Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 124/ШШ/2023/0002

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн иргэн,захиргааны хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом суманд байрлах Хилийн цэргийн 0245 дугаар анги,

Хариуцагч: Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн улсын ахлах бүртгэгч Г.Б-д холбогдуулан гаргасан,

Гуравдагч этгээд: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо, Хилчин хотхон 12-56 тоотод оршин суух Г.Г оролцсон

“Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн иргэн Г.Г-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000229684 дугаар гэрчилгээ бичиж олгосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 000229684 дугаар бүхий гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Хилийн цэргийн 0245 дугаар ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хилийн цэргийн 0245 дугаар ангийн Захиргааны удирдлага,хүний нөөцийн тасгийн дарга, хошууч А.А, хариуцагч улсын ахлах бүртгэгч Г.Б,  гуравдагч этгээд Г.Г /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Хилийн цэргийн 0245 дугаар анги тус шүүхэд Увс аймгийн Улсын бүртгэлийн улсын байцаагчид холбогдуулан “Г.Г-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000229684 дугаар гэрчилгээ бичиж олгосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 000229684 дугаар бүхий гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг гаргасан байна.

2. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Г.Б-с иргэн Г.Г-д 2014 оны 03 сарын 11-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 5-р баг 3-12 айлын 5 тоот 36м.кв хэмжээтэй орон сууцыг өмчлөх эрхийн 000229684 дугаартай гэрчилгээг олгожээ.

3. Нэхэмжлэгч Хилийн цэргийн 0245 дугаар ангиас Г.Г-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосныг эс зөвшөөрч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гомдол гаргасан ба тус хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 06 сарын 20-ны өдрийн 755 дугаартай албан бичгээр “Г.Г-ын нэр дээр гарсан гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд маргааныг шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариуг  өгсөн байна.

4. Өмнө нь шүүхээс нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж шийдвэрлэсэн Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 14-ний өдрийн 236 дугаар захирамжийг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 сарын 14-ний өдрийн 221/ШТ2022/0923 дугаартай тогтоолоор хүчингүй болгосон ба нэхэмжлэгч тал нь Улсын бүртгэлийн хэлтэст хандан гаргасан өргөдлийн хариуг аваад 2022 оны 06 сарын 22-ны өдөр нэхэмжлэл  ирүүлснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд хандсан гэж үзэв.

