2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1676

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

 

 

     2025       6           23                                           2025/ШЦТ/1676

 

           

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан,

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч М , түүний өмгөөлөгч Ш.Базаррагчаа нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М-т т холбогдох эрүүгийн 2502 00000 0146 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М-т , Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банкны төлбөр барагдуулах газрын 0 дүүргийн 000 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/0 дугаар шийдвэрийн дагуу бүртгэлийн 0 дугаартай “...төлбөр төлөгч Н, Н нараас 143.332.120 төгрөгийг албадан гаргуулж төлбөр авагч “Төрийн банк”-д олгуулах...” иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа, албан тушаалын байдлаа ашиглаж төлбөр төлөгч Н д “шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны төлбөр гэж манай шийдвэр гүйцэтгэх газар нь авах ёстой, манай байгууллагын санхүүгээс надаас тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мөнгийг шаардаад байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүнээс Сүхбаатар дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байрандаа 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн 0 дугаартай “Хаан” банкны дансаар 800.000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 675.000 төгрөгийг буюу нийт 1.475.000 төгрөг шилжүүлэн авч хувийн хэрэгцээндээ зарцуулан залилсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М  мэдүүлэхдээ: “2024 оны 5 дугаар сард шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн. Төлбөр төлөгчийг дуудаж 1 удаа эрх үүрэг танилцуулан төлбөр төлөх мэдэгдэл өгсөн. Барьцаа хөрөнгийг битүүмжлэн хурааж, албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагаа хийгддэг. Гэтэл тухайн төлбөр төлөгч иргэн дуудсан цагт ирдэггүй, утсаа авдаггүй зэрэг шалтгаанаас болж төлбөр төлөхөөс зайлсхийдэг. Тухайн үед буюу 11 дүгээр сард Н тэй холбоо барьж нөхцөл байдлыг тайлбарласан. Н  нь 80.000.000 зээл авч 144.000.000 сая болгон зарж байгаа болохоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар заруулах хүсэлгүй байна. Албадан дуудлага худалдаанд эхний үед 70%, дараагийн үед 50%-иар ордог учраас тухайн хүмүүст хохиролтой, илүү төлбөртэй үлдэх гэж байсан учраас тухайн хүмүүст боломж олгосон гэсэн үг. Би 12 дугаар сард авто машины осолд орж ажил дээрээ зарим өдрүүдэд очдог байсан. 2 дугаар сард ахлах шийдвэр гүйцэтгэгч Н ийг төлбөрөө барагдуулаагүй удсан гэж хэлсний улмаас би 2 дугаар сарын 12-ний өдөр 1.475.000 төгрөг буцаан олгосон байгаа. Удаашруулж өгсөнд баярлалаа, 50%-ийг нь аваарай гэсэн бичлэгийг шүүхэд өгсөн. Н тэй ярсан ярианы бичлэгийг сэргээх хүсэлт ваяберт өгсөн боловч миний хүсэлтийг хүлээж аваагүй. Өөрийн дансанд шилжүүлж авсан нь миний буруутай үйлдэл. Тухайн үед миний дансанд байсан мөнгийг зээл татаж авсан зэрэг нь миний буруутай үйлдэл. Би мөнгийг буцаан шилжүүлсэн. Хохирлыг бүрэн барагдуулсан. Би шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 3-ийн нэгжид 10 жил ажиллахдаа хориг гүйцэтгэлээр бусдад гэм хор учруулахгүй тус болохыг хичээж ажилласан. Бусдад тусалснаараа ийм хохиролд орсондоо харамсалтай байна. Би өөрийн хүсэлтээрээ албанаасаа чөлөөлөгдсөн байгаа. Цаашдаа өөр төрлийн ажил хөдөлмөр эрхэлнэ. Намайг ялын дүгнэлттэй байхад ажил олгогч хүлээж авах уу зэрэг асуудал тулгарна. Би залуухан. Иймд ялын бодлогыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар

Гэрч Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банкны төлбөр барагдуулах газрын дэд дарга бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн хэлтсийн даргаар 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газрын 0 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч М ийг Банкны төлбөр барагдуулах газрын дэд дарга бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн хэлтсийн даргаар 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр томилогдсоноос эхлэн таньж мэддэг болсон. Би шийдвэр гүйцэтгэгч М тэй найз нөхөд төрөл садны холбоо хамаарал байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар төлбөр төлөгчөөс төлбөрийг гаргуулж төлбөр авагчид олгох эрх зүйн харилцааг зохицуулсан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчөөс хувийн дансаар төлбөрийн мөнгийг хүлээн авах эрх зүйн зохицуулалт байдаггүй. Төлбөр төлөгч нь төлбөрийг төлбөр авагчийн дансанд шилжүүлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэр дээрх арилжааны банкны дансанд төвлөрүүлдэг. Бэлнээр төлбөрийн мөнгө төлж байгаа болон бэлэн мөнгийг хурааж байгаа тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч бэлэн мөнгөний актаар хураан авдаг. Тухайн хураан авсан мөнгийг шийдвэр гүйцэтгэгч хуулийн хугацаанд байгууллагын данс руу шилжүүлэх ёстой байдаг. Шийдвэр гүйцэтгэлийн ажилтан төлбөр төлөгчөөс өөрийн хувийн дансаар төлбөр авах зохицуулалт байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банкны төлбөр барагдуулах газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч А 2025 оны 02 дугаар сарын сүүлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газрын 0 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч М ийг төлбөр төлөгчөөс хувийн дансаараа мөнгө авсан байна гэж амаар танилцуулсан. 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч А миний нэр дээр шийдвэр гүйцэтгэгч М ийн хууль бус үйлдэл эс үйлдэхүйг шалгуулах тухай илтгэх хуудас бичсэн би уг илтгэх хуудастай танилцаж 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хяналт шалгалт, үнэлгээ дотоод-аудитын газрын дарга хурандаа Ц ын нэр дээр алба хаагчийн үйлдэл, эс үйлдэхүйг шалгуулах тухай албан бичиг хүргүүлсэн юм. Хууль хэрэгжүүлж байгаа алба хаагч нар хуулийн дагуу ажиллах үүрэгтэй, хууль бус үйлдэл хийсэн эсэхийг зохих хууль хяналтын байгууллагаар шалгуулж албан тушаалын гэмт хэрэг үйлдсэнийг хуулийн дагуу тогтоолгомоор байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 22 дугаар хуудас),

Хохирогч Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2019 онд Төрийн банкнаас гэр бүлийн хүрээнд 80.000.000 төгрөгийн орон сууц барьцаалсан бизнесийн зээл аваад цар тахлын үе буюу 2020 оноос хойш зээлийн төлбөр төлөх боломжгүй болж Төрийн банкнаас нэхэмжлэлтэй миний бие хариуцагчаар орж гурван шатны шүүхийн шийдвэр гарч надад 144.000.000 төгрөгийн зээлийг Төрийн банканд төлөх шийдвэр гарсан. Улмаар тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь М  дээр хариуцагдаж очсон тэр үед танилцаж байсан. Тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг би 2024 оны 12 сард бүрэн төлж барагдуулж дуусан. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад М  нь надад хандан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны төлбөр гэж манай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь авах ёстой манай байгууллагын санхүүгээс надаас тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мөнгийг шаардаад байна та эхний ээлжид 800.000 төгрөгийг шилжүүлэх шаардлагатай гэж надад хэлсэн тэгээд би ажлын цагийн үеэр тухайн мөнгийг шилжүүлэх боломж, зав зай байхгүй байсан учир ажлын цаг тарсны дараа М ийн утас руу холбогдож ямар данс руу тухайн мөнгийг шилжүүлэх вэ? гэж асуухад М  нь надад манай санхүүгийн ажилтан ажил тараад явсан байна гээд нэг Хаан банкны дансыг өгөхөөр нь би тухайн данс руу 800.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэр үед тухайн Хаан банкны данс нь шийдвэр гүйцэтгэгч М ийн данс байсан. Түүнээс хойш дахин дээрх байдлаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мөнгө гээд нэхэхээр нь 675.000 төгрөгийг мөн дээрх данс руу шилжүүлсэн. Улмаар миний бие 2024 оны 12 сард Төрийн банкны нэхэмжлэлтэй төлбөрийг бүрэн төлж дуусгаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр очиж өөрийн орон сууцны барьцааны бүртгэлийг хасуулахаар очихдоо өөрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлсөн мөнгөний зөрүүг гаргуулж авахад тухайн төлөх ёстой 144.000.000 төгрөг дээр миний бие 2.975.000 төгрөгийг шүүхийн шийдвэрт илүү төлсөн байсан. Үүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын холбогдох ажилтан болох Билгүүнд хэлэхэд надад 1.500.000 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний данс руу илүү төлсөн байна гэж үзээд шилжүүлсэн. Харин шийдвэр гүйцэтгэгч М ийн данс руу шилжүүлсэн 1.475.000 төгрөг нь миний данс руу шилжигдээгүй тэгээд би энэ талаараа өөрийн найз Д хэлэхэд Д нь өөрийн дүү дээ хэлж М ээс тус 1.475.000 төгрөгийг миний 0 тоот данс руу 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 0 тоот данснаас шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 27-29 дүгээр хуудас),

