Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2018/01186

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 14 өдөр

     Дугаар 183/ШШ2018/01186                                                       

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одаргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: О” ХХК /РД:0000/-ийн нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: Т.Ц /РД:000000-т холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2 195 090 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, хариуцагч Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Багахангай дүүрэгт техникийн хаягдал тосыг дахин боловсруулан Монгол эко дизель түлш үйлдвэрлэдэг бөгөөд иргэн Т.Ц нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд 21158 литр түлшийг итгэлцлийн үндсэн дээр амаар худалдах-худалдан авах гэрээ байгуулж 26 687 500 төгрөгийн барааг худалдан авсан. Үүнээс хариуцагч Т.Ц нь 24 492 410 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд төлж барагдуулсан. Гэвч үлдэгдэл үнэ болох 2 195 090 төгрөгийн төлбөрийн үлдэгдлийг барагдуулах талаар удаа дараа шаардсан боловч одоог болтол төлбөрөө төлж барагдуулаагүй юм. Иймд худалдах- худалдан авах гэрээний төлбөрт 2 195 090 төгрөгийг Т.Цээс гаргуулан манай компанид олгож өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч Т.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А ХХК-д хамаарах иргэний хэргийг хариуцагч Т.Ц би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Т.Ц би 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр А ХХК-тай Багахангай дүүрэгт байрладаг тус группээс дизель түлш аваад Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын хадлан хадаж байгаа хувь хүмүүст өөрийн өмчлөлийн 67-89 УН улсын дугаартай 3 тоннын даацтай сапрушик маркийн автомашинаараа ачиж, зөөж нийлүүлээд, түлшний мөнгийг буцааж өгөөд өөртөө тус компаний нийлүүлсэн үнээс илүү гарган ашиг унагаах болзолтой гэрээг амаар хийсэн, гэрээний үүргээ биелүүлсэн. Гэтэл 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр А ХХК-ийн борлуулалтын инженер Ариунмөрөн надад манай компанийн 3 тонн түлштэй машиныг дагуулаад явчихаач боломж гарвал борлуулаад өгөөч гэсэн, би борлуулагдах боломжгүй, хадлан бууж байгаа гэж хэлсэн боловч дагуулаад явчих гээд гуйгаад байсан тул дагуулаад явсан, дагаж явсан компанийн жолооч нь мэднэ. Би эдний компанийн машинтай 3 тн түлшийг аваагүй, надад огт хамааралгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Т.Цд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2 195 090 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

        

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

           Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Т.Цд нийт 21 158 литрийн түлш худалдсан, түлшний нийт төлбөр 26 687 500 төгрөгнөөс 24 492 410 төгрөгийг хариуцагч төлсөн үлдэх 2 195 090 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарлаж байна.

           Хариуцагч Т.Ц нь нэхэмжлэгч А ХХК-иас амаар худалдах- худалдан авах гэрээ байгуулж түлш авч, цааш нь тодорхой төлбөр нэмж борлуулдаг байсан нь үнэн. Миний хувьд нэхэмжлэгч компаниас авсан түлшний тооцоогоо бүрэн хийж дуусгасан, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн машинаараа 3 тн түлш авсан, төлбөрөө бүрэн төлсөн, намайг өөрсдөө компанийн машиныг дагуулаад яваач гэж гуйхаар нь би дагуулж явсан, тэрнээс тус компанийн 3 тн түлштэй машины түлшийг би худалдаж авахаар тохиролцоогүй, зарж өгнө гэж ч хэлээгүй, жолооч нь зараад бэлэн мөнгөө өөрөө аваад явсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.           

         

          Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж,түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ба А ХХК, хариуцагч Т.Ц нарын  хооронд үүссэн хэлцэл,талуудын тайлбар, хэргийн үйл баримтаас дүгнэхэд талуудын хооронд  эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д хамаарах, худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

          Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.

   

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага түүний үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй юм.

 

         Нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 21 158 литр түлш хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж байх ба хариуцагч түлшний тооцоог хийж дууссан, ийм хэмжээний түлш аваагүй гэж маргасан тул нэхэмжлэгч хариуцагчид 21 158 литр түлш хүлээлгэж өгсөн гэх үйл баримтыг нотолсон нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчээс ирүүлсэн нийт 9 хуудас зарлагын баримтаас 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн, 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн баримтуудаар хариуцагчид түлш хүлээлгэж өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ. Учир нь  уг гурван ширхэг зарлагын баримтанд хүлээн авагч буюу Т.Цийн нэр бичигдээгүй, гарын үсэг зурагдаагүй байна./х.х-ийн 6,7,14 дүгээр тал/

 

          Харин 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 2 347 литр түлш, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 1 100 литр түлш, 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 3 000 литр түлш, 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 3 050 литр түлш, 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 3 000 литр түлш, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 3 461 литр түлш,  нийт 19 937 500 төгрөгийн үнэтэй, нийт 15 958 литр түлшийг нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Т.Цд хүлээлгэн өгсөн, түлшний төлбөрийг хариуцагч төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 8-13, 28-38 дугаар тал/

   

         Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагч нь 6 тн түлш худалдан авсан, 3 тн түлшийг хариуцагч Т.Ц өөрийн тээврийн хэрэгслээр ачиж, 3 тн түлшийг манай компанийн машинд ачиж явсан гэж тайлбарлаж байгаа бөгөөд хариуцагчид 6 тн түлш хүлээлгэн өгсөн гэх үйл баримт нотлох баримтаар тогтоогдоогүй. Мөн гэрч Ж.Ганболд мэдүүлэгтээ “... Өөрийнхээ буулгадаг 3 тн түлшээ зарахаар ярьсан байсан. Миний барьж явсан машины 3 тонныг би зарж өгч чадахгүй шүү гэхдээ зарж өгөхийг бодьё гэж би дагаж явсан.Танай 3 тонн түлшийг баттай борлуулна гэж хэлж чадахгүй шүү гэж үйлдвэрээс гарахдаа хэлсэн ...” гэх мэдүүлгээр хариуцагч Т.Цийн татгалзал тогтоогдож байх ба  нэхэмжлэгч компанийн машинд ачсан 3 тн түлшийг худалдан авахаар нэхэмжлэгчтэй худалдах-худалдах авах гэрээ байгуулах хүсэл зоригоо илэрхийлсэн үйлдэл болоогүйн гэрчийн мэдүүлгээр нотлогдож  байна. /х.х-ийн 49 дүгээр тал/

 

         Иймд нэхэмжлэгч А ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлага  нотлогдоогүй учраас  шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Т.Цд холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2 195 090 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50 100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Ц.О