5. Нэхэмжлэгч Хилийн цэргийн 0245 дугаар анги шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “1999 оны 07 дугаар сард Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн 0245-р ангийн Соёл сурталчилгааны албаны даргын үүргийг гүйцэтгэж байсан Г.Г нь манай ангид хүнсний зориулалтаар 3 тэмээ нийлүүлж, түүний төлбөр болох 600.000 төгрөгийг манай ангиас авсан байдаг. Гэтэл Г.Г-ын нийлүүлсэн 3 тэмээний 2 нь зугтаж явсан тул Г.Г нь хоёр тэмээний оронд өөрийн Увс аймгийн Улаангом сумын 11-р багт байрлах 3-12 айлын орон сууцны 5-2 тоотод 36м.кв орон сууцыг манай 0245-р ангийн өмчлөлд шилжүүлэн өгөөд зөрүү болгож манай ангиас 300.000 төгрөгийг тухайн үед ажиллаж байсан Санхүүгийн албаны дарга, х/ч Мэндбаяраас хүлээн авсан байдаг. Үүнээс хойш тухайн орон сууц нь манай ангийн эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдэж манай ангийн үндсэн хөрөнгө гэж бүртгэгдэж ирсэн байдаг. Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн 0245-р ангийн зүгээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст өөрийн байгууллагын үл хөдлөх хөрөнгүүд дээрээ өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар хандаж байсан боловч "төрийн байгууллага дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахгүй байгаа тул өөрийн байгууллагын бүртгэлээрээ бүртгээд явж бай” гэсэн хариу өгсөн тул өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж авч чадахгүйгээр эд хөрөнгийн бүртгэлдээ бүртгээд явж байсан болно. Гэтэл иргэн Г.Г нь манай байгууллагад мэдэгдэхгүйгээр 2003 оны 07дугаар сарын 16-ны өдрийн 283 дугаар шүүхийн шийдвэрийг үндэслэн 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000229684 дугаар бүхий гэрчилгээ гаргуулж авсан байна. Манай ангийн зүгээс дахин иргэн Г.Г гэдэг хүнд тухайн байрыг шилжүүлж өгөхөөр тохирсон, гэрээ хэлцэл хийсэн зүйл байхгүй, эрх бүхий этгээдийн иргэн Г.Г-д орон сууцыг шилжүүлж өгсөн шийдвэр гаргаагүй байхад 2003 оны 283 дугаартай Г.Г-с мөнгө гаргуулах тухай орон сууцтай хамааралгүй шүүхийн шийдвэрийг үндэслэн манай байгууллагын хөрөнгө дээр хууль бусаар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн улсын бүртгэгчийн буруутай үйлдэл байна. Энэ асуудлаар захиргааны ерөнхий хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандсан боловч 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 755 тоот албан бичгээр “...шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариу өгсөн тул шүүхэд хандаж байна. Улсын бүртгэгчийн иргэн Г.Г-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000229684 дугаар бүхий гэрчилгээ бичиж олгосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 000229684 дугаар бүхий гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хилийн цэргийн 0245 дугаар ангийн Захиргааны удирдлага, хүний нөөцийн тасгийн дарга, хошууч А.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Г.Г нь Увс аймгийн Улаангом сумын 11-р багийн 3-12 дугаар байрны 5 тоотод байрлах, 36 м.кв улсын бүртгэлийн 1520001381 дугаар, гэрчилгээний 000229684 дугаар бүхий хувийн орон сууцыг хууль ёсоор эзэмших эрхтэй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Гэрэлцогт нь 1998 оны 05 дугаар сарын 01-ээс 2009 оны 05 дугаар сарын 08-ний хооронд Хилийн цэргийн 0245-р ангийн Захирагчийн орлогч, Соёл сурталчилгааны албаны дарга, Захирагчийн орлогч, Ар талын дарга, техникийн хяналтын тасгийн дарга, зэвсэг техникийн даргаар тус тус ажиллаж байсан. Г.Г нь Соёл сурталчилгаа, даргын орлогчоор ажиллаж байхдаа 1999 онд цэргийн хүнсэнд мал өгнө гээд тус ангиас бэлэн мөнгө авсан. Сагил сумын боршоо багийн зусланд зусаж байсан хүргэнээсээ 3 тэмээ авсан байдаг. Тухайн үед тууж явсан 2 тэмээ нь 1 км газар яваад буцаад зугтсаныг эзэнд нь хэлээд цааш 1 тэмээ авч явсан байдаг. Улмаар жил эцсийн тооллого болж тооцоо хийхэд Гэрэлцогт нь манай байгууллагад өртэй гарч өрөндөө 2 өрөө орон сууцаа хүлээн зөвшөөрч өгсөн. 1999 оны өвөл манай албанаас байрны үнэд 300.000 төгрөгийн зөрүү өгсөн ба үүнийгээ өмнө шийдвэрлэгдсэн иргэний хэргийн шүүх хурлын тэмдэглэлд нэхэмжлэгч тайлбартаа хэлсэн байдаг. Энэ байр нь манай ангийн өмчлөлд 1999 оноос одоо хүртэл 23 жил болж тухайн ангийн албан тушаалтнууд амьдарч байна. Тухайн үед Гэрэлцогт хилийн цэргийн ангид даргын зөвлөл буюу удирдах албан тушаалд байсан учраас тухайн байрыг эзэмших эрхтэй хүний нэг байсан. 2009 оны 05 дугаар сарын 15-ны 416 тоот тушаалаар Хилийн цэргийн 0245-р ангиас 0252-р анги руу шилжсэн байдаг. Ингэж шилжиж явахдаа тухайн байрыг хүлээлгэж өгсөн. Гэрэлцогт нь ажиллаж байх хугацаандаа дээрх байрыг өмчилж авахаар хөөцөлдөөгүй бөгөөд цэргийн тэтгэвэрт гарч, тухайн үеийн дарга удирдлагууд цэргийн тэтгэвэрт гарсан, санхүүгийн баримт устгагдсаныг мэдсээр байж тус ангийн албаны орон сууцыг өөрийн болгох санаа агуулж байна. Увс аймгийн сум дундын 24-р шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 229 дугаартай хурлын тэмдэглэлийн 2-р хуудсанд Г.Г нь байраа өрөндөө өгсөн гэж тайлбарласан нь тэмдэглэгдсэн байдаг. Увс аймгийн сум дундын иргэний хэргийн 2003 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 283 дугаар шүүх хуралдаанаар Ж.Ш-ийн нэхэмжлэлтэй Г.Г-д холбогдох 180.000 төгрөг буюу хоёр өрөө орон сууцыг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Ж.Ш-ийн орон сууцыг эргүүлэн олгохыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Г-с 225.022 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэснийг үндэслэж Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгч Г.Б нь шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөх нэрийдлээр 2013 оны 10 дугаар сарын 24-ны өдөр бүртгэж 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гэрчилгээ олгосон  байна. Дээрх шүүх хурлын тэмдэглэлийн 1-р хуудасны 26 дахь мөрөнд хэлэхдээ “Одоо би байраа өгч чадахгүй 2000 онд 0245-р ангид өрөндөө өгсөн” гэж хэлсэн нь манай байгууллагад өрөндөө өгсөн нь хүлээн зөвшөөрөгдөж байна. Уг байр нь манай байгууллагад үндсэн хөрөнгийн бүртгэлтэй байгаа бөгөөд холбогдох санхүүгийн баримтуудыг өмнө нь хүргүүлсэн. Манай байгууллагын санхүүгийн баримтууд нь 10 жилийн хугацаатай хадгалагдах тул 2012 оноос өмнөх баримтууд устгагдсан байна. 2010 онд Увс аймгийн Улсын бүртгэлийн газарт манай байгууллага өмчлөх эрхийн материал бүрдүүлэхээр хандсан боловч төрийн өмчийн байрыг заавал бүртгүүлэх шаардлагагүй, дансандаа бүртгүүлээд байж болно гэсэн хариу өгсөн. Өмчлөх эрхийн гэрчилгээг Гэрэлцогтод 2014 онд олгосон бөгөөд энэ үед 2003 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.5.1-д эрхийн улсын бүртгэлийг үнэн зөв хийх гэж заасан байдаг.  Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т Эрхийн улсын бүртгэлд дараах тохиолдолд өөрчлөлт оруулна. 19.1.1 Үл хөдлөх хөрөнгийг гэрээ хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих, 19.1.2 эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх, 19.1.3-т үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ оршин байгаа газрын харьяалал өөрчлөгдөх гэсэн 3 заалтыг хуульчилсан байдаг. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т Шүүх арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөгч эрх олж авсан этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх арбитрын шийдвэрийг хавсаргана гэж заасан. Гэтэл Г.Г-д өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхдөө Увс аймгийн сум дундын иргэний хэргийн шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 16-ний өдрийн 286 дугаартай  шүүхийн шийдвэрийг үндэслэсэн байна. Тухайн шийдвэр нь иргэн Гэрэлцогтод маргаан бүхий байрыг шилжүүлж өгөхийг шийдвэрлэсэн шийдвэр биш бөгөөд Гэрэлцогтоос мөнгө гаргуулж Ж.Ш-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэр байна. Энэ бүхнээс үзэхэд тухайн байр нь Гэрэлцогтын өмч биш гэдгийг нотолсон баримт байхад тус шийдвэрийг үндэслэн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгч байгаа улсын бүртгэгчийн үйлдэл нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байх тул тус үйлдлийг хууль бус болохыг тогтоож, гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

7. Хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгч Г.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбар хэвээрээ байгаа. Анх энэ орон сууц 2003 онд Ж.Ш, Д, Д нарын өмчлөлд өмч хувьчлалаар хувьчлагдаж эдгээр иргэнд олгогдсон. Тухайн орон сууц нь анхнаасаа хилийн цэргийн ангийн өмч хөрөнгө биш. Хилийн цэргийн анги нь манайх энэ орон сууцыг 1999 онд бүртгэж авсан гэж мэдүүлсэн. Санхүү бүртгэлд бүртгэж авсан асуудал нь хууль дүрэм зөрчиж, бүртгэл хийгдсэн асуудал байдаг. Энэ асуудалтай холбоотой Төрийн өмчийн тухай хууль үйлчлэх ёстой. Төрийн өмчийг худалдан авахад иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан төсөв санхүүгээр төрийн өмчит эд хөрөнгийг худалдан авах тухай заалт байдаг. Гэтэл албан хаагч нь ажлын хариуцлага алдахад захиргааны журмаар шийдвэрлэхгүйгээр үл хөдлөх өмчийн эрх зүй рүү нь халдаж өөрийн мэт санхүү баланстаа тусгаж бүртгэж авсан нь хилийн цэргийн 0245-р ангийн маш том алдаа. Гэрэлцогт нь 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлэх тухай хүсэлт гаргасан. Энэ бүртгэлийг хийхдээ ямар нэгэн хувийн ашиг сонирхол гаргаж бүртгэлийг хийгээгүй. Тухайн үедээ би ганцаараа улсын бүртгэгчээр ажиллаж байсан нь үнэн. Энэ бүртгэлийг хийж болох эсэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө авахаар Улсын бүртгэлийн Ерөнхий газар руу албан бичиг явуулахад харьяаллын дагуу та бүхэн шийдвэрлэнэ үү гэсэн чиглэл өгсний үндсэн дээр бүртгэл хийсэн. Энэ бүртгэлийг хийхэд 1999-2000 оны 7 сар хүртэл буюу сүүлийн 10 жил Гэрэлцогт нь энэ байранд амьдарч байсан тухай багийн Засаг даргын тодорхойлолт авсан. Багийн засаг дарга нь манай багт энэ хүн нь хэдэн жил амьдарч байгааг баттай мэдэж тодорхойлж байгаа төрийн төлөөлөгчийн нэг. Уг тодорхойлолт нь Гэрэлцогтын өмч гэдгийг нотолж байгаа нэг хэлбэр юм. Тухайн байранд 10 жил амьдарч байгаа хүнийг шударга өмчлөгч гэж тухайн үед үзэж байсан. Мөн нотлох баримтаар хэрэглээний зардлуудыг нь төлж байсан тодорхойлолтуудыг гаргаж өгсөн. Мөн 2003 оны 07 дугаар сарын 16-ний өдрийн 283 дугаартай иргэний хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн тогтоох хэсгийн нэг, хоёрдугаар заалтыг үндэслэсэн. Энэ шүүхийн шийдвэр нь Гэрэлцогтын өмч хөрөнгө гэдгийг нотолж байгаа нотолгооны нэг хэсэг юм. Ж.Ш, Г нарын хооронд гэрээ хэлцэл хийгдсэн. Үүний дараа Г нь Ш-с авсан гэдэг нь нотлогдож байна. 1999 оноос 2009 оны хооронд амьдарч байсныг юугаар нотолж байна бэ гэвэл тухайн үед амьдарч байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг байдаг. Улсын бүртгэлийн байгууллага нь энэ нотлох баримтыг  нотариатаар гэрчлүүлж авсан. Гэтэл энэ бүртгэлийг 2013 онд хийж байх үед Г нь хилийн цэрэгт ажиллаж байсан. Энэ орон сууц нь хилийн цэргийн хорооны данс бүртгэлд авагдаагүй байсан. Энэ үед хэн нэгэн этгээдийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй байсан бол энэ бүртгэлийг хийх боломжгүй байсан. Хилийн цэргийн байгууллага нь хууль бусаар бүртгэж авчхаад улсын бүртгэлийн байгууллагыг буруутай мэтээр тайлбарлаад зогсож байгаад өөрсдөө бас буруутай. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хийхэд татгалзах үндэслэлүүд гэж байдаг. Тухайн үед Гэрэлцогтын гаргасан мэдүүлгээс татгалзах зүйл байхгүй байсан. Бүртгэл хийхэд ямар нэгэн хууль бус баримт, шаардлага хангаагүй гэрээ хэлцэл байхгүй. Харин Хилийн цэргийн анги нь иргэн Г-с үл хөдлөх хөрөнгийг авахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай тухай, иргэний хуульд заасан гэрээ хэлцлийг хийж бүртгэлдээ тусгагдсаны дараа бүртгэл хийсэн бол өнөөдөр хилийн цэргийн эрх ашиг хөндөгдөж болох байсан. Гэтэл энэ бүртгэлийг хийхэд хилийн цэргийн эрх ашиг ер нь хөндөгдөөгүй. Иргэний хуулийн 24 дүгээр зүйлийг баримталж бүртгэл хийсэн. Тэгтэл Иргэний хуулийн 24 дүгээр заалт нь өмчлөгч гэдгийг баттай мэдсэн, нотолсон нотлох баримт байгаа тохиолдолд бүртгэлийг хийнэ гэж заасан. Өмчлөх эрхийг шилжүүлэх бүртгэлийг хуулийн дагуу хийгдсэн гэж үзэж байна. Иймд Хилийн цэргийн 0245-р ангийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бүртгэлийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

8. Гуравдагч этгээд Г.Г шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг маргаан бүхий байрыг миний бие иргэн Шараагаас 1999 онд амбаар зарим тавилга сэлтийн хамт худалдан авч, мөнгөн төлбөрөө 2013 онд төлж барагдуулсан.Монгол улсын хууль тогтоомж бүртгэлийн дагуу өмчлөлд шилжсэн бөгөөд Улсын бүртгэлийн байгууллага гэрчилгээ олгож баталж өмчлүүлсэн байдаг бөгөөд одоо иргэн Г.Г миний хууль ёсны өмч болохыг холбогдох нотлох баримтуудаар нотлогддог . Энэ талаар өөр ямар нэгэн өмчлөлийн маргаан гарч байгаагүй.

Миний зүгээс Хилийн цэргийн 0245-р ангид ямар нэгэн өр авлага тооцоо байхгүй бөгөөд ямар үндэслэлээр өөрийн дансанд авсан энэ талаар нотлох баримтаа гаргаж өгөх хүсэлт удаа дараа тавьсан ба шүүхийн журмаар гаргасан боловч тийм тодорхой баримт гаргаж өгч өөрийн хөрөнгө гэж нотолж чадаагүй зөвхөн хууль бусаар эзэмшиж байх үеийн ус, дулаан , цахилгааны төлбөр төлсөн баримт тооллогын бүртгэл гэх ямар ч хууль зүйн нотолгооны ач холбогдолгүй шаардлага хангахгүй архив албан хөтлөлтийн стандарт бус цаас үзүүлдэг Энэ нь Иргэний хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг. Хууль бусаар эзэмшиж амьдарч байгаа тул ашиглалтын зардлыг төлж байх нь тухайн этгээдүүдийн үүрэг гэж ойлгож байна.Миний хувьд хилийн цэргийн 0245 ангид ямар өр авлага асуудал байхгүй миний тухай байгууллагаас шилжих үеийн тойрох хуудас баримт одоо ч байх ёстой гэж үзэж байна. Харин хэн нэгэн хүн орлогод авч мөнгө төгрөг авсан ч юмуу эсвэл өөр байр савтай эндүүрсэн санхүүгийн будилаан зөрүүтэй ямар нэгэн асуудал байхыг үгүйсгэхгүй Энэ байр 2013 оныг хүртэл иргэн Шараагийн хууль ёсны өмч байсан Миний бие 2008 оны 03 сард улсын хилд үүрэг гүйцэтгэж байх үедээ даралт харван Улаанбаатар хот руу ухаангүй бага балчир насны хүүхдийнхээ хамт эмчилгээнд явсан. Тэр үед гэрийн түлхүүрээ үлдээгээд явсан ба ийм асуудал үүссэн талаар ойлгомжгүй байсан. Тухайн үед гадна дотноос шилжиж олон хүн орон гэргүй байсан тул хамт ажиллаж байсан хамт олон байгууллагад итгээд нэг нь ч гэсэн амьдраад ашиглалтын зардалд төлөөд эм тарианд нэмэр болох хэдэн төгрөг өгөх байх гэж найдаж итгэж байсан. Тэр үед гэр бүлийн хүн эхнэр маань нас барсан бага балчир насны 5 хүүхэдтэй өөрөө 3 удаа цус харваж үг ярьж ойлгуулж , явж алхаж чадахгүй одоог хүртэл ходоод цөс авхуулсан , хөгжлийн бэрхшээлтэй хэлж ярих, бодож сэтгэх алхаж явах зэрэг чадвар маш муу эмчийн хяналтад байдаг. Одоо ч миний гэрийн тавилга айлын амбаарт хураалттай байна. Миний хувьд хилийн цэргээс байр авах гээд байгаа сэтгэл зүрх байхгүй гагцхүү өөрийн хөрөнгө мөнгөөр худалдана авсан орон байраа алдаж үр хүүдээ үлдээж орох оронгүй болгож удаа дараа Увс Улаанбаатар хооронд явж эдийн засгийн болон сэтгэл санааны хувьд ил далд их багаар хохирч байгаадаа туйлын их гомдолтой байна...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан хэргийн оролцогч, тэдний төлөөлөгч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч талаас “Г.Г нь Хилийн цэргийн 0245 дугаар ангид өрөндөө байраа өгсөн, 1999 оноос хойш байгууллагын дансанд бүртгэгдэж эзэмшиж байхад улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч нь 2003 оны 283 дугаар иргэний хэргийн шүүхийн шийдвэр үндэслэн Г.Г-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль зөрчсөн” тухай нэхэмжлэл, тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

3. Хариуцагч улсын ахлах бүртгэгчээс “Г.Г-ын мэдүүлэг,түүнд хавсаргасан баримтуудаар түүнийг өмчлөгч гэж үзэх үндэслэлтэй тул улсын бүртгэл хийж,гэрчилгээ олгосон, мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл тухайн үед байгаагүй, Хилийн цэргийн 0245 дугаар ангийн нэр дээр улсын бүртгэл хийгдээгүй” гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

4. Гуравдагч этгээд Г.Г-с “Уг маргаан бүхий байрыг иргэн Шараагаас 1999 онд худалдан авч мөнгөн төлбөрөө 2013 онд төлж барагдуулсан. Хуулийн дагуу миний өмчлөлд шилжсэн бөгөөд миний хууль ёсны өмч болохыг холбогдох нотлох баримтуудаар нотлогддог” гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байр суурийг илэрхийлжээ.

5. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Г.Б нь иргэн Г.Г-ыг Улаангом сумын 5-р баг 3-12 айлын 5 тоотод байршилтай 36 м.кв орон сууцны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Y-1520001381 дугаарт бүртгэж 000229684 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг 2014 оны 03 сарын 11-ний өдөр олгожээ.

6. Иргэн Г.Г нь 2013 оны 10 сарын 24-ний өдөр улсын бүртгэлийн байгууллагад эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, өргөдөл гаргаж, Улаангом сумын 11-р багийн Засаг даргын 2013.10.22-ны өдрийн 1085 дугаартай “Г.Г нь тус багийн 3-12 айлын 5 тоотод 1999 оноос 2009 оны 7 сар хүртэл амьдарч байгаад өвчний улмаас Улаанбаатар хот шилжсэн нь үнэн болно” гэсэн тодорхойлолт, Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “Чандмань-Увс” ХХК-ийн 2013.10.23-ны өдрийн 168 дугаартай “3-12 айлын орон сууцны 5 тоотод оршин суудаг Г.Гэрэлцог нь 1999-2009 оны хооронд цэвэр,бохир усны өр төлбөргүй болно” гэсэн тодорхойлолт, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 07 сарын 16-ны өдрийн 283 дугаар шийдвэр,иргэн Ж.Ч, Б.Б, Ж.Ш нарын “ Г.Г нь 3-12 айлын 5 тоот байранд 1999-2009 он хүртэл амьдарч байсан нь үнэн” тухай бичгээр бичиж нотариатаар батлуулсан тодорхойлолт, Увс аймгийн шүүхийн тамгын хэлтсийн 2013.10.24-ний өдрийн 274 дугаартай “ Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 07 сарын 16-ны өдрийн 283 дугаартай шийдвэрт зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүй, шийдвэр хүчин төгөлдөр байна” гэсэн утга бүхий албан бичиг зэргийг хавсаргажээ.

Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 07 сарын 16-ны өдрийн 283 дугаар шийдвэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Ж.Ш-ийн орон сууцыг эргүүлэн олгохыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Б.Г-с 228022 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ш-д олгохоор шийдвэрлэсэн байна.

7. Гуравдагч этгээд Г.Г-д гэрчилгээ олгогдох үед 2003 онд батлагдсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль үйлчилж байсан ба тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Иргэн хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах бөгөөд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно”, мөн зүйлийн 13.5.1-т “тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг” мэдүүлэгт  хавсаргахаар, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол” улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахаар, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “ Мэдүүлэг,түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэг нээн бичилт хийж,гарын үсэг зуран, хувийн дугаар бүхий тэмдэгээ дарна”, 18 дугаар зүйлийн 18.1-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн,хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгож, хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана” гэж тус тус зохицуулсан байна.

8. Анх маргаан бүхий орон сууцыг Увс аймгийн орон сууц хувьчлах товчооны 2003 оны 02 сарын 17-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хувьчилсныг үндэслэн 2003 оны 02 сарын 17-ны өдрөөс эхлэн Ж.Ш, Ж.Д, Ш.Ч, Ш.Д нарт хамтран өмчлүүлэхээр шийдвэрлэн 0095450 дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон, 2003 оны 10 сарын 30-ны өдөр Увс аймаг дахь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас Ж.Ш нарын өмчлөх эрхийг улсын бүртгэлийн 1520001381 дугаарт бүртгэж гэрчилгээ шинээр олгож байжээ.

9. Улсын бүртгэлийн байгууллагаас Г.Г-ын мэдүүлгийг шийдвэрлэх үед тухайн байр улсын бүртгэлд Ж.Ш нарын нэр дээр бүртгэгдсэн байдал, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 07 сарын 16-ны өдрийн 283 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Шараа нь Гэрэлцогоос байраа эргүүлж авах хүсэлтэй байгаа боловч нэгэнт бодит байдлаар хэлцэл хийж, худалдах худалдан авах гэрээ хийгдсэн байх тул байрыг Ж.Ш-д эргүүлэн олгох үндэслэлгүй гэж дүгнээд Ж.Ш-ийн орон сууц эргүүлэн олгохыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Г-с 228022 төгрөг гаргуулан Ж.Ш-д олгохоор шийдвэрлэсэн байдал, багийн Засаг дарга болон иргэдийн тодорхойлолт зэргийг үндэслэн 3-12 айлын 5 тоот орон сууцны өмчлөх эрхийг Г.Г-ын нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгосон нь Эд хөрөнгө өмчлөх эрх,түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 19 дүгээр зүйлийн 19.1-т “Дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна:”, 19.1.1-т “үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих”, 18 дугаар зүйлийн 18.1-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн,хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгож, хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана” гэж заасанд нийцсэн хууль ёсны шийдвэр байна.

Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 07 сарын 16-ны өдрийн 283 дугаар шийдвэрт Г.Г-ыг Б.Г гэж үсгийн алдаатай бичсэн, мөн 3-12 айлын 5 тоот орон сууц Улаангом сумын 11-р багт харьяалагдаж байгаад дараа 5-р багт харьяалалтай болсон нь Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 05 сарын 09-ний өдрийн 229 дугаартай тэмдэглэлд тусгагдсан ба энэ талаар маргаангүй байна.

Гуравдагч этгээд Г.Г нь Хилийн цэргийн 0245 дугаар ангид 1999 онд 3 тэмээ хүнсэнд нийлүүлсэн боловч 2 тэмээ нь зугтаж алга болсонтой холбоотойгоор 2 тэмээний төлбөрийн өрөнд өөрийн амьдарч байсан 2-12 айлын 5 тоот орон сууцаа өгсөн, байрны үнийн зөрүүд 300.000 төгрөгийг авсан, Г.Г нь 1999 оноос хойш 2009 он хүртэл уг байранд амьдарч байгаад Улаанбаатар хот шилжсэн, байрыг 1999 оноос хойш Хилийн цэргийн 0245 дугаар анги өөрийн хөрөнгөнд бүртгэж авсан нь хилийн цэргийн 0245 дугаар ангийн эд хөрөнгийн бүртгэлүүд, Г.Г-оос 2014 оны 03 сарын 20-ны өдөр Сум дундын 24 дүгээр шүүхэд гаргасан “3-12 айлын орон сууцны 5 тоот байрыг хилийн цэргийн эд хөрөнгийн дансанд 700.000 төгрөгийн барьцаанд авсныг чөлөөлүүлэх тухай“ нэхэмжлэл, тайлбар, уг иргэний хэрэгт Хилийн цэргийн 0245-р ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар, 2014 оны 05 сарын 09-ний өдрийн Сум дундын 24 дүгээр шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 05 сарын 09-ний өдрийн 229 дугаар шийдвэрээр тогтоогдсон, энэ талаар талууд маргаангүй байгаа болно.

Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 05 сарын 09-ний өдрийн 229 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр Г.Г-ын байр чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба Иргэний хэргийн Давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 06 сарын 24-ний өдрийн 76 дугаар магадлал,Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 09 сарын 23-ны өдрийн 489 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Улсын бүртгэлийн байгууллагаас Г.Г-ын мэдүүлгийг хүлээн авч бүртгэлийг хийх үед маргаан бүхий байр нь Хилийн цэргийн 0245 дугаар ангийн өмчлөлд байгаа тухай улсын бүртгэлд бүртгэлгүй, байр чөлөөлүүлэх маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд мэдүүлгийг хүлээн авснаас хойш гарсан байх тул улсын бүртгэгчийг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 14 дүгээр зүйлд заасан үндэслэлээр буюу 14.1.1-т “заасан мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримтгүй бол” гэсэн үндэслэлээр мэдүүлгийг буцаах үүргийг биелүүлээгүй гэж буруутгах боломжгүй.

Хилийн цэргийн 0245 дугаар анги 1999 онд Г.Г-с 3-12 айлын 5 тоот орон сууцыг өрөнд тооцож эд хөрөнгөндөө бүртгэж авсан гэх үед 1997 онд батлагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль, 1996 онд батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиуд мөрдөгдөж байсан.

Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн /1997 он/ 2 дугаар зүйлийн 2.3-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа төрийн болон орон нутгийн нийтийн зориулалттай өмчид хамаарахаас бусад газар, газраас салгамагц зориулалт, эдийн засгийн агуулгаа алдах барилга байгууламж, хөлөг онгоц, тарьц суулгац, олон наст ургамал зэрэг бодит болон хийсвэр аргаар хэмжиж болохуйц, тодорхой хил хязгаартай эд хөрөнгийг Иргэний хуулийн 182 дугаар зүйлд заасныг үндэслэн улсын бүртгэлд бүртгэнэ”, 1.Өмчлөгч хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлснээр түүний өмчлөх эрх баталгаажна”, 3 дугаар зүйлийн 3.1-т “Өмчлөгч хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлснээр түүний өмчлөх эрх баталгаажна”, 3.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлэх гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болж тухайн үл хөдлөх эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүснэ” гэж зааснаас үзэхэд Хилийн цэргийн 0245 дугаар анги нь Г.Г-с байрыг өөрийн өмчлөл,эзэмшилд шилжүүлэн авсан бол энэ талаар Г.Г-той холбогдох гэрээг байгуулан улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээр байжээ.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т төрийн байгууллага, албан газарт эзэмшүүлсэн эд хөрөнгийг төрийн өөрийн өмчид тооцохоор заасан ба 6 дугаар зүйлийн 6.1-д заасан 1/ энэ хууль хүчин төгөлдөр болох үед төрийн өмчлөлд байсан эд хөрөнгө; 2/ үйлдвэрлэл, ажил үйлчилгээний үр дүнд бий болсон эд хөрөнгө; З/ эрх бүхий байгууллагын шийдвэрээр худалдан авсан эд хөрөнгө; 4/ хандив, тусламж, бэлэглэл, өвлөх журмаар олж авсан эд хөрөнгө; 5/ хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан үндэслэл, журмын дагуу нийгэмчилсэн, дайчлан буюу хураан авсан эд хөрөнгө, 6/концессын гэрээний дагуу шинээр бий болсон эд хөрөнгө гэсэн хэлбэрээр төрийн өмчид эд хөрөнгө олж авахаар заажээ.

Гэтэл Г.Г нь 1999 онд иргэн Ж.Шараагаас түүний өмчлөлд шилжээгүй /Ж.Ш 2003 онд өмч хувьчлах товчооны шийдвэрээр байрыг хувьчилснаар өмчлөх эрх үүссэн/ байрыг худалдан авсан, улмаар Г.Г-д хуульд зааснаар өмчлөх эрх үүсээгүй байхад байрыг Хилийн цэргийн 0245 дугаар ангид өрөндөө шилжүүлсэн, Г.Г болон Хилийн цэргийн 0245 дугаар ангийн хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй, Хилийн цэргийн 0245 дугаар ангийг өмчлөгч, эзэмшигчээр тогтоосон ямар нэгэн шийдвэргүй, холбогдох төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөл,шийдвэргүй байхад үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн эд хөрөнгийн дансандаа тусгаж, албаны байрны зориулалтаар ашиглаж ирснийг Хилийн цэргийн 0245 дугаар ангид 3-12 айлын 5 тоот орон сууцыг өмчлөх,эзэмших эрх хуульд зааснаар үүссэн гэж үзэхгүй тул улсын бүртгэгчээс Г.Г-д өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэлээ.

Иймд шүүхээс нэхэмжлэгчийн “Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн иргэн Г.Г-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000229684 дугаар гэрчилгээ бичиж олгосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 000229684 дугаар бүхий гэрчилгээг хүчингүй болгуулах тухай”  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч талаас өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдээ улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандсан боловч улсын бүртгэлийн байгууллагаас бүртгэх шаардлагагүй гэсэн хариуг өгч байсан талаар тайлбар гаргасан боловч энэ талаар баримтгүй болохыг дурдав.

Нэхэмжлэгч Хилийн цэргийн 0245 дугаар анги нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын төсвийн байгууллагын нэхэмжлэлд хамаарагдаж тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 15 дугаар зүйлийн 15.2, 18 дугаар үйлийн 18.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Хилийн цэргийн 0245 дугаар ангиас Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгч Г.Б-д холбогдуулан гаргасан “Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн иргэн Г.Г-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000229684 дугаар гэрчилгээ бичиж олгосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 000229684 дугаар бүхий гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Д.АЛТАНЦЭЦЭГ