Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 86

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2017/0085/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

               Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг,

               Улсын яллагч: Я.Сансар

        Хохирогч: Ш.Ганболд, Э.Гандулам

      Хохирогчийн өмгөөлөгч: Д.Оюунцэцэг, С.Нарангэрэл,

      Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Ганхуяг, Л.Даваасүрэн

      Шүүгдэгч: П.Гармаа, Д.Бямбасүрэн нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Гармаа, Д.Бямбасүрэн нарт холбогдох 201723000001 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн Дорнод аймгийн Сэргэлэн суманд 1975 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 42  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй,  Боржигон овогт Пүрэвийн Гармаа /РД:ЖЗ75021517/

Монгол улсын иргэн Улаанбаатар хотод 1968 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Витафит ХХК-нд орон нутгийн жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 3-211 тоотод оршин суух хаягтай,  улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй, Боржигон овогт Дагиймаагийн Бямбасүрэн /РД:УХ68061630/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/: 

Шүүгдэгч П.Гармаа нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан багийн нутагт “Хьюндай маяти” маркын 38-54 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2.а-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.

Мөн дүрмийн 15.а-д заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчисний улмаас зам дээр зогсож байсан “Хьюндай 8МКН” маркын 60-41 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж “Хьюндай маяти” маркын 38-54 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ш.Цогтбаярын амь насыг  хохироосон гэмт хэрэгт, 

Шүүгдэгч Д.Бямбасүрэн нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан багийн нутагт “Хьюндай 8МКН” маркын 60-41 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад уг тээврийн хэрэгслийн дугуй хагарсны улмаас зам дээр орхиж явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.а-д заасан “Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: Тээврийн хэрэгслийн ар талын оврын гэрлүүд асахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” 

мөн дүрмийн 11.1 “Жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. Хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй /хөвөөгүй/ бол түүний зах руу аль болох шахаж зогсооно” 

мөн дүрмийн 6.3.в-д заасан “харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт ослын дохионы гэрлүүд нь асахгүй /эсвэл байхгүй/ тээврийн хэрэгслийг зогсоосон үед ослын зогсолтын тэмдгийг хэрэглэнэ”

мөн дүрмийн 6.3-д “Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна”

мөн дүрмийн 2 дугаар хавсралт 6.10-д “Ослын тэмдэг байхгүй ачааны автомашин ашиглахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчисний улмаас “Хьюндай маяти” маркын 38-54 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан П.Гармаа нь мөргөж зам тээврийн осол гаргаж “Хьюндай маяти” маркын 38-54 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ш.Цогтбаярын амь насыг  хохироосон гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч П.Гармаа нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан багийн нутагт “Хьюндай маяти” маркын 38-54 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2.а-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.

Мөн дүрмийн 15.а-д заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж Ш.Цогтбаярын амь насыг  хохироосон, 

Шүүгдэгч Д.Бямбасүрэн нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан багийн нутагт “Хьюндай 8МКН” маркын 60-41 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.а-д заасан “Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: Тээврийн хэрэгслийн ар талын оврын гэрлүүд асахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” 

мөн дүрмийн 11.1 “Жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. Хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй /хөвөөгүй/ бол түүний зах руу аль болох шахаж зогсооно” 

мөн дүрмийн 6.3.в-д заасан “харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт ослын дохионы гэрлүүд нь асахгүй /эсвэл байхгүй/ тээврийн хэрэгслийг зогсоосон үед ослын зогсолтын тэмдгийг хэрэглэнэ”

мөн дүрмийн 6.3-д “Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна”

мөн дүрмийн 2 дугаар хавсралт 6.10-д “Ослын тэмдэг байхгүй ачааны автомашин ашиглахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Ш.Цогтбаярын амь насыг  хохироосон болох нь:

Хохирогч Э.Гандуламын мөрдөн байцаалтан өгсөн: “... Би 2016 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын урд болсон авто ослоор нас барсан Цогтбаяр гэдэг хүний эхнэр юм. 2016 оны 12 дугаар сарын 23-ны орой манай аавын хуурай ахын хүү Гармаа ах Улаанбаатар хотруу мах ачаад явах гэж байна гэж хэлсэн. Тэгээд талийгаач Улаанбаатар хотод жолооны үнэмлэхээ авах ажилтай байсан болохоор П.Гармаа гэдэг хүнтэй Улаанбаатар хотруу явсан. 2016 оны 12 дугаар сарын 29-ний орой 17 цагийн үед талийгаач надруу яриад одоо ингээд Улаанбаатар хотоос гарах гэж байна гарахдаа яръя гэсэн. ... үүрээр 06 цагийн үед манай дүүгийн утасруу аав залгасан юм байна лээ тэгээд манай дүү эгчээ босоод хувцасаа өмсөөрэй одоо аав ирж авна гэнээ гэж хэлсэн. Тэгээд замд аав Улаанбаатар хотоос ирж явсан Гармаа осолд орсон байна талийгаачийн биеийг муу байна гэж хэлсэн аавын гэрт ирээд нөхрөө нас барсныг мэдсэн. ... талийгаач бид хоёр 2009 онд Дорнод аймагт танилцаад 2010 оноос хамт амьдарч эхэлсэн. 2011 онд манай хүү Тэмүүжин төрсөн. ... талийгаач бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй бид хоёр хуримаа хийж байж гэрлэлтээ батлуулна гэж ярьдаг байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20-21 хуу/

