Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2021/ДШМ/09

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                             Прокурор Д.Ганцэцэг

                             Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э

                                         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Оюунцэцэг

                                        Шүүгдэгч Р.Э-н өмгөөлөгч П.Адьяасүрэн, П.Өнөрболд

                                        Шүүгдэгч Ч.Г-н өмгөөлөгч Ч.Алдар

                                        Шүүгдэгч Р.Э, Ч.Г

                                        Нарийн бичгийн дарга М.Отгонхишиг нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч М.Мандахбаяр, Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлоор Ч.Г, Р.Э нарт холбогдох эрүүгийн 1926003020214 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Р.Э нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 /ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулж, гэрээний 1 хувийг ажилтанд өгөх үүрэгтэй/ гэсэн, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д /захиалагч ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна/ гэсэн заалтуудыг тус тус зөрчин хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй,

Ч.Г нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д /захиалагч ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна/ гэсэн, “Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм”-ийн 244 /Ил уурхайн авто тээврийн ашиглалт, хөдөлгөөний байдалд “Замын аюулгүй байдлын тухай хууль”, “Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм”-ийн холбогдох заалтыг дагаж мөрдөх ба эрсдэлтэй нөхцөл байдлыг багасгах зорилгоор Компанийн дотоод дүрэм журмаар сайжруулалт хийж мөрдөнө. Автомашин нь техникийн хувьд бүрэн бүтэн байна. 253 /автомашины засвар, үйлчилгээ хийхээр зогсоохдоо...засварын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийг баримтална./ гэсэн, “Аум алт ХХК”-тай байгуулсан “Нөхөн сэргээлт хийлгэх, туслан гүйцэтгэх гэрээний дагуу Өлтийн 803 га талбайд нөхөн сэргээлтийн ажил хийхдээ гэрээний 5.5 заалт /Б тал нь өөрийн талбай дахь хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангах ба Б тал нь өөрсдийн аюулгүй байдалдаа хариуцлага хүлээнэ, 5.7 заалт /Б тал нь А талын үйл ажиллагаанд саад учруулахгүй байх ба өөрсдийн талбайд уурхайн дотоод журам, хөдөлмөр, аюулгүй ажиллагааны төлөвлөгөө гарган мөрдөж, ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулан, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулна гэсэн заалтуудыг тус тус зөрчин, хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлт 6 дугаар багт байрлах Г-н уурхайн карьерт Н.Б нь үйлдвэрлэлийн осолд орж улмаар 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 02-нд шилжих шөнө 00 цагийн орчим нас барж хүний амь нас хохирсон гэмт хэрэгт тус тус холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ахлах прокуророос Ч.Г, Р.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх шүүгдэгч Лүг гэгээн овгийн Р.Э, Г овийн гончиг овгийн Ч.Г нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг 1/нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э-н нэхэмжилсэн 46800000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдан, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ч.Г нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э-т 14335750 төгрөг төлсөн, шүүгдэгч Ч.Г нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э нь гомдолтой гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, тэднийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Р.Э-н өмгөөлөгч П.Өнөрболд гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Р.Эг хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсантай санал нийлэхгүй байна.

 

Шүүх хуралдааны явцад хохирогч Н.Б-н амь хохирсон талаар маргасан. Хавтаст хэрэгт авагдсан Өвөрхангай аймаг дахь Шүүх шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 78 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 1 дүгээр хэсэгт ... Цээжний хөндийн эрхтнүүдийн хавсарсан хүнд гэмтэл уушигны эдийн няцрал цээжний хөндий, хэвлийн хөндийн хурц цус алдалт олон хавирганы хугарал амьсгал дутагдалд орсон. Мөн шинжээчийн дүгнэлтийн 2 дугаар хэсэгт “... 2020 оны 12 дугаар сарын 09 дүгээр сарын шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эд эсийн шинжилгээний хариу ХӨ/685, Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эрчимт эмчилгээний тасгийн өвчний түүх №4302, Өвөрхангай аймаг дахь Шүүх шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 78 дугаартай шинжилгээний дүгнэлт зэргийг үндэслэн талийгаач Н.Б нь авто ослын хавсарсан хүнд гэмтлийн улмаас олон хавирганы хугарал, уушгины эд няцралын улмаас амьсгал дутагдалд орж нас баржээ гэж дүгнэсэн.

Мөн 3 дугаар хэсэгт ... Амь насыг аврах боломжтой талаар тогтоох боломжгүй бөгөөд гэмтлийн тавиланг таамаглах боломжгүй гэмтэл юм гэсэн дүгнэлт 2-р хавтаст хэргийн 203-204 дүгээр хуудсанд авагдсан.

Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжээч Э.Хүрэлсүх нь талийгаачийг эрчимт эмчилгээний тасагт стандартад нийцүүлээд амны хөндийгөөс уушгины хөндий хүртэл гуурсыг байрлуулсан. Уушигны эд няцраад унасан учраас гуурсыг тавьсан байгаа. ... мөн амьсгал дутагдалд орж нас барсан талаар мэдүүлдэг.

Мөрдөн байцаалтын шатанд шинжээч эмч Э.Хүрэлсүх ... Талийгаач Н.Бнь авто ослын хавсарсан хүнд гэмтлийн улмаас олон хавирганы хугарал, уушгины эд няцралын улмаас амьсгал дутагдалд орж нас барсан байх боломжтой нөхцөл байдал тогтоогдсон. Амьсгал дутагдалд гэдэг нь талийгаач биед учирсан хүнд гэмтлээс үүссэн байх бөгөөд аппарат салгаснаас нас барах, эсхүл хүнд гэмтлээсээ нас барсан гэдгийг нарийвчлан тогтоох боломжгүй гэжээ.

Гэтэл гэрч Ч.П мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ ...2020 оны 07 дугаар 01-ний шөнө 00 цаг болохоос өмнө хүү нь гээд нэг залуу, настай эмэгтэй хүний хамт орж ирээд талийгаачийн аман дахь трупикийг суглаж авсан. Жижүүртэй байсан эмч хагалгаа орж байсан. Би дуудаад хүчилтөрөгч өгөх гэсэн чинь эхнэр нь хэрэггүй гэсэн. Тухайн үед аман нь ангалзаж байгаад амьсгал дэмжихгүй болохоор хэсэг байгаад нас барсан. ... Тэр хүмүүс нь цаг яриад 00 цаг хэтрүүлж маргааш өдөртөө оруулахгүй гээд байсан. Маргааш нь 2 дахь өдөр байсан юм байна. Эмчлэгч эмчээс ар гэр нь зөвшөөрөл аваагүй байсан. Эмч дуудахын завдалгүй хүү нь гэх залуу сугалчихсан. ... Би эмчтэй уулз гэж эхнэрт нь хэлсэн. Амьсгалын аппарат залгаад амьдрах боломжтой байсан эсэхийг эмч л мэднэ гэсэн мэдүүлэг.

Гэрч Б.Ж-н мөрдөн байцаалтанд өгсөн ... Би зүрх амьсгалын сэргээн амьдруулалт хийгээд биеийн байдал нь тогтвортой тэгш байтал 2020 оны 07 дугаар сарын 02-ны 00 цаг 02 минутанд ар гэрийнхэн нь амьсгалын аппарат салгачихсан гээд сувилагч Пүрэвсүрэн надад хагалгаа орж байхад хэлсэн. Тэгээд үзэхэд нас барсан байсан. Амьсгалын аппарат хэн салгасныг мэдэхгүй байна. Амьсгалын аппарат салгаагүй байсан бол амьдрах боломжтой үгүйг хэлж мэдэхгүй байна. Ер нь биеийн байдал хүнд ар гэрийнх нь 2 дахь өдөр болох гээд 00 цаг болохоос өмнө амьсгалын аппарат салгамаар байна гэж хэлж байсан. Би зөвшөөрөөгүй.

Эндээс харахад талийгаач Н.Б-ар гэрийхэн нь Эрүүл мэндийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 446 дугаартай тушаалын 5 дугаар хавсралт, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/611 дүгээр тушаалын хавсралтаар эмнэлгээс гарах, ар гэрийн хүсэлтээр хүргэх тушаал зааврыг зөрчсөн болох нь тодорхой харагдаж байна. Уг тушаалаар талийгаачийн тавилан тодорхой, өндөр настан, хорт хавдартай, архаг өвчний төгсгөлийн шаттай хүмүүст үйлчилдэг. Гэтэл Н.Б нь дээрх шаардлагыг хангахгүй байна. Харин ч эсрэгээрээ амьсгалын дутагдалтай өвчтөн байсан. Ийм нөхцөлд гуурс суглах асуудал огт байж болохгүй гэж гэрч Б.Ж, Э.С нар мэдүүлсэн байна. Гэрч Б.Ж-н 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтанд дахин өгсөн мэдүүлэгт ...Манай тасагт орсон хүмүүсээс эдгэрсэн хүн олон байдаг. Анагаахын шинжлэх ухааны үүднээс өвчтөний эдгэх магадлал амьдрах хугацаа зэргийг тоо хэмжээтэй хэлэх боломжгүй. Аль болох хүмүүсийг амьдруулахын төлөө өөрсдийн мэдлэг чадвараа ашигладаг. /2хх-ийн 197-198 дугаар хуудас./ Гэрч Ж.С мөрдөн шалгах ажиллагаанд ... Биеийн байдал хүнд хэвээрээ шокийн байдал арай засрах шинжтэй болсон. ... Амьсгалын аппарат салгаагүй байсан бол үргэлжлүүлээд хэр удахыг хэлэх боломжгүй байна гэж мэдүүлдэг.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт эдгээр гэрчүүд боломжтой боломжгүй тогтоох боломжгүй мөн гуурсыг сугалсан асуудлууд хөндөгддөг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжээч эмчээс асуусан. Хэрвээ амьсгалын аппаратыг сугалаагүй байсан талийгаачийг өнгөрөх байсан, цаашаа амьдрах байсан эсэхийг асуудаг. Тэгэхлээр хүнд гэмтэл, амьсгалын аппарат яг алинаас нь болсон асуудлыг тогтоох боломжгүй гэдэг. Мөн Ч.П гэх гэрч тодорхой ярьдаг, талийгаачийн хүү Б.С нь эхийн хамт орж ирээд гуурсыг сугалсан гэж ярьдаг. Мөн гэрч Б.Ж, Ж.С нар ч энэ талаар ярьж хэлдэг. Гэтэл шүүх гэрч Д.О, Э.С, Б.Ж, А.Т, шинжээч Э.Х нарын мэдүүлгийг барьж няцааж байгаа нь ойлгомжгүй байна. Дээрх гэрчүүд нь талийгаачийг амьдрах, эс амьдрах байсныг эрүүл мэндийн шинжлэх ухааны үүднээс тогтоох боломжгүй талаар мэдүүлдэг.

Ийм байхад миний үйлчлүүлэгч Р.Э-г хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсантай санал нийлэхгүй байна.

Өөрөөр хэлбэл амь хохирсон Н.Б амьсгал дутагдал орох болсон шалтгаан нь амьсгалын аппаратын гуурс сугалснаас болж амь хохирсон асуудал харагдаж байна. Үүнийг шалгаж тогтоож байж энэ хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Өвөрхангай аймаг дахь Авто тээврийн төвийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн 5 дахь хэсэгт “North benz” маркын машины тормоз, стандартын шаардлага хангахгүй байх тул замын хөдөлгөөнд оролцох боломжгүй гэсэн. Гэтэл 1-р хавтаст хэргийн 33 дугаар хуудсанд “North benz” маркын автомашинд үзлэг хийсэн тэмдэглэлд ... “North benz” маркын тээврийн хэрэгслийн тормоз болон гар кардан бүрэн бүтэн байсан, мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №5-092/13 дугаартай дүгнэлтийн 2 дугаар хэсэгт ... 4109 УНС улсын дугаартай “North benz” N032505 өөрөө буулгагч зориулалттай тээврийн хэрэгслийг техникийн бүрэн бус байдлыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байна гэсэн нь дүгнэлттэй зөрчилдсөн.

Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 10 дугаар зүйлд өргөх зөөх, тээвэрлэх механизмд тавих шаардлага байгаа. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар өргөх зөөх тээвэрлэх хэрэгсэлд мэргэжлийн байгууллагаар техникийн магадлагаа хийлгэж, зохих зөвшөөрлийг авсан байна гэж хуульчилсан. Р.Э нь 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Авто тээврийн үндэсний оношлогооны төвөөр “North benz” маркын авто машиныг оношлогоогоор оруулж хууль ёсны дагуу зөвшөөрлөө авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д “Үйлдвэрлэлийн осол” гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг ойлгоно гэж хуульчилсан.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт авто осол уу, үйлдвэрлэлийн осол уу гэдгийг тогтоогдоогүй гэж үзэж байна.

Учир нь хэргийн газар байсан гэрч Б.Т, Г.М нарын удаа дараа өгсөн мэдүүлгүүдээр талийгаач Н.Б нь “North benz” маркын автомашины кардан татаагүй нь тогтоогддог.

 

          Гэрч Б.Т-н мөрдөн байцаалтанд өгсөн ... Н.Б нордоо унаж ирээд машинаасаа бууж ирээд өөрөө гинжээ гаргаж ирээд машиныхаа урдаас оосорлосон. Тэгээд экскаваторынхаа шүдийг гаргаж ирээд өгөх гэтэл гинж хүрээгүй. Би экскаваторынхаа шүдийг ойртуулаад газар тавьсан. Б ах гинжээ бариад шүд рүү алхтал араас нь норд эхлээд аажуухан өнхөрсөн. Би машин чинь өнхөрч байна хөөе гээд кабин дотроос орилох хооронд машин эрчээ аваад өнхрөөд Быг түлхээд шанага руу ороод ирэхээр нь би шанагаа татаж авсан. ... Тэгээд Майдаржав ирээд кабин руу нь ороод кардан татаагүй байна ш дээ гээд өөрөө карданыг нь татсан гэх мэдүүлэг, Г.Мын мөрдөн байцаалтанд өгсөн ... Машин дотор ороход кардан нь буучихсан байсан. Тэгээд карданыг нь татаад буусан гэх мэдүүлэг, гэрч Ө.Уламбаярын мөрдөн байцаалтанд өгсөн  “North benz” маркын автомашиныг Р.Э ах бид хоёр ажилд гарахаас нь өмнө бүх накладыг нь шинээр сольсон. Тормоз, кардан нь бүх дугуйн дээрээ барьдаг ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан. Би явахынхаа урд өдөр нь 06 дугаар сарын 15-ны өдөр Б-д өгөхдөө торомзыг нь бүгдийг нь жигдлээд чангалаад найдвартай болгоод өгсөн. Бүх зүйл нь хэвийн ажиллаж байсан. Кардан бүрэн гүйцэд татаатай байхад машин өнхрөхгүй дутуу татсан байхад буцаж тавигдаж өнхөрнө. Карданыг татахад дутуу татагдахааргүй түгжигдэж байсан гэсэн мэдүүлгээс талийгаач Н.Бкардан татсан байсан бол өнөөдөр энэ байдалд хүрэх байсан үү гэдэг асуудал харагдаж байна. Мөн шинжээчийн дүгнэлтэнд засварын зогсоолгүй байсан талаар дурьдагддаг. Гэтэл гэрч Уламбаяр, М, Г, С нар нь бүгд автотээврийн засварын зогсоол байгаа гэдийг мэдүүлдэг. Мөн хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг болон гэрэл зургийн үзүүлэлтээр бас тогтоогддог.

Дээрх үндэслэлүүдээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих ажиллагаа бүрэн гүйцэт тогтоогдоогүй шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй, мөн гэрч Пүрэвсүрэнгийн мэдүүлгээр амьсгалын аппаратын гуурс салгасан асуудал яригддаг зэргийг шалгаагүй байх тул Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг мөрдөн байцаалтанд буцааж, Р.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Р.Эгийн өмгөөлөгч П.Адьяасүрэн гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01-р сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/09 тоот шийтгэх тогтоолоор шүүгдэгч Р.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1      жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6-р зүйлийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1, 16.2 дахь хэсэгт заасан хэм хэмжээнүүдийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Шүүгдэгч Р.Эг Хөдөлмөрийн тухай хуулийн 24-р зүйлийн 24.1, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28-р зүйлийн 28.3 заалтыг зөрчсөн гэж дүгнэж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж, гэм буруугүй хүнд ял шийтгэл оногдуулсан байна.

Шүүгдэгч Р.Э, хохирогч Н.Бнарын хооронд үүссэн харилцааг хөдөлмөрийн эрх зүй харилцаа гэж шүүх дүгнэж байгаа нь буруу байна. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа, иргэний эрх зүйн гэрээний аль алины нь талуудын гүйцэтгэж үүрэг адил шинжтэй боловч эрх зүйн хувьд өөр хоорондоо ялгаатай байдаг. Энэ хэргийг мөрдсөн, хянасан, шийдвэрлэсэн мөрдөгч, прокурор, шүүгч нар адил төстэй эрх зүйн харилцааг ялгаж үнэлэлт дүгнэлт хийсэнгүй. Ажилтнуудын гүйцэтгэдэг хөдөлмөрлөх үүргийн шинж, агуулгаар нь иргэний ба хөдөлмөрийн эрх зүйн харилцааг хооронд нь ялгаж дүгнэлт хийх ёстой.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Хуулийн энэ зохицуулалтаар шүүгдэгч Р.Э, хохирогч хоёрын дунд иргэний хэлцэл буюу хөлсөөр ажиллах аман гэрээ байгуулагдсан байна.

Иргэний гэрээ, хэлцлийн дагуу ажил гүйцэтгэж байгаа иргэд нь ажил олгогч этгээдийн хөдөлмөрийн дотоод журмын дагуу биш харин ажил гүйцэтгэх болон иргэний эрх зүйн бусад гэрээнд урьдчилан тохиролцсон журмыг баримтлан ажилладаг байна. Өөрөөр хэлбэл иргэний эрх зүйн хэм хэмжээний дагуу ажил гүйцэтгэгч этгээд нь ажил гүйцэтгүүлэгчийн хөдөлмөрийн дотоод журмын дагуу ажлын цагийг бүртгүүлэх, ажлынхаа явцыг захиргаандаа танилцуулах, хөдөлмөрийн сахилгын тогтоосон журмыг сахих гэх мэт үүргийг гүйцэтгэхгүй.

Тэгвэл хөдөлмөрийн эрх зүйн харилцааны субъект болох ажилтнууд үүргээ гүйцэтгэхдээ ажил олгогч этгээдийн хөдөлмөрийн дотоод журмыг сахин биелүүлэх үүрэгтэй ба үүнийг эс биелүүлсний төлөө байгууллагын захиргаа сахилгын шийтгэл ногдуулдаг байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 369 дүгээр зүйлийн 369.2 дахь хэсэгт “хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл журмыг хуулиар тогтооно” гэж заасан. Хөдөлмөрийн гэрээний тухай хэлэлцээр гэсэн ойлголтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 3, 1, 3 дугаар зүйлд шууд тодорхойлсон бөгөөд “нэг талаас ажилтан хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хөдөлмөрийн гэрээ гэнэ” гэж хуульчилсан. Анхан шатны шүүх Р.Э нь өөрийн эзэмшлийн 4109 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ч.Гт хөлслүүлэхдээ өөрийн жолоочийг ажиллуулахаар тохиролцсон байна. Үүний дагуу осолдогч Н.Бтой хийх ажил, ажлын хөлс мөнгийг амаар тохиролцон ажиллуулжээ. Иймд Монгол улсын Дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 4 дэх заалтад ...ажилтан болон ажил олгогч амаар тохиролцсоны дагуу ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн ба хөдөлмөрийн гэрээг бичгээр нөхөн байгуулахаар харилцан тохиролцсон нөхцөлд хөдөлмөрийн эрхийн харилцааг амаар тохиролцсон үеэс эхэлсэн гэж тооцож болно гэж тайлбарласан байх тул Р.Э нь осолдогч Н.Бын хувьд ажил олгогч нь болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэсэн заалтын дагуу Р.Э нь осолдогч Н.Бтой хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах үүрэгтэй гэсэн дүгнэлт хийсэн нь буруу байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт хийгдсэн эсэхийг нягтлан үзэж, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь үнэлэх ёстой. Анхан шатны шүүх шүүгдэгч Р.Эд ял шийтгэл оногдуулахдаа хэрэгт авагдсан нотлох баримтын нотолгооны ач холбогдол хамаарал, хууль ёсны байдлыг өөр хооронд нь харьцуулан шинжилж, холбогдох этгээдүүдийн мэдүүлэгт логик дүгнэлтийг бүрэн хийгээгүй. Тухайн үед болсон үйлдвэрийн осолтой шүүгдэгч Р.Эг гэм буруутай гэж дүгнэх шалтгаант холбоог тогтоох нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцлийг хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон байхад Улсын дээд шүүхийн тогтоолын заалт баримталж, анхан шатны шүүх, шүүгдэгч Р.Эг гэм буруутай гэж тооцож байгаа нь буруу байна. Шүүгдэгч Р.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ...анх 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Г ахын хүү болох Майдаржав над руу ярьсан. Манай уурхай дээр машины хэрэгтэй байна. Та машинаа түрээслээч гэсэн. Тухайн үед би Баянхонгор аймгийн Богд суманд явж байсан. Тэгээд би ах нь энд явж байна. Очингуутаа явуулъя гэсэн. Та 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр явуулах боломж байна уу гэсэн. Ах нь очоод машиндаа ойр зуурын засвар үйлчилгээ хийж найдвартай болгож байгаад явуулъя гэж хэлсэн. Би 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Лонжид гэдэг хүнээр явуулсан. Уг нь машин жолоолох хүн Уламбаяр гэдэг хүн байсан. Жолооч маань маргааш гадуур гарах ажилтай байна, тэрийгээ эмхэлчихээд араас нь явъя. Эхний ээлжинд Лонжидийг явуулчих гэж хэлсэн. Тэгээд Лонжид гэдэг жолоочийг явуулсан. Урд жил нь би Г ахын уурхайд сар ажиллаж байсан. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан Уламбаяр гэдэг жолооч 2 хоногийн дараа араас нь очоод 10 хоног барьсан байх. Би тухайн үед нь манай гэр бүлийн хүний эрүүл мэндийн шалтгаанаас болж Хөх хотод явж байхад араас залгаад Э ахаа надад ажил гарлаа, машиныг чинь барьж чадахгүй нь гэж утсаар холбогдсон. Би ах нь энд байгаа болохоор надад хүн олдохгүй. Чи наад ажлаа зохицуул хүний ажил алав. Наад хүмүүс чинь чи бид хоёрт найдаж ажлаа явуулж байгаа байх гэсэн. Маргааш нь холбогдоод талийгаачийг олсон байдаг. Машин баръя гэсэн хүн надад санал болгосон, найдвартай гэж байна гэхээр нь ах нь наад хүнийг чинь мэдэхгүй. Тэглээ ч ах нь энд байгаа юм чинь ахын дүү наад ажлаа зохицуул гэж би хэлсэн. Дараа нь холбогдсон чинь Б гэдэг хүн машин барихаар боллоо, машинаа хүлээлгээд өгчихлөө. Тормоз гэх мэтчилэн бүх зүйлийг нь шалгаад бүрэн бүтэн байдлыг нь хангаж өглөө гэж хэлсэн.

Шүүгдэгч Р.Эгийн энэ мэдүүлгээс үзвэл тэрээр хохирогчтой харилцан тохиролцож өөрийн ажлын байран дээр ажил олгосон асуудал байхгүй байна. Ингэж дүгнэж буй үндэслэл нь шүүгдэгч Р.Эд ажлын байр, аж ахуйн нэгж аль нь ч байхгүй байгаатай холбоотой.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулан судалж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Эг гэм буруутайг нотлох баримт цуглуулаагүй байна. Осол гарч хүний биед хүнд гэмтэл учирсан газар буюу “АУМ АЛТ” ХХК-ний ажил үүрэг гүйцэтгэж байсан тэрхүү талбайд шүүгдэгч Р.Э ажил үйлдвэрлэл явуулах байтугай нэвтэрч орох эрх ч байгаагүй байхад түүнийг хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй гэж буруутгаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-р зүйлд заасан хэм хэмжээг ноцтой зөрчсөн. Шүүгдэгч Р.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруугүй байна.

Иймд Өвөрхангай дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/09 тоот шийтгэх тогтоолоор шүүгдэгч
Р.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэснийг хүчингүй
болгож өгнө үү гэжээ.

 

Прокурор Д.Ганцэцэг шүүгдэгч Р.Эгийн өмгөөлөгч П.Өнөрболд, П.Адьяасүрэн нарын гаргасан гомдолд гаргасан тайлбартаа: Р.Э нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулж, гэрээний 1 хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэсэн, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д захиалагч ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна гэсэн заалтуудыг тус тус зөрчин хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлт 6 дугаар багт байрлах иргэн Гын уурхайн карьерт Н.Бнь үйлдвэрлэлийн осолд орж улмаар 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 02-нд шилжих шөнө 00 цагийн орчим нас барж хүний амь нас хохироосон гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон.

Мөн Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 78 дугаартай шинжээчийн дүгнэлт, БОЭТ-ийн эрчимт эмчилгээний тасгийн өвчтний түүх, 4302 эмчлэгч эмчийн эмчилгээ хийсэн тэмдэглэлээр нотлогдож байна.

Дээрх баримтаас үзэхэд амь хохирогч Н.Бнь авто ослын хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан байна. Хэдийгээр амь хохирогчийн амьсгалын аппаратыг хүү нь салгасан гэж гэрч Пүрэвсүрэн мэдүүлсэн боловч гэрч Б.Сүхбаатар аавынхаа заасны дагуу ортой хүлсэн уяаг нь тайлсан байсан талаар мэдүүлсэн. Тухайн үед Н.Бын биеийн байдал маш хүнд гэр бүлийн гишүүдэд нь ойр дотны хүмүүсийг нь уулзуулах талаар эмч нар зөвлөж хэлж байсан. Гэрч Жамъянчүлтэм эмчийн мэдүүлэгт дурьдсанаар нас барахаасаа өмнө зүрх судас зогссон талаар мэдүүлсэн... зэргээс харахад өвчтөний биеийн байдал маш хүнд байсан нөхцөл байдал тогтоогддог. Өвчтөний амьсгалын аппаратыг салгаснаар цаашид амьдрах, эс амьдрах эсэх нь тухайн амь хохирогчийн биеийн байдлаас шалтгаална цаашид амьдрах тавиланг таамаглах боломжгүй талаар шинжээч эмчийн дүгнэлт гарсан. Н.Бнь үйлдвэрлэлийн осолд орж улмаар амь тэнссэн хүнд гэмтэл авсан энэ гэмтлийн улмаас амьсгалын аппаратанд орсон байна. Иймд хэрэгт хийгдвэл зохих ажиллагуунууд бүрэн гүйцэд хийгдсэн байх тул нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах хууль зүйн үндэслэлгүй.

 Өвөрхангай аймгийн авто тээврийн төвийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн 5 дахь хэсэгт 41-09 УНС дугаартай North benz маркын машиныг тормоз стандартын шаардлага хангахгүй байх тул замын хөдөлгөөнд оролцох боломжгүй гэдгийг тодрхойлсон бөгөөд уг тээврийн хэрэгслийг 2019 оны 02 дугаар сарын 16-ний өдөр шүүгдэгч Р.Эд хүлээлгэж өгсөн /1 дүгээр хавтаст хэргийн 250 дугаар тал/ байна. Тээврийн хэрэгслийг Р.Эд хүлээлгэж өгсөн цаг хугацаанаас хойш 1 жил гаруй хугацааны дараа буюу 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтээр тухайн тээврийн хэрэгслийг техникийн бүрэн бус байдлыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэлт гарсан. Тухайн цаг хугацаанд уг тээврийн хэрэгсэлд нэмэлт үйлчилгээ хийсэн байх боломжтой. Хэдийгээр засварын газар байсан талаар маргадаг боловч, ажлын талбайд тээврийн хэрэгслийн зогсоол гаргаагүй, тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийх үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийг боловсруулж мөрдүүлээгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Р.Э нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулж, гэрээний 1 хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэсэн, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д захиалагч ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна/ гэсэн заалтуудыг тус тус зөрчин хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлт 6 дугаар багт байрлах иргэн Гын уурхайн карьерт Н.Бнь үйлдвэрлэлийн осолд орж улмаар 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 02-нд шилжих шөнө 00 цагийн орчим нас барж хүний амь нас хохироосон гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон.

Иймд шүүгдэгч Р.Эгийн өмгөөлөгч П.Өнөрболд, П.Адъяасүрэн нараас гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тайлбар гаргаж байна гэжээ.

 

Шүүгдэгч Ч.Гын өмгөөлөгч Ч.Алдар гаргасан давж заалдах гомдолдоо: ... Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна... шинжээч эмч Э.Хүрэлсүх ... амьсгал дутагдал гэдэг нь талийгаачийн биед учирсан хүнд гэмтлээс үүссэн байх бөгөөд аппарат салгаснаас нас барах, эсхүл хүнд гэмтлээсээ нас барсан гэдгийг нарийвчлан тогтоох боломжгүй гэж мэдүүлжээ, дээр дурдсан хэргийн материал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаас үзвэл гэрч Ч.П, Б.Сүхбаатар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э нарын мэдүүлгээс харахад амьсгалын аппарат салгасан баримтууд тогтоогддог.

Шинжээч эмч Э.Хүрэлсүх, эмчлэгч эмч Ж.Сайнжаргал, Б.Ж, А.Түмэндэлгэр нарын мэдүүлгээр амь хохирогч Н.Бын тавиланг тодорхойлох боломжгүй, гэрч Б.Жийн мөрдөн байцаалтад өгсөн ... Манай тасагт орсон хүмүүсээс эдгэрсэн хүн олон байдаг. Анагаахын шинжлэх ухааны үүднээс өвчтөний эдгэрэх магадлал амьдрах хугацаа зэргийг тоо хэмжээтэй хэлэх боломжгүй. Аль болох хүмүүсийг амьдруулахын төлөө өөрсдийн мэдлэг чадвараа ашигладаг гэх мэдүүлэг зэргээс үзэхэд ослын улмаас хүнд гэмтэл авсан нь шууд нас барна гэсэн үг биш, амь хохирогчийн тавиланг тогтоох боломжгүй гэж дүгнэжээ.

Шинжээч 05-092/13 тоот дүгнэлтэндээ ... 41-09 УНС улсын дугаартай North benz ND 3250S маркын өөрөө буулгагч зориулалттай тээврийн хэрэгслийг техникийн бүрэн бус байдлыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэжээ. Гэтэл автотээврийн үндэсний төвийн шинжээчийн дүгнэлт ..,тормоз, зогсоолын тормоз стандартын шаардлага хангахгүй байх тул замын хөдөлгөөнд оролцох боломжгүй гэх дүгнэлт эрс зөрүүтэй ойлгомжгүй. Мөн дүгнэлтэнд ... Р.Э нь өөрийн эзэмшлийн 41-09 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоочийн хамт Ч.Гт шилжүүлэхдээ жолоочийн аюулгүй байдлыг яаж хангах, Ч.Г нь өөрийн ажлын талбай дээр ирж ажиллаж байгаа жолоочийн ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хэрхэн хангах талаар зохицуулсан эрх зүйн акт үйлдээгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зөрчсөн байна гэж дүгнэжээ.

Техник хөлслөх гэрээгээр, машины эвдрэл гэмтэл, хөдөлмөрийн харилцааг зөвхөн хөлслүүлэгч тал хариуцахаар заасан иймдээ ч Р.Э нь 20 хоногт 3 жолооч сольсон ямар шалгуураар ямар жолооч авч ажиллуулдаг, жолооны эрхийн үнэмлэхтэй эсэх, хөдөлмөрийн ямар харилцаагаар гэрээ хийж ажил олгосон талаар мэдэхгүй, 41-09 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг анх Лонжид гэдэг хүнтэй хүлээн авсан түүнээс хойш 20 хоногт 3 хүн солигдсон ямар шалтгаанаар ямар зорилгоор солигдсоныг мэдэхгүй байхад иргэн Ч.Гт 41-09 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг амь хохирогч Н.Бхамт хүлээлгэж өгсөн байна гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь тээврийн хэрэгсэл хүлээж авахад Лонжид гэдэг жолооч байсан, үүнээс хойш ямар жолоочтой гэрээ хийж ажиллуулах болсон талаар шүүгдэгч Ч.Г мэдэхгүй, хүлээлгэж өгсөн асуудал байхгүй байна.

 

Дээрх дүгнэлтэнд мөн ... Ил уурхайн авто тээврийн ашиглалт, аюулгүй байдалд уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/231 А/368 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм”-ийг дагаж мөрдөх ба хавтаст хэрэгт авагдсан баримтад тухайн осол гарсан ажлын талбайд тээврийн хэрэгслийн зогсоол гаргасан талаар баримт /зураг, тэмдэглэл/ байхгүй байгаа тул зогсоолыг гаргаагүй байжээ гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэжээ.

Гэтэл гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Буянбаатар, Н.Очирсүрэн, Г.М нарын мэдүүлгүүд болон бусад гэрч нарын мэдүүлгээр зогсоолын талбайтай, засвар үйлчилгээ хийх газрыг тусд нь гаргаж өгсөн нь тодорхой харагдаж байгаа ба Ч.Г нь ажлын талбайд тээврийн хэрэгслийн зогсоол гаргаагүй... гэх дүгнэлт нь үгүйсгэгдэж байна.

Мөн Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт, Шинжээчийн дүгнэлт №05-092/13 тоот дүгнэлтүүд нь өөр хоорондоо зөрүүтэй хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй эргэлзээтэй байна.

Шүүх шинжилгээний албаны дүгнэлт, Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтүүдээс үзэхэд ослын улмаас амь хохирсон гэх баримт тогтоогдохгүй байна. Шинжээч эмч Э.Хүрэлсүх, эмчлэгч эмч Ж.Сайнжаргал, Б.Ж, А.Түмэндэлгэр нарын мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь Шүүх шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 78 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд тусгасан амь насыг аврах боломжтой талаар тогтоох боломжгүй бөгөөд гэмтлийн тавиланг таамаглах боломжгүй гэмтэл гэсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т Эрүүгийн хэрэг хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн заалттай, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, Шүүх шинжилгээний албаны дүгнэлт, Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтүүдийг харьцуулан судалж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-р зүйлд заасан нотолбол зохих байдал тогтоогдохгүй, хэм хэмжээг ноцтой зөрчсөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ч.Г нь гэм буруугүй байх тул 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Прокурор Д.Ганцэцэгийн шүүгдэгч Ч.Гын өмгөөлөгч Ч.Алдарын гаргасан гомдолд гаргасан  тайлбартаа: Ч.Г нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д /захиалагч ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна/ гэсэн, ил уурхайн аюулгүй байдлын дүрэм”-ийн 244 /Ил уурхайн авто тээврийн ашиглалт, хөдөлгөөний байдалд замын аюулгүй байдлын тухай хууль, Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм”-ийн холбогдох заалтыг дагаж мөрдөх ба эрсдэлтэй нөхцөл байдлыг багасгах зорилгоор компанийн дотоод дүрэм журмаар сайжруулалт хийж мөрдөнө. Автомашин нь техникийн хувьд бүрэн бүтэн байна. 253 /автомашины засвар, үйлчилгээ хийхээр зогсоохдоо...засварын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийг баримтална гэсэн, “АУМ АЛТ” ххк-тай байгуулсан “Нөхөн сэргээлт хийлгэх, туслан гүйцэтгэх гэрээний дагуу Өлтийн 803 га талбайд нөхөн сэргээлтийн ажил хийхдээ гэрээний 5.5 заалт /Б тал нь өөрийн талбай дахь хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангах ба Б тал нь өөрсдийн аюулгүй байдалдаа хариуцлага хүлээнэ, 5.7 заалт /Б тал нь А талын үйл ажиллагаанд саад учруулахгүй байх ба өөрсдийн талбайд уурхайн дотоод журам, хөдөлмөр, аюулгүй ажиллагааны төлөвлөгөө гарган мөрдөж, ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулан, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулна гэсэн заалтуудыг тус тус зөрчин хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлт 6 дугаар багт байрлах иргэн Гын уурхайн карьерт Н.Бнь үйлдвэрлэлийн осолд орж улмаар 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 02-нд шилжих шөнө 00 цагийн орчим нас барж хүний амь нас хохироосон гэх гэмт хэргийг үйлдсэн болох мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

 

2020 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эд эсийн шинжилгээний хариу ХӨ/685, Өвөрхангай аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эрчимт эмчилгээний тасгийн өвчний түүх, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 78 дугаартай задлан шинжилгээний дүгнэлт зэргээр амь хохирогч Н.Бнь авто ослын хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан байна. Хэдийгээр амь хохирогчийн амьсгалын аппартыг хүү нь салгасан гэж гэрч Пүрэвсүрэн мэдүүлсэн боловч гэрч Б.Сүхбаатар аавынхаа заасны дагуу ортой хүлсэн уяаг нь тайлсан байсан талаар мэдүүлсэн.

 

Өвөрхангай аймгийн автотээврийн төвийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн 5 дахь хэсэгт 41-09 УНС дугаартай North benz  маркын машиныг тормоз стандартын шаардлага хангахгүй байх тул замын хөдөлгөөнд оролцох боломжгүй гэдгийг тодорхойлсон бөгөөд уг тээврийн хэрэгслийг 2019 оны 02 дугаар сарын 16-ний өдөр шүүгдэгч Р.Эд хүлээлгэж өгсөн /1-р хавтаст хэргийн 250 дугаар тал/ байна. Тээврийн хэрэгслийг Р.Эд хүлээлгэж өгсөн цаг хугацаанаас хойш 1 жил гаруй хугацааны дараа буюу 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтээр тухайн тээврийн хэрэгслийг техникийн бүрэн бус байдлыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэлт гарсан. Тухайн цаг хугацаанд уг тээврийн хэрэгсэлд нэмэлт үйлчилгээ хийсэн байх боломжтой.

 

Хэдийгээр засварын газар байсан талаар маргадаг боловч, ажлын талбайд тээврийн хэрэгслийн зогсоол гаргаагүй, тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийх үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийг боловсруулж мөрдүүлээгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 16.2 дугаар зүйлийн 1-т заасан нотолбол зохих байдлыг мөрдөн байцаалтаар тогтоосон.

 

Иймд шүүгдэгч Ч.Гын өмгөөлөгч Ч.Алдараас гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тайлбар гаргаж байна гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунцэцэг гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Харин хууль ёсны төлөөлөгч Э.Эийн нэхэмжилсэн хохирол төлбөр 46 800 000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна.

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т хохирол, хор уршигийг тодорхойлохдоо энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж, 2-т энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж, 5-д шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж заажээ.

 

Шийтгэх тогтоолын үндэслэл хэсэгт ... хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.2-т зааснаар талийгаач Н.Бын 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийн 46 800 000 төгрөгийг 1 удаа авахаар нэхэмжилж байгаа боловч үүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э нь хэлэлцэхгүй орхисон 46 800 000 төгрөгийн нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй... гэж дүгнэсэн байна.

 

 

Гэтэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Эийн зүгээс хавтаст хэрэгт талийгаачийг нас барсны дараа буюу талийгаачийн данс руу 600 000 төгрөгийг цалин гэж хийсэн тухай баримт, мөн талийгаач ажилд орох үедээ гэр бүлийн хүн болох Э.Этэй утсаар ярьж  ... сарын цалин 1 300 000 төгрөгөөр тохирчихлоо... гэж хэлж байсан тухай анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө ярьж байсан тэмдэглэл нотлох баримтаар хэрэгт авагдсан.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлгийн үед өмгөөлөгч миний бие шүүгдэгч Р.Эгээс Н.Бтой сарын хэдэн төгрөгөөр тохирч цалинжуулахаар болсон талаар асуухад ... сарын 1 300 000 төгрөгөр тохиролцож ажиллахаар болсон ... гэж хэлсэн.

Энэ хэрэгт Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас гаргасан шинжээч нарын удаа дараагийн дүгнэлтээр үйлдвэрлэлийн осол мөн гэж акт тогтоогдсон зэрэг нь нотлох баримтаар авагдсан.

Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс анхаарч үзэж үнэлээгүй болох нь харагдаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-т үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно. Мөн хуулийн 97.2-т энэ хуулийн 97.1-д заасны дагуу нөхөн төлбөр олгох нь хохирогч нийгмийн даатгалын болон бусад хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр, тэтгэмж авахад нөлөөлөхгүй гэж тус тус заажээ.

Энэ заалтуудыг үндэслэн нөхөн төлбөр нэхэмжилсэн ба холбогдох баримтууд нотлох баримтаар хэрэгт авагдсан болох нь харагдаж байна.

Шүүхээс Э.Эийн хохирол төлбөрийн асуудлыг шийдвэрлэхгүй орхисон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах,

2-т заасан хохирогч нас барсан, эрх зүйн чадамжгүй болсон, эсхүл өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах чадваргүй бол энэ зүйлд заасан эрхийг түүний хууль ёсны төлөөлөгч эдэлнэ гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн байна гэж үзэж байна.

Мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-т гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ,

2-т гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ.

36.3 дугаар зүйлийн 1-т шүүх тогтоол гаргах үед иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах шийдвэр гаргана гэж заажээ.

Шүүхээс хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ дээрх ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдал болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж үзэлгүй шийдвэрлэсэн болох нь харагдаж байна.

Мөн энэ хэрэг, үйл явдал нь 2019 оны 06 сарын 30-ны өдөр болсон бөгөөд хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа удаашралтай явагдсанаас болж анх хэргийн газарт мэдүүлэг өгч байсан гэрч Тын мэдүүлэг нь өөрчлөгдөж хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч байсан мэтээр мэдүүлсэн, үүнээс үүдэлтэй шалгах ажиллагаа удааширч хэргийн нөхцөл байдалд эргэлзээ үүсч, хохирогч хохирсон дээрээ цаг хугацаа, эдийн засаг, сэтгэл санааны байдлаар улам ихээр хохирч байна. Үүнийг анхаарч үзнэ үү.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар тус шүүхийн 2021 оны 01 сарын 15-ны өдрийн 2021/ШТ/09 дугаартай шийтгэх тогтоолын 4 дэх заалтад өөрчлөлт оруулж хохирол 46 800 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Прокурор Д.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Давж заалдах гомдлуудад гаргасан тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Р.Э, Ч.Г нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд 1 дэх хэсэгт зааснаар хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан нөхцөл байдал хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Алдар, П.Өнөрболд, П.Адьяасүрэн нарын гаргасан гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй гэсэн байр суурьтай байна. Шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Энэ хүмүүсийг хүн чанарын хувьд ирж уулзах болов уу гэж 1 жил 9 сар 24 хоног хүлээж, ганцаараа шаналж явж ирсэн. ...Эцгийнхээ нас барсан шалтгаанаас болоод миний бага охин жирэмсэн байх үедээ дутуу төрсөн. Энэ үйл явдлыг өмнөх шүүх хурал дээр ч хэлсэн. Өнөөдөр зөвхөн хэдэн сая төгрөг авчихаад гомдолгүй гэдэгтээ биш хамгийн гол нь анхнаасаа 1 жил 9 сар 24 хоног 2 нарыг өнгөрөөхдөө зураг, зул хоёрын өмнө би залбираад сууж байхад энэ 2 хүнийг нэг нарны дор энэ шорон гэдэг хатуу дэглэмтэй газар сууж байхад энэ хүмүүсийн ар гэр, хань ижил, үр хүүхэд, аав ээж нь яг над шиг л байсандаа гэж бодоогүй биш боддог байсан... Өчигдөр Р.Эгийн ах надад уулзах санал тавьж П.Адьяасүрэн өмгөөлөгчөөр дамжуулж холбогдож та надтай уулзах гээд байна уу? эсвэл цаад хүмүүс чинь уулзах санал өгөөд байна уу? гэдгийг асуусан. Гэтэл шүүгдэгч нарын ар гэрийнхэн уулзаж уучлал гуйх гэсэн гэж надтай холбогдсон талаар хэлсэн. Энэ уулзалтын дараа хохирол төлөгдсөн. Ганцхан өдөр биш 1 жил 9 сар 24 хоногийн өмнө энэ хүмүүс уулзаж байсан бол энэ хүмүүсийн амьдралд хатуу хар тортог тогтох уу? үгүй юу? Энэ хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болоод өмнөх анхан шатны шүүх хурал дээр миний ханийн үхсэн цогцсыг гаргаад дүгнэлтийг эмч нар тайлбарлаад байхад өөдөөс зөрөөд 12 хавирга хугарсан миний 4 хүүхэдтэй эгч амьд байхад гээд дайраад байсан шүүгч өмгөөлөгч нарт үнэхээр гомдож байна. Миний алдагдсан эд эс, сэтгэл санаа сэргэхгүй, энэ байдал дээр маш их гомдсон. Хүн ёсоор Р.Эгийн ах утсаар яриад, хүний амьдрал юм чинь эмчилгээ хийлгэж байгаа гэр бүлтэй, настай ээжтэй гэдгийг хэлэхэд нь өчигдөр би мэдсэн. Ээж нь над шиг шаналаад л сууж байгаа. Өнөөдөр би энэ хүмүүсийн үгнээс болж гомдсон болохоос биш Р. Э, Ч.Г нарыг насаар нь шоронд хатааж өгөөч гэж бодож яваагүй. Би энэ хүмүүст гомдолгүй гэдгээ хэлье, яаж шийдвэрлэхийг эрхэм шүүгч нар болгооно биз... хэн хэн нь над шиг үхэл хагацал үзээгүй ч гэсэн хүн болгонд зовлон байгаа. Энэ хүмүүс тодорхой хэмжээнд амьдралын тулгамдсан асуудлаа ярьсан учраас хохирол нэмж нэхэх зүйл байхгүй. Анхан шатны шүүх хуралдаанаас хойш Р.Э 15000000 төгрөг, Ч.Г 20000000 төгрөг тус тус төлсөн гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: ...Өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээж байгаа учраас шүүгдэгч нарт заавал хорих ангид биечлэн ял эдлүүлж, нийгмээс тусгаарлах шаардлагагүй. Харин боломж нь байх юм бол шүүгдэгч нарыг тэнсэж хянан харгалзах саналтай байна гэв.

 

Шүүгдэгч Р.Эгийн өмгөөлөгч П.Өнөрболд шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний үйлчлүүлэгч Р.Э нь гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид тодорхой хэмжээний хохирлоо төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж болно гэж заасан тул хорих ялыг тэнсэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Р.Эгийн өмгөөлөгч П.Адьяасүрэн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: ...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Р.Эд оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Ч.Гын өмгөөлөгч А.Алдар шүүх хуралдаанд гаргасан саналдаа: ...Шүүгдэгч Ч.Г хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо барагдуулсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид баярлалаа. Бусад өмгөөлөгч нарын саналыг дэмжин оролцож байна гэв.

 

Шүүгдэгч Р.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би туйлаас харамсаж байна. Ар гэрээс нь чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Өөрийнхөө гэм бурууг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Би жолооч мэргэжилтэй, тээвэр хийж өөрийнхөө амьдралыг авч явдаг. Гэр бүлийн хүн болох миний эхнэр байнгын эмчийн хяналтад байдаг. Өөр орлогын эх үүсвэргүй, хорих ялаар шийтгэгдвэл санхүүгийн хувьд маш хүнд байдалд орох учраас биеэр эдлэх ялыг минь өөр ялаар өөрчилж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Ч.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гэм буруугаа хүлээж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Раднаабазарын Р.Э нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулж, гэрээний 1 хувийг ажилтанд өгөх үүрэгтэй, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна, 28 дугаар зүйлийн 28.1.8-д заасан аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх, 28 дугаар зүйлийн 28.3-д заасан захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна гэсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй,

 

Шүүгдэгч Ч.Г нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна, 28 дугаар зүйлийн 28.1.6-д заасан ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх, 28.1.8-д заасан аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх, 28 дугаар зүйлийн 28.3-д заасан захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна" гэсэн хуулиар хүлээсэн үүргээ,

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2019 оны А/231, А/368 дугаар тушаалаар баталсан "Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм"-ийн 244-т заасан "Ил уурхайн авто тээврийн ашиглалт, хөдөлгөөний байдалд Замын аюулгүй байдлын тухай хууль, Ил уурхайн аюулгүй байдлын дүрмийн холбогдох заалтыг дагаж мөрдөх ба эрсдэлтэй нөхцөл байдлыг багасгах зорилгоор Компанийн дотоод дүрэм, журмаар сайжруулалт хийж мөрдөнө. Автомашин нь техникийн хувьд бүрэн бүтэн байна.", 253-д заасан "Автомашиныг засвар, үйлчилгээ хийхээр зогсоохдоо ачааг бүрэн буулгасан, шавар, цасыг арилгасан байхаас гадна засварын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлана" гэсэн Захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ,

“АУМ Алт” ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 04 дугаартай "Нөхөн сэргээлт хийлгэх, туслан гүйцэтгэх гэрээ"-ний 5 дугаар зүйлийн 5.5-д заасан "өөрийн талбай дахь хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангах ба өөрсдийн аюулгүй байдалдаа хариуцлага хүлээнэ, 5.7-д заасан “А талын үйл ажиллагаанд саад учруулахгүй байх ба өөрсдийн талбайд уурхайн дотоод журам, хөдөлмөр, аюулгүй ажиллагааны төлөвлөгөө гарган мөрдөж, ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулан, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулна” гэсэн хэлцлээр хүлээсэн үүргээ тус тус зөрчсөний улмаас 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шүүгдэгч Ч.Гын уурхайд ажиллаж байсан “North benz” маркын автомашины жолооч Н.Бнь осолд орж, олон хавирганы хугарал, уушгины эд няцралын улмаас амьсгалын дутагдлаар 2019 оны 07 дугаар сарын 01-нээс 2019 оны 07 дугаар сарын 02-нд шилжих шөнө нас барсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э, гэрч Н.Т, Г.М, Б.С, Ө.У, Б.С, Э.А, А.Т, Д.О, Ч.П, Б.Ж, Э.С, шинжээч эмч Э.Хүрэлсүх нарын мэдүүлгүүд болон мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөр хяналтын улсын байцаагч Б.З-н гаргасан 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаартай, мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 5-092/13 дугаартай дүгнэлтүүд, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн техник хөлслөх гэрээ, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 04 дугаартай нөхөн сэргээлт хийлгэх, туслан гүйцэтгэх гэрээ, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 78 дугаартай, мөн албаны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 78 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 4302 дугаартай өвчний түүхийн хуулбар, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд зэрэг анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Р.Э, Ч.Г нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тус тус дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1 жилээс 5 жил хүртэл хорих ял оногдуулах ялтай ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч нар нь хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн ба гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг хэргийг давж заалдах шатны шүүхэд ирсний дараа төлсөн, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл шүүгдэгч Р.Э, Ч.Г нар нь тус тус 42 хоног цагдан хоригдсон, давж заалдах шатны шүүхэд хэрэг ирснээс хойш шүүгдэгч Р.Э нь 15000000 төгрөг, Ч.Г нь 20000000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Эт тус тус төлсөн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн 1.4-д заасныг тус тус удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

1. Өвөрхангай аймаг дахь сум дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 

а/ 2 дахь заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э, Ч.Г нарт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж,

 

б/ 3 дахь заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э, Ч.Г нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай” гэж,

в/ 4 дэх заалтыг бүхэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр 4, 5 дахь хэсэгт зааснаар Р.Э, Ч.Г нарт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй гэж тус тус өөрчлөн шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Р.Э 15 000 000 төгрөг, шүүгдэгч Ч.Г 20 000 000 төгрөгийг тус тус хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Эт төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нар нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл  42 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Р.Э, Ч.Г нарыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

 

4. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.