Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/10

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Г.Уламбаяр, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                            Прокурор Б.Эрхэмбаатар

                                         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.И

                                        Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүү

                                        Шүүгдэгч Ц.Г

                                        Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Отгонжаргалын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ц.Гт холбогдох эрүүгийн 2026002120249 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц.Г нь согтуурсан үедээ 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Тоёота Приус-11 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа ...1.Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1 дэх хэсэгт заасан “Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан саадгүй зорчих”, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3 дугаар бүлгийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а.Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Х.Эын амь нас хохирсон /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх шүүгдэгч Таван тайж овгийн Ц.Г согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д  зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-н цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар Ц.Г-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн хугацааг тоолохоор, шүүгдэгч нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт 6900000 төгрөг төлсөн, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдан, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н, Б.И нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжилсэн нэхэмжлэлээс 8 357 343 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, 5 400 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н, Б.И нар нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн дээл 1 ширхгийг устгаж, 29-07 ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгчид буцаан олгож, №765979 дугаартай шүүгдэгч Ц.Гийн жолооны үнэмлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч Ц.Гийн эзэмшлийн 29-07 ӨВО улсын дугаартай “Тоёота приус-11” маркын автомашиныг битүүмжилсэн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Гт буцаан олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Эрхэмбаатар эсэргүүцэлдээ: Тус аймгийн прокурорын газраас Ц.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 218 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг харьяалах анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 2021/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолоор Ц.Г-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг шийдвэрлэснийг эс зөвшөөрч эсэргүүцэл бичиж байна.

Шүүхийн шийдвэр /шийтгэх тогтоол/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Ц.Гт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлж хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар дурьдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан шаардлага хангаагүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч Ц.Гт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг харгалзан үзсэн гэх боловч шийдвэртээ нотлох баримтын агуулга, шийдвэр гаргах болсон үндэслэлээ дурьдаагүй, тусгаагүй байгаа нь дээрх хуулийн заалтыг хангахгүй байна. Шүүх шүүгдэгч Ц.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учирсан хохирлоо нөхөн төлсөнийг үндэслэсэн боловч эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримт шүүхийн шийдвэрээс үзэхэд Ц.Г нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон Х.Эын амь насыг хохироосон нөхцөл байдал тогтоогдсон байх ба Х.Эын амь хохирсон байдал сэргээгдсэн нотлох баримт авагдаагүй байхад гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилгасныг хохирол нөхөн төлөгдсөн өөрөөр хэлбэл сэргээгдэх боломжгүй эрхийг сэргээсэн мэтээр хуулийн дүгнэлт хийж ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар мөрдөн байцаалтын явцад цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ц.Г нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хохирогч Х.Эын амь насыг хохироосон үйл явдал нотлон тогтоогдсон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх зохицуулалт нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг түүнийг арилгасан байдлыг харгалзан үзэхээр хуульчилжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэхээр зохицуулагдсан ойлголт гэж үзэж байна. Шүүгдэгч Ц.Гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас Х.Эын амьд явах эрх зөрчигдсөн бөгөөд эрх ямар ч тохиолдолд сэргээгдэх боломжгүй, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг буюу хор уршиг нөхөн төлөгдсөнийг хохирол нөхөн төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хэрэгт дээрх зохицуулалтаар шүүгдэгч Ц.Гт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн хүлээлгэх боломж хязгаарлагдмал байхад шүүх хууль буруу хэрэглэн ял шийтгэл оногдуулжээ.

Иймд шүүгдэгч Цацралын Гт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2021ШЦТ10 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүү прокурорын эсэргүүцэлд гаргасан тайлбартаа: Прокуророос шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичсэн гэж ойлгогдохоор байна. Тухайлбал эсэргүүцэлд шүүхийн тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй тухай дурьджээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцийн тухай заасан. Анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/10 тоот тогтоол Монгол улсын нэрийн өмнөөс гарч удиртгал, тодорхойлох хэсгүүд зохих журмын дагуу бичигдэж, тогтоох хэсэгт Цацралын Гийг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, зохих ял шийтгэлийг оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийг хангасан байна. Тогтоолын тодорхойлох хэсэгт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудыг дурьдаж шүүгдэгч Ц.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх байдлуудыг дурьдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзэхээр байна. Эсэргүүцэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дугаар зүйлд ...гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэхээр зохицуулагдсан ойлголт гэж үзэж байна гэснийг хор уршиг нөхөн төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй гэжээ. Гэтэл уг заалтанд хохирол нөхөн төлөгдсөн гэсэн ойлголт байхад прокурор хор уршиг гэж нэмэлт үг оруулж тайлбарласан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг доош татаж шийдвэрлэх тухай заасан байна. Мөн эсэргүүцэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр заалт нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх түхай заалт байна зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх гэсэн ойлголт нь хүний амь насыг төлөх гэсэн ойлголт биш. Ц.Гийн үйлдэл нь болгоомжгүй хэлбэртэй. Ийм төрлийн хэрэгт хохирол нөхөн төлөгдсөн тохиолдолд ялын доод хэмжээнээс доогуур тогтоож шийдвэрлэсэн шүүхийн практик байдаг. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь Ц.Г-н ар гэрээс 5 000 000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авлаа. Хохиролд нийт 11 800 000 төгрөг хүлээн авсан болно. Хохирол төлөгдсөн гэж үзлээ. Миний бие Ц.Гт анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг зөвшөөрч байна гэжээ.

Прокурор Б.Эрхэмбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шударгаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлүүлэх нь гэм буруутай этгээдэд зохих ёсны хариуцлагыг оногдуулж цаашид шүүхийн шийдвэрт буруу жишиг гаргахгүй байх мөн ял шийтгэл эрүүгийн хуулийн зорилгод нийцсэн байх шаардлагатай. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2-т заасан буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, 1.3-т заасан хуулийн зүйл хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй буюу онцгой нөхцөл байдал гэж ял хөнгөрүүлж байгаа бол ямар онцгой нөхцөл байдал үүссэн, тэр нь ямар нотлох баримтаар нотлогдсон, тэр нотлох баримтын хэмжээний зүйлийг агуулгын хэмжээнд үнэлээгүй, өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй байхад ингэж үзсэн нь хууль зөрчсөн, үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Эсэргүүцэлд үндэслэлээ тодорхой бичсэн байгаа. Тийм учраас шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би газар дээр ганц ахтай хүн. Миний ах ямар нэгэн хууч өвчингүй, эрүүл хүн байсан. Энэ хэрэг зүгээр ч нэг авто осол биш. Гэрийн гадаа тамхи татаад сууж байсан хүнийг согтуу, санаатайгаар амь насыг нь хохироосон. Амь насыг нь хохироосны улмаас гарсан төлбөр 11900000 төгрөгийг эхнэрт нь өгсөн юм байна лээ. Миний хувьд ахыг маань үнэхээр аймшигтайгаар, санаатайгаар алсан буюу энэ ослыг гаргасан гэж бодож байна. Тиймээс энэ хүнд хуульд зааснаар үнэн зөв шийтгэл оногдуулж хэргийг шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Ахын маань амь насыг хохироосны улмаас гарсан зардлуудыг л төлсөн болохоос хохирлоо төлсөн гэж үзэхгүй байгаа. Хохирол төлсөн гэж хорих ялыг багасгасан байгаа нь буруу гэж бодож байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүү шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокуророос анхан шатны шүүх онцгой нөхцөл байдал гэж үзсэн гээд байна. Шийтгэх тогтоолд онцгой нөхцөл байдал гэж үзсэн талаар юу ч бичээгүй. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлын хэд хэдэн заалтуудыг тусгасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт байхгүй. Шүүгдэгч хэргээ хүлээдэг. Тиймээс анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Шүүгдэгч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулж хэлэх тайлбар байхгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Ц.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан буюу согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байгаа хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь түүний гэм бурууд тохироогүй, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

 

Учир нь шүүгдэгч Ц.Г-н үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон нөхцөл байдал тогтоогдож байхад хохирлыг нөхөн төлсөн гэж үзэн хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцож Иргэний хуулийн тусгай ангийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын амь нас, эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээдэд хариуцан арилгахыг үүрэг болгосон. Мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт эдийн бус гэм хорыг зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлүүлэхээр заасан ба хүний амь нас, сэтгэл санааны байдал зэрэг эдийн бус хохирлыг үнэлэх хуулийн зохицуулалт байхгүйгээс хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг шүүх тогтоох боломж хязгаарлагдмал байдаг.

 

Ийм тохиолдолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан эсэх тухай санал, дүгнэлт шүүхээс энэ талаар үндэслэл бүхий шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой бөгөөд хэрэгт ийм баримт авагдаагүй буюу хохирогчоос хохирол, хор уршиг арилсан талаар тайлбар, мэдүүлэг өгөөгүй буюу хохирол төлөгдөөгүй гомдолтой гэж байхад хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлж ял шийтгэл оногдуулсан нь буруу болжээ.

 

Иймд дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ц.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож Ц.Г холбогдох эрүүгийн 2026002120249 тоот хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ц.Г урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.