 Хохирогч Ш.Ганболдын мөрдөн байцаалтан өгсөн: “...Би 2016 оны 12 дугаар сарын 29-ний шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд болсон зам тээврийн ослын улмаас нас барсан Цогтбаяр гэдэг хүний дээрээсээ хоёр дахь төрсөн ах нь байгаа юм. ...  2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 38-54 ДОР улсын дугаартай ачааны машинтай эхнэр Гандуламын хамаатантай Дорнод аймаг руу гарч яваад Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт осолд орж нас барсан байна лээ. ... тухайн осол болсон жолооч ямар нэгэн тэмдэг байхгүй зогсож байсан, манай дүүгийн сууж явсан машины жолооч зогсоох арга хэмжээ аваагүйгээс манай дүү нас барсан тул гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг./хх-ийн 23 хуудас/

 Гэрч Г.Хорлоогийн мөрдөн байцаалтан өгсөн: “... Дорнод аймаг руу явж байхад өөдөөс хурц гэрэлтэй автомашин яваад байсан манай аав тухайн үед гэрлээ шилжүүлэхгүй юм гээд өөрийн машины гэрлийг байн байн солиод байсан тухайн үед нэг гялбаа мэдэгдэж байсан тэгээд тэр гялбаа өнгөрсөн чинь өмнө маань нэг машин зогсож байсан тэгээд манай машин шууд мөргөсөн. Уг машин нь ямар нэгэн түр зогссон тэмдэг тэмдэглэгээ аваарын гэрэл зэрэг юм байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 28-29 хуудас/  

 Гэрч П.Уранчимэгийн мөрдөн байцаалтан өгсөн: “... Хөдөлж яваад нэг их удаагүй манай нөхөр энэ ямар хурц гэрэлтэй машин бэ гэрлээ ердөө шилжүүлэхгүй юм гээд машины гэрлээрээ өөдөөс нь дохиод яваад байсан. Тэгээд  би машиныхаа ард талын жижиг нарийн завсар хэвтээд явж байсан болохоор унтсан байсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй нэг залуу намайг ард талын завсараас татаж гаргаж байсан тэгээд осолд орсноо мэдсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 36-37 хуудас/

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт 2017.004. /хх-ийн 53-54 хуудас/

Зам тээврийн ослын талаар гаргасан шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 61-62 хуу/ 

Сэжигтэн П.Гармаагийн мөрдөн байцаалтан өгсөн мэдүүлэг /хх-ийн 96-98, 103-105 хуудас/ 

Сэжигтэн Д.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг. /хх-ийн 99-102, 106-107 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Гармаа, Д.Бямбасүрэн нарын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирч хохирогч Хохирогч Э.Гандулам нь оршуулгын болон бусад зардалд нийт 8 818 644 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч П.Гармаа 3 960 000  төгрөг, иргэний хариуцагч Витафит ХХК-наас 7 000 000 төгрөг төлсөн, хохирогч Ш.Ганболд нь оршуулгын болон бусад зардалд нийт 2 558 700 төгрөг нэхэмжсэн ба шүүгдэгч П.Гармаа 1 800 000 төгрөг, иргэний хариуцагч Витафит  ХХК     3 000 000 төгрөг төлсөн талаар хохирогч нар мэдүүлж байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

Шүүгдэгч нарын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд уг үйлдэл нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар “гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнээрээ шинэ Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байна.

Шүүгдэгч нар нь анх удаа, болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэн, хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Пүрэвийн Гармаа, Дагиймаагийн Бямбасүрэн нарыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Бямбасүрэн, П.Гармаа нарыг 4 жилийн хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар автомашин жолоодохыг 3 жилийн хугацаагаар хориглож, 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байхыг үүрэг болгосугай. 

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, тэдний иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй ба шүүгдэгч Д.Бямбасүрэнгийн №30340, шүүдэгч П.Гармаагийн №353732 дугаартай жолооны үнэмлэхийг Хэнтий аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

5. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Гармаа, Д.Бямбасүрэн нарт авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ГАНЗОРИГ