2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1492

 

 

 

 

 

 

 

 

  2025        06         03                                    2025/ШЦТ/1492

 

 

                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурор П.Болормаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч П.Болормаа,

шүүгдэгч Э.Г  нарыг оролцуулан эрүүгийн 2511 00000 0089 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр нээлттэйгээр хянан хэлэлцээд

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ............... өдөр Дорнод аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй; хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, энхэр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн . ................. тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Э.Г  /РД:..../,

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Э.Г  нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдер Чингэлтзй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх ................. хохирогч Э.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Г  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч Э.Мийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Дугаар ЕГ0725/2325 тоот дүгнэлт, шүүгдэгч Э.Г ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

            Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Г  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөх байр суурьтай оролцсон байна.

            Шүүгдэгч Э.Г  нь 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдер Чингэлтзй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх ................. хохирогч Э.Мийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг халдаж хохирогч руу шилэн стакан шидэж хүний биед дух, баруун хөмсөг, нүүр, хамарт шарх, нүүрний өнгөц шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай, хөдөлбөргүй, эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Дугаар ЕГ0725/2325 тоот дүгнэлтээр “...Э.Мийн биед дух, баруун хөмсөг, нүүр, хамарт шарх, нүүрний өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” (хавтаст хэргийн 17-18 дахь тал) гэх дүгнэлтээр хохирогч Э.Мийн биед Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/225/А/153/А/85 дугаар тушаалаар батлагдсан “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох  журам”-д заасан хөнгөн хохирол учирсан байна.

Энэхүү хөнгөн хохирол учирсан үйл баримтын талаар оролцогч нар мэдүүлэхдээ:  

Хохирогч Э.М мэдүүлсэн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 20 цагийн үед манай найзын ах болох Ганхүлэг гэх хүний гэрт очиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд би хэтрүүлэн хэрэглээд 03 цагийн үед  манай найзын ах агсам тавиад байхаар нь явлаа гэсэн чинь явуулахгүй байсан би уурлаад та зүгээр унт би явлаа гээд гарах гэсэн чинь намайг зайл зайл гээд өндөр шилэн стакан над руу шидэхэд миний нүүрийг онож хагарсан. Тэгээд миний дух, хамар хацар хэсэг хэсэг газраа зүсэгдсэн. Тэгээд хамт байсан манай найз залуу Даваахүү уурлаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн удалгүй хоёр цагдаа ирээд Г  гэх хүнийг эрүүлжүүлэх байр руу авч явсан.“ гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дахь тал),

            Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),

Шүүгдэгч Э.Г  яллагдагчаар мэдүүлсэн “...2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр манай гэрт миний танил дүү Даваахүү болон түүний найз охин М мөн найз Содбаяр нар ирсэн юм. Бид нар нийлж 3 шил 0,5 литрийн Хараа архи хувааж уусан юм. Тэгээд архиа хувааж ууж дуусгаад байж байхад Даваахүү согтоод агсан тавиад байхаар нь би уурлаад орон дээр байсан ундаа ууж байсан шилэн стаканыг Даваахүү рүү аваад шидэхэд найз охин болох Мийг оночихсон юм. Тэгээд цагдаа дуудаад удалгүй цагдаа ирээд намайг хэлтэс дээр авч ирээд эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Г  нь хохирогч Э.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хангалттай, хөдөлбөргүйгээр, бүрэн нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч Э.Г  нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж өөрийн үйлдлээр хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт хэргийг санаатай үйлджээ.

Шүүгдэгч Э.Г ийн үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Г ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Э.Г ийн үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Э.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал: 

Хавтаст хэрэгт хохирогч Э.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой баримт гарган ирүүлээгүй байна. Хохирогч Э.М нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Оёдол тавиулсан мөнгө болон сорвины тосны мөнгө гаргуулж авмаар байна” гэх талаараа мэдүүлж, “Гоёл медикал” гоо сайханы эмнэлгийн “...Э овогтой М 31 настай, РД:......... “Гоёл медикал” дээр 2025 оны 01-р сарын 19-нд Нүүрний эргэн тойрон жижиг том /5см-10см/ шилэнд зүсэгдсэн 5-6 ш шархыг цэгцэлж 500 мянган төгрөгийн үнэлгээ бүхий дотор болон гадна талд оёдол тавьж мэс засал хийлгэсэн нь үнэн болно.” гэх баримтыг ирүүлсэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл (хавтаст хэргийн 32 дахь тал)-д хохирогч Э.М нь 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 246.300 төгрөгийн үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас авсан байна.

Шүүгдэгч Э.Г  нь 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 746.300 төгрөгийн хохирлыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн барьцааны Төрийн сангийн 100900005406 тоот дансанд тушаасан байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлд тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Г ийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд тушаасан 746.300 /долоон сая дөчин зургаан мянга гурван зуу/ төгрөгөөс хохирогч Чингэлтэй дүүргийн ........... тоотод оршин суух хаягтай, Б овогт Э ын М /РД:........./-т 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг олгож, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд 246.300 /хоёр зуун дөчин зургаан мянга гурван зуу/ төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

Мөн хохирогч Э.М нь цаашид гарах эмчилгээний зардал, мөн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой зардал, хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505., 511 дэх зүйлд заасан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан үзлээ.

            Шүүгдэгч Э.Г  нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж, ял шийтгүүлж байгаагүй (хавтаст хэргийн 22 дахь тал), тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Э.Г  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрснийг харгалзсаныг дурдах нь зүйтэй.

            Шүүгдэгч Э.Г ийн  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, улсын яллагын санал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Г т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн уулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

            Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч Э.Г  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хэрэгт битүүмжилэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Г  /РД:..../-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Э.Г т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлд тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Г ийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд тушаасан 746.300 /долоон сая дөчин зургаан мянга гурван зуу/ төгрөгөөс хохирогч Чингэлтэй дүүргийн ........... тоотод оршин суух хаягтай, Б овогт Э ын М /РД:........./-т 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг олгож, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд 246.300 /хоёр зуун дөчин зургаан мянга гурван зуу/ төгрөгийг тус тус олгосугай.

6. Хохирогч Э.М нь цаашид гарах эмчилгээний зардал, мөн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой зардал, хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505., 511 дэх зүйлд заасан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч Э.Г  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.

8.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР