Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2018/01238

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 09 өдөр Дугаар 101/ШШ2018/01238 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, шүүгчид Б.Цолмонгэрэл, Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: хххххххххх тоотод оршин суух, С.Ггийн /РД: хххххххх/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: ххххххххххххх165, Д ХХК-д /РД: хххххххххххххх/ холбогдох

5.131.900 төгрөг гаргуулах тухай иргэний хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ононбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Мягмарнаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Г би манай хүргэн Ганбатын Төрболд, миний охин Ггийн Эрдэнэчимэг нарын 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр худалдаж авсан лексус RX 450 Н00000 дугаартай машиныг 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 16:35 минутанд Манжуур явах гээд Доктор авто сервист оношлогоонд оруулсан ба ажилтан н.Ганбилэг тос масло солих шаардлагатай гээд 620.000 төгрөгөнд сольж үйлчилсэн.

Гэтэл 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн өглөө 6 цагт замд гаран 130 км яваад Багануур дүүрэгт очиход машин эвгүй болон зогсож Доктор авто сервист дуудлага өгөхөд тос масло сольсон ажилтан н.Ганбилэг ирж үзээд өчигдөр сольсон тос ихэдсэн байна гээд 400 гр тос аваад одоо зүгээр, цаашаа асуудалгүй явж болно гэсэн.

Замд явсаар Дорнод аймгийн цаана Хөлөнбуйр суманд шөнө 1 цагийн үед кропны дуу эвгүй болж Доктор авто сервисын ажилтан руу ярьсан. Дорнодын төв ороод үзүүлэх газар олдохгүй, Манжуур ороод тэнд сайн мэдэхгүй учир буцаад 2016 оны 8 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотод ирээд Доктор авто сервист гомдол гаргахад Баянгол дүүрэг, 10 дугаар хорооллын салбар руугаа машиныг хүргүүлсэн.

Маргааш нь 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр засварчид задлахад ихээхэн засвар хийх шаардлагатай болж Доктор авто сервисын ажилтанууд засаж чадахгүй, наад машиныг чинь Шар хаданд сайн засдаг хүн бий гээд утасны дугаарыг нь өгсөн. Тэр хүнтэй ярьтал 4.000.000 төгрөгөөр засна гэсэн.

Бид өөрсдөөсөө болж авто машинаа эвдээгүй учир, шалтгааныг нь олох засах гээд Доктор авто сервист 2 сар засах хугацаа өгөн хүлээцтэй хандсан.

2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл авто машин маань Доктор авто сервисын 10 дугаар хорооллын салбарт байсан ба 2016 оны 10 дугаар сарын 26-нд арга буюу Шар хадны засварчинаар засуулахаар болж хүргэлтийн машинаар зөөн аваачсан.

Миний үзэж байгаагаар эднийх авто машины кропны тос солиод мотор задалснаас болоод авто машин эвдэрсэн гэж үзэж байгаа.

Тус засварчин н.Энхтайван 7 хоногийн дотор янзалж дууссан ба 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр бүрэн бүтэн болгож хүлээлгэн өгсөн. Машиныг засуулахад дараахь зардал хохирол гарчээ. Үүнд:

1. бүтэн кропны үнэ 2.500.000 төгрөг,

2. кропны гол 600.000 төгрөг,

3. кропны задаргаа, угсаргаа хөлс 500.000 төгрөг,

4. кропны тос, масло шинэ 150.000 төгрөг,

5. антрессар-10 л, 40.000 төгрөг,

6. перой 2 ш* 18.000 төгрөг, 36.000 төгрөг,

7. анх тос, масло солиулахад 620.000 төгрөг,

8. рулын уян 1.450 юань*361 төгрөг= 523.450 төгрөг,

9. таван бул, 1 дүгээр сальник, 450 юань*361 төгрөг= 162.450 төгрөг, нийт 5.131.900 төгрөг.

Д ХХК-иас лексус RX 450 Н00000 дугаартай авто машины засвар хохиролд 5.131.900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д ХХК-ийн гүйцэтгэх захирал шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компанийн Баянзүрх дүүрэгт байрлах Нарны Зам салбарт 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр лексус RX 450 Н загварын,00000 дугаартай, 0000000000000 арлын дугаартай авто машины мотор, кропны тосны бохирдлыг шалган үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу мотор, кропны тосыг бохирдлыг шалган үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу мотор, кропны тос тус бүрийг солигдвол зохих хэмжээний дагуу сольсон.

Нэхэмжлэгч тал болсон зүйлийн талаар манай компанид гомдол гаргасны дагуу бид үйлчлүүлэгчээ хүндэтгэн үзэх үүднээс Баянгол дүүрэг, 10 дугаар хороолол дахь салбар дээр механик инженер Д.Дагийрагчааг нэхэмжлэгч талтай байлцуулан 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр авто машины кропны хэсгийг задлан юунаас болж авто машинд нь эвдрэл үүссэн талаар нэхэмжлэгч талд үзүүлсэн. Тухайн кропны гадна хэсгийн үйлдвэрийн наалт байхгүй, орлуулан наалт хэрэглэсэн байсан.

Энэ нь уг авто машинд өмнө нь задаргаа орсон гэсэн үг. Задаргаа ороогүй бол үйлдвэрийн наалт наалттай хэвээрээ байх байсан. Мөн кропны дотор талд арааны хэсгийн хэд, хэдэн шүд хугаралтай, арааг хөдөлгөгч гол нь элэгдэлтэй байсныг нэхэмжлэгч талд танилцуулсан.

Ингээд нэхэмжлэгч талд таны авто машинд элэгдэлтэй хуучин кроп суурилуулсан байна гэдгийг нь хэлсэн. Кропны тос шингэн төлөвтэй учир металл зүйлийг эвдэх ямар ч тохиолдол байхгүй гэдгийг мөн тайлбарлаж өгсөн.

Нэхэмжлэгч талд авто машиныг хүлээлгэн өгөх гэтэл нэгэнт задалсан учир эвдэрсэн сэлбэгийг бид аваад ирье, үнэ төлбөргүй суурилуулж өгөөч гэсэн тул бид зөвшөөрөн 2 сар хүлээсэн бөгөөд манай дээр авто машин нь 2 сар байсанд бид маргахгүй.

Гэтэл нэхэмжлэгч тал нь зөвхөн кропны арааны хэсгийг авч ирсэн байдаг бөгөөд элэгдэлтэй голыг хэвээр үлдээгээд өөр газарт очиж засуулна гэсний дагуу нэхэмжлэгч талын авч ирсэн сэлбэгийг авто машинд нь суурилуулан хүлээлгэн өгсөн.

RX 450 Н загварын,00000 дугаартай, 0000000000000 арлын дугаартай авто машин нь нэхэмжлэгч С.Ггийн эзэмшил, өмчлөлийнх болох нь тогтоогдохгүй байна.

Мөн уг авто машин нь манай байгууллагын буруугаас болж эвдэрсэн нь тогтоогдохгүй байгаа бөгөөд уг авто машины үзлэг, оношлогооны түүх болон шүүхийн хэлэлцүүлэгээс үзэхэд нэхэмжлэгч тал анхнаасаа эвдрэлтэй машин худалдан авсан байна.

Авто машин нь эвдрэлтэй байсныг нэхэмжлэгч өөрөө ч сая хүлээн зөвшөөрснөөс гадна энэ талаархи асуудлыг шийдвэрлэсэн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1829 дугаартай, мөн тус шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 121 дугаартай захирамжууд хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.

Эвдрэлтэй авто машинаа анх худалдан авсан газартаа буцааж өгч хохирлын мөнгөө авсан нь дээрхи шүүгчийн захирамжуудаар тогтоогдож байна. Уг захирамжуудад авто машин эвдрэлтэй байсан талаар тусгагдсан байгааг анхаарах шаардлагатай байх.

Иймд Д ХХК-д холбогдох 5.131.900 төгрөг гаргуулах тухай С.Ггийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан 5.131.900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

/-авто машины кропны үнэ 2.500.000 төгрөг,

-кропны гол 600.000 төгрөг,

-кроп задалж угсарсан ажлын хөлс 500.000 төгрөг,

-кропны тос, масло 150.000 төгрөг,

-антрессар 10 литр 40.000 төгрөг,

-перой 2 ширхэг 36.000 төгрөг,

-анх удаа авто машины тос масло солиулахад 620.000 төгрөг,

-рулын уян 1.450 юань*361 төгрөг= 523.450 төгрөг,

-таван бул, 1 дүгээр сальник, 450 юань*361 төгрөг= 162.450 төгрөг,

 

Нэхэмжлэгч С.Г нь Д ХХК-ийн ажилтан RX 450 Н загварын,00000 дугаартай авто машины кропны тосыг сольж, авто машиныг задалснаас болж авто машин эвдэрч, засварлахад нийт 5.131.900 төгрөгийн зардал гарсан тул гэм хорын хохирлыг Д ХХК-иас нэхэмжилнэ гэж,

Хариуцагч Д ХХК нь Уг авто машины эзэмшигч, өмчлөгч нь С.Г биш, авто машины эвдрэлтэй байсан тул манайх хариуцахгүй гэж тус тус маргаж байна.

 

Хэргийн үйл баримтаар Г.Төрболд нь лексус RX 450 H маркийн авто машиныг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 57.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч урьдчилгаанд 10.000.000 төгрөг төлж, мөн өдөр нь ББСБ-тай зээлийн гэрээ байгуулж 47.000.000 төгрөг зээлэн авч төлбөрийг нь төлж авто машиныг өөртөө шилжүүлэн авсан, мөн авто машины эвдрэл, гэмтэлтэй холбоотойгоор 2016 оны 10 дугаар сард худалдагчид буцаан шилжүүлсэн нь тогтоогдлоо.

 

Г.Төрболд нь 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Юниверсалтрейдинг корпорэйшн ХХК-иас лексус RX 450 H маркийн авто машиныг 57.000.000 төгрөгөөр худалдан авч урьдчилгаа төлбөрт 10.000.000 төгрөг төлж, мөн өдөр Юу Эс Эй Эм Өү Инвест ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулан үлдэх 47.000.000 төгрөгийг зээлсэн гэжээ.

Тус ББСБ нь зээлдэгч Г.Төрболд, Г.Эрдэнэчимэг нараас дээрхи зээлийн гэрээний үүрэгт нийт 50.722.400 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба талууд харилцан тохирч зээлийн гэрээг цуцлан, Г.Төрболд худалдан авсан авто машинаа буцаан өгч, урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгөнийхөө тал хувь 5.000.000 төгрөгийг буцаан авсан байна.

Ингээд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага биелэгдсэн үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 121 тоот захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

/ХХ-ийн 12-14 дүгээр тал/

 

Г.Төрболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г нь Юниверсалтрейдинг корпорэйшн ХХК болон Юу Эс Эй Эм Өү Инвест ББСБ ХХК-д холбогдуулан доголдолтой авто машин худалдан авч засварт нь олон сая төгрөг зарцуулсан тул авто машиныг буцаан өгсөн, урьдчилгаа төлбөрт төлсөн 10.000.000 төгрөгөө гаргуулна хэмээн нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Г хариуцагч Юниверсалтрейдинг корпорэйшн ХХК-д холбогдуулан гаргасан 5.000.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Юу Эс Эй Эм Өү Инвест ББСБ ХХК нь 5.000.000 төгрөгийг С.Ггийн Хаан банк дахь 5009611787 тоот дансанд 2017 оны 6 дугаар сарын 21-ний дотор төлөхөөр тохирсон байна.

Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1829 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

/ХХ-ийн 3, 9-11 дүгээр тал/

 

RX 450 Н загварын,00000 дугаартай, 0000000000000 арлын дугаартай авто машиныг Г.Төрболд худалдан авсан байгууллагадаа буцаан өгсөн нь талуудын тайлбараар тогтоогдсон ба нэхэмжлэгч тал энэ талаар маргаагүй бөгөөд уг авто машин 2016 оны 10 дугаар сараас хойш Юниверсалтрейдинг корпорэйшн ХХК-ийн дулаан зогсоолд хадгалагдсан нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 121 дугаар захирамж болон Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1829 дугаар захирамжуудаар тогтоогдсон бөгөөд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй болно.

 

Нэхэмжлэгч С.Г нь авто машин Г.Төрболдын буюу нэхэмжлэгч талын эзэмшилд байсан хугацаанд уг авто машинд Д ХХК-иас үйлчилгээ авсаны улмаас учирсан хохирлыг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

RX 450 Н загварын,00000 дугаартай авто машины эзэмшигч Д ХХК-иас 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 16:07:06 цагт 581.601 төгрөгийн, мөн өдрийн 16:31:37 цагт 19.000 төгрөгийн, 16:39:47 цагт 18.000 төгрөгийн үйлчилгээ буюу хөдөлгүүрийн тос, шүүр солих, автомат хурдын хайрцагны шингэн солих үйлчилгээ авсан байна.

Нэхэмжлэгч С.Г нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Д ХХК дээрхи үйлчилгээг үзүүлэхдээ тосыг ихдүүлсэнээс авто машин эвдэрч үүнээс үүдэн авто машиныг задалснаас болж хохирол учирсан гэж тайлбарлалаа.

 

RX 450 Н загварын,00000 дугаартай авто машины эзэмшигч нь Д ХХК-иас 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 16:07:06 цагт 581.601 төгрөгийн, мөн өдрийн 16:31:37 цагт 19.000 төгрөгийн, 16:39:47 цагт 18.000 төгрөгийн буюу хөдөлгүүрийн тос, шүүр солих, автомат хурдын хайрцагны шингэн солих үйлчилгээ авсан нь техник үйлчилгээний бүртгэлийн дэвтэр, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 02.127 тоот лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд үйлчилгээ авсны төлбөрийг хариуцагч байгууллагын гэм буруутайн улмаас үүссэн хохиролд тооцохгүйгээс гадна уг мөнгийг С.Г төлсөн болох нь нотлогдсонгүй.

/ХХ-ийн 17, 68-79, 86 дугаар тал/

 

Д ХХК-д механик инженер ажилтай, автомат кропны инженер мэргэжилтэй, мэргэжлээрээ 10 дахь жилдээ ажиллаж буй гэх Д.Дагийрагчаа 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны 8 дугаар сард 10 дугаар хороолол дахь салбарт машиныг задалсан. С.Г ахын машины кроп задлаад янзалсан кроп байсан. Би задлахаасаа өмнө С.Г ахыг дуудаад харуулсан. Кропыг наасан цавуу үйлдвэрийн бус буюу хар өнгөтэй цавуу байсан. Үйлдвэрийн цавуу улаан өнгөтэй байдаг.

Кроп ямарваа нэгэн тосны үйлчлэлээр ажилладаг эд биш ба тос нь арааг тослох буюу хөргөх зориулалттай. Кропны тос ихэссэн болон багассанаас болж машин эвдрэхгүй. Жолоочийн буруутай юм уу, механик хүчин зүйлээс болж эвдэрдэг. Машины эзэн гээд 1 залуу яваад байсан. С.Г гуай сүүлд гарч ирсэн хүн. Би задлах гээд байна, та нар ирж зургийг нь ав гэсэн. Нөгөө залуу дүүгээ явуулья гээд дүү нь гэх хүн ирж задлаж байх үеийн бүхий л зургийг авсан. Тухайн машины кропыг задлахад эрхсэн араа хядагдсан байсан ба энэ нь моралийн элэгдэл, хүчилснээс болдог. Мөн түгжээ нь байгаагүй. Манайд тосоо солиулан манай засварчид тосыг нь ихдүүлсэн гэсэн С.Ггийн гомдлоор машиныг задалсан. Автомат кропны эвдрэлтэй холбоотой асуудлыг засварлах нь надтай холбоотой тул би задалсан. Үйлчилгээний хөлс аваагүй гэжээ.

/ХХ-ийн 103-106 дугаар тал/

 

2011 оны RX 450 Н загварын, 0000000000000 арлын дугаартай авто машины 2017 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 23 цаг 48 минут хүртэл бүртгэгдсэн мэдээлэлд тусгаснаар уг авто машин хамгийн сүүлд АНУ-ын Вержина мужид таксины зориулалтаар ашиглагдаж байсан ба хамгийн сүүлчийн одометрийн заалтаар 163.170 майл явсан, авто осолд орж, 3 удаа үйлчилгээ хийгдсэн бүртгэлтэй байх ба уг авто машиныг 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдөр АНУ-ын Калифорни мужаас Хятад улс руу экспортогдсон нь уг авто машины үзлэг, оношлогооны түүхийн хуулбараар тогтоогджээ.

/ХХ-ийн 90-97 дугаар тал/

 

Д ХХК-ийн 10 дугаар хороолол дахь салбарт 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр RX 450 Н загварын,00000 дугаартай авто машины кропыг задалсан нь талуудын тайлбараар тогтоогдсон ба задлах явцад нэхэмжлэгч талаас хүн байлцсан /Г.Төрболдын дүү/ талаар, мөн авто машиныг задлахад гэрчийн мэдүүлэгт дурьдагдсан үйл баримтууд тогтоогдсон талаар нэхэмжлэгч С.Г эсэргүүцээгүй.

 

2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр кроп, тахир голны үнэд 3.100.000 төгрөгийг н.Энхтайванд, мөн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр кроп задалж угсарсан хөлс 500.000 төгрөг, тос масло сольсон 150.000 төгрөг, антрессар 10 л 40.000 төгрөг, перой 2 ширхэг 36.000 төгрөг, нийт 726.000 төгрөгийг н.Пүүжээд тус тус төлсөн баримт авагдсан байх боловч энэ нь хариуцагч Д ХХК-д бус өөр бусад этгээдэд төлсөн мөнгө байх ба эдгээр төлбөрийг хариуцагч байгууллагын гэм буруутайн улмаас үүссэн хохиролд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

/ХХ-ийн 15-16 дугаар тал/

 

RX 450 Н загварын,00000 дугаартай, 0000000000000 арлын дугаартай авто машин нэхэмжлэгч С.Ггийн өмчлөлийнх буюу тэрээр уг авто машинтай холбоотой асуудлаар шаардлага гаргах эрхтэй болох нь баримтаар тогтоогдсонгүй. Мөн Д ХХК-ийн ажилтны буруутай үйлдлийн улмаас уг авто машинд эвдрэл гэмтэл учирсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул хариуцагчаас 5.131.900 төгрөгийн хохирлыг гаргуулах үндэслэлгүй.

 

Иймд хариуцагч Д ХХК-д холбогдох 5.131.900 төгрөг гаргуулах тухай С.Ггийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх нэхэмжлэлийг 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн мөн өдөр нь нэхэмжлэгч талд зохигчийн эрх, үүргийг тайлбарлаж өгсөн, шүүх хуралдааныг нийт 4 удаа хойшлуулснаас нэхэмжлэгч талын хүсэлтээр 4 удаа хойшлуулсан болно.

 

Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч Д ХХК-ийн цахим хаяг дахь авто машинтай холбоотой мэдээллийг гэрэл зургийн хэлбэрт оруулан нэхэмжлэлд хавсаргасантай холбоотой хариуцагч тал маргаагүй ба уг баримт хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, мөн уг баримтуудыг шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурьдлаа.

 

RX 450 Н загварын,00000 дугаартай авто машины Д ХХК-ийн салбараас Баянзүрх дүүрэг, Шар Хаданд байрлах засварын газарт буюу н.засварчин н.Энхтайванд хүлээлгэн өгч авто машиныг задлах явцын 2 удаагийн 01 минут, 20 секунд, 05 минут, 53 секундын бичлэгт үзлэг хийсэн болно.

/ХХ-ийн 109-110 дугаар тал/

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д ХХК-д холбогдох 5.131.900 төгрөг гаргуулах тухай С.Ггийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.Ггийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 97.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН

 

ШҮҮГЧИД Б.ЦОЛМОНГЭРЭЛ

 

Д.ЦЭРЭНДОЛГОР