2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1543

 

 

 

 

 

 

 

 

  2025        06          09                                   2025/ШЦТ/1543

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Ё” танхимд Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Ариунцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч Б.Мөнхтулга /томилолтоор/,

шүүгдэгч Б.Д  нарыг оролцуулан эрүүгийн 2411 02836 0130 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5  дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, А овогт Б-ын Д  / РД: ................/, .................. өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дээд боловсролтой, биеийн тамирын арга зүйч мэргэжилтэй, “Т” ТББ-д хөдөлгөөн засалч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Хэнтий аймгийн .................. оршин суух хаягтай, Баянзүрх дүүргийн .................. тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д  нь 2025 оны 1 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ................. тоотод хохирогч Ж.Мгийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас хохирогч Ж.М,  гэрч Б.Б  нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн Дугаар 2818 дүгнэлт, шүүгдэгч Б.Д ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д  мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн, зөв мэдүүлсэн учраас нэмж мэдүүлэх зүйл байхгүй.” гэжээ.

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

            Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Д  нь шүүх хуралдаанд оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон байна.

            Шүүгдэгч Б.Д  нь 2025 оны 1 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ................. тоотод хохирогч Ж.Мтай маргалдаж нүүрэн тус газар нь аягаар цохиж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд хүч хэрэглэн халдсаны улмаас хүний биед тархи доргилт, духанд няцарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай, хөдөлбөргүйгээр, эргэлзээгүй нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн Дугаар 2818 дүгнэлтээр “...Ж.Мгийн биед тархи доргилт, духанд няцарсан шарх, баруун чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсэх боломжтой. ...Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. ...Тархи доргилт, духанд шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Баруун чамархайд зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыгтогтонги алдагдуулахгүй.” (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

хохирогч Ж.М мэдүүлсэн: “...би 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр найзууд болох Б , Д  нартай хамт найз Д ийн гэрт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Бид 3 нийлээд 4 том пиво хувааж байгаад миний тамхи дуусаад түр зуур тамхинд яваад буцаад ороод ирсэн. Би гарахаас өмнө ууж дууссан пивоны саванд шээчихсэн байсан. Намайг тамхи аваад буцаж орж ирсэн чинь найз Д  надад шээс аягалж өгсөн. Түүнээс болоод маргаан гарсан. Би Д ид уурласан чинь урдаас дайраад шээстэй аягаар миний толгой руу цохьсон. Ширээн дээр байсан шилэн усны саваар миний толгой руу дахиад цохиод байсан. Нэг мэдсэн чинь миний нүүр ам дүүрэн цус болчихсон байсан. ... миний толгойны дух хэсэгт язарч хагарсан толгой их өвдөж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал),

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал),

гэрч Б.Б  мэдүүлсэн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 29-ний шөнө ажил тарсаны дараа Ж.М бид хоёр Б.Д ийн гэрт очихоор болоод очисон юм. Гэрт нь очиж байж байгаад хоёр том пиво авч ороод бид гурав хувааж ууж байхдаа би тэр хоёроос түрүүлээд унтаад өгсөн юм. Намайг унтахад М, Д  хоёр үлдсэн юм. Би унтаад байж байхад Д , М тэр хоёр маргалдаж муудалцаж байхаар нь би босож ирээд тэр хоёрын дундуур орж салгаад боль гэж хоёр тийш нь салгаад байж байхад Мгийн дух хэсгээс нь цус гарсан байдалтай байсан юм. Тэгээд эмч ирж өгөөд Ж.Мгийн толгой дээр нь боолт хийж өгсөн юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),

шүүгдэгч Б.Д  яллагдагчаар мэдүүлсэн “...Тухайн өдөр би найз Ж.М, Б.Б  нар хөдөөнөөс ирэхээр нь бид гурав тээврийн хэрэгсэл дотор хоёр пиво хувааж уусан. Дараа нь гэрт орж ирээд дахиж пиво хувааж ууж байгаад би унтаад өгсөн чинь М намайг сэрээж үлдсэн байсан пиво хувааж ууж байхад М чи надад шээстэй пиво уулгасан гэж хэлээд над руу  дайрсан юм. Тэгээд би ширээ нь дээр байсан сэнжтэй аяга аваад өргөхөд аяганд толгой нь цохигдсон юм. Би урьд өгсөн мэдүүлэг дээр тодорхой мэдүүлсэн байгаа.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д  нь хохирогч Ж.Мгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Д ийн үйлдлийн улмаас хохирогч Ж.Мгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Д ийн үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Д  нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлджээ.

Шүүгдэгч Б.Д ийн үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Д ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

             Хохирогч Ж.М нь мөрдөн шалгах ажиллагааны үед эмчилгээний зардалтай холбоотой хохирол баримтаар нэхэмжлээгүй, мөн хохирогч Ж.М нь “...Сэтгэцэд учирсан хор уршиг тогтоолгохгүй. Миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх хүсэлт (хавтаст хэргийн 26 дахь тал) хэрэгт авагджээ.

Хохирогч Ж.Мгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл (хавтаст хэргийн 45 дахь тал) авагджээ.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар гэж засгийн газрын агентлаг байсаар атал прокурор энэ байгууллагын хуулиар олгосон бүрэн эрхийг ямарваа нэгэн итгэмжлэлгүйгээр бие даан хэрэгжүүлэх нь зохимжгүй юм. Иймд хохирогч Ж.Мгийн эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй эмнэлэгийн тусламж үйлчилгээ авсан зардлыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар буюу хуулийн этгээд нь холбогдох хуульд заасан үндэслэл журмын дагуу буруутай этгээдээс жич нэхэмжлэх, мөн хохирогч Ж.М нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505, 511 дэх зүйлд заасан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдаж шийдвэрлэв.

            Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Д ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан үзлээ.

            Шүүгдэгч Б.Д  нь нь урьд  эрүүгийн хариуцлага хүлээж, ял шийтгүүлж байгаагүй, (хавтаст хэргийн 31 дэх тал) мөн тухайн үед тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Мөн шүүгдэгч Б.Д  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрснийг харгалзан үзсэнийг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Д ийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, улсын яллагын санал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Д ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн уулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

Улсын яллагчийн торгох ял оногдуулах талаар гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэж торгох ялын хэмжээг шүүх өөрт хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоов.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч Б.Д  нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Б-ын Д  / РД: ................/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

            2. Шүүгдэгч Б.Д ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д ид оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүгдэгч Б.Д  нь энэ хэрэгт баривчилагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ж.М нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг, цаашид хийлгэх эмчилгээний зардал, хуульд заасан бусад зардлуудыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505., 511 дэх зүйлд заасан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар буруутай этгээдээс жич нэхэмжлэх, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг холбогдох хуульд заасан үндэслэл журмын дагуу буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.  

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР