| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2018/01342/И |
| Дугаар | 101/ШШ2018/01267 |
| Огноо | 2018-04-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 101/ШШ2018/01267
| 2018 оны 04 сарын 11 өдөр | Дугаар 101/ШШ2018/01267 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: хххххххххххххх төвд байрлах, С банк бус санхүүгийн байгууллагын /РД: хххххххххх/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ххххххххххх тоотод оршин суух, Т-н От /РД: 000000000/ холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 3.548.717 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С банк бус санхүүгийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Цээсүрэн,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Мягмарнаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С банк бус санхүүгийн байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Цээсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Т.О нь 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдөр манай байгууллагатай ............ тоот цалин барьцаалсан зээлийн гэрээ байгуулж 1.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, зээлийн хүү эхний 6 сард сарын хүү 3.25 хувь, дараагийн 5 сард сарын хүү 4.25 хувь, сүүлийн 1 сард хүү 8.5 хувь байх нөхцөлтэй зээлсэн.
Хариуцагч Т.О нь 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 135.000 төгрөг, 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 114.200 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 109.000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 109.000 төгрөг, нийт 467.200 төгрөг төлсөн.
Үүнээс үндсэн зээлд 334.860,75 төгрөг, үндсэн хүүнд 132.339,25 төгрөгийг тус тус тооцсон.
Хариуцагч Т.О хамгийн сүүлд 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 109.000 төгрөг төлөөд үүнээс хойш хугацаанд зээлийн төлбөрөөс огт төлөөгүй.
Хариуцагч Т.Оаас 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 665.139 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 2.441.837 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 441.741 төгрөг, нийт 3.548.717 төгрөг нэхэмжилж байна.
Өнгөрсөн хугацаанд манай байгууллага Т.От холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй ч манай өмнө ажиллаж байсан ажилтнууд гэрээр нь очиж зээлээ шаардаж байсан байх ёстой гэв.
Хариуцагч Т.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч С банк бус санхүүгийн байгууллагын 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн ЗГ ............ тоот зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 3.548.717 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна.
Т.О нь 2000 оноос элэгний хавдар, хатуурал гэсэн оноштойгоор олон жил шаналж, аргагүйн эрхэнд төрийн үйлчилгээний албанд бага цалинтай үйлчлэгч хийж эмчилгээгээ чадан ядан хийлгэсээр өнөөдрийг хүрсэн.
Гэр бүлийнх нь хүн 2012 онд зуурдаар нас барж амьдрал нь хүнд нөхцөлд орж, улмаар эмчилгээгээ хийлгэх, 2 хүүхдээ тэжээхийн тулд нэхэмжлэгч байгууллагатай 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 1.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан 1.000.000 төгрөгийг зээлсэн.
Гэрээнд заасан үүргээ биелүүлж 467.199 төгрөгийг графикийн дагуу 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төлж барагдуулсан бөгөөд үндэслэлгүйгээр 2018 оны 3 дугаар сард нэхэмжлэл гарган 3.548.717 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Гэрээний хугацаа дуусмагц нэхэмжлэл гаргалгүй, хугацаа дууссанаас хойш 4 жил гарангийн дараа нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Зориуд хүү, нэмэгдүүлсэн хүүгээ ихэсгэх гэж байгаа үйлдэл гэж үзэж байна. Зээлийн төлбөрөөс төлсөн байхад эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь илт хохиролтой зээлийн хүү тогтоож, нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө ү ү гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С банк бус санхүүгийн байгууллага нь хариуцагч Т.От холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 3.548.717 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
/2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар үндсэн зээл 665.139 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 2.441.837 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 441.741 төгрөг, нийт 3.548.717 төгрөг/
Хариуцагч Т.О нь нэхэмжлэгч С банк бус санхүүгийн байгууллагатай 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдөр ............ дугаар бүхий цалин барьцаалсан зээлийн гэрээг байгуулж 1.000.000 төгрөгийг эхний 6 сард сарын 3.25 хувийн хүүтэй, дараачийн 5 сард сарын 4.25 хувийн хүүтэй, сүүлчийн 1 сард 8.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэн, цалингаа барьцаалсан нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба хариуцагч Т.О нь 1.000.000 төгрөгийг зээлсэн талаараа маргахгүй байгаа болно.
/ХХ-ийн 6-9 дүгээр тал/
Хариуцагч Т.О нь 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 135.000 төгрөг, 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 114.200 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 109.000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 109.000 төгрөг, нийт 467.200 төгрөг төлсөн нь талуудын тайлбар болон зээл төлөлттэй холбоотой баримтаар тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй болохыг дурьдлаа.
/ХХ-ийн 8-9 дүгээр тал/
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан бөгөөд нэхэмжлэгч С банк бус санхүүгийн байгууллага, хариуцагч Т.О нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдөр, 1 жилийн хугацаатай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр дууссан байх ба нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш өнөөг хүртэл хугацаанд зээлийн гэрээ үүргийн биелэлт шаардан зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаагүй байна.
Нэхэмжлэгч С банк бус санхүүгийн байгууллагын 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хариуцагч Т.От холбогдох 3.548.717 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 -т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Т.От холбогдох 3.548.717 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71.729 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН