| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 194/2025/1442/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1706 |
| Огноо | 2025-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1706
2025 07 02 2025/ШЦТ/1706
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Ё” танхимд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Сүрэнхоролоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,
улсын яллагч Б.Мөнгөншагай /томилолтоор/,
шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан эрүүгийн 2411 01848 0386 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Х-ын Б /РД:........./, ............-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “..........” ХХК-д хөдөлгөөн засалч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ............ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Б нь 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн ...... тоотод хохирогч А.С ийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас хохирогч А.С ийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Дугаар 9185 дүгнэлт, шүүгдэгч Х.Б ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн, зөв мэдүүлсэн учраас нэмж мэдүүлэх зүйл байхгүй.” гэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Б нь оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон байна.
Шүүгдэгч Х.Б нь 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн ...... тоотод хохирогч А.С тэй маргалдаж түүнийг гараараа цохиж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд хүч хэрэглэн халдсаны улмаас хүний биед зүүн нүдний зовхи, зүү хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай, хөдөлбөргүйгээр, эргэлзээгүй нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Дугаар 9185 дүгнэлтээр “...А.С ийн биед зүүн нүдний зовхи, зүү хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо тус бүр нэг удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” (хавтаст хэргийн 32-33 дахь тал),
хохирогч А.С мэдүүлсэн: “...Би Б гэх хүнтэйхамтран амьдраад 1 жил орчим болж байна бид 2 дундаасаа хүүхэдгүй бид 2 одоогоор тусдаа амьдарч байгаа юм 2024 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн ........... тоот хаягт Б нь намайг хүрээд ир хамт хоол хийж идье гэхээр нь би ганцаараа явж очоод Чингэлтэй дүүргийн ........ тоот хаяг дээр ирээд гэрт нь орох үед Б нь өөрийн төрсөн хүүхэд болох Тгийн хамт байсан тэгээд гэрт нь хоол хийж байхдаа Б бид 2 хүний 2-3 лааз пиво уусан юм намайг очих үед Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд бид нар жоохон унтаж байгаад би өөрийн төрсөн эгч болох Наранчимэгтэй хамт эмнэлгээр явах ёстой байсан болохоор гэртээ харих гээд Б той хамт автобусны буудал руу алхаж байгаад автобус зогссон талаар ярьж байгаад буцаад Б ийн гэрт нь ороход Б ийн хүүхэд болох Т нь гэртээ компьютероор тоголж байхаар нь би Тд хандан одоо болно унтах хэрэгтэй заваан хүмүүжилгүй хүүхэд вэ гэсэн чинь Б нь надад хандан чи одоо миний хүүхдийг хүмүүжилгүй гэдэг хэн бэ гээд Б бид 2 хоорондоо маргалдаж эхэлсэн гэтэд бид чинь Б гэнэт миний зүүн нүд хэсэг рүү гараараа 1 удаа цохисон миний бие хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон би сайн мэдэхгүй байна. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан юм аа.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 15 дахь тал),
шүүгдэгч Х.Б яллагдагчаар мэдүүлсэн “...Би прокурорын тогтоолтой уншиж танилцлаа. Надад яллагдагчаар татсан тогтоолтой холбоотой асууж тодруулах зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Б нь хохирогч Ж.Мөнгөншагайгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Б ийн үйлдлийн улмаас хохирогч А.С ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Х.Б ийн үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Х.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлджээ.
Шүүгдэгч Х.Б ийн үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Х.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирогч А.С нь мөрдөн шалгах ажиллагааны үед эмчилгээний зардалтай холбоотой хохирол баримтаар нэхэмжлээгүй, мөн хохирогч А.С нь “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй болно” гэх хүсэлт (хавтаст хэргийн 58 дахь тал) хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Х.Б нь бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Х.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Х.Б нь нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж, ял шийтгүүлж байгаагүй, (хавтаст хэргийн 44 дэх тал) мөн тухайн үед тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Мөн шүүгдэгч Х.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрснийг харгалзан үзсэнийг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Х.Б ийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, улсын яллагын санал зэргийг харгалзан шүүгдэгч Х.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн уулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Улсын яллагчийн торгох ял оногдуулах талаар гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэж торгох ялын хэмжээг шүүх өөрт хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоов.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Х-ын Б /РД:........./-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Х.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт баривчилагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР