Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/195

 

 

                                                                                        2025/ШЦТ/195

 

                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж

Улсын яллагч: М.Г

              Шүүгдэгч: С.Т

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн С Т (ИБД:.........)-д холбогдох эрүүгийн 2512............. дугаар хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн  И  суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт А аймгийн Э сумын .... дүгээр баг, ........ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овгийн С Т (ИБД:............)   

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр А аймгийн И сумаас аймгийн төв рүү зорчин явах замдаа тээврийн хэрэгсэл дотор хохирогч Б.Атай “миний архи уух чамд хамаагүй” гэх шалтгаанаар маргалдаж, түүний зүүн гарын бугалга, нуруу хэсэг рүү олон удаа гараараа цохисны улмаас биед нь зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруунд цус хуралт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Эрүүгийн 2512..............дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

         Хохирогч  Б.Агийн өгсөн “...2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр би нөхөр С.Тын хамт И  сумаас ирсэн. Манай нөхөр И  сумаас ирэх замдаа машин дотор намайг хэл амаар доромжилж цохиж зодож явсаар байгаад Архангай аймгийн төвд гэртээ ирээд унтсан. Маргааш өглөө буюу 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн үед намайг ажлаас тараад ирэхэд гэртээ байхгүй байсан. Тэгээд 20 орчим минутын дараа гаднаас согтуу орж ирээд хэрүүлийн чанартай үг хэлээд байсан. Тэгэхээр нь би “тэгээд яадаг юм” гэсэн чинь намайг цохих гэж босож ирээд дайртал манай ээж  Санжидмаа нь миний урдуур орж хамгаалах үед манай ээж Санжидмаагийн толгой болон бие рүү нь хоёр удаа цохиж хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би утсаа авч цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дуудлага өгөх боломжгүй байсан. Миний гар утасны цэнэг дуусаад унтарсан байсан. Миний зүүн гар хөхөрч хавдсан би шүүх эмнэлэгт үзүүлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 хуу/,

 

Хохирогч  Б.Агийн дахин өгсөн “...Тухайн өдөр нөхөр бид хоёр И  суманд машинаа оношилгоонд оруулах болон би өөрөө ажиллахаар явсан юм. Орой 18 цагийн үед ажил тараад явах гэсэн чинь манай нөхөр архи уучихсан байсан болохоор би машинаа жолоодоод аймгийн төв рүү хоёулаа гарсан замдаа би нөхөр Тд хандаж “яах гэж архи уусан юм” гээд загнасан чинь “миний архи уух чамд хамаагүй” гэж хэлээд намайг жолоо барьж явахад зүүн гарын бугалга хэсэг рүү гараараа 10 гаруй удаа нэг цохисон газраа цохиод байсан. Би цохиулж явсаар байгаад аймгийн төвд ирээд ямар нэгэн хэрүүл маргаан хийгээгүй амарсан. Маргааш өглөө нь би босоод ажилдаа явсан. Өдөр цайны цагаараа гэртээ ирсэн чинь нөхөр гэртээ байхгүй байсан. Удалгүй араас орж ирсэн, ирэхдээ согтуу байсан. Над руу “чи өчигдөр хөдөө ажилласан хоёр өдөр амарна гэсэн биз дээ” гээд уурласан би “ажлын өдөр юм чинь ажилдаа явахгүй яах юм 2 өдөр аймагт ажиллана гэснийг чи буруу ойлгосон юм биш үү” гээд хэрүүл хийсэн. Тэгтэл намайг цохих гээд над руу дайрсан ээж урдуур нь ороод нөхрийг загнаад хацар хэсэг рүү нь гараараа алгадсан. Тэгтэл уурлаад гэрийнхээ эд зүйлүүдийг авч шидсэн уурандаа зуухны яндан түлхээд унагаахад ээж түүнд оногдсон гэмтсэн зүйл байхгүй. Тэр хооронд би гэрээс гарч цагдаагийн газарт дуудлага өгсөн. 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр бол намайг зодсон зүйл бол байхгүй согтуу хэрүүл маргаан хийсэн өмнөх өдөр нь зүүн гарын бугалга хэсэг рүү цохиж гэмтэл учруулсан. Би эмнэлгээр явж үзүүлсэн зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, нөхөр бид хоёр сайн дураараа эвлэрсэн байгаа. Миний сэтгэл санаанд учирсан хохирол байхгүй. Өмнө нь цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаагүй өмнө бол хэрүүл маргаан хийж байсан, зодож цохиж гэмтэл учруулж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуу/,  

 

            С.Тын яллагдагчаар өгсөн “...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй. Эхнэрээсээ уучлалт гуйсан. Сайн дураараа эвлэрсэн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 хуу/,

 

             Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Б 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн АРХ0725/....  дугаартай “...Б.Агийн биед зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний ,эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 17-18 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 Шүүгдэгч С.Т нь хохирогч Б.Аг зодож эрүүл мэндэд зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.   

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Тын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Иймд шүүгдэгч С.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

 

Хохирогч Б.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө “...надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, нөхөр бид хоёр сайн дураараа эвлэрсэн, миний сэтгэл санаанд учирсан хохирол байхгүй”  гэсэн бөгөөд хохирогч нь эрүүл мэндэд учирсан хохирол болон сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлээгүй болохыг, шүүгдэгч С.Т нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.    

 

         Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл байдалд тооцож,  шүүгдэгч С.Т нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч С.Тд прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын үр дагаварыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын гаргасан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг баталж шийдвэрлэх нь зүйтэй.   

 

Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, тэрээр энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.   

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                                                            ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б овгийн С Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т нь шүүхээс оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 5. Хохирогч Б.А нь эрүүл мэндэд учирсан хохирол болон сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлээгүй болохыг, шүүгдэгч С.Т нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.    

 

 6. Шүүгдэгч С.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.     

 

  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАЙГАЛМАА