| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2020/00405/И |
| Дугаар | 148/ШШ2020/00474 |
| Огноо | 2020-07-20 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 148/ШШ2020/00474
| 2020 оны 07 сарын 20 өдөр | Дугаар 148/ШШ2020/00474 | Сэлэнгэ аймаг |
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ тариалан эрхлэлтийг дэмжих дундын үйлчилгээний техникийн төвд холбогдуулан гаргасан Нийгмийн даатгалын хуримтлагдсан өр 2.041.146.94 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 2 дугаар баг, 2 дугаар хэсэг, 27 дугаар байрны 25 тоотод оршин суух, Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст орлого шимтгэлийн улсын байцаагч ажилтай
******* овгийн Октябрийн *******
регистрийн дугаар: ЖИ- 89071302
Хариуцагч Б.*******ийн өмгөөлөгч Р.*******
Төр төлөөлөн оролцсон прокурор Г.Энхмаа
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулдаг Сэлэнгэ Тариалан Эрхлэлтийг дэмжих дундын үйлчилгээний техникийн төв нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийг 16.3, 17 дугаар зүйл заалтуудыг зөрчин 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр болох 2.041.146.94 / хоёр сая дөчин нэгэн мянга нэг зуун дөчин зургаан төгрөг, ерэн дөрвөн мөнгөн/ төгрөгийг төлөөгүй тул тус байгууллагаас гаргуулан нийгмийн даатгалын санд оруулж өгнө үү.Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулдаг Сэлэнгэ аймгийн тариалан эрхлэлтийг дэмжих дундын үйлчилгээний төв Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн зөрчин 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр болох 2.041.146 төгрөгийг гаргуулахаар 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлээ дэмжин оролцож байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийн асуудлаар тухайн үед хариуцсан байцаагч нар нь нэхэж шаардаж байсан байх. 2016 онд тухайн үед хариуцаж байсан байцаагч нь Б.******* даргад албан шаардлага хүргүүлсэн боловч танилцчихаад эргүүлж өгнө гээд одоог хүртэл өгөөгүй. Нийгмийн даатгалын шимтгэл бол тухайн сардаа төлөгдөөд дараа сарын 5-ны дотор тайлангаа өгч байх ёстой. Миний хувьд энэ ажлыг 2020 оны 01 дүгээр сараас хойш хийж байна. Ажил авснаасаа хойш нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг нэхэж, шаардаж байсан тухай баримт одоохондоо алга ... гэв.
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Цагаан-Эрэг 2 дугаар баг, 16 дугаар байр, 03 тоотод оршин суух, Сэлэнгэ аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга ажилтай
******* овгийн *******ийн ******* /регистрийн дугаар МН 76061075/ шүүхэд гаргасан тайлбартаа:
... Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан эрхийнхээ дагуу Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлд хариу тайлбарыг хүргүүлж байна.
1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь заалтаар ... хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан, үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж хариуцагчаар сонгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2009 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 149 тоот тогтоолоор орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ тогтоолын дагуу Тариалан эрхлэлтийг дэмжих дундын үйлчилгээний техникийн төв орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг аймгийн төв Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байгуулсан.
2. 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр 2.041.146.94 төгрөгийг надаас нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэв 2013 онд тус төв нь ийм өртэй байсан бол надад тухайн үед нь мэдэгдээгүй, хэлээгүй, нэхэмжлээгүй.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтаар ... гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа 3 жил, 75.2.3 дахь заалтаар тогтоосон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдсон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар тус тус хуульчилагдсан байна.
Тиймээс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс шаардах эрх үүссэн боловч тус хэлтэс нь ТЭДДҮТ -ийн төвөөс нэхэмжлээгүй тул түүний шаардах эрх дуусгавар болсон байна.
Иймд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахгүйгээр буцаах үндэслэлтэй байсан байна. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү ...гэжээ.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :
Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулдаг Сэлэнгэ Тариалан Эрхлэлтийг дэмжих дундын үйлчилгээний техникийн төвөөс нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр болох 2.041.146.94 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч нь 2013 онд нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр 2.041.146.94 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэв 2013 онд тус төв нь ийм өртэй байсан бол надад тухайн үед мэдэгдээгүй, хэлээгүй, нэхэмжлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргажээ.
Хариуцагч Б.******* нь 2010 оноос 2013 онд Сэлэнгэ Тариалан Эрхлэлтийг дэмжих дундын үйлчилгээний техникийн төвийн захирлаар ажиллаж байсан байгаад 2016 оноос Сэлэнгэ аймгийн Хүнс Хөдөө аж ахуйн газрын даргаар томилогдон одоог хүртэл ажиллаж байгаа болох нь хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Д/43 дугаартай захирамжийн хуулбараар нотлогдож байх тул Сэлэнгэ Тариалан Эрхлэлтийг дэмжих дундын үйлчилгээний техникийн төвтэй холбоотой нэхэмжлэлийг Б.*******д холбогдуулан гаргах, Б.*******ийг хариуцагч гэх үндэслэлтгүй байна.
Нэхэмжлэгч байгууллага нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар ...сар бүр тооцож тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд төвлөрүүлнэ, ...нийгмийн даатгалын шимтгэлийг сар, улирал, хагас жил, жилээр гэрээний дагуу төлнө... гэсэн үүргээ гүйцэтгээгүй, хэрэгжүүлээгүй даатгал төлөгчид өөрөөр хэлбэл Сэлэнгэ Тариалан Эрхлэлтийг дэмжих дундын үйлчилгээний техникийн төвийн эрх бүхий ажилтан болох няглтан бодогчид мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасан ...нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн байхад ямар арга хэмжээ авч байсан нь тодорхойгүй бичгийн нотлох баримт ирүүлээгүй байна.
Мөн нэхэмжлэгчийн зүгээс ...уг өр төлбөрийг Б.******* даргаар ажиллаж байхдаа мэдэж байсан... урьд нь нэхэмжилж байсан... энэ байгууллага нь татварын албанд Х тайлан гаргаж өгөөд байдаг гэсэн... гэж байгаа боловч 2013 онд гарсан нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг 2020 он хүртэлх хугацаанд хэдэн удаа нэхэмжилж байсан, өр төлбөрийг барагдуулах талаар ямар арга хэмжээ авсан, төлбөртэй байгууллагад өр төлбөрийн талаар ямар мэдэгдэл, сануулга өгч байсан талаархи баримт хэрэгт авагдаагүй байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасан Тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдсон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан хуулийн хугацаа хэтэрсэн байхаас гадна Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хуульд хөөн хэлэцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд...хөөн хэлэцэх хугацаа хуулийн дагуу тооцогдох тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь дээрх хуульд зааснаар 3 жил байх бөгөөд уг нэхэмжлэл гаргах хугацааг сэргээх баримтгүй, үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ тариалан эрхлэлтийг дэмжих дундын үйлчилгээний техникийн төвд холбогдуулан гаргасан Нийгмийн даатгалын хуримтлагдсан өр 2.041.146.94 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Хариуцагч Б.*******д шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд мэдэгдэхэд ...Намайг оролцуулахгүйгээр Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Тариалан эрхлэлтийг дэмжих, техник дундын үйлчилгээний төвтэй холбоотой шүүх хуралдаанд өмгөөлөгч Р.*******ийг оролцуулах хүсэлтэй байна гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74,1, 75 дугаар зүйлийн 75.2.3, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.3, 16.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ тариалан эрхлэлтийг дэмжих дундын үйлчилгээний техникийн төвд холбогдуулан гаргасан Нийгмийн даатгалын хуримтлагдсан өр 2.041.146.94 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 47.608 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоног дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