлуулах, шинэчилсэн Техник эдийн засгийн үнэлгээний дагуу салхин сэнсний газрын хэмжээг нэмэгдүүлэхээр төсөл сонгон шалгаруулалтад дахин оролцож 1760 га газрыг авах, Төвийн бүсийн эрчим хүчний системд зэрэгцээ ажиллагааны үеийн горимын тооцоог Эрдэм шинжилгээ судалгааны эрчим төвөөр хийлгэн дүгнэлт гаргуулж, “Д**********” ХХК-ийн зөвшөөрлийг авах, БНХАУ-ын H********** Corporation-тэй "Зураг төсөл ханган нийлүүлэлт, барилга угсралтын гэрээ" ( ЕРС )-г байгуулах, Эрчим хүчний яамнаас эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох Техникийн нөхцөлийг жилийн хугацаатай авах, “Д**********” ХХК-тай Эрчим хүчний яамнаас олгосон эрхийн дагуу СЭХ-2017/12 дугаартай Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ (PPA), хөрөнгө оруулалтын сан TBF********** Inc-тай Хөрөнгө оруулалтын гэрээ, “С**********” ТӨААТҮТ-тай Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах зэрэг ажлуудыг хийж, тасралтгүй ажиллан, гэрээний урьдчилгаа, төлбөр, ажлын хөлс, цалин, татвар зэрэгт нийт 1.5 сая ам.долларын зарцуулсан.
Эрчим хүчний зохицуулах хорооноос Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл авснаар эрчим хүчний барилга угсралтын ажлыг шууд эхлүүлэх боломжгүй бөгөөд зөвхөн дээр дурдсан ажлуудыг шат дараалан хийх эрх үүсдэг.
Эрчим хүчний барилга, байгууламж барих төслийг 4 үе шат дамжин хэрэгждэгээс манай компани эхний 3 шатны ажлуудыг амжилттай, бүрэн гүйцэтгэсэн боловч 4 дэх буюу “Барилгыг ажил, үйлдвэрлэл эхлэх” шатанд хамаарах ажилд шаардлагатай захиргааны байгууллагуудаас авах ёстой зөвшөөрөл, бичиг баримтуудыг авсаар байсан боловч бидний үйл ажиллагаанаас хамаарахгүй төрийн байгууллагын шийдвэр болон орон нутгийн засаг захиргааны байгууллагын үйл ажиллагааны удаашрал зэргээс хамаарч тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд барилгын угсралтын ажил дуусаагүй.
… Барилга угсралтын ажлыг эхлүүлж, ашиглалтад оруулах хугацаа хойшлоход нөлөөлсөн нөхцөл байдлуудаас зөвхөн Эрчим хүчний салбарын шийдвэртэй холбоотой үүссэн шалтгааныг дурдвал; Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-д заасны дагуу барилгын зөвшөөрөл авах хүсэлтэд Техникийн нөхцөлийг хавсаргахаар заасан.
Манай компани 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн EJ/18-11 тоотоор Эрчим хүчний яаманд Техникийн нөхцөлийг сунгуулах хүсэлтийг гаргасан боловч Эрчим хүчний сайдын зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны 03 дугаар тэмдэглэлийг үндэслэн Техникийн нөхцөл сунгах асуудлыг түр түдгэлзүүлсэн гэсэн шийдвэр хэлсэн.
Мөн бид 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн EJ/19-03 тоотоор "Техникийн нөхцөл" сунгуулах хүсэлтийг дахин Эрчим хүчний яаманд гаргасан боловч Эрчим хүчний сайдын зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдааны 08 дугаар тэмдэглэлийг үндэслэн ижил хариу өгсөн.
Гэтэл Эрчим хүчний яамны шийдвэрүүдийн дагуу аргагүйн эрхэнд 1.3 жил түр зогсолт хийж, үйл ажиллагаа явуулж чадаагүй байхад Эрчим хүчний зохицуулах хороо буруутган, барилгын угсралтын ажлаа эхлүүлээгүй, 4 жилийн хугацаанд нөхцөл шаардлагыг зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй, хууль бусаар хүчингүй болгосон.
Эрчим хүчний зохицуулах хороо шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг огт харгалзан үзэлгүй, бидэнтэй биечлэн уулзаж, санал, мэдээлэл авалгүй, тайлбар, танилцуулга хийх боломж олголгүй, хуралд оролцуулалгүйгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх хууль ёсны эрх ашгийг зөрчиж, хууль бус 537, 487, 526 дугаартай шийдвэрүүдийг ар араас нь гаргаж Захиргааны үйл ажиллагааны хууль тогтоомж, тусгай зарчмыг удаа дараа ноцтой зөрчсөн.
Эрчим хүчний зохицуулах хороо нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг дүгнэхдээ ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, нарийвчлан шинжлэн судлаагүйн зэрэгцээ хууль тогтоомж зөрчиж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгон “Т**********” ХХК-ийг хууль бусаар дампууруулахад хүрээд байна.
Нэг. “Т**********” ХХК-ийг тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Тус 2015 оны 196 дугаар тогтоолын хавсралтын 4.4.“Тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс хойш 24 сарын дотор барилга байгууламжийг заасан хугацаанд барьж ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх талаар хөрөнгө оруулагч талуудтай гэрээ эцэслэн тохиролцож, гэрээ хэлцэл байгуулсан байх;..." гэж заасан нөхцөл шаардлагын биелэлтийг дүрэмд заасан аргачлалын дагуу үнэлж, дүгнээгүй.
Энэ үзүүлэлтийн биелэлтийг Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсан тус дүрмийн 6-8-д заасан аргачлалын дагуу үнэлэхдээ: Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, байгуулсан бол 20%, Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан бол 40%, Хөрөнгө оруулагч талтай Хөрөнгө оруулалтын гэрээг эцэслэн байгуулсан бол 40%-иар тус тус дүгнэхээр заасан.
"Т**********" ХХК нь Д**********-тэй СЭХ-2017/12 дугаар “Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ” (РРА) байгуулсан.
TBF ********** Inc. нь "*******” ХХК-ийг төсөл хэрэгжүүлж эхлэх үеэс эхлэн бүх санхүүжилт, хөрөнгө оруулалтыг хариуцаж, Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах шаардлагагүйгээр 130 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр харилцан тохиролцож “Т**********” ХХК-ийн үйл ажиллагаа явуулан 7 жил болж байна. “Т**********" ХХК нь TBF ********** Inc.-тэй 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр "Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулсан.
Тус нөхцөл шаардлагыг дээрх байдлаар 100% биелүүлсэн байхад 80% гэж дутуу үнэлж, "Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 6.8.3.4-д заасныг зөрчсөн.
1.2. Нөхцөл шаардлагын биелэлтийг бүрэн үнэлж, дүгнээгүй тухайд;
Тус 2015 оны 196 дугаар тогтоолын хавсралтын 4.6.“Төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хэрэгжилтийн шатанд хийж үнэлгээний тайлан болон газар ашиглах гэрчилгээг тусгай зөвшөөрөл олгосноос хойш 6 сарын дотор ирүүлсэн байх;..." гэж заасан нөхцөл шаардлагын биелэлтийг дүрэмд заасан аргачлалын дагуу үнэлж, дүгнээгүй орхигдуулсан.
“Т**********” ХХК нь 2015 онд Байгаль орчны зөвлөх үйлчилгээний "О**********" ХХК-тай гэрээ байгуулан "И**********" 50 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын төслийн археологийн хайгуул, палеонтологийн судалгаа хийж, Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан болон Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулсныг яам Ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргаж, хянан баталгаажуулсан.
Мөн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумад зарлагдсан салхин цахилгаан станцын зориулалтаар ашиглах газрын төслийн сонгон шалгаруулалтад амжилттай оролцож, 2015 онд 20 га газрыг ашиглах гэрээ байгуулан, гэрчилгээ авсан. Нарийвчилсан ТЭЗҮ-нд 25 салхин сэнс, дэд станцын байрлал өөрчлөгдөж, салхин цахилгаан станц барих газрын хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай болсон тул 2016 онд 1760 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтаас чөлөөлж, газар ашиглах гэрээ байгуулан, жил бүр 88.0 сая төгрөгийн төлбөр төлсөн.
Тус нөхцөл шаардлагыг дээрх байдлаар 100% биелүүлсэн байхад 20% гэж буруу үнэлж, тус дүрмийн 6..4-д заасныг зөрчсөн.
1.3. Нөхцөл шаардлагын биелэлтийг дүрэмд заасан аргачлалын дагуу үнэлж, дүгнээгүй орхигдуулсан тухайд;
Эрчим хүчний зохицуулах хорооны 196 дугаар тогтоолын хавсралтаар “Т**********” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага нийт 8 үзүүлэлттэйгээр баталсан байдаг. Гэтэл тус тогтоолын хавсралтын 4.7.“Барилга байгууламжийн барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт тавих, барилга угсралтын ил, далд ажлын акт, бичиг баримтыг баталгаажуулах;..." гэж заасан нөхцөл шаардлагын биелэлтийн үзүүлэлтийг үнэлж, дүгнээгүй орхигдуулсан.
Энэ үзүүлэлтийн биелэлтийг Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181 дүгээр тогтоолоор баталсан "Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 6-8-д заасан аргачлалын дагуу үнэлэхдээ: Эрчим хүчний яамнаас Техникийн нөхцөл олгосон бол 50 хувь, Барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт тавих эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулсан бол 50 хувь гэж тооцохоор заасан.
“Т**********” ХХК нь 2017 онд Эрчим хүчний яамнаас "И**********" 50 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станцыг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох “Техникийн нөхцөл”-ийг олгосон байхад 50% гэж үнэлээгүй, орхигдуулж, тус дүрмийн 6.4 болон 6.8.3.6-д заасныг тус тус зөрчсөн.
Иймд Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар “Т**********” ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг “Хангалтгүй” гэж дүгнэхдээ тус дүрмийн 6.4, 6.5, 6.3.8.4 болон 6.3.8.6-д заасан заалтуудыг зөрчиж, 3 үзүүлэлтийн нийт 150% биелэлтийг дүгнээгүй шийдвэр гарган, эрхзүйн зөрчилтэй 537 дугаар тогтоол үйлдсэн.
Хоёр. “Т**********” ХХК-ийг цаашид үйл ажиллагаа хэвийн явуулах боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй.
“Т**********” ХХК-иас Эрчим хүчний яаманд техникийн нөхцөлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргасан боловч яамнаас сунгах үйл ажиллагаагаа түр зогсоосон байсан.
Эрчим хүчний яамны энэхүү шийдвэр нь зөвхөн “Т**********” ХХК-д хамааралтай бус, бүх сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэгчидтэй холбоотой бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах зайлшгүй хүндэтгэх үзэх шалтгаан бүхий нөхцөл байдлыг үүсгэсэн.
Эрчим хүчний яамны бодлого, шийдвэрийн дагуу үйл ажиллагаа явуулсан “Т**********” ХХК-ийг Эрчим хүчний зохицуулах хорооноос буруутган, техникийн нөхцлийн хугацаа дууссан гэсэн үндэслэлээр техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүйд тооцож, тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг сунгаагүй нь хууль бус шийдвэр гаргасан.
Иймд Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 537 дугаар, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 487 дугаар, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 526 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулж, “Т**********” ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих ******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг даалгаж өгнө үү.” гэжээ.
11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “1/ ... 196 дугаар тогтоолын 4.1-д “Эрчим хүчний барилга байгууламжийг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд барьж, байгуулан ашиглалтад оруулах” гэдэг нөхцөл шаардлага байдаг. Тусгай зөвшөөрлийн аж ахуйн харилцааны дүрмийнхээ 6 дахь заалтыг бариад дүгнэх ёстой байдаг. 0-100 хувь гэсэн оноо өгөөд онооны дунджаар дүгнэх ёстой. Маргаан бүхий тогтоолыг дүгнээд 30 хувийн оноог өгсөн байдаг. Энэ үнэлгээ нь хангалтгүй гэсэн үнэлгээ. Хангалтгүй үнэлгээ хамгийн доод тал нь 60 оноо байдаг. Нэхэмжлэгч хийгдсэн ажлын хувьд ийм үнэлгээ авах нөхцөл байгаагүй. Журмын 6.8.3.1-д 4.1-ийг яаж дүгнэх талаар тодорхой заасан байдаг. Энэ үнэлгээгээр барилга угсралтын ажлын тусгай зөвшөөрөл авсан байвал 50 хувь гэдэг. Гэтэл Эрчим хүчний зохицуулах хороо 10 хувь өгсөн. Анх тусгай зөвшөөрөл авснаас хойш Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний яам, У********** ТӨХК-иудтай харилцахаас гадна төрийн байгууллагуудтай харьцаж ирсэн. Эрчим хүчний зохицуулах хорооны үйл ажиллагааны бодлогыг батлан гаргадаг яамнаас шийдвэр гарсан. Бид 2015 онд тусгай зөвшөөрөл авсан. Гэтэл 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Эрчим хүчний яамны сайдын зөвлөлөөс шийдвэр гарсан. Энэ зөвлөлийн шийдвэрээр сэргээгдэх эрчим хүчний бүх төсөл ирүүлж байгаа аж ахуй нэгжийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гарсан. Үүний дагуу аргагүйн эрхэнд үйл ажиллагаа зогссон. Олгосон 4 жилийн 1,6 жил нь энэ шийдвэрийн улмаас зогсолт хийсэн.
Эрчим хүчний зохицуулах хороо барилга угсралтын тусгай зөвшөөрөл аваагүй мэтээр сайдын зөвлөлийн ямар нэгэн шийдвэр гарсан байсан ч хамаагүй тусгай зөвшөөрөл авах байсан гэж 40 оноог хассан. Эрчим хүчний яамны ахлах мэргэжилтэн н.Г**********-ээс шүүхийн ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг авсан. Тэгэхэд “Т**********” ХХК-ийн хэлээд байгаа үндэслэл үнэн бодитой. Тухайн үед “Т**********” ХХК-иас шалтгаалаагүйгээр ийм шийдвэр гарсан аргагүйн эрхэнд шийдвэрийг дагаад барилгын тусгай зөвшөөрлийн шийдвэр гарахгүй байсан гэж хэлдэг.
Дүрмийн 4.4-д тусгай зөвшөөрөл олгосноос хойш 24 сарын дотор барилга байгууламжийг заасан хугацаанд барьж ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх талаар эцэслэн байгуулах, гэрээ хэлэлцээр байгуулах гэж заасан. Дүгнэхдээ дүрмийн 6.8.3.4-д хэрхэн дүгнэхийг заасан. Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бол 20 оноо, Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан бол 40 оноо, хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалтын гэрээ эцэслэн байгуулсан бол 40 оноо ингээд нийт 100 оноо авах байсан. Гэтэл Эрчим хүчний зохицуулах хорооноос 80 хувийг өгсөн. Нэхэмжлэгчийг хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ёстой байсан учраас 20 оноо хассан гэж хэлдэг.
Учир нь гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль Монгол Улсад мөрдөгдөж байгаа. Тус хуулийн 20.1-д ямар газар Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ёстой гэдгийг маш тодорхой заасан байдаг. Мөн Засгийн газрын 2014 оны 52 дугаар тогтоолд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах журмыг заадаг. Тус журмын 2.4-д 500 саяас доош хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газартай байгуулах шаардлагагүй гэж заасан. Иймээс хөрөнгө оруулалттай холбоотой оноог бүрэн өгөх ёстой байсан.
196 дугаар тогтоолын 4.5-д барилга байгууламжийн, барилга угсралтын ажлын хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах нөхцөл бүрдсэнээс хойш 12 сарын дотор эхлүүлэх гэж заасан. Мөн тус дүрэмд хэрвээ газрын гэрчилгээ байвал 10 оноо, Эрчим хүчний яамнаас барилга угсралтыг эхлүүлэх зөвшөөрөл авсан байвал 40 оноо, барилга эхлүүлсэн ажлын явцаас хамаарч үлдэгдэл 50 оноог өгнө гэж заасан. Гэтэл Эрчим хүчний зохицуулах хорооноос 20 оноо өгсөн. Бид нар 50 оноо авах ёстой байсан. Төслийн байгаль орчинд нөлөөллийн үнэлгээг хэрэгжилтийн шатанд хийж, үнэлгээний тайлан болон газар ашиглах гэрээг тус зөвшөөрөл олгосноос хойш 6 сарын дотор ирүүлсэн байх гэсэн нөхцөл шаардлага байгаа. Үүнийг 100 өгөхөөс 20 оноо өгсөн. Газрын гэрчилгээний хувьд Эрчим хүчний зохицуулах хороо маргаагүй. Нэхэмжлэгч байгаль орчинд нөлөөлөх үнэлгээний тайланг тусгай зөвшөөрөл авсныхаа дараа 2015 оны 09 сард үнэлгээгээ хийлгэсэн. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийг бид Эрчим хүчний яаманд өгсөн байдаг. Бид нарын өгсөн байгаль орчны үнэлгээний тайланг алга болгочихсон байсан. Гэтэл 2018 онд гэнэт хугацаатай үүрэг өсөн. Бид нар хийсэн байсан учир буцаагаад л хүргүүлсэн.
Дүрмийн 4.7-д барилга угсралтын ажил захиалагчийн техникийн хяналт тавих, барилга угсралтын ажлын ил далд ажлын баримтыг баталгаажуулах. 6.8.3.6-д хэрхэн яаж дүгнэхийг заасан. Үүнд техникийн нөхцөл олгосон бол 50 оноо, барилга угсралтын ажил захиалагчийн техникийн хяналт тавих эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулсан бол 50 оноо гэж заасан. Бид нар техникийн нөхцөл авсан. Гэтэл үүнийг дүгнээгүй. 4.8-д мэргэжлийн хяналт болон зөвлөх эрх бүхий байгууллагаас барилга угсралтын ажил хийсэн үзлэг, шалгалтын үр дүнд өгсөн сануулга, зөвлөмж, анхааруулга хэрэгжилтийг хангуулах гэж байгаа. Үүнийг дүгнээгүй. 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр тусгай зөвшөөрөл авснаас хойш сануулга, анхааруулга, зөвлөмж албан шаардлага авч байгаагүй. Ийм шаардлага авч байгаагүй байхад дүгнэхгүйгээр орхичихсон. 8 шаардлагаас 2 шаардлагыг огт дүгнээгүй. Хууль тогтоомжоор нөхцөл шаардлага эгж заасныг үнэлэх ёстой байсан ч үнэлээгүй. 4.1-20 оноо, 4.6-80 оноо, 4.7-50 оноо, 4.8-100 гэсэн авах ёстой оноог олгох юм бол 62,5 оноо авах ёстой байсан.
2/ Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн 487 шийдвэрийг гаргахдаа нэхэмжлэгчид олгосон тусгай зөвшөөрөл сунгахгүй байхаар шийдвэрлэсэн байдаг. Тогтоолын үндэслэл хэсэгт 537 дугаар тогтоол буюу маш олон зөрчлийг үндэслэж гарчихсан байдаг. Тусгай зөвшөөрөл хэрхэн сунгах вэ гэдгийг Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д тус тус заасан байдаг.
Нөхцөл шаардлагаа биелүүлсэн эсэх, техник технологийн хувьд энэ үйл ажиллагаа явагдах боломжтой эсэх хоёр нөхцөл байдаг. Гэтэл Эрчим хүчний зохицуулах хороо эхний нөхцөл буюу нөхцөл шаардлагаа биелүүлсэн эсэхийг 537 тоот маргаан бүхий тогтоолыг үндэслээд, хэвийн үйл ажиллагаа цааш явуулах эсэхийг үндэслэл байхгүйгээр гаргасан байдаг. Хариуцагчаас техникийн нөхцөл сунгагдаагүй гэдэг байдлаар хугацаа сунгахгүйгээр шийдчихсэн гэдэг тайлбарыг өгдөг. Техникийн нөхцөл сунгасан сунгаагүй эсэх асуудал дээр нэхэмжлэгч компани шаардлагыг нь хангаагүй гэдэг асуудал биш. Эрчим хүчний яамнаас техникийн нөхцөл олгодог. Өөрсдөө бүх үйл ажиллагааг зогсоосон учир тусгай зөвшөөрлийг сунгах ёстой гэдэг нь илэрхий харагдаж байгаа.
Эрчим хүчний зохицуулах хорооны энэ шийдвэр нь 2020 оны 10 дугаар сарын 16-ний өдөр гарсан байдаг. Сунгуулах асуудал хэлэлцэхээс өмнө удаа дараа улсын хил хаагдсантай холбоотой барилга угсралтын ажил хийх гэрээ байгуулсан компани орж ирж чадахгүй байна, энэ давагдашгүй хүчин зүйлийн улмаас тухайн ажлыг үргэлжлүүлэн хийхэд асуудал үүслээ гэж хүсэлт өгсөн байдаг. Үүнийг бид Эрчим хүчний зохицуулах хороонд хэлж, хүсэлтээ сунгах нөхцөл байдал үүсээд байх тул сунгаж өгнө үү гэж хүсэлтүүдийг тавьж байсан. Бид нар 78 сая төгрөгийн гэрээ хийчхээд урьдчилгаа мөнгө, бүх зардлаа гаргаад явж байхад үүнийг огт харгалзаж үзээгүй. Хуульд энэ хоёр нөхцөл шаардлага хамаарахгүй ч гэсэн хүндэтгэн үзэх шалтгаан төсөл хэрэгжүүлэгчийн хувьд байсан.
3/ Дээр дурдсан маргаан бүхий 2 тогтоол дээрээс үндэслээд 2020 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 526 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоол 537, 487 дугаар тогтоолууд гарсны улмаас Эрчим хүчний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д заасны дагуу тусгай зөвшөөрөл хүчингүй болгох бол 30 хоногийн дотор мэдэгдээд шийдвэрээ гарга гэсний дагуу 30 хоногийн дотор шийдвэрээ гаргасан байдаг. Хууль зөрчиж гаргасан учраас тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон 526 дугаар тогтоол нь мөн хууль зүйн үндэслэлгүй. Эрчим хүчний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3-д заасны дагуу хугацаа дууссан гэж шийдвэр гаргасан байдаг.
Маргааны эх үүсвэр болоод байгаа тусгай зөвшөөрлийн аж ахуйн харилцааны дүрмийн 4.8-д нөхцөл шаардлагын нөхцөлийг өөрчлөхөөр бол Эрчим хүчний зохицуулах хороо тогтоол гаргана гэж заасан. Бид нарт анх 196 дугаар тушаалаар олгосон нөхцөл шаардлагууд өнөөдрийг хүртэл хугацаанд өөрчлөгдөж байгаагүй. Энэ төслийг анх эхэлснээс хойш 7 жилийг зарцуулсан. Энэ хооронд маш их зардал гарсан.” гэв.
12. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тавигдаад байгаа шаардлагуудыг 100 хувь биелүүлэхийг шаардаагүй. 60 хувь хангасан байхад л болно гэсэн үг. Эрчим хүчний станц баригдчихсан байхыг шаардаагүй. Эрчим хүчний сайдын техник эдийн засгийн үндэслэлийг сунгах гэснээс болж дараа дараагийн үйл ажиллагаа зогссон.
Эхний нөхцөл шаардлагыг дүгнэсэн нь хуульд нийцээгүй учраас дараа дараагийн тогтоолууд ч хуульд нийцээгүй. Хариуцагчаас 2015 онд тусгай зөвшөөрөл аваад өмнө нь хийж байхгүй яасан юм бэ гээд байгаа. Хүндэтгэн үзэх шалтгаан илэрсэн бол хугацаа дуусах үед тухайн нөхцөл байсан л бол тэр хэмжээгээр түүнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үздэг. Энэ утгаараа ч Худалдаа аж үйлдвэрийн танхимаас давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгогдсон байгаа. Нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийг 2015 онд авснаас хойш тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулсан уг баримтуудаа хэрэгт өгсөн. Тусгай зөвшөөрлүүдийг цөөрүүлнэ гэдэг байдлаар хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй юм.” гэв.
13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
“... Эрчим хүчний зохицуулах хороо нь дээрх тогтоолыг гаргахдаа Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан бүрэн эрхийн хүрээнд тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.1 дэх хэсэг буюу тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан үндэслэлийг баримталсан болно.
“Т**********” ХХК нь тусгай зөвшөөрөл авахдаа түүний нөхцөл, шаардлагыг биелүүлэх үүрэг хүлээдэг бөгөөд уг үүргийг хэрхэн биелүүлснийг Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 6 дугаар зүйлд заасны дагуу дүгнэдэг. Энэ дүгнэлтээр “Т**********” ХХК нь “Хангалтгүй” үнэлгээ авсаныг Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 537 дугаар тогтоолоор шийдвэрлэж баталгаажуулсан.
… Эрчим хүчний зохицуулах хороо дээрх шийдвэрүүдийг гаргахдаа нэхэмжлэгчийн оролцоог хангаж шийдвэр гаргах тухайгаа албан бичгээр тогтмол мэдэгдэж байсан бөгөөд харин нэхэмжлэгч талаас эдгээр албан бичигт дурдсан асуудлаар ямар нэг тайлбар өгч байгаагүй. Нөгөө талаар Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 526 дугаар тогтоол нь дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн хуулийн дагуу гарсан бөгөөд хууль зөрчөөгүй болно.
3. Нэхэмжлэгч нь Эрчим хүчний яамнаас техникийн нөхцөлөө авсан боловч техникийн нөхцөлийн хугацаа 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр дууссан байгаа бөгөөд Эрчим хүчний яамны 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 69/2017/22 тоот техникийн нөхцөлд "Энэхүү техникийн нөхцөл нь олгогдсон өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд хүчинтэй. Хэрэв дээрх хугацаанд холболтын ажил хийгдээгүй тохиолдолд дахин шинээр техникийн нөхцөл авна." гэж зааснаас үзвэл дээрх техникийн нөхцөл хүчингүй болсон байна. Иймд техникийн нөхцлийг үнэлэх боломжгүй бөгөөд мөн түүнчлэн барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрлөө аваагүй, уг ажлаа эхлүүлээгүй учраас энэ үзүүлэлтийг биелүүлээгүй гэж үзсэн.
Нөгөө талаар техникийн нөхцөл байхгүй тул Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл боломжгүй гэж үзэж тусгай зөвшөөрлийг сунгахгүй байхаар шийдвэрлэсэн.
"Т**********" ХХК нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 4.6-д “Төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хэрэгжилтийн шатанд хийж үнэлгээний тайлан болон газар ашиглах гэрчилгээг тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс хойш 6 сарын дотор ирүүлсэн байх” гэж зааснаар "Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ” болон "Байгаль орчныг хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө”-г 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн EZ/18-10 тоот албан бичгээр ирүүлсэн бөгөөд энэ нь тусгай зөвшөөрөл авснаас хойш 34 сарын дараа ирүүлсэн тул тус заалтыг 20 хувиар дүгнэсэн.
Иймд “Т********** ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
14. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н********** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нөхцөл шаардлагыг 6 заалтын дунджаар дүгнэсэн. 4.1-д Эрчим хүчний барилга байгууламжийн тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд барьж байгуулна гэж байгаа. Үндсэндээ 8 заалт 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэгжих төслүүдийн бүхий л ажиллагаануудыг заалт болгоод оруулчихсан. Энэ ажлын 60% хийсэн тохиолдолд дараагийн ээлжид хугацаа сунгагдах боломжтой. Тухайн компаниг дүгнэхэд барилга байгууламжийг зөвшөөрөлтэй бол-50, Улсын комиссын акт гарсан бол 50 оноо гээд 100 оноо болж байгаа. Зураг төсөлт холбоотой заалтуудыг нэхэмжлэгчийн зүгээс ярихгүй байх учир маргахгүй байна гэж үзэж байна. 2015 оноос хойш техникийн нөхцөл хүчинтэй байсан. Энэ хугацаанд зураг төслөө хийж гүйцэтгэх байсан. Зураг төслөө хийж гүйцэтгэсэн бол ажил эхлүүлэх зөвшөөрөл авах боломжтой байсан.
2018, 2019 оноос хойш Эрчим хүчний яамнаас гарсан бодлогын хувьд энэ хүртэл сэргээгдэх эх үүсвэрийн тусгай зөвшөөрөл маш замбараагүй олгогдсон. Тухайн үеийн хуулийн зохицуулалт нь хөрөнгө оруулагчийн сонгосон газар дээр техник эдийн засгийн үндэслэлээ хийгээд Шинжлэх ухаан техникийн зөвлөлийн хурлаар батлуулаад сайдаас дэмжсэн бичгээ өгвөл бусад бичиг баримтын бүрдлийг хангуулаад хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг олгодог байсан.
Сэргээгдэх эрчим хүч өөрөө эрчим хүчний салбарт хүндрэл учруулахаар байна. Иймд тусгай зөвшөөрөл олгохыг түр зогсооё гэдэг байдлаар шийдвэр гарсан. Ажил эхлүүлэх зөвшөөрөл авахад зураг төслөө батлуулаад, магадлал хийлгэсэн бол гарах боломжтой зөвшөөрөл. Нэхэмжлэгчийн зүгээс зураг төсөлтэй холбоотой 2, 3 асуудал байдаг. Энэ талаар тайлбар хэлэхгүй байна гэдэг нь зураг төслөө хийгээгүй гэдгээ зөвшөөрч байна гэж үзэж байна. Тухайн компанийн хийж гүйцэтгэсэн ажлуудыг харгалзан үзээд 10 оноогоор дүгнэсэн. Аргачлалын дагуу дүгнэсэн бол 0 оноо авах байсан. Техникийн нөхцөлөө авсан бол тэр жилдээ 2 сарын хугацаанд зураг төслийг хийх боломжтой. Зураг төслөө эрх бүхий байгууллагаар батлуулчихсан бол 100 оноо авах байсан. Өөрсдөө гадны компаниар зураг төсөл боловсруулж байна гэдэгт нь 50 оноо өгсөн. Гадны компанийн зураг манай дээр зөвшөөрөгдөхгүй. Батлуулсан зургаа Эрчим хүчний хөгжлийн төвөөс экспирт хийж магадлал гаргаж байж хүчин төгөлдөр болдог. Энэ ажлуудыг хийгээгүй байсан учир 0 оноо авсан.
Тусгай зөвшөөрөл олгосноос хойш 24 сарын дотор хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулдаг. Гэрээ байгуулсан байна гээд 20 оноог нь өгсөн. Хөрөнгө оруулагчтай байгуулсан хаалтын гэрээ мөн эсэх дээр тухайн ажлын хэсэг гарч дүгнэсэн. Хөрөнгө оруулалтын гэрээг эцсийн шийдвэр биш байна гэж 60 оноо өгсөн. Хөрөнгө оруулалтын гэрээг эцэслэн байгуулсны дараагаар 12 сарын дотор барилга угсралтын ажлаа эхлүүлнэ. 4 жилийн хугацаанд нэхэмжлэгч газар дээрээ хашаа ч бариагүй. Гэрчилгээ болон холбогдох заалтыг харгалзан үзээд 10 оноо тавьсан.
Байгаль орчны үнэлгээ бүх зүйлийг тусгай зөвшөөрөл авахаас өмнө хийлгэж, тусгай зөвшөөрлөө авах ёстой. Манайхаас 6 сарын хугацаатай үүрэг даалгавар өгсөн. 4.7-д барилга байгууламжийн угсралтын ажилд захиалагчийн хяналт тавих, угсралтын ил далд ажлын акт баталгаажуулсан байна гэдэг. Барилга угсралтын хяналтын гэрээг нэхэмжлэгч тал байгуулаагүй. Тус гэрээг Сэргээгдэх эрчим хүчний төвтэй байгуулах бүрэн боломжтой. Нөгөө талаараа техникийн нөхцөлийн хугацаа дууссан. 4.8-д төсөл хэрэгжих явцад зохиогчийн хяналт юм уу, мэргэжлийн хяналтаас ямар нэгэн зөвлөмж, эрх бүхий албан тушаалтны албан даалгавар өгөөгүй учраас хэрэгжилтийг хангуулах шаардлагагүй гээд байна. Барилгын ажлын явцад хянана гэж байгаа. Барилга угсралтын ажил эхлээгүй учир хэрэгжих боломжгүй. Энэ явцад эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлагуудыг хангаж байж ашиглалтад орно. Барилгын угсралтын ажил эхлээгүй учир 4.8-ыг бид дүгнэх боломжгүй. 2015 оны 07 дугаар сард авсан тусгай зөвшөөрлийн аж ахуй харилцааны дүрмийг 2019 онд шинэчилсэн. Цар тахлын нөхцөл байдал бол нэхэмжлэгч компанид хамааралгүй. Тус компанийн тусгай зөвшөөрөл 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хугацаа нь дууссан. Энэ хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаар нь нөхцөл шаардлагыг нь дүгнээд, үндэслээд сунгах эсэх асуудлыг хэлэлцсэн. Дүгнэснээс хойш сунгах эсэх асуудал хэлэлцсэн зайны хугацаанд Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг явуулаад, тайлбар аваад явсан. Иймд бүтэн оноог уг компанид өгөх боломж байхгүй. Хэрвээ 8 заалтын дунджаар дүгнэх юм бол оноо нь бүр ч бага болно.” гэв.
15. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д********** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Эрчим хүчний сайдын зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 06-ний өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэлийн ё-д сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдах хүртэл техник эдийн засгийн үндэслэлийг хурлаар хэлэлцүүлэхгүй байхыг үүрэг болгосон. Энэ заалт нэхэмжлэгчид хамаарахгүй. Яагаад гэвэл нэхэмжлэгч компани 2015 оны 07 дугаар сард тусгай зөвшөөрөл авахдаа техник эдийн засгийн үндэслэлээ батлуулаад, манайхаас тусгай зөвшөөрөлд авсан. Хурлын тэмдэглэлийн 4а-д тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг дүгнэж, биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох арга хэмжээ авахыг Эрчим хүчний зохицуулах ороонд даалгасан. Энэ шийдвэрийн дагуу манайх ажилласан.
Нөгөө талаараа Эрчим хүчний яамны сайдын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А197 дугаар албан бичигт “Т**********” ХХК-ийн захирал О.Б**********-д “...техник эдийн засгийн үндэслэлийг батлуулаад 6 жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд дээрх хугацаанд нар салхины 6 цахилгаан станц шинээр ашиглалтад орж, нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлж байна” гэж бичсэн. Өмнө энэ хэрэг явж байхад нэхэмжлэгчийн хүсэлтээр манай дээр очиж үзлэг хийсэн. Үзлэгээр тайлан байхгүй байсан гэдэг нь 2 хавтасны 216 хуудсанд байгаа. Эрчим хүчний зохицуулах хорооны даргын 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А92 дугаар тушаалаар ажлын хэсэг гарч ажилласан. Ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу 30 оноо дүгнэгдсэн. Хэн нэгэн мэргэжилтэн үүнийг хийж гүйцэтгээгүй. Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагад дурдсан байгаа нөхцөл шаардлагуудыг биелүүлж ажиллаагүй гэдгийг Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 39 дүгээр хурлын тэмдэглэлд гүйцэтгэх захирал хашаа бариагүй гэдгээ нотолж хэлсэн байдаг. Хангалтгүй гэдэг үнэлгээ хууль ёсны байгаа учраас 4 жилийн хугацаа дууссан үндэслэлээр Эрчим хүчний зохицуулах хороо тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.” гэв.
16. Иргэдийн төлөөлөгч А.Ц********** дүгнэлтдээ: “Эрчим хүчний яам ажил хийхэд ямар шаардлага, хугацаа ордог талаар нэхэмжлэгч талыг сайн сонсох хэрэгтэй. Хоорондоо үл ойлголцож хугацаа алдаж, тухайн төслийг хэрэгжүүлэх хугацаанд ажилбаруудыг дэс дарааллаар хийдэг. Тухайн ажилд цаг хугацаа шаарддаг учир уян хатан нөхцөлөөр хандах шаардлагатай. Төслийг хэрэгжүүлэгч нь гадны хөрөнгийг улсдаа татахад мөн цаг хугацаа шаардсан гэдэг нь харагдаж байна. Эрчим хүчний яам тусгай зөвшөөрлөө уян хатан нөхцөлөөр байлгахгүй бол гадны хөрөнгө оруулагч хэзээ ч Монгол Улсад хөрөнгө оруулалт хийхгүй. Нэхэмжлэгчийн тал илүү үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг доорх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.”Зохицуулах хороо нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 9.1.3.”тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах;”, 9.2.”Зохицуулах хороо нь шийдвэрлэх асуудлаа зохицуулагчдын зөвлөлийн хурлаараа хэлэлцэнэ. Хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна. Тогтоолыг тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч дагаж мөрдөнө.”, 22 дугаар зүйлийн 22.2.”Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн бөгөөд техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл, боломжтой гэж тусгай зөвшөөрөл олгогч үзвэл тусгай зөвшөөрлийн хугацааг 25 хүртэл жилээр сунгана.”, 22.3.”Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 180-аас доошгүй хоногийн өмнө гаргана.” гэж заажээ.
1.1. Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 196 дугаар тогтоолоор “Т**********” ХХК-д Эрчим хүчний барилга байгууламж /50 МВт-ын салхин цахилгаан станц/ барих тусгай зөвшөөрлийг 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 4 жилийн хугацаагаар олгосныг үндэслэн ******* дугаар гэрчилгээг олгон, 8 тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг баталсан байна.
Нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр цахимаар гаргасан бөгөөд Эрчим хүчний зохицуулах хорооны даргын 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/92 дугаар тушаалаар сэргээгдэх эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг дүгнэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсгийг байгуулжээ.
1.2. Тус ажлын хэсэг нэхэмжлэгч компаний тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 4.1 дэх хэсгийн “Эрчим хүчний барилга байгууламжийг тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд барьж байгуулан ашиглалтад оруулах” гэснийг 10%-иар, 4.2 дахь хэсгийн “Зураг төсөл боловсруулах, зөвшөөрөлцөх, батлах /БНбД 11-01-98/ болон холбогдох бусад дүрэм, журмын дагуу барилга байгууламжийн зураг төслийг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэх, батлуулах” гэснийг 50%-иар, 4.3 дахь хэсгийн “зураг төсөл хайгуул, судалгааны ажилд улсын экспертиз хийх дүрэм /БНбД 11-203-04/-ийн дагуу барилга байгууламжийн зураг төсөлд улсын экспертиз хийлгэх” гэснийг 0%-иар, 4.4 дэх хэсгийн “тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс хойш 24 сарын дотор барилга байгууламжийг каасан хугацаанд барьж ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгийн санхүүжилтийн талаар хөрөнгө оруулагчтай эцэслэн тохиролцож гэрээ хэлцэл байгуулсан байх” гэснийг 80%-иар, 4.5 дахь хэсгийн “Барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах нөхцөл биелэгдсэнээс хойш 12 сарын дотор эхлүүлсэн байх” гэснийг 20%-иар, 4.6 дахь хэсгийн “төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хэрэгжилтийн шатанд хийж үнэлгээний тайлан болон газар ашиглах гэрчилгээг тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс хойш 6 сарын дотор ирүүлсэн байх” гэснийг 20% хувиар тус тус үнэлж, нийт биелэлт 30 хувьтай үнэлэгдэж, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг “хангалтгүй” гэж дүгнэсэн байна.
Ийнхүү Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэх тухай” 537 дугаар тогтоолын 1 дэх заалтаар “Т**********” ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар хангалтгүй гэж дүгнэсэн нь Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасанд нийцжээ.
Учир нь Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах нь хариуцагчийн бүрэн эрх бөгөөд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг “хангалтгүй” гэж дүгнэснийг буруутгах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
1.3. Хэдийгээр нэхэмжлэгч тусгай зөвшөөрөл авснаас хойш цахилгаан үйлдвэрлэх тарифыг Эрчим хүчний зохицуулах хороогоор батлуулах, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг “О**********” ХХК-иар хийлгэж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамаар батлуулах, шинэчилсэн Техник эдийн засгийн үнэлгээний дагуу салхин сэнсний газрын хэмжээг нэмэгдүүлэхээр төсөл сонгон шалгаруулалтад дахин оролцож, 1760 га газрыг авах, Төвийн бүсийн эрчим хүчний системд зэрэгцээ ажиллагааны үеийн горимын тооцоог Эрдэм шинжилгээ судалгааны эрчим төвөөр хийлгэн, дүгнэлт гаргуулж, д********** ХХК -ийн зөвшөөрлийг авах, БНХАУ-ын H********** Corporation -тэй “Зураг төсөл ханган нийлүүлэлт, барилга угсралтын гэрээ” (ЕРС)-г байгуулах, Эрчим хүчний яамнаас эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох Техникийн нөхцөл-ийг жилийн хугацаатай авах, Д********** ХХК -тай Эрчим хүчний яамнаас олгосон эрхийн дагуу СЭХ-2017/12 дугаартай Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ (PPA), хөрөнгө оруулалтын сан TBF********** Inc-тай Хөрөнгө оруулалтын гэрээ, “С**********” ТӨААТҮТ-тай “Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах зэрэг ажлуудыг хийж, тасралтгүй ажиллан, гэрээний урьдчилгаа, төлбөр, ажлын хөлс, цалин , татвар зэрэгт нийт 1.5 сая ам.долларыг зарцуулсан гэх боловч эдгээр баримтууд нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагад заасан Эрчим хүчний барилга байгууламжийг тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд барьж байгуулан ашиглалтад оруулах, барилга байгууламжийн зураг төслийг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэх, батлуулах, барилга байгууламжийн зураг төсөлд улсын экспертиз хийлгэх, Барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах нөхцөл биелэгдсэнээс хойш 12 сарын дотор эхлүүлсэн байх, төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хэрэгжилтийн шатанд хийж үнэлгээний тайлан болон газар ашиглах гэрчилгээг тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс хойш 6 сарын дотор ирүүлсэн байх шаардлагыг биелүүлсэн гэдгийг нотлохгүй байна.
Мөн анх тогтоосон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 4.7, 4.8-д заасныг ажлын хэсэг үнэлээгүй гэж маргадаг хэдий ч нэхэмжлэгч компани дээрх заалтуудад заасан нөхцөл, шаардлагыг биелүүлсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул тус нөхцөл, шаардлагыг биелэлтийг дүгнээгүй хариуцагчийн үйлдлийг буруутгах боломжгүй.
Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 487 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийг ******* дугаар тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангалтгүй биелүүлсэн, цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл боломжгүй байгаа гэх үндэслэлээр уг тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байхаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн бөгөөд техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл, боломжтой гэж тусгай зөвшөөрөл олгогч үзвэл тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаар байна.
Гэтэл нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангалтгүй биелүүлсэн болох нь хариуцагчийн 2019 оны 537 дугаар тогтоолоор тогтоогдож байх бөгөөд тус тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул маргаан бүхий 2020 оны 487 дугаар тогтоол гарган тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байхаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.
Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 526 дугаар тогтоолоор “Т**********” ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих 20-2015 дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Эрчим хүчний тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох зохицуулалтад нийцжээ.
Учир нь дээр дурдснаар Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 196 дугаар тогтоолоор“Т**********” ХХК-д олгосон Эрчим хүчний барилга байгууламж /50 МВт-ын салхин цахилгаан станц/ барих тусгай зөвшөөрлийн 4 жилийн хугацаа 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болсон байх ба хариуцагч нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийг тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангалтгүй биелүүлсэн гэж үзэн хугацааг сунгахаас татгалзаж, нэгэнт хугацааг сунгаагүй тул хуульд заасан тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Дээрх үндэслэлүүдээр хариуцагчаас гаргасан маргаан бүхий тогтоолууд хуульд нийцсэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 537 дугаар, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 487 дугаар, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 526 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулж, “Т**********” ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих ******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Хэдийгээр шүүх хариуцагчаас гаргасан тогтоолуудыг хуульд нийцсэн гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч хариуцагч цаашид үйл ажиллагаандаа иргэдийн төлөөлөгчийн “Эрчим хүчний яам ажил хийхэд ямар шаардлага, хугацаа ордог талаар нэхэмжлэгч талыг сайн сонсох хэрэгтэй. Хоорондоо үл ойлголцож хугацаа алдаж, тухайн төслийг хэрэгжүүлэх хугацаанд ажилбаруудыг дэс дарааллаар хийдэг. Тухайн ажилд цаг хугацаа шаарддаг учир уян хатан нөхцөлөөр хандах шаардлагатай. Төслийг хэрэгжүүлэгч нь гадны хөрөнгийг улсдаа татахад мөн цаг хугацаа шаардсан гэдэг нь харагдаж байна. Эрчим хүчний яам тусгай зөвшөөрлөө уян хатан нөхцөлөөр байлгахгүй бол гадны хөрөнгө оруулагч хэзээ ч Монгол Улсад хөрөнгө оруулалт хийхгүй.” гэсэн дүгнэлтийг анхаарч ажиллавал зохино.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 22 дугаар зүйлийн 22.2, 24 дүгээр зүйлийн 24.3.1, Аж ахуй үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д заасныг тус тус баримтлан “Т**********” ХХК-иас Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 537 дугаар, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 487 дугаар, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 526 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулж, “Т**********” ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих ******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т**********” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН
ШҮҮГЧ Г.УРАНГУА
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