Шүүгч А-ийн 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 0 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),

М ийн эзэмшлийн 0 дугаартай “Хаан” банкны дансны хуулгад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 29-40 дугаар хуудас),

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 07-01/791 дугаартай албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 1 дүгээр хуудас),

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газрын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2/1209 дугаартай албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 3 дугаар хуудас),

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газрын Баянгол дүүргийн хэлтсийн дарга И-ийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 0 дугаартай төлбөр төлөгч Н, Н нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 12 дугаар хуудас),

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газрын хэлтсийн дарга С-ын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 25-01/03 дугаартай төлбөр төлөгч Н, Н нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 14 дүгээр хуудас),

Н ийн эзэмшлийн 0 “Хаан” банкны дансны хуулгад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 139-145 дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлага (1 дүгээр хавтаст хэргийн 148 дугаар хуудас),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 147 дугаар хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 221 дүгээр хуудас),

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 243-247 дугаар хуудас) зэрэг нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа банкны төлбөр барагдуулах газрын шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа төлбөр төлөгч Н д шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр гэж манай шийдвэр гүйцэтгэх газраас авдаг. Байгууллагын санхүүгээс тухайн мөнгийг нэхэж байна хэмээн үргэлжилсэн үйлдлээр хохирогч Н ээс нийт 1.475.000 төгрөгийг өөрийн хувийн дансанд шилжүүлэн авч, хувийн хэрэгцээндээ зарцуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үе шатанд нотлогдон тогтоогдлоо хэмээн улсын яллагчийн зүгээс үзэж байна. Иймд шүүгдэгч М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар албан тушаалаа ашиглан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна. Шүүгдэгч М  нь хохирогч Н д хохирлын төлбөр болох 1.475.000 төгрөгийг төлж барагдуулсан. Бусдад төлөх төлбөргүй” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч М  нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банкны төлбөр барагдуулах газрын 0 дүүргийн 000 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/0 дугаар шийдвэрийн дагуу бүртгэлийн 0 дугаартай “...төлбөр төлөгч Н, Н нараас 143.332.120 төгрөгийг албадан гаргуулж төлбөр авагч “Төрийн банк”-д олгуулах...” иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа, албан тушаалын байдлаа ашиглаж төлбөр төлөгч Н д “шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны төлбөр гэж манай шийдвэр гүйцэтгэх газар нь авах ёстой, манай байгууллагын санхүүгээс надаас тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мөнгийг шаардаад байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүнээс Сүхбаатар дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байрандаа 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн 0 дугаартай “Хаан” банкны дансаар 800.000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 675.000 төгрөгийг буюу нийт 1.475.000 төгрөг шилжүүлэн авч хувийн хэрэгцээндээ зарцуулсан үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.  

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос М ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “албан тушаалын байдлаа ашиглаж” гэж хүндрүүлэх шинжийг тус тус заажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн Гуравт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж,

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог бөгөөд их хэмжээний хохирол буюу тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учруулсныг хүндрүүлэн зүйлчилдэг.

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

“Хуурах” гэж бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг, “зохиомол байдлыг зориудаар бий болгох” гэж өөрийгөө амжилттай яваа бизнесмен, баян, их хэмжээний эд хөрөнгийн өв залгамжлагч, томоохон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мэтээр зохиомол байдлыг бүрдүүлэх, “бодит байдлын нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах” гэж дампуурсан үйл ажиллагаа нь зогссон, доголдсон, санхүүгийн алдагдалтай хөрөнгө оруулалт шаардлагатай байдлыг нуух зэргээр бусдыг төөрөгдүүлж, “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах” гэж урьд эрхэлж байсан ажил, албан тушаал, нэр хүндийг ашиглах, олон жил хамтран бизнес хийсэн, гэрээт борлуулагчаар ажилласан, олон жилийн өмнөөс бие биеэ мэдэх болсон байдал зэргээр итгэлийг урвуулан ашигласныг тус тус ойлгоно.

Шүүгдэгч М  нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банкны төлбөр барагдуулах газрын 0 дүүргийн 000 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/0 дугаар шийдвэрийн дагуу бүртгэлийн 0 дугаартай “...төлбөр төлөгч Н, Н нараас 143.332.120 төгрөгийг албадан гаргуулж төлбөр авагч “Төрийн банк”-д олгуулах...” иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа, албан тушаалын байдлаа ашиглаж төлбөр төлөгч Н д “шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны төлбөр гэж манай шийдвэр гүйцэтгэх газар нь авах ёстой, манай байгууллагын санхүүгээс надаас тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мөнгийг шаардаад байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүнээс Сүхбаатар дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байрандаа 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн 0 дугаартай “Хаан” банкны дансаар 800.000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 675.000 төгрөгийг буюу нийт 1.475.000 төгрөг шилжүүлэн авч хувийн хэрэгцээндээ зарцуулан нь “Залилах” гэмт хэргийн “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан бол” гэх үндсэн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын Даргын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 3/1362 дугаар тушаалаар “М-ийг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон албан тушаалаас нь чөлөөлж, мөн өдрөөс Банкны төлбөр барагдуулах газрын Баянгол дүүргийн 0 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр дэвшүүлэн томилж, цэргийн “дэслэгч” цол олгосугай” томилогдож,

Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын Даргын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/152 дугаар тушаалаар шүүгдэгч М  нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банкны төлбөр барагдуулах газрын 0 дүүргийн 000 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн ажлаас чөлөөгджээ. 

Шүүгдэгч М  нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банкны төлбөр барагдуулах газрын 0 дүүргийн 000 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа, албан тушаалын байдлаа ашиглаж төлбөр төлөгч Н д “шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны төлбөр гэж манай шийдвэр гүйцэтгэх газар нь авах ёстой, манай байгууллагын санхүүгээс надаас тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мөнгийг шаардаад байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүнээс 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн 0 дугаартай “Хаан” банкны дансаар 800.000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 675.000 төгрөгийг буюу нийт 1.475.000 төгрөг шилжүүлэн авсан байх тул “Залилах” гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “албан тушаалын байдлаа ашиглаж” гэх хүндрүүлэх шинжийг хангаж байна.

Шүүгдэгч нь анхнаасаа бусдын эд хөрөнгийг шилжүүлэн аваад буцаан хариу төлбөр өгөхгүй байх гэмт санаа зорилготой байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч М  нь залилах гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байна.

Иймд шүүгдэгч М ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг “албан тушаалын байдлаа ашиглаж” үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус зааснаар хохирогч Н д 1.475.000 төгрөгийг шүүгдэгч М  төлсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчимыг удирдлага болголоо.

Шүүгдэгч М д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “Эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон тус хуулийн 6.6 дугаар  зүйлд заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж байна. Иймд шүүгдэгч М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял санал болгож байна. Шүүгдэгч М д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол улсын хилээр гарах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авагдсан. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авагдсан, битүүмжлэгдэн зүйлгүй. Шүүгдэгч М ийн бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна” гэх санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Хохирогч болон бусад этгээдэд төлөх төлбөр байхгүй, анх удаагаа гэмт хэрэг үйлдэж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалтай байна хэмээн үзэж байна. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “...арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан.

Шүүгдэгч М ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй нь тогтоогдож байна.

Шүүхээс М д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлыг нөхөн төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаагүй, цаашлаад урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, “Азрийч” ХХК-д хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаа гэх хувийн байдлыг харгалзан үзэж нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон түүнд Эүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч М ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоов.

Шүүгдэгч М  нь шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсаргагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, давхардуулан авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хохирогчтой уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М-т ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг “албан тушаалын байдлаа ашиглаж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч М д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч М д шүүхээс оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.

 

4. Шүүгдэгч М  нь шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсаргагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.        

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, давхардуулан авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хохирогчтой уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ

                                                          ШҮҮГЧ                                      М.ТҮМЭННАСТ