| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 194/2025/1290/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1542 |
| Огноо | 2025-06-09 |
| Зүйл хэсэг | 17.8.3.1., |
| Улсын яллагч | М.Нямжав |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1542
2025 06 09 2025/ШЦТ/1542
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурор М.Нямжаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,
улсын яллагч М.Нямжав,
шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан эрүүгийн 2506 04207 1144 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Д-ийн Х /РД:......./, Монгол Улсын иргэн, ............ аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт Говь-Алтай аймгийн ............ газарт оршин суух албан ёсны бүртэл хаягтай боловч Сонгинохайрхан дүүргийн ............ тоотод түр оршин суудаг гэх, урьд ял шийтгүүлж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Х нь 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн ............. тоот хашаанд байрлах хохирогч Ц.С ын монгол гэрийг гадна талаас нь олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар гэмтээсний улмаас 512.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Ц.С , гэрч Ц.Д нарын мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Дамно ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Дугаар БЗД2-25-353 хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч Д.Х ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Х мэдүүлэхдээ:“...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн, зөв мэдүүлсэн учраас нэмж мэдүүлэх зүйл байхгүй.” гэжээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон байна.
Шүүгдэгч Д.Х нь 2025 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн ............. тоот хашаанд байх хохирогч Ц.С ын монгол гэрийг гадна зүүн урд талаас нь олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар шатааж гэмтээсний улмаас 512.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Ц.С ын мэдүүлсэн: “...2025 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Х нь 20 цагийн орчимд надтай уулзъя гээд залгаад байсан тэгээд би уулзахгүй гэсэн чинь тэгвэл би очиж гэр чинь шатаан гээд над руу чат бичээд байсан Тэгэхээр нь нээх тоохгүй найзындаа байж байтал манай эгч залгаад гэр чинь шатаад байна урьд талын хүнтэй арай гэж унтраалаа гэсэн тэгээд би такси барьж очоод харсан чинь манай гэрийн зүүн талаасаа хормой хэсгээс нь шатсан байсан тэгээд би ирээд Х рүү яриад чи одоо яаж байгаа юм чамайг одоо цагдаап өгнө гэсэн шууд утсаа тасалсан... Гэрийнхээ шатсан хэсгийг төлүүлзэд авних юм бол ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),
Гэрч Ц.Д мэдүүлсэн: “...2025 оны 04 сарын 12-ны өдөр 23 цагийн орчимд манай хөрш айлын ах бие засаж байгаад хашааны гадна талаас хүн байна уу гээд орилоод байхаар нь гараад ирсэн чинь манай дүү С ын гэрийн зүүн талаас гал гарч байсан тэгээд тухайн хүн орж ирээд би хувцас угааж байсан болохоор ус ихтэй байсан болохоор цацаад галыг унтраасан гал унтарсны дараа би С руу гэр чинь шатчихлаа гээд залгасан. Тэгээд манай дүү ирээд цагдаа онцгой байдал дуудсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дахь тал),
Дамно ХХК-ийн 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Дугаар БЗД2-25-353 хөрөнгийн үнэлгээний “...Үнэлгээгээр тогтоогдсон дүн нийт... 512.700 төгрөг.” (хавтаст хэргийн 20-21 дэх тал) гэх тайлан,
Шүүгдэгч Д.Х яллагдагчаар мэдүүлсэн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 2506042071144 дугаартай тогтоолтой танилцсан. Санал хүсэлт байхгүй, мөн уг тогтоолтой холбоотой маргах зүйл байхгүй. Өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61 дэх тал) зэрэг болно.
Шүүгдэгч Д.Х нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж өөрийн үйлдлээр хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт хэргийг санаатай үйлджээ.
Шүүгдэгч Д.Х ийн үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Д.Х ийн үйлдэл нь хохирогч Ц.С ын гэр шатаж гэмтсэн хохиролтой шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Д.Х ийн үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Эрүүгийн хуульд заасан эд хөрөнгө устгах гэмтээх гэмт хэргийн онцлон хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид хамаарах олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох арга гэдэг нь эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдэхдээ сонгож авсан аргын улмаас устгаж, гэмтээж буй эд хөрөнгөөс гадна өөр хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө эрсдэж болзошгүй объектив нөхцөл байдал тогтоогдсон бол тухайн хэргийг “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар” гэж онцлон хүндрүүлж зүйлчлэх бөгөөд тухайн үед гэм буруугийн сэдэлт, санаа, зорилго шууд чиглэгдсэн эд хөрөнгөөс бусад хүн хэргийн газарт байсан, эсхүл тухайн мөчид хэргийн газарт гарч ирснээр гэмт халдлагад өртөж хохирч болзошгүй байсан, өөр бусад эд хөрөнгөнд хохирол учирсан болоод учрах боломжтой зэрэг нөхцөлийн аль алиныг нийтэд аюултай нөхцөл байдалд хамааруулан авч үзнэ. Галдан шатаах арга нь энэ төрлийн аргад хамаарах бөгөөд галдан шатаасны улмаас зөвхөн тухайн эд хөрөнгөөс өөр бусад төрлийн эд хөрөнгөнд гал дамжин авалцах, хүний амь нас, эрүүл мэнд хохирох зэрэг нөхцлийг бодитойгоор үүсгэдэг тул шүүгдэгч Д.Х ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь 3.1 дэх заалтанд зааснаар зүйлчэх нь зүйтэй юм. Хэрэв Д.Х ийн үйлдлийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол Эрүүгийн хуулийн тохирох зүйл хэсгээр давхар зүйлчлэх үндэслэл болно.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.Х ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар бусдын эд хөрөнгийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирогч Ц.С д гэмт хэргийн улмаас нийт 512.700 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Х нь хохирогч Д.С д учирсан 512.700 төгрөгийн хохирлыг Ц.С ын Хаан банкны 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 5............ дугаартай дансанд шилжүүлж хохирлыг нөхөн төлж барагдуулсан (хавтаст хэргийн 47 дахьх тал), болох нь хохирогч Ц.С нь “...Үнэлгээний дагуу Х хохирол барагдуулсан, надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 40 дэх тал)-ийг хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгч Д.Х нь бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Х эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Д.Х урьд гэмт хэрэгт холбогдож ял шийтгэл эдэлж байгаагүй (хавтаст хэргийн 39 дэх тал) анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн тухайн үед тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.Х ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, улсын яллагчийн санал зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Д.Х эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн уулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч Д.Х нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д-ийн Х /РД:......./-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар бусдын эд хөрөнгийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Х ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х эд оногдуулсан 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Х эд сануулсугай.
5. Шүүгдэгч Д.Х нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Х эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР