2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1662

 

 

 

 

 

 

 

 2025        06          20                                    2025/ШЦТ/1662

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “В” танхимд Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжираас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,  

улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

шүүгдэгч М.З  нарыг оролцуулан 2503 00244 0446 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д овогт Лх-ийн З  /РД:............/, Монгол Улсын иргэн, ............. өдөр, Дархан-Уул аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эрх зүйч мэргэжилтэй, Э ХХК-д хуулийн зөвлөх ажилтай гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Хан-Уул дүүргийн ........... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.З  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 13 цаг 09 минутын үед Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Toyota Prius маркийн 00-00 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.З  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Г.У , Ш.Г , А.Л  нарын мэдүүлэг, драгер багажийн үр дүнг илтгэсэн хэвлэмэл хуудас, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Л.З гийн жолоодох эрхийн лавлагаа, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Дугаар ..... шийтгэвэрийн хуулбар, зэрэг болон гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршигтай холбоотой баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

            Шүүгдэгч Л.З  нь шүүх хуралдаанд оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон байна.

Шүүгдэгч Л.З  нь урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Дугаар ..... шийтгэвэрээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн хугацаанд буюу 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 13 цаг 09 минутын үед Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар сургуулийн Нарны замд Toyota Prius маркийн 00-00 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан (ДР:3.07%) үедээ жолоодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай, бүрэн, эргэлзээгүй, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, драгер багажийн үр дүнг илтгэсэн хэвлэмэл хуудас (хавтаст хэргийн 5-7, 9 дэх тал),

Шүүгдэгч Л.З гийн жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 59 дэх тал),

Гэрч Г.У  мэдүүлсэн “...2025 оны 2 дугаар сарын 28-ны өглөөний 08 цагт гэрээсээ гараад Toyota Prius маркийн 00-00 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож З  болон Энхбат нарын хамт ертөнцийн зүгээр хойшоо чиглэлтэй Золо зочид буудалд тэнд очсон. Тэгсэн 1 цагийн үед өрөө гарна цэвэрлээд дуусах хүртэл түр хүлээж бай гэсэн. Тэгээд бид гурав тэнд зогсож байсан бөгөөд би машины руль ард суусан. 12 цагийн орчимд би гэр рүү яваад ирье гээд явсан. Та хоёр байж бай гээд явсан. ...Золо зочид буудлын гадаа зогсож байхдаа дэлгүүр орж машин дотор Харбин нэртэй пиво уусан. З  болон Энхбат нар  нэг пиво уусан.”  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал)

Гэрч  Ш.Г  мэдүүлсэн “...2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 12 цаг 24 минутад би цастын 55 руу орох гээд баруун талын замаар алхаад явж байсан. Доошоо хараад утсаа оролдоод явж байсан чинь хажуугаар пир пар гээд аймар хүчтэй дугараад замын хашлага хэсэг Нарны замын 13 дугаар байрны 1 дугаартай байрны хашаа руу орсон. Би жаахан л урд явсан бол дайруулах шахсан. Тэгээд би нэлээн сонин болж ирсэн. Тэгээд хэрүүл хийх гээд очоод ямар хүн байна гээд хажуугаар нь очиход рүль дээрээ тэгнэсэн далийгаад суучихсан толгой нийлүүлчихсэн шал согтуу улстай юу ярих вэ гээд цагдаа дуудсан. Голдоо бас нэг архи билүү нэг юм тавьчихсан байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал)

Гэрч А.Л  мэдүүлсэн “...2025 оны 2 дугаар сарын 28-нд Арвай-11 бүсийн эргүүлд үүрэг гүйцэтгэж байсан. 13 цагийн орчимд 9411...... гэх дугаартай утаснаас Нарны зам, 6 дугаар сургуулийн зүүн талын байр дундуур 00-00 дугаартай Приус маркийн машины жолооч согтуу яваад байна гэх утгатай дуудлага 102 тусгай дугаарын утсанд ирсэн. Дуудлага өгсөн иргэнтэй тухайн дугаараар нь холбогдоход ......... дугаартай ногоон өнгийн Приус маркийн машины жолооч зорчигч хоёр согтуу намайг явган хүний гарц дээр дайрах шахаад явлаа гэж хэлсэн. Тухайн явган зорчигчоос та хаана байгаа вэ тухайн машин хаашаа явсан бэ гэхэд миний урдхан талд зочид буудлын хашаанд ороод зогсчихлоо би холоос хараад зогсож байна. Та яг одоо хүрээд ир гэсний дагуу 10 минутын орчимд очиж шалгахад тухайн 00-00 дугаартай Приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэх З  болон зорчигч хоёулаа сууж байсан. Тухайн жолооч болон зорчигч нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн голын тавиур дээр “Ягар” гээд нэртэй архины шил байсан. Жолооны ард сууж байсан З гаас яагаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон талаар асуухад би мэдэхгүй энэ хоёрын хооронд явсан юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд буулгаж ирээд зорчигч болон жолооч хоёрыг хэлтэс дээр аваачиж согтуурлын драгер үлээлгэхэд 3,07 хувийн согтолттой гарсан. Тэгээд дуудлага өгсөн иргэнтэй холбогдож камерын бичлэг хийсэн үү гэхэд би бичлэг хийгээгүй бариад явсныг нь өөрөө харж байсан учраас дуудлага өгсөн гэж хэлсэн. Joy гэдэг зочид буудлын камер шүүх гээд очиход тухайн орчны хойшоо харсан хяналтын камер ажиллахгүй байсан.”  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал),

Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 14, 15 дахь тал),

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хавтаст хэргийн 13 дахь тал),

Цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 42-46 дахь тал),

Жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 59 дэх тал),

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Дугаар ..... шийтгэвэрийн хуулбар (хавтаст хэргийн 21-23 дахь тал) зэрэг болно.

Шүүгдэгч Л.З  нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Дугаар ..... шийтгэвэрээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд 1 жилийн хугацаагаар хасуулж шийтгүүлсэн байна.  

Шүүгдэгч Л.З  нь Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно гэсний а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэж заасныг зөрчсөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хууль тогтоогчийн хийсэн тайлбараар согтуурсан гэдэг ойлголтыг “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно гэж тайлбарлажээ.

Эрх бүхий албан тушаалтны жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд шүүгдэгч Л.З ийн согтуурлыг 91102090 сериал дугаар бүхий драггер багаж ашиглан шалгахад 3.07% гэсэн тоон үзүүлэлтийг илтгэсэн нь амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промилл (%) гэснээс өндөр буюу согтуурсан болохыг нотолжээ.

Шүүгдэгч Л.З  нь урьд согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтанд зааснаар торгуулийн шийтгэл хүлээж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан, энэ хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь илэрхий ойлгомжтой, мөн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаа нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг бүрэн ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

Хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэрээс дээш хохирол учирсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан тээврийн хэрэгслийн жолооч нь хохирол, хор уршиг бий болгохыг хүсээгүй, харин тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж буй үйлдлээ ухамсарлан мэдэж үйлддэг буюу болгоомжгүй гэмт хэргийн шинжтэй байдаг бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь үйлдлийн улмаас хохирол, хор уршиг бий болсон байхыг шаардахгүй тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байна. Иймээс шүүгдэгч Л.З г санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болно.

Шүүгдэгч Л.З гийн үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Л.З гийн үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Л.З гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг бүрэн хангажээ.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Л.З г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

            Энэ хэрэгт шүүгдэгч Л.З  нь бусдад төлөх төлбөргүй байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  заасан гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ нь согтуурсан хүн тээврийн хэрэгсэл жолоодох нь орчны баримжаа алдагдах, жолоочийн самбаачлах чадвар, хугацааг эрс бууруулах, тийм чадваргүй болгох зэргээр зам тээврийн ноцтой осол гарах, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах үндэслэл болдог байдлаар тодорхойлогдоно.

            Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Л.З  нь урьд гэмт хэрэгт холбогдож ял шийтгэл эдэлж байгаагүй (хавтаст хэргийн 62 дахь тал) боловч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон болох нь хэнд ч тэр илэрхий ойлгомжтой боловч цагдаагийн албан хаагч илрүүлж, үйлдлийг таслан зогсоох хүртэл удааширсан үйлдлээр гэмт хэргээ үргэлжлүүлж байгаа нь тохиолдлын шинжтэй гэж үзэх үндэслэл болохгүй юм. Иймд шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч Л.З  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Л.З гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, улсын яллагчийн торгох ял оногдуулах талаар гаргасан санал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, түүний дотор ам бүл 4, бага насны 2 хүүхэдтэй (хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар), урьд энэ төрлийн хэрэг зөрчилд холбогдож байсан эсэх нөхцөл байдал, зэргийг харгалзан шүүгдэгч Л.З д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6.000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/  төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.З д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн хугацааг торгох ял оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор тогтов.

            Шүүгдэгч Л.З  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, бага насны хоёр хүүхэдтэй, гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүгдэгчийн эрх чөлөөг хязгаарлах, нийгмээс тусгаарлаж зорчих эрхийг хязгаарлах, хорих ял оногдуулахгүйгээр торгох ял оногдуулах боломжтой гэж үзлээ. Харин шүүгдэгч Л.З  нь урьд шүүхийн шийдвэрээр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлдээ торгох шийтгэл хүлээж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан боловч энэхүү хууль зөрчсөн үйлдлээ ухамсарлахгүйгээр дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгааг харгалзан торгох ялын хэмжээг дээр дурьдсанаар тогтоож шийдвэрлэсэн болно.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч Л.З  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, хэрэгт авагдсан сиди 1 ширхэгийг хэргийн хамт хадгалж,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Лх-ийн З  /РД:............/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч Л.З д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 6.000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.З д оногдуулсан 6.000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.З д сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.З д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Л.З  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, 1 ширхэг сиди хавсаргасан ирүүлснийг хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр  болтол шүүгдэгч Л.З д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.ГАЛБАДАР