Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 124/ШШ2023/0001

 

        

                                                   Эвлэрлийг баталж,

                                    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл би иргэн Д.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ын ирүүлсэн “Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/142 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдох, захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч иргэн Д.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Иргэн Д.Б Улаангом сумын хуучнаар 4р баг одоогийн 2-р багийн нутаг дэвсгэрт Улаангом сумын засаг даргын 2011,04.06-ны өдрийн А/34 дугаар захирамжаар жимс, жимсгэнэ зуслангийн зориулалтаар 2га, 0.8га газрыг эзэмшиж ашигладаг байсан. Үүнээс 0.4 га нь ус ихтэй ашиглахад бэршээлтэй байсан учраас тусад нь хашаалсан байсан. 2013 онд Д.Б-ийн хашааны ард иргэн Г.Б 0.5га газрыг Улаангом сумын засаг даргын захирамжаар эзэмшсэн байдаг. 2015 онд Г.Б газрын хэмжээнд өөрчлөлт оруулж 1га хэмжээгээр газар эзэмшүүлэх захирамж гаргуулсан. Ингэхдээ Д.Б-ийн эзэмшлийн хашаатай газрын хашааг буулгаж өөрийн газар нэрийдлээр өргөдөл хүсэлт өгснийг газрын даамал Ч.Болд-эрдэнэ шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ ямар үндэслэлээр захирамж шийдвэртэй хашаатай газрын хашааг буулгаж тухайн иргэнд мэдэгдэхгүйгээр хууль бус үйлдэл хийснийг ойлгохгүй байна. 2014 оноос хойш Д.Б эрүүл мэндийн шалтгааны улмаас Улаанбаатар хотод өвөлжөөд зундаа ирдэг байсан. Энэ хугацаанд хашаа нь эзэнгүй байдаг байсан. Хашааг нь буулгасан байхад Д.Б Г.Б-тай уулзаж ингэж болохгүй бичиг баримттай миний эзэмшил газар гэдгийг нь удаа дараа хэлж байсан. 2019 онд Д.Б бурхан болж уг газрын эзэмших эрх түүний эхнэр Д.Н-ийн нэр дээр шилжсэн. Д.Н-ийн жимс, жимсгэнийн зориулалтаар эзэмшиж байсан 8533м2 газрын эзэмших эрхийг Улаангом сумын засаг даргын 2022.05.31-ний өдрийн А/142 дугаар захирамжаар хүчингүй болгосон байна. Улаангом сумын засаг даргын 2022.05.31-ний өдрийн А/142 дугаар захирамж гаргахдаа Увс аймгийн прокурорын газрын 2022.04.04 өдрийн 127 дугаар тогтоолыг үндэслэж гаргасан ба уг тогтоол нь Д.Н-ийн газар эзэмших эрхийг хууль бус гэдгийг тогтоогоогүй байна. Улаангом сумын дээрх захирамжийг хүчингүй болгуулахаар Увс аймгийн Засаг даргад хандсан боловч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Улаангом сумын Засаг дарга захирамж гаргахдаа захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй, шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчиж гаргасан хууль бус гэж үзэж байгаа тул Улаангом сумын Засаг даргын 2022.05.31-ний өдрийн А/142 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Улаангом сумын Засаг даргын 2022 оны 05 сарын 31-ний өдрийн А/142 дугаар захирамж гаргахдаа Увс аймгийн прокурорын газрын 2022.04.04 өдрийн 127 дугаар тогтоолыг үндэслэж гаргасан ба уг тогтоол нь Д.Н-ийн газар эзэмших эрхийг хууль бус гэдгийг тогтоогоогүй, Улаангом сумын Засаг дарга захирамж гаргахдаа захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй, шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байгаа тул Улаангом сумын Засаг даргын 2022.05.31-ний өдрийн А/142 тоот захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

2022 оны 04 дүгээр сарын 12-нд иргэн Г.Б-аас ирсэн хүсэлтийн дагуу судлан үзэхэд Улаангом сумын 2 дугаар багийн нутагт байрлах эзэмших эрхийн гэрчилгээтэй жимс жимсгэнийн зориулалттай газар, Улаангом сумын Засаг даргын захирамж, түүний хавсралтыг өөрчилсөн гэх гомдол гаргасан байдаг.

Үүний дагуу аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгаас 2011 оны 04 сарын 06-ний А/34 тоот захирамжийг шүүн үзэхэд уг захирамж нь аймгийн архивд байхгүй, Улаангом сумын Засаг даргын А/35 тоот захирамж нь комисс томилох тухай захирамж байсан болно. /Хавсралтаар хүргүүлэв/

Тухайн 2 захирамжийг аймгийн архивын тасгаас хуулбарлуулан хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулан авч үзэхэд А/34 тоот дугаартай захирамж, түүний хавсралтаар нэр бүхий 24 иргэнд газар олгохоор тусгасан байна.

2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/34 дугаартай захирамж нь аймгийн архивын тасагт байхгүй ба тухайн Б.О-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн захирамж нь эх хувиас он сар нь зөрүүтэй он сарыг засварласан хуурамч захирамж гэж үзэж байна.

Аймгийн архивт хадгалагдаж буй дээрх захирамжийг авч үзвэл 2011 оны 03 дугаар сарын 03-ний өдрийн А/34 дугаартай захирамжийн хавсралтад заасан нэр бүхий 24 иргэн байгаагаас 22 дугаарт бичигдсэн Идэшийн Дарьчулуун гэх иргэний нэрийг хасаж оронд нь Дийн Б гэх иргэний нэрийг оруулж Улаангом сумын Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/34 дугаартай захирамж болгон өөрчилсөн болох нь баримтаар тогтоогдож байна.

Тухайн Д.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Б.О нь Д.Н-ийн төрсөн охин бөгөөд Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар ажилладаг. 2011 онд Б.О нь тухайн захирамжийн хавсралтыг хуурамчаар үйлдсэн гэж үзэж байна. Улаангом сумын Засаг даргын 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/34 тоот захирамж нь огт гараагүй гэж үзэж байна.

Иргэн Д-ийн Б, Д Н гэх иргэнийг судлахад Б.О-ын эцэг эх байгаа тул тухайн баримт бичгийг хуурамчаар үйлдэж, газар авсан гэж үзэж байна.

2011 оны Улаангом сумын Засаг даргын А/34 тоот захирамжаар Д.Нт олгосон 8533м2 газрыг хууль бус гэж хүчингүй болгосон. Үүнээс үзэхэд Г.Б нь 2015 оны 06 сарын 09 ний өдөр А/169 тоот захирамжаар 5000м2 газар авсан. Энэ газар нь иргэн Д.Н-ийн 2011 оны 04 сарын 06-ний өдрийн А/34 тоот захирамжаар гарсан газартай давхцаж олгогдсон байна. 2020 оны 07 сарын 21 ний А/249 тоот эрх шилжүүлэх захирамжаар Д.Б дээр байсан газрыг өвлөх эрхийн гэрчилгээгээр Д.Н-ийн нэр дээр 8533м2 газрыг шилжүүлсэн нь хууль бус үйлдэл юм.

Иймд дээрх 8533м2 газар нь Д.Н-ийн нэр байгаа нь албан ёсны захирамж шийдвэр байхгүй тул Д.Нийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Гуравдагч этгээд Г.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Гэрэлцогт овогтой Б 2013 онд хуучин наадмын талбайн дээд талд газар эзэмшиж эхэлсэн бөгөөд манай газрын урд нэг хэсэг газар эзэн мэдэгдэхгүй хоёр жил болсон учир газрын албанд хүсэлт гаргаж шалгуулаад эзэн үгүй учир миний хуучин газар дээр нэмж 2015 оны А/169 захирамжаар олгосон байдаг. 2016 онд уг газраа хагалуулж байхад О-ын аав Б ирж миний газар гэхэд би танай газар юм бол нотлох газрын гэрчилгээгээ та аваад ирээ гэхэд уурлаж харааж загнаад явсан дахиж ирээгүй. Уг газраа 2020 онд эргэлтэд оруулах гэж хүнд худалдсан. Уг хүн нь 2021 онд газраа шилжүүлж авъя гээд газрын алба ороход энэ газар дээр давхар гэрчилгээ байна гэсэн учраас маргаан эхэлсэн байдаг. Газрын хуулийн дагуу дээд шатны аймгийн засаг даргад 2022 оны 2 сарын 8-нд гомдол гаргаснаар уг хэргийг цагдаа прокурор шалгаад Газрын албаны мэргэжилтэн Б.О нь хуурамч бичиг баримт үйлдсэн тогтоогдсон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэрэг үүсгэх боломжгүй гэсэн дүгнэлт гарч уг тогтоолыг аймгийн засаг дарга болон газрын албаны даргад миний газрын кадастрыг оруулж засварлаж өгнө үү гэх хүсэлтийн хамт хүргүүлснээр Газрын тухай хуулийн 61-д заасны дагуу дээд шатны байгууллага албан тушаалтан эс үйлдэхүйг таслан зогсооно гэсний дагуу миний талд шийдвэрлэгдсэн байдаг. Газрын албаны мэргэжилтэн О нь танай захиргааны хэргийн шүүхэд гаргасан ээж болох Н-ийн нэр дээрх уг газрын гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэх гомдол хууль бус бөгөөд хуурамчаар гэрчилгээ гаргаж газар эзэмших оролдлогыг санаатайгаар хийсэн ёс зүйгүй үйлдлийг таслан зогсоосон захирамж гэж үзэж байна Иймд эрхэм шүүгч таныг үнэн зөвийг тогтоож иргэн Б-ын хууль ёсны дагуу эзэмшиж байгаа газар дээр хуурамч бичиг баримт үйлдэж давхардуулж гаргасан захирамжийг хүчингүй болгосон сумын засаг даргын шийдвэрийг зөв болохыг нотолж өгөхийг хүсье” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын 2023 оны 01 сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны явцад байгуулсан эвлэрлийн гэрээнд

“Д.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ын “Улаангом сумын Засаг даргын 2022.05.31-ний өдрийн А/142 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хэргийн оролцогч нар болох Д.Н-йн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нар дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна.

1. Д.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь анх Н болон Б нарын эзэмшилд байсан 0.8533 га газраас гуравдагч этгээд Г.Б-т эзэмшүүлсэн 0,4 га газартай холбоотой маргаанаа зогсоож, холбогдох нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагаасаа  татгалзахаар,

2. Хариуцагч Улаангом сумын Засаг дарга маргаан бүхий 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/142 дугаар бүхий захирамжийн Д овогтой Н-т холбогдох хэсэгт өөрчлөлт оруулахаар тус тус харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

3. Гуравдагч этгээд Г.Б-ын зүгээс эвлэрлийн гэрээтэй холбогдуулан маргаантай зүйл байхгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/142 тоот захирамжийн Д-ийн Н-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд уг нэхэмжлэл нь хуульд заасан хэлбэр, бүрдүүлбэр, агуулгыг хангасан байсан тул хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрэх эрхтэй байх бөгөөд хуульд заасан эрхээ хэрэгжүүлэн мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д заасны дагуу харилцан буулт хийж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь өөрийн эцэг, эхийн эзэмшилд байсан 0.8533 га газраас  гуравдагч этгээд Г.Б-т эзэмшүүлсэн  гэх 0,4 га газартай холбоотой маргаанаа зогсоож, холбогдох нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагаасаа  татгалзахаар, хариуцагчийн зүгээс маргаан бүхий акт болох Улаангом сумын Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/142 дугаар бүхий захирамжийн Д овогтой Н-т холбогдох хэсэгт өөрчлөлт оруулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь гуравдагч этгээд Г.Б-т эзэмшүүлсэн 0.4 га газрыг өөрийн эцэг, эхийн эзэмшилд байсан гэх 0.8533 га газраас хасуулж давхцалаа арилгахаар тохиролцож, холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан учир эвлэрлийн гэрээ нь  гуравдагч этгээдийн  эрх, хууль ёсны ашиг сонирхлыг  хөндөөгүй байна.

Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хооронд  байгуулагдсан эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Д.Н, хариуцагч Улаангом сумын Засаг дарга нарын зүгээс  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5-д зааснаар эвлэрэх эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Г.Б нарт олгосон болохыг тэмдэглэв.

Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрэх замаар маргаанаа дуусгавар болгож байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг буцаан олгохоор шийдвэрлэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч Улаангом сумын Засаг даргын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нарын хооронд  байгуулагдсан “Д.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь анх Б болон Н нарын эзэмшилд байсан 0.8533 га газраас гуравдагч этгээд Г.Б-т эзэмшүүлсэн 0,4 га газартай холбоотой маргаанаа зогсоож, холбогдох нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагаасаа  татгалзахаар, хариуцагчийн зүгээс маргаан бүхий акт болох Улаангом сумын Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/142 дугаар бүхий захирамжийн Д овогтой Н-т холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах”-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж, иргэн Д.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ын нэхэмжлэлтэй Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдох /124/2022/0033/з индекстэй/ захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4, 47 дугаар зүйлийн 47.6-д зааснаар  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35100 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, үлдсэн 35100 төгрөгийг Улаангом сумын ЗДТГ-аас гаргуулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-д олгосугай

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ               Т.ОЮУНГЭРЭЛ