| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2020/00428/И |
| Дугаар | 148/ШШ2020/00451 |
| Огноо | 2020-07-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 148/ШШ2020/00451
| 2020 оны 07 сарын 09 өдөр | Дугаар 148/ШШ2020/00451 | Сэлэнгэ аймаг |
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүхийн хурлын танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар А.*******гийн нэхэмжлэлтэй, М.*******д холбогдох Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Энх-Амар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 1 дүгээр баг, 1 дүгээр хэсэг, 086 тоотод оршин хаягтай, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, Монжидор ХХК-д ажилдаг гэх, ******* овгийн *******ийн ******* /регистрийн дугаар МЮ- 92011447/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...
******* овогтой ******* миний бие нь 2008 онд ******* овогтой *******тай танилцаж улмаар 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтийн 0075661 тоот баталгаагаар батлуулж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2008 оны 09 дүгээр сарын 23-нд охин М.*******төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2012 оноос хойш тусдаа амьдрах болсон.
Тэр үеэс хойш охин М.*******маань эх А.*******гийн асрамжид өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү! Охин М.Маралыг миний асрамжид үлдээж өгнө үү. Эцэг М.******* нь хүүхэддээ хэрэгцээний бүх л хангалтыг сайн өгдөг учраас тэтгэлэг нэхэхгүй. Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан үгүй... гэжээ.
Хариуцагч: Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 1 дүгээр баг, 1 дүгээр хэсэг, 086 тоотод оршин хаягтай, Улаанбаатар хотод хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх
Боржигон овгийн *******ын ******* /регистрийн дугаар: МЮ- 89041591/ 2020 оны 06 дугаар сарын 26-нд шүүхэд гаргасан тайлбартаа:
...Миний бие М.******* ******* овогтой *******тэй 2007 оны 07 дугаар сарын 12-нд танилцсан. 2008 оны 09 дүгээр сарын 23-нд охинтой болсон. 2009 онд гэр бүлээ батлуулсан.Ингээд 2016 онд ар гэрийн шалтгааны улмаас тусдаа амьдарч эхэлсэн.Одоо хэн хэн нь өөр бусадтай хамтын амьдралтай болсон тул цаашид гэрлэлтээ үргэлжлүүлэх боломжгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Охиноо ээжийнх нь асрамжинд үлдээнэ. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна...гэв.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.******* нь М.*******д холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Зохигчид нь 2007 онд танилцан, хамтран амьдрах хугацаанд 2008 оны 09 дүгээр сарын 23-нд охин М.*******төрж, 2009 онд гэрлэлтээ батлуулсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт авагдсан А.*******, М.*******д нарын 2007 онд гэр бүл болсныг 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 336 дугаарт бүртгэж олгосон Гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2008 оны 09 дүгээр сарын 23-нд төрсөн охин *******гийн Маралыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИГБББ-ийн төрсний бүртгэлд бүртгэж № 0199533, Г-364 дугаартай олгосон Төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар нотлогдож байна.
А.*******, М.******* нар нь дээрхи асуудлаар 2020 оны 6 дугаар сард Сэлэнгэ аймгийн Сум дундын иргэний хэргийн шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид хандаж байсан боловч эвлэрлийн ажиллагаа амжилтгүй болсон байна.
Хариуцагч М.******* нь шүүхэд ...Одоо хэн хэн нь өөр бусадтай хамтын амьдралтай болсон тул цаашид гэрлэлтээ үргэлжлүүлэх боломжгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Охиноо ээжийнх нь асрамжинд үлдээнэ. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна... гэсэн тайлбар гаргаснаар Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн байна.
Зохигчид шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа ...цаашид хамтран амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрсөн, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, хүүхдийн асрамж, эд хөрөнгийн маргаангүй... гэсэн байх тул зохигчдын гэрлэлтийг цуцалж, бага насны охин М.Маралыг эх А.*******гийн асрамжинд үлдээж шийдвэрлэх үндэслэл болж байна.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т... Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, санаагаа илэрхийлэх эрхтэй гэх, мөн Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д ... Эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээнэ гэж заасан байх тул зохигчид нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг бойжуулах, сурч боловсрох... зэрэгт нэгэн адил үүрэг хүлээж, эрх эдлэх тул бага насны охин М.Маралыг хүссэн цагт нь төрсөн эцэг М.*******тай нь уулзуулах, хүүхдийн санал бодлыг нь сонсох, эцэг, эх хэн аль нь хүүхдээ харж асрах, тэжээн тэтгэхэд нь саад болохгүй байхыг зохигчидод анхааруулах нь зүйтэй.
А.*******гийн нэхэмжлэлтэй, М.Мөнхжаргалд холбогдох Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай хэргийн хэлэлцэх шүүх хуралдааны товыг боломжит хугацаа буюу 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зохигчдод мэдэгдсэн боловч нэхэмжлэгч А.******* ...манай байгууллага надад дахин чөлөө өгөх боломжгүй учир намайг байлцуулахгүйгээр шүүх хурлыг хийж шийдвэрлэж өгнө үү! М.*******тай ямар ч маргаангүй... гэх, хариуцагч М.******* ...Миний бие Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа тул шүүхэд дахин дахин ирэх боломжгүй байна. А.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд ямар ч маргаангүй тул намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү! гэх хүсэлтүүдийн гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5 дахь хэсэгт зааснаар зохигчд талуудын эзгүйд шүүх хуралдааныг явуулж, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар зохигчдын урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******гаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 125 дугаар зүйлийн 125.1, 132 дугаар зүйлийн 132.6 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар ******* овгийн *******ийн *******, Боржигон овгийн *******ын ******* нарын гэрлэлтийг цуцласугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар бага насны охин М.Маралыг эх А.*******гийн асрамжинд хэвээр үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч А.******* нь хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг, зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй гэснийг тус тус дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч А.*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******гаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар гэрлэлт цуцласан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээрзүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