| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 194/2025/1137/Э/220/2025/0639 |
| Дугаар | 2025/ШЦТ/1412 |
| Огноо | 2025-05-26 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1412
2025 05 26 2025/ШЦТ/1412
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Б” танхимд Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Одонтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сүххуяг,
улсын яллагч Б.Одонтуяа,
шүүгдэгч Э.Т , түүний өмгөөлөгч Г.Батболд нарыг оролцуулан 2503 00094 0317 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Э.Т /............/, Монгол Улсын иргэн, .................. өдөр .................. суманд төрсөн 39 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, компьютер дизайн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн .................. тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Т нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Янмал үйлдвэрийн зүүн талын замд Toyota Corolla Fielder загварын 00-00 УКА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, драгер багажийн үр дүнг илтгэсэн хэвлэмэл хуудас, шүүгдэгч Э.Т ийн жолоодох эрхийн лавлагаа, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Дугаар 2024/ЗШ/.... шийтгэвэрийн хуулбар, АСАП сангийн лавлагаа, иргэний нэхэмжлэгч Т.О ын мэдүүлэг, шүүгдэгч Э.Т яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршигтай холбоотой баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүгдэгч Э.Т нь шүүх хуралдаанд оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч нь шүүгдэгчийн байр суурийг нь дэмжиж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар оролцсон байна.
Шүүгдэгч Э.Т нь урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Дугаар 2024/ЗШ/.... шийтгэвэрээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар согтуурсан /2.51%/ үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн хугацаанд 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Янмал үйлдвэрийн зүүн талын замд Toyota Corolla Fielder загварын 00-00 УКА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан /3.73%/ үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай, бүрэн, хөдөлбөргүй, эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-9 дэх тал),
Шүүгдэгч Э.Т ийн жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 16 дахь тал),
Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл, Драгер багажийн үр дүнг илтгэсэн хэвлэмэл хуудас “...Э.Т нь 3.73 хувь согтолттой.” (хавтаст хэргийн 3-4, 5 дахь тал),
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Дугаар 2024/ЗШ/.... шийтгэвэрийн хуулбар (хавтаст хэргийн 42-44 дэх тал),
АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 24-29 дэх тал),
Иргэний нэхэмжпэгч Т.О мэдүүлсэн “...Би 2025 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Дэнжийн мянгын зах орж гэртээ хүнсний зүйл аваад ертөнцийн зүгээс баруунаас зүүн чиглэлтэй өөрийн эзэмшлийн Toyota Prius-41 маркийн 00-00 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явж байхад ертөнцийн зүгээс урд зүгээс хойд зүг чиглэлтэй Toyota Corolla маркийн 00-00 УКА улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний жолоодож явж байсан тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан. ...Ослын улмаас автомашины жолооч таныг хаалга эвдрэлтэй байсан тухайн үед миний машиныг мөргөсөн жолоочтой тохиролцон 600.000 төгрөгийг 5175173807 дугаартай Хаан банкны Дансаар мөнгө бүрэн бүтэн хүлээж авсан. Надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжпэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),
Шүүгдэгч Э.Т яллагдагчаар мэдүүлсэн “...Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байдаг ажил дээр байж байгаад найзтайгаа экс нэртэй цагаан архи 500 грамм архийг хувааж уусан. Тэгээд өдрийн 13 цагийн үед ажлын газраас гараал өөрийн эзэмшлийн Toyota Corolla маркийн 00-00 УКА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Янмал оймсны үйлдвэрийн урд уулзвар дээр явж байгаад Toyota Prius-41 маркийн 00-00 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн, зам тээврийн осол гаргасан. Тэгээд би тээврийн хэрэгслээж бууж нөгөө автомашины жолоочтой ярилцаад би тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байгаа хоёулаа хоорондоо тохиролцоод салья гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө жолооч би даатгалаа дуудна гээд байж байхад зам дээр явж байсан замын цагдаа ирсэн. Тэгээд замын цагдаа ирээд бид хоёрыг шалгах үед би согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн байна гээд миний жолоодож явж байсан тээврийн хэрэгслийг түр саатуулсан. Тэгээд намайг замын цагдаа, цагдаагийн машинд суулгаж, Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн хэлтэс дээр авчран согтууруулах ундаа шалгаж багаж үлээлгэсэн. ...Би согтуурал шалгах багаж үлээсэн 3.73%-тай гарч байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дахь тал) зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Т нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Дугаар 2024/ЗШ/.... шийтгэвэрээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар торгох шийтгэл хүлээж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 1 жилийн хугацаагаар хасуулж шийтгүүлсэн байна.
Шүүгдэгч Э.Т нь Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно гэсний а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэж заасныг зөрчсөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хууль тогтоогчийн хийсэн тайлбараар согтуурсан гэдэг ойлголтыг “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно гэж тайлбарлажээ.
Эрх бүхий албан тушаалтан жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд шүүгдэгч Э.Т ийн согтуурлыг 91102161 сериал дугаар бүхий драггер багаж ашиглан шалгахад 3.73% гэсэн тоон үзүүлэлтийг илтгэсэн нь амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промилл (%) гэснээс өндөр буюу согтуурсан болохыг нотолжээ.
Шүүгдэгч Э.Т нь урьд согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтанд зааснаар баривчлах шийтгэл хүлээж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан, энэ хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь илэрхий ойлгомжтой, мөн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаа нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг бүрэн ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.
Хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэрээс дээш хохирол учирсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан тээврийн хэрэгслийн жолооч нь хохирол, хор уршиг бий болгохыг хүсээгүй, харин тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж буй үйлдлээ ухамсарлан мэдэж үйлддэг буюу болгоомжгүй гэмт хэргийн шинжтэй байдаг бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь үйлдлийн улмаас хохирол, хор уршиг бий болсон байхыг шаардахгүй тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байна. Иймээс шүүгдэгч Э.Т ийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болно.
Шүүгдэгч Э.Т ийн үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Иргэний нэхэмжлэгч Т.О нь “...Ослын улмаас автомашины жолооч таныг хаалга эвдрэлтэй байсан тухайн үед миний машиныг мөргөсөн жолоочтой тохиролцон 600.000 төгрөгийг 5......... дугаартай Хаан банкны дансаар мөнгө бүрэн бүтэн хүлээж авсан. Надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжпэх зүйл байхгүй.” (хавтаст хэргийн 13 дахь тал) гэдгээ мэдүүлсэн, шүүгдэгч Э.Т өөс 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Хаан банкны 51...... дугаартай иргэний нэхэмжлэгч Т.О ын данс руу 600.000 төгрөгийг шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Э.Т нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй байна.
Жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь жолоочийн самбаачлах чадварыг бууруулж, зам орчны нөхцөл байдлыг үнэлж дүгнэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах оролцох чадварыг үгүй хийхийн зэрэгцээ, орон зай баримжаа алдагдах, өөрийн үйлдлийг хянах чадвар багасах буюу үгүй болгож зам тээврийн ноцтой осол гарах, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учрах шалтгаан болдог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас материаллаг хохирол учирсан байхыг шаардахгүй боловч урьд согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, шийтгэл хүлээсэн атал дахин жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа нь зам тээврийн ноцтой осол гарах нөхцлийг бүрдүүлж санаатайгаар дахин давтан үйлдэж байгаа үйлдлэл нь энэ гэмт хэргийн нийгмийн аюулын шинжийг тодорхойлно.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Э.Т нь урьд гэмт хэрэгт холбогдож ял шийтгэл эдэлж байгаагүй (хавтаст хэргийн 41 дэх тал) боловч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон болох нь хэнд ч тэр илэрхий ойлгомжтой боловч цагдаагийн албан хаагч илрүүлж, үйлдлийг таслан зогсоох хүртэл удааширсан үйлдлээр гэмт хэргээ үргэлжлүүлж байгаа нь тохиолдлын шинжтэй гэж үзэх үндэслэл болохгүй юм. Иймд шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Т ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, улсын яллагчийн санал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Т т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг түүнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолж эхлэхээр тогтов.
Шүүгдэгч Э.Т т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Т нь урьд шүүхийн шийдвэрээр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлдээ баривчлах шийтгэл хүлээж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан боловч энэхүү хууль зөрчсөн үйлдлээ ухамсарлахгүйгээр дахин 5 сар 10 хоногийн дараа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осол гаргасан байх үед нь цагдаагийн алба хаагч илрүүлсэн, Эрүүгийн хуульд хүний амьсгалд агуулагдах спиртын агууламж 0.20 промилээс дээш байгааг согтуурсан гэж үзэхээр хуульчилсан байхад шүүгдэгч Э.Т нь урьд 2.51%, гэмт хэрэг үйлдэх үедээ 3.73% гэх зэргээр хүнд зэргийн согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байгаа нь Монгол Улсын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээлгэсэн үүргийг биелүүлдэггүй, хориглосон заалтыг зөрчиж байгаа үйлдээ таслан зогсоох, хууль зөрчихгүй байх талаар ухамсарлан ойлгохгүй байгааг харуулж байна гэж үзлээ. Мөн хэрэгт авагдсан цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаанаас харахад шүүгдэгч Э.Т нь 2011 /2 удаа/, 2012, 2013, 2015, 2016, 2018 /2 удаа/, 2020, 2024 онд согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Зөрчлийн тухай хуульд зааснаар торгох болон баривчлах, эрх хасах шийтгэл удаа дараа хүлээж байсан хувийн байдалтайг дурьдах нь зүйтэй.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч Э.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Т /............/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Т т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн хугацааг түүнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Э.Т нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Т ийг цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Т т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР