Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 762

 

 

МАГАДЛАЛ

 

2019.04.29                                                 Дугаар 762                                      Улаанбаатар хот

 

 

 

“МҮХАҮТ ” ТББ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/00462 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “МҮХАҮТ ” ТББ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “АТ ” ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгүүлэхээр төлсөн 59 220 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын 415 дугаар тогтоол гарч, тус тогтоолоор Монгол Улс Дэлхийн Экспо-Астана 2017-д оролцох нь зүйтэй гэж үзэн бэлтгэн ажилд 287 012 600 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болж, ажлын хэсэг томилогдож байсан. Тус үзэсгэлэнд оролцохоор томилогдсон ажлын хэсэг 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Эрчим хүчний яамны байранд хуралдсан бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд МҮХАҮТ оролцсон юм. Тус үзэсгэлэнд оролцохоор томилогдсон ажлын хэсэг 2016 оны 02 дугаар сарын       16-ны өдөр Монгол Улсын Эрчим хүчний яамны байранд хуралдсан бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд МҮХАҮТ оролцсон юм. Үзэсгэлэнд оролцох бэлтгэл ажлын хүрээнд   МҮХАҮТ нь Дэлхийн Экспо-Астана 2017-д Монгол Улсыг танилцуулах үзэсгэлэнгийн танхимд AR дэвшилтэт технологийг ашиглах, мобайл аппликейшн бүтээх, контент бэлтгэх ажлыг “АТ ” ХХК-иар гүйцэтгүүлэхээр 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр тохиролцсон. 2016 оны 8 дугаар сарын 9, 11-ний өдрүүдэд “АТ ” ХХК-иас МҮХАҮТ-д 016/86, 016/87 дугаар албан хүсэлтүүдийг хүргүүлж, контент бэлтгэх ажилд 4 улирлын зураг авалт, Монгол Улсын үзэсгэлэнт байгалийн зураг авалтууд хийгдэх учир тохиромжтой цаг хугацааг алдах эрсдэл үүссэн учир төслийн ажлын 30 хувийн урьдчилгааг шийдэж өгөхийг хүссэн байдаг. Ингээд 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр “АТ ” ХХК-ийн эзэмшлийн Голомт банк дахь 1410012012 дугаар дансанд ажлын хөлсний 30 хувийн урьдчилгаа төлбөр болох 59 220 000 төгрөгийг МҮХАҮТ-аас шилжүүлсэн болно. 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Дэлхийн Экспо-Астана     2017-д оролцох ажлын хэсгийн уулзалтаар энэхүү арга хэмжээг зохион байгуулагч талаас Монгол Улсад бараа бүтээгдэхүүн худалдах эрхийг өгөөгүй, хангалттай талбай өгөөгүй гэх зэрэг шалтгаанаар Монгол Улс энэ арга хэмжээнд оролцохгүй болсон байдаг. Төсөл хэрэгжихгүй болсон талаар МҮХАҮТ-ын зүгээс “АТ ” ХХК-д яаралтай мэдэгдэж, 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн 59 220 000 төгрөгийг буцаан авахыг хүсэхэд 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр болон 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус тус МҮХАҮТ-д албан бичиг хүргүүлэн төлбөрийг бүрэн барагдуулахаа хүлээн зөвшөөрч, мэдэгдсэн болно. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл “АТ ” ХХК нь дээрхи төлбөрийг барагдуулахгүй байгаа бөгөөд ямар нэгэн байдлаар холбоо барихгүй байна. Иймд “АТ ” ХХК-иар ажил гүйцэтгүүлэхээр төлсөн 59 220 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын 415 дугаар тогтоол гарч Дэлхийн Экспо-Астана 2017 арга хэмжээнд оролцох бэлтгэл ажил хангахад Засгийн газрын нөөц сангаас 287 012 600 төгрөгийг гаргахаар болж, ажлын хэсгийг байгуулж байсан. Уг экспод Монгол Улсыг танилцуулах үзэсгэлэнгийн танхимд Augmented Reality дэвшилтэд технологийг ашиглан AR, VR аппликейшн бүтээх, үзэсгэлэнд ашиглах фото, видео контент бэлтгэн ажлыг манай байгууллагаар гүйцэтгүүлэхээр 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хуралдсан ажлын хэсэг шийдвэрлэсэн байдаг. Дээрх шийдвэрийн дагуу “АТ ” ХХК, МҮХАҮТ нь харилцан ойлголцлын санамж бичгийг 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан. Дэлхийн Экспо-Астана 2017 арга хэмжээнд зориулж Монгол ахуй, соёл, байгалийн үзэсгэлэнт газруудаар явж фото, видео контент бэлтгэх ажлыг манай байгууллага гүйцэтгэх нь дээрх шийдвэрийн дагуу тодорхой болсон. Засгийн газрын тогтоолоор хөрөнгө мөнгө нь батлагдсан, ажлын хэсгийн гишүүн байгууллагатай санамж бичиг байгуулж баталгаажсан учраас чанартай, олон талт үзэгдэлтэй контент бэлтгэх үүднээс хугацаа алдалгүй ажилдаа орох шаардлагатай болсон. МҮХАҮТ-д хүсэлтийг уламжилж урьдчилгаа 30 хувь болох 59 220 000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өөрийн байгууллагын дансаар шилжүүлэн авсан. Бид 2016 оны 09 дүгээр сард дөрвөн аймгийн газар нутгийг дамнан сарын хугацаатай Монгол ахуй, соёл, байгалийн зураг авалтыг хийсэн болно. Манай байгууллага Засгийн газрын 415 дугаар тогтоолын дагуу Дэлхийн Экспо-Астана 2017 арга хэмжээнд зориулж, МҮХАҮТ-аас авсан урьдчилгаа 30 хувийн мөнгөн дүнд ажлаа гүйцэтгэсэн боловч уг экспод оролцохгүй болсон талаарх мэдээллийг 2017 оны 01 дүгээр сард мэдэгдэж, төсөл зогсож, дараа дараагийн төлөвлөгдсөн хуваарьт ажил зогссон билээ. Манай байгууллага нь Астана экспод зориулан бэлтгэсэн контентийг баяжуулан боловсруулж Монгол ахуй соёлыг олон нийтэд танилцуулах AR, VR нүүдлийн музей болгон хөгжүүлэх төслөө боловсруулж хөрөнгө оруулагч нарт танилцуулах уулзалт ярилцлага үргэлжилж байна. Манай байгууллага МҮХАҮТ-с нэхэмжилсэн 59 220 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.    Учир нь бид Засгийн газрын 415 тоот тогтоолоор батлагдсан ажлыг гүйцэтгэсэн билээ гэжээ.  

Шүүх: Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2, 355.6-д зааснаар хариуцагч “АТ ” ХХК-иас 37 520 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МҮХАҮТ ТББ-д олгож, үлдэх 21 700 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 454 050 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “АТ ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 345 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МҮХАҮТ ТББ-д буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч талын хавтаст хэрэгт гаргаж өгсөн “АТ ” ХХК-иас “МҮХАҮТ”-д явуулж байсан 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 017/65 дугаар албан бичигт үндэслэн юм. Тус албан бичигт ямар нэг санхүүгийн баримт хавсаргалгүйгээр “АТ ” ХХК-иас ажлын хөлсний урьдчилгаанд авсан 59 220 000 төгрөгийн зарцуулалтыг дурдаж өгсөн байдаг. Гэвч дурдсан үнийн дүн зориулалтыг шүүх ямар нэг санхүүгийн баримтад үндэслэлгүйгээр шууд зөвтгөн тайлбарлаж, хэн нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Тухайлбал, шүүх томилолтын зардалд гарсан гэх    11 400 000 төгрөгийг хаашаа, хэн, хэзээ явсан томилолт болохыг мэдэхгүй байж шууд тэнцүү хоёрт хуваагаад 5 700 000 нь БНХАУ-руу явж тоног төхөөрөмж авсан зардал байна, үлдсэн 5 700 000 нь хөдөө орон нутагт ажил гүйцэтгэсан томилолтын зардал байна гэж үзээд өөрөө дур мэдэн нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, татгалзалд дурдаагүй асуудлаар дүгнэлт хийсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй, хариуцагчаас гаргуулах төлбөрийг буруу тооцсон нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй байх тул давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх боломжтой байна.

Нэхэмжлэгч “МҮХАҮТ ” ТББ нь хариуцагч “АТ ” ХХК-д холбогдуулан, ажил гүйцэтгүүлэхээр төлсөн 59 220 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2017 онд зохион байгуулагдсан Дэлхийн Экспо-Астана 2017 арга хэмжээнд зориулж, хариуцагч “АТ ” ХХК нь AR, VR аппликейшн хийж гүйцэтгэхээр, нэхэмжлэгч МҮХАҮТ нь ажлын хөлсөнд урьдчилгаа төлбөр 30 хувь буюу 59 220 000 төгрөгийг шилжүүлэн, зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

Талуудын хооронд тохиролцсон ажил гүйцэтгэх гэрээ нь Монгол Улсын Засгийн газар Дэлхийн Экспо-Астана 2017 арга хэмжээнд оролцох шаардлагагүй хэмээн шийдвэрлэсний дагуу хэрэгжих боломжгүй нөхцөл байдал бий болж, хариуцагч нь урьдчилгаанд төлсөн төлбөрийг буцаан олгох талаар, худалдан авсан тоног төхөөрөмжүүдийг өөрийн хөрөнгөд үлдээх болсон талаар 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр МҮХАҮТ-д мэдэгдэж байсан үйл баримт тогтоогдож байна. /хх 8/

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан байх тул хариуцагч нь нэхэмжлэгчээс учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээ цуцлахаас өмнө гэрээний дагуу хариуцагч нь хийж гүйцэтгэсэн ажилд орсон орлого, үр шимийг хасаж тооцох эрхтэй боловч хариуцагчийн тайлбараас үзхэд Дэлхийн Экспо-Астана 2017 арга хэмжээнд зориулан бэлтгэсэн контентийг баяжуулан боловсруулж Монгол ахуй соёлыг олон улсад танилцуулах АR, VR нүүдлийн музей болгон хөгжүүлэх төсөлд бэлтгэн хариуцагч талд бэлтгэсэн контентыг цаашид бүрэн ашиглах боломжтой нөхцөл байдал бий болсон байна.

Түүнчлэн, хариуцагч нь ажлын хөлсөнд авсан 59 220 000 төгрөгийг ажлын явцад зарцуулсан гэх боловч ийнхүү зардал гаргасан болохоо нотлох баримтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд ирүүлээгүй тул хариуцагч дээрх хэмжээний мөнгөн хөрөнгийг хүлээн авч, дээрх үйл ажиллагаанд оруулсан гэж үзэх боломжгүй юм.

Иймд шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/00462 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “АТ ” ХХК-иас 59 220 000 төгрөгийг гаргуулан “МҮХАҮТ ” ТББ-д олгосугай.” гэж,

2 дахь заалтын “345 550” гэснийг “454 050” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 266 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

                   М.НАРАНЦЭЦЭГ