Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 87

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2017/0088/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

      Нарийн бичгийн дарга: Н.Энхзул

      Улсын яллагч: Я.Сансар    

   Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Баярсайхан

   Шүүгдэгч: Д.Хэрлэнтуяа нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Хэрлэнтуяад холбогдох 201723000092 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Баян-Адарга суманд 1980 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр төрсөн, эмэгтэй, 36 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхлэсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Дадал сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй Шарайд овогт Дашнямын Хэрлэнтуяа /РД:СЙ80112404/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Хэрлэнтуяа нь 2017 оны 3 дугаар сарын 25-ны шөнө Хэнтий аймгийн Дадал сумын төвд “Дэлүүн болдог” дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж гар утас 4 ширхэг, спикер 2 ширхэг, мемори карт 2 ширхэг, ээмэг 3 ширхэг, нүүрний крем 4 ширхэг, керм 21 тос 1 ширхэг, эмэгтэй цүнх 2 ширхэг, жинсэн 4 ширхэг, эмэгтэй өмд 1 ширхэг, даавуун өмд 2 ширхэг, хар савхин куртик 1 ширхэг, турсик 2 ширхэг, гал асаагуур 10 ширхэг, ЛД тамхи 35 хайрцаг, парламент тамхи 20 ширхэг, ламп 4 ширхэг, эмэгтэй гоёлын бүс 2 ширхэг, хүзүүний зүүлт 1 ширхэг, ор хөнжлийн даавуу 1 ширхэг, гар утсаны батарей 2 ширхэг, цэнэглэгч 2 ширхэг зэрэг зүйлийг хулгайж иргэн Д.Октябрът 1.397.000  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүгдэгч Д.Хэрлэнтуяа нь 2017 оны 3 дугаар сарын 25-ны шөнө Хэнтий аймгийн Дадал сумын төвд “Дэлүүн болдог” дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж гар утас, спикер, мемори карт, ээмэг, нүүрний крем, тос, эмэгтэй цүнх, эмэгтэй жинсэн өмд, даавуун өмд, савхин куртик, турсик, гал асаагуур, тамхи, ламп, эмэгтэй гоёлын бүс, хүзүүний зүүлт, ор хөнжлийн даавуу, гар утсаны батарей, цэнэглэгч зэрэг зүйлийг хулгайлж иргэн Д.Октябрът 1.397.000  төгрөгийн хохирол учруулсан болох нь:  

 

Хохиорогч  Д.Октябрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 03 сарын 25-ны өдөр буюу хагас сайн өдөр 16 цагийн үед нутгийн зөвлөлийн хүмүүс бараа гаргаж өгөхөөр ирээд 1 цаг хэртэй ажиллаж байгаад 17 цагийн үед дэлгүүрээ хаагаад хаалга үүдийг хааж цоожлоод гэр лүүгээ харьсан, энэ үед бол дэлгүүрийн цонх, хаалт зүгээр бүрэн бүтэн байсан. Маргааш өглөө нь буюу 2017 оны 03 сарын 26-ны ням гарагийн өглөө манай сумын тамгын газрынхан манай дэлгүүрээс бэлэг дурсгал авмаар байга гэж над руу утсаар хэлж би дэлгүүр дээрээ 10 цагийн үед ирсэн, сумын тамгын газрын манай дэлгүүрийн үүдэнд байцгааж байсан, би дэлгүүрийн цоожийг нээж дэлгүүр орсон, хаалга болон цоож ямар нэгэн эвдрэлгүй зүгээр байсан. Дэлгүүр лүү ороход дотроос салхи сэвэлзээд байхаар гайхаад харсан чинь баруун талын 2 вакум цонхны хойд талынх нь цонхны шилийг хагалсан байсан, шилний хагархай цонхны доогуур тарж бутарсан байдалтай, наагуур нь хувцас өлгөдөг байсан төмөр нь унаж өлгөөтэй байсан хувцас газраар унасан байсан. ... Мөн цонхны ойролцоо элсэн дээр ул хэсэгтээ жижиг бөөрөнхийтэй, өлмий хэсэгтээ сум хэлбэртэй гурвалжин дүрстэй гутлын мөр үлдсэн байсан, мөн энэ гутлын мөр дэлгүүр дотор бараан дээгүүр үлдсэн. Манай сумын Хэрлэнтуяа гэдэг жирэмсэн хүүхэн хулгай орохоос 2-3 хоногийн өмнө 2 өдөр дарааллаж манай дэлгүүрээр орж ирсэн. Эхний өдөр нь юм хараад 10-15 минут орчим зогсож байгаад юм авалгүй гараад явсан, дараагийнх нь удаа яг дэлгүүр онгойж байхад ганцаараа орж ирээд нэгж аваад гарсан. Энэ хүүхнийг сэжиглээд байгаа юм, мөн энэ хүүхэн хэрэг гарснаас 2 хоногийн дараа аймаг руу явах гэж байхад манай хэсгийн төлөөлөгч шалгахад манай дэлгүүрээс алдагдсан 2 цүнхийг барьчихсан явж байсан гэсэн, тэгээд хэсгийн төлөөлөгч надад тэр 2 цүнхийг авчирч харуулсан, тэр бүнх манай дэлгүүрт зарагдаж байсан цүнх мөн байсан, мөн дотор нь дэлгүүрт зарагдаж байсан Крем-21 нүүрний тос задлаагүй шинээрээ байж байсан. Би тэр хүүхэнтэй уулзаж цүнхээ хаанаас авсан талаар нь асуухад аймгийн төвөөс алаг барсын хажуугийн дэлгүүрээс худалдаж авсан гэж хэлсэн. Гэхдээ энэ хүүхний авч явсан цүнх бол манай дэлгүүрт зарагдаж байсан тэр 2 цон яг мөн, мөн дотор алдагдсан нүүрний тос хүртэл байсан. Мөн дээр нь хэргийн газарт үлдсэн гутлийн мөртэй адил ултай гутал өмсчихсөн явж байсан юм. Дэлгүүрээс алдагдсан эд зүйлсийг айлын хашаанаас олсон гэж хэсгийн төлөөлөгч надад хэлсэн, гэхдээ миний хувьд тэр айлын хашаанаас олдсон эд зүйлсийг авахгүй, хулгайн замаар алдагсдан гэдэг утгаараа миний хувьд буцаагаад авахад сэтгэл сэвтэй, хар мөртэй гэж үзэж байна, хоёрдугаар тэр хүмүүс нь хэрэгтэй гэж үзээд хулгайлсан байх....” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22-24 хуудас/

 Гэрч Ч.Маньбазарын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Чинхүсэл нь өнгөрсөн намар хөдөө явахдаа манай амбаарт авдар, шуудайтай хувцаж зэрэг зүйлсээ хийсэн байсан юм. 2017 оны 03 сарын 28-ны гэртээ байж байтал хэсгийн төлөөлөгч ирж манай амбаарт үзлэг хийсэн, тэгсэн харин амбаар дотор том шуудайн дотроос тамхи, өмд, гар утас, нүүрний будаг, ор хөнжлийн даавуу гээд баахан юм гарч ирсэн. Тэгээд хэсгийн төлөөлөгч Дэлүүн болдог дэлгүүрээс алдаг юм байна гээд хурааж авсан. Энэ эд зүйлс байсан амбаарт нь манай юм гэж бараг байхгүй, ихэнхи нь Чинхүсэлийн хөдөө явахдаа үлдээсэн зүйлс байдаг. Миний сонсож мэдсэнээр 2017 оны 03 сарын 25-ны шөнө Дэлүүн болдог дэлгүүрт хулгай орсон гэж байсан, дэлгүүрт хулгай орсон өдрийн маргааш нь билүү нөгөөдөр нь Хэрлэнтуяа өглөөгүүр манай руу орж ирээд 1 дэх өдөр аймаг руу явах гэж байна, тэгээд юмаа бэлдэхээр ирлээ гээд амбаарын түлхүүр аваад гарсан. Тэгээд нилээн удаж байгаа түлхүүрээ оруулж ирж өгөөд явсан. Хэрлэнтуяа ирэхдээ ганцаараа ирсэн, өөр амбаарын түлхүүр авсан хүн байгүй, тэгхээр Хэрлэнтуяа ирэхдээ тэр хулгайн эд зүйлсийг манай амбаарт хийсэн байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27-28 хуудас/ 

 Гэрч П.Чинхүсэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би эхнэртэйгээ гэр бүл болоод 10 гаран жил болж байна. Болсон хэрэг явдлын талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Ямар учраас хулгай хийсэн талаар нь мэдэхгүй байна. Би тэр үед хөдөө мал дээр байсан. Эхнэр 2017 оны 03 сарын 20-доор сумын эмнэлэг рүү явсан байсан юм. ... Энэ хэрэг гарах үеэр манай эхнэр сумын төвд байсан. Жирэмсэн хүн хулгай хийсэн гэхэд гайхаж л байна, гэхдээ өөрөөс нь асуухад манай эхнэр би хийсэн гээд байгаа юм. Хохирогчтой нь уулзсан, хохирлыг нь бүрэн төлж барагдуулна гэж бодож байгаа...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 37-38 хуудас/

 Сэжигтэн Д.Хэрлэнтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг. /хх-ийн 46-52 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна

Шүүгдэгч Д.Хэрлэнтуяагийн бусдын орон байранд нэвтэрч эд зүйлүүдийг нь хулгайлж 1.397.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийг улмаас хохирогч Д.Октябрът 1.397.000 төгрөгийн хохирол учирсан боловч хохирогч нь хохирлоо бүрэн авсан, нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулж, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, 3 хүртэлх насны хүүхэдтэй  зэргийг нь харгалзан түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Шарайд овогт Дашнямын Хэрлэнтуяаг бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Д.Хэрлэнтуяагийн эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Хэрлэнтуяад оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар шүүгдэгч Д.Хэрлэнтуяад 2 жилийн хорих ялыг оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшуулж түүний засал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймгийн цагдаагийн газарт даалгасугай.

6. Хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийвэл хорих ялыг биечлэн эдлүүлэхийг анхааруулсугай.

7.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 15 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Хэрлэнтуяад авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Д.ГАНЗОРИГ