| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 194/2025/1231/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1485 |
| Огноо | 2025-06-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Гармаа |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1485
2025 06 03 2025/ШЦТ/1485
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Гармаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,
улсын яллагч Г.Гармаа,
шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан эрүүгийн 2511 00000 0225 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
У овогт Б-ийн Д /РД:.........../, Монгол Улсын иргэн, .................. өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй, хувиараа барилгын засал чимэглэлчин ажилтай, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн .................. тоотод тоотод оршин суух,
урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 ны 5 дугаар сарын 09-ний өдрийн ........ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Д нь 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө 00:20 цагийн үед Чингэлтэй дүүргийн ............. тоотын гадна байрлуулсан байсан Ш.Ч ийн эзэмшлийн Тоёота пасс загварын тээврийн хэрэгсэл дотроос яндан өрмийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 570.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Ш.Ч ийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Б.Дын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Дугаар ЧД1-25-151 хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.Д нь 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө 00:20 цагийн үед Чингэлтэй дүүргийн ............. тоотын гадна байрлуулсан байсан хохирогч Ш.Ч ийн эзэмшлийн Тоёота пасс загварын тээврийн хэрэгсэл дотроос яндан өрмийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 570.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал), хохирогч Ш.Ч мэдүүлсэн “...Би Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Зайсан орчимд барилга дээр ажилдаг бөгөөд өчигдөр буюу 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Зайсан дах барилга дах ажлаасаа 19 цагийн орчим гарахдаа барилгын ажил хийдэг яндан өрөмчөө аваад өөрийн эзэмшлийн тоёота пасс загварын тээврийн хэрэгслийн арын багаж хэсэгт хийсэн. Тэгээд ажлаасаа гараад хадам ахаа 5-н буудалд байдалд гэрт нь хүргэж өгөөд дүүгийн төрсөн өдөр болоод машинтайгаа дүүгийнхээ төрсөн өдөрт очоод 23 цагийн орчим гэртээ буюу Чингэлтэй дүүргийн ............. тоот хашааны гадаа машинаа үлдээгээд орсон. Тэгээд өглөө буюу 03 дугаар сарын 16-ны өглөө 09 цаг гээд гараад ирэх үед миний машинд байсан барилгын яндан өрөм байхгүй байхаар нь цагдаагийн байгууллагат хандсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал), шүүгдэгч Б.Д яллагдагчаар мэдүүлсэн “...Би Чингэлтэй дүүргийн ............. тоотод эхнэр, 4 хүүхдүүдийн хамтаар амьдардаг юм. Би одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй гэртээ байгаа юм. Би яллагдагчаар татагдах болсон хэргийн талаар гэвэл 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр би танил Тулга гэх залуутай гэрт нь уулзалдаж хамтдаа 2 шил 0,75 литрийн хэмжээтэй Хараа гэх нэртэй архийг хамтдаа хувааж ууцгаасан юм. Бид хоёр хамт уучихаад би шөнө ганцаараа гэрээс нь гарч явсан гэдгээ санаж байна. Яг хэдэн цагийн үед гарч явсан гэдгээ санахгүй байна. Миний санаж байгаагаар тухайн өдрийн шөнө гэртээ харьж унтсан гэдгээ санаж байна. Тухайн өдрийн маргааш өглөө нь би сэрээд гэрээсээ гарахад миний автомашины хажууд өмнө нь харж байгаагүй мэдэхгүй улаан хүрэн өнгийн яндан өрөм гадна ил байж байсан юм. Би тухайн өрмийг хэнийх гэдгийг мэдэхгүй гайхаж байсан юм. Би тэгээд тухайн үе д гэрээсээ гарч гудамжаараа алхаж явахад миний мэдэхгүй танихгүй нэг залуу намайг хараад “Энэ нөгөө залуу байна” гээд намайг бариад авсан юм. Би тухайн үед гайхаад яасныг асуухад тухайн залуу намайг урд шөнө нь автомашинд нь байсан яндан өрмийг хулгайлсан гэхээр нь би гэрт хашаанд байсан өрмийг мөн гэж бодоод тухайн залууд өрөм чинь байгаа гэж хэлээд тухайн залуу хүлээлгэж өгсөн юм. Тэрнээс өөр зүйлс болоогүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал), таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 24-29 дэх тал), “Дамно” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Дугаар ЧД1-25-151 хөрөнгийн үнэлгээний тайлан “Үнэлгээгээр тогтоогдсон дүн 570.000 төгрөг” (хавтаст хэргийн 23-26 дахь тал), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 32-36 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай, хөдөлбөргүйгээр, хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Д нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, мөн бусдын өмчлөлийн эд хөрөнгө болохыг мэдсээр байж өөртөө авч байгаа нь энэ гэмт хэргийг өөртөө эдийн ашигтай байдал бий болгох гэсэн зорилготой, шунахай сэдэлтээр үйлдсэн байна.
Шүүгдэгч Б.Дын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө 00:20 цагийн үед Чингэлтэй дүүргийн ............. тоотын гадна талд байрлуулсан байсан хохирогч Ш.Ч ийн эзэмшлийн Тоёота пасс загварын тээврийн хэрэгсэл нь тухайн цаг мөчид цоожлоогүй, хаалга нь онгойж байсан зэрэг нөхцөл байдлууд нь хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байх тул тусгайлан хамгаалсан агуулах гэх ойлголтод хамаарч шүүгдэгч Б.Дын үйлдлийг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулах үндэслэл болохгүйг дурьдав.
Шүүгдэгч Б.Дын үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Шүүгдэгч Б.Д нь “Дамно” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Дугаар ЧД1-25-151 хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон дүн 570.000 төгрөгийн үнэ бүхий яндан өрмийг хохирогч Ш.Ч эд хүлээлгэн өгсөн, хохирогч нь алдагдсан багажийн ажиллагаа хэвийн байсан, надад учирсан хохирол байхгүй (хавтаст хэргийн 58 дахь тал) гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Б.Д нь хэдийгээр урьд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэл эдэлж байсан, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт анх удаа холбогдсон боловч бусдын өмчлөх эрхийн эсрэг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, ашиг хонжоо олох гэсэн зорилготой, шунахайрах сэдэлтээр үйлдэгддэг, гэмт хэрэг үйлдэх арга, гэмт хэргийн объект, халдлагын зүйл зэргийг урьдчлан сонгож, гэмт үйлдлээ хэрэгжүүлдэг онцлогтой гэмт хэрэг байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй, харин гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв. Шүүгдэгч Б.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж хяналт тогтоохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгч Б.Дт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтанд зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгч Б.Дт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, мөн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болон мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус сануулав.
Прокуророос шүүгдэгч Б.Дт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан боловч шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлөгдсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч нь гомдол саналгүй зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хадгалж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Б-ийн Д /РД:.........../-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж хяналт тогтоохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Шүүгдэгч Б.Дт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.5 дахь зэх заалтанд зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийн тэнссэн хугацаанд тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч Б.Дт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, мөн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болон мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалсугай.
6. Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР