Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2022/02640

 

2022          06         07                                       101/ШШ2022/02640

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж шүүгч Д.Ганболд, Б.Ундраа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: хххххххх дүүрэг, ххххххх хороо, ххххх хороолол, ххххх байр, 00  тоотод оршин суух ххххх овгийн Ц.А /000000000 /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хххххххх дүүрэг, хххххх хороо,хххххххх гудамж, ххх тоотод оршин суух хххххххховгийн Д.Н /000000 /-д холбогдох,

Гэм хорын хохиролд 1,823,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Б, хариуцагч Д.Н , иргэдийн төлөөлөгч Ч.М , нарийн бичгийн дарга Б.Г нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.О шүүхэд болон төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Зам тээврийн ослын тээврийн прокурорын тогтоолоор хариуцагчийн гэм бурууг тогтоосон, 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн шүүхэд ирүүлсэн 1686 дугаартай албан бичиг болон бусад баримтад зааснаар хариуцагчид Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-д зааснаар торгох шийтгэл ногдуулсан. Нийт 4,323,000 төгрөгийг хохирол гарсан бөгөөд жолоочийн хариуцлагын даатгалаас 2,500,000 төгрөгийг төлж үлдэх 1,823,000 төгрөгийг хариуцагч төлж барагдуулаагүй тул уг мөнгийг гаргуулахыг хүсэж байна гэв.

Хариуцагч Д.Н  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Би замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн болохоос машин мөргөөгүй. Нэхэмжлэгч өөрөө машин мөргөсөн байтал замын цагдаа н.Б нь надаас мэдүүлэг аваагүй мөртлөө миний буруу болгосон. Замын цагдаа нэг удаа надаас болон манай хүнээс мэдүүлэг авсан боловч тэр нь хэрэгт байхгүй нэхэмжлэгчийн өгсөн мэдүүлэг байсан. Тэрээр 2-р эгнээнд явж байгаад 1-р эгнээ рүү орох гэж байгаад миний машиныг шудраад урд байсан машиныг мөргөсөн гэдгээ хэлсэн. Би цагдаагийн байгууллагад очсон боловч цагдаа нар болон мөрдөн байцаах албаны дарга нь ч солигдоод байхгүй болсон байсан. Даатгалаас 2,500,000 төгрөгийг гаргах ёсгүй байсан. Ц.А ийг даатгалаас авсан мөнгөө даатгалд буцаан төлөх хэрэгтэй л гэж хэлмээр байна гэв.

Иргэдийн төлөөлөгч Ч.М  шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Ц.А-г, Д.Н  нарын хэрэгт зам тээврийн осол гаргасан хохирлын дүнгээс 1,823,000 төгрөгийг нэхэмжилсэн хэрэг гарсан байна. Д.Н  гэх иргэнээс Ц.А ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийг хангах нь зөв гэж үзэж байна. Учир нь баримтууд хэрэгт байна. Даатгалаас 5,000,000 төгрөг гаргасан ба 2 машин мөргөсөн зардалд тэнцүү хуваагаад төлсөн юм байна гэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлох үүргийн хүрээнд, Тээврийн цагдаагийн албанаас 2021.07.08-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Тээврийн Прокурорын газрын 2021.08.03-ны өдрийн 483 дугаартай Прокурорын тогтоол, А.б ХХК-ийн 2021 оны 1265 тоот тайлан /хавтаст хэргийн 6-25 дахь тал/-ыг, Хариуцагч татгалзлаа нотлох үүргийн хүрээнд, татгалзлаа илэрхийлсэн тайлбар /хавтаст хэргийн 33-34 дэх тал/-ыг, хариуцагчийн хүсэлтээр Шүүхийн журмаар бүрдүүлсэн, Тээврийн Прокурорын газрын 2021 оны 483 дугаартай прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн материал, шийтгэвэр /хавтаст хэргийн 68-170 дахь тал/-ийг тус тус шүүхэд нотлох баримтаар бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.А , хариуцагч Д.Н д холбогдуулан тээврийн хэрэгслийг ашиглах журам зөрчсөний улмаас учирсан хохиролд 1,823,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрчээ. Зам тээврийн осолд нэхэмжлэгч өөрөө буруутай, нэхэмжлэгч биш би мөргүүлсэн гэх тайлбарыг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Тээврийн цагдаагийн албанаас 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Тээврийн Прокурорын газрын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 483 дугаартай Прокурорын тогтоолоор хариуцагч Д.Н  нь 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын замд хххххх маркийн 0000 улсын дугаартай суудлын автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 дэх заалтыг зөрчсөний улмаас нэхэмжлэгч Ц.А ийн өмчлөлийн ххххххх маркийн 00000000 улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргажээ.

Тус зам тээврийн осол нь хариуцагчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас үүссэн, хариуцагч энэ үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээсэн нь Тээврийн цагдаагийн албаны Эрх бүхий албан тушаалтны 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 00000000000 дугаартай Шийтгэлийн хуудсаар тогтоогдож байна. Энэхүү шийтгэврийг эс зөвшөөрч гомдол гаргасан, хариуцагчийн гомдлоор шийтгэврийг хүчингүй болгосон талаар хариуцагч маргаагүй ба шийтгэврээр ногдуулсан торгуулийг төлсөн гэж хариуцлагыг хүлээн зөвшөөрчээ.

            Нэхэмжлэгч өөрийн автомашинд учирсан хохирлыг хариуцагчаас нэхэмжилж автомашинд учирсан хохирлоо хөрөнгийн үнэлгээний А.Б ХХК-иар тогтоолгож, тус компанийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 000  тоот “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан”, түүний хавсралтаар нэхэмжлэгчийн автомашинд 4,323,000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоожээ. Нэхэмжлэгч тухайн хохирлоос 2,500,000 төгрөгийг даатгалаас нөхөн төлсөн, үлдэх 1,823,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч уг ослын улмаас нэхэмжлэгчийн автомашинд хохирол учруулж зам тээврийн осол гаргасан гэм буруугийн болон хохирлын үнэлгээгээр тогтоогдсон үнийн талаар маргаж, зам тээврийн осолд нэхэмжлэгч өөрөө буруутай ба миний машиныг ирж мөргөсөн, би мөргөөгүй, цагдаагийн байгууллага шударгаар ажиллаагүй гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж нэхэмжлэлээс татгалзжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хууль, дүрэм зөрчиж бусдын эд хөрөнгөд хууль бусаар хохирол учруулсан бол тухайн этгээд уг хохирлыг өөрөө хариуцан арилгах үүрэгтэй гэж заасны дагуу уг автомашины өмчлөгч болох хариуцагч Д.Н  нь автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа зам тээврийн осол гаргаж нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учруулсны хариуцлагыг хариуцан арилгах үүрэгтэй.

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцож хариуцагчийн гэм буруу, хохирлын талаар дүгнэлтээ гаргасан. Хариуцагч Д.Н  нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлтэй гэж дүгнэлтээ шүүх бүрэлдэхүүнд гаргасан бөгөөд иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.

Хариуцагч Д.Н гийн зам тээврийн осол гаргахдаа жолоодож явсан ххххххх маркийн 000000 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь түүний өмчлөлийнх болох нь дээрх үйл баримтуудаар тогтоогдсон. Нэхэмжлэгч зам тээврийн ослын улмаас өөрийн автомашинд учирсан хохирлын үнэлгээний төлөгдөөгүй үлдсэн төлбөр 1,823,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч уг хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй. Нэхэмжлэгч 1,823,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан ба хохирлын хэмжээг тооцоход мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэсний дагуу эрх бүхий үнэлгээний байгууллагын тайлангаар тогтоогдсон хохирол 1,823,000 төгрөгийг хариуцагч Д.Н гаас гаргуулан нэхэмжлэгч Ц.А ид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч ххххххххх овгийн Д.Н /0000000 /-аас 1,823,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч хххххххх овгийн Ц.А  /00000000000 /-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,118 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Н гаас 44,118 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.А ид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш мөн 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ЭНЭБИШ

 

                        ШҮҮГЧ                                   Д.ГАНБОЛД

 

                        ШҮҮГЧ                                   Б.УНДРАА