| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэнжаргалын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 124/2021/0090/з |
| Дугаар | 124/ШШ2023/0003 |
| Огноо | 2023-01-09 |
| Маргааны төрөл | Газар, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2023 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 124/ШШ2023/0003
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл би “Х.У” ХХК-ийн “Улаангом сумын Засаг даргын 2013 оны 07 сарын 17-ны өдрийн А/217 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х.У” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “"Х.У" ХХК нь Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2012 оны 11 сарын 01-ний өдрийн 495 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 8516000209 дугаар бүхий 29954 м2 /га/ газрыг 15 жилийн хугацаатай Улаангом сумын 3-р багийн нутаг хуучнаар барилгын материалын үйлдвэрийн газрыг бетон цехийн үйлдвэрийн" зориулалтаар ашиглах аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000302004 дугаар гэрчилгээтэй.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 11 сарын 30-ны өдрийн 228 дугаар магадлалаар"... Газрын тухай хуулийн 21.3.2, 21.4.3 дахь хэсгийг баримтлан Улаангом сумын Засаг даргын 2011 оны 02 сарын 28-ны өдрийн А/23 тоот захирамжийг хүчингүй болгож, "Х.У" ХХК, "Ж.А" ХХК, иргэн Ж.Ц, "Б" ХХК-д газар эзэмшүүлэх асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг аймгийн Засаг дарга Э.Ц даалгахаар өөрчилж шийдвэрлэсэн байна.
Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 сарын 19-ний өдрийн А/102 дугаартай "Газар эзэмшүүлэх тухай" захирамжаар 1.Газрын кадастрын мэдээллийн санд зөрүүтэй орсон мэдээллийг засварлах зорилгоор Улаангом сумын 12-р багийн нутагт "Х.У" ХХК-ийн эзэмшлийн 26653м2 газраас 123м2 газрыг М.Б-д шилжүүлэн нийт 2430м2 газар, үлдсэн 26530м2 газрыг "Х.У" ХХК-д тус тус худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
Гэтэл "Ж.А" ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээг "У.М.М" ХХК- д шилжүүлэхдээ Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлнэ" гэх хуулийг зөрчиж шилжүүлсэн байна.
"Ж.А" ХХК нь Увс аймгийн Засаг дарга болон Увс аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт хандажөөрийн эзэмшлийн газрыг "У.М.М" ХХК-д шилжүүлэх тухай хүсэлт гаргаж байгаагүй.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 11 сарын 30-ны өдрийн 228 дугаар магадлалаар "Ж.А" ХХК-д газар эзэмшүүлсэн Улаангом сумын Засаг даргын 2011 оны А/23 дугаартай захирамжийг хүчингүй болгож, маргаан бүхий газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газар байх тул Газрын тухай хуульд заасны дагуу иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг аймгийн Засаг дарга, газрын даамал нарт даалгасан.
Гэтэл дээрх асуудлыг мэдсээр байж өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар, хүчин төгөлдөр бус эрхийн гэрчилгээг үндэслэн "Ж.А" ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг "У.М.М" ХХК-д шилжүүлэх тухай Улаангом сумын Засаг даргын 2013 оны 07 сарын 17-ны өдрийн А/217 дугаартай захирамж гаргаж, тус захирамжийн дагуу "У.М.М" ХХК-д 000302082 улсын бүртгэлийн дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан илт хууль бус захиргааны акт юм.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т Аймгийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. 21.3.2.аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна.
Мөн хуулийн 21.4-т Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. 21.4.3.энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах газрын харилцааны талаарх бүрэн эрхийг Сумын Засаг дарга хэрэгжүүлдэг.
Гэтэл инженерийн шугам сүлжээ бүхий газрыг Газрын тухай хуульд заасны дагуу иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх бүхий этгээд аймгийн Засаг дарга байтал Улаангом сумын Засаг дарга өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар "У.М.М" ХХК-д 000302082 улсын бүртгэлийн дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Улаангом сумын Засаг даргын 2013 оны 07 сарын 17-ны өдрийн А/217 дугаартай захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т заасныг зөрчиж байна.
"Х.У" ХХК-ийн зүгээс 2021 оны 09 сарын 06-ны өдөр Увс аймгийн Засаг даргад гомдол гаргасан. Увс аймгийн Засаг даргын 2021 оны 10 сарын 26-ны өдрийн 1/1488 дугаартай албан тоотоор маргаан бүхий газрыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу эзэмшүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх тул өргөдөлд дурдсан байдлаар шийдвэрлэх боломжгүй байна гэх хариу ирүүлсэн.
Иймд Улаангом сумын Засаг даргын 2013 оны 07 сарын 17-ны өдрийн А/217 дугаартай захирамжийг илт хууль болохыг тогтоож, хүчингүй болгуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Улаангом Засаг даргын 2013 оны 07 сарын 17-ны өдрийн А/217 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай “Х.У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гарган хүргүүлж байна.
Газрын тухай хуулийн 21.3.2-т заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна гэж заасан байдаг.
Гэвч 2012-2014 онд Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө байхгүй ба төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газар гэж тогтоосон хурлын тогтоол болон бусад эрх бүхий акт байхгүй.
Түүнчлэн Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулан Улаангом сумын Засаг даргаас авсан санал байхгүй тул тухайн “Х.У” ХХК-ий эзэмшлийн нутаг дэвсгэрийг эзэмшүүлэх, ашиглуулах нь Газрын тухай хуулийн 21.4.3-т зааснаар Улаангом сумын Засаг даргын газрын харилцааны талаарх бүрэн эрхийн асуудал болно.
Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2022 оны 02-р сарын 15- ны өдрийн албан тоотын хавсралтад “Ж.А” ХХК-ийн 2013 оны 06-р сарын 24-ны өдрийн 03-01/253 тоотоор ирүүлсэн Газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлт, ирсэн байх тул эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр шилжүүлсэн гэх нь үндэслэлгүй болно.
Иймд Улаангом сумын Засаг даргын 2013 оны 07 сарын 17-ны өдрийн А/217 дугаартай захирамж нь хууль ёсны акт юм.
Хавсралтаар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 2 сарын 15-ны өдрийн албан тоот, “Ж.А” ХХК-ийн газрын нэгж талбарын хувийн хэргийг хүргүүлэв” гэжээ.
Гуравдагч этгээд “У.М.М” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “"Х.У" ХХК-ийн захирал Ө.Б Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 11 сарын 12-ний өдөр: "Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2013 оны 07 сарын 17-ны өдрийн А/217 дугаартай захирамжийг илт хууль болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хянан шийдвэрлэж өгнө үү" гэсэн нэхэмжлэл гаргасныг Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны 02 сарын 23-ны өдөр манай компанид мэдэгдэж дээрх нэхэмжлэлийг миний бие 2022 оны 02 сарын 23-ны өдөр гардаж авсан. Энэ нэхэмжлэлийг манай компани хүлээн зөвшөөрөхгүй байна.
"У.М.М" ХХК-ийг худалдан авах үед махны үйлдвэрийн үл хөдлөх хөрөнгө, эзэмшиж буй газрын хамтаар дагалдаж ирсэн.
Дээрх нэхэмжлэлийг дараах үндэслэлээр "Х.У" ХХК гаргах эрхгүй гэж үзэж байна. Үүнд:
1. Манай компани Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 сарын 01-ний өдрийн А/495 дугаартай "Газар эзэмшүүлэх тухай" захирамжийн "Х.У" ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 сарын 05-ны өдөр Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлдээ дараах баримтуудыг хавсаргасан болно. Үүнд: 1. Газар эзэмших гэрчилгээ 2. Газрын кадастр 3. Засаг даргын захирамж 4. Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт 5. Итгэмжлэл 6. Компанийн дүрэм /"У.М.М" ХХК ийн нэхэмжлэлтэй 124/2020/0021/3 дугаартай Захиргааны№1 хавтаст хэргийн материалын 3 дугаар хуудаст байгаа болно./
2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх манай компанийн нэхэмжлэлтэй 124/2020/0021/3 дугаартай захиргааны хэрэгт "Х.У" ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулсан бөгөөд "Х.У" ХХК-ийн захирал Ө.Б хэргийн материалтай танилцаж 2020 оны 09 сарын 23-ны өдөр гарын үсэг зурсан байгаа. /"У.М.М" ХХК ийн нэхэмжлэлтэй 124/2020/0021/3 дугаартай Захиргааны№1 хавтаст хэргийн материалын 22 дугаар хуудсанд байгаа болно./
3. 2020 оны 10 сарын 16 өдөр "У.М.М" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг Увс аймаг дахь Захиргааны хэргийн шүүх гуравдагч этгээд Ө.Б-д гардуулсан бөгөөд Ө.Б гарын үсэг зурсан байгаа. /"У.М.М" ХХК-ийн нэхэмжлэлтэй 124/2020/0021/3 дугаартай Захиргааны №1 хавтаст хэргийн материалын 78 дугаар хуудсанд байгаа болно./
4. "Х.У" ХХК-ийн захирал Ө.Б нь:
1. 2021.06.17 нд өмгөөлөгч Ж.Энхжаргал /ховд аймаг/
2. 2021.07.05 нд өмгөөлөгч О.Батсүх /Улаанбаатар хот/
нартай хууль зүйн туслалцаа авах гэрээ хийж улмаар 2 өмгөөлөгч хэргийн материалтай танилцсан баримт хавтаст хэрэгт байгаа болно. /"У.М.М" ХХК ийн нэхэмжлэлтэй 124/2020/0021/3 дугаартай Захиргааны №2 хавтаст хэргийн материалын 113, 126 дугаар хуудаснуудад байгаа болно./
"Х.У" ХХК-ийн захирал Ө.Б болон түүний 2 өмгөөлөгчдөд "Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2013 оны 07 сарын 17-ний өдрийн А/217 дугаартай захирамжийг, бусад холбогдох баримт материалын хамтаар Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх "У.М.М" ХХК-ийн нэхэмжлэлтэй 124/2020/0021/3 дугаартай захиргааны №1, №2 хавтаст хэргийн материалаас 2020 оны 09 сарын 23-аас эхлэн танилцуулж, 2020 оны 10 сарын 16 нд гардуулсан нотлох баримт нь тухайн хавтаст хэрэгт хангалттай байна.
Дээрх "У.М.М" ХХК-ийн нэхэмжлэлтэй 124/2020/0021/3 дугаартай Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал 2021 оны 08 сарын 17 нд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурал 2021 оны 12 сарын 30-ны өдөр болсон бөгөөд шүүхийн маргаан эцэслэн шийдэгдээгүй байгаа.
Мөн 2021 оны 10 сард Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс "Х.У" ХХК-ийн захирал Ө.Б-ийн Улаангом сумын Засаг даргын 2013 оны 07 сарын 17-ний өдрийн А/217 дугаартай захирамжийг хүчингүй болгох хүсэлтийн талаар манай компанид албан тоотоор мэдэгдсэн бөгөөд 2021 оны 10 сарын 21-ний өдөр хариу тайлбар өгснийг хавсаргав.
"Х.У" ХХК-ийг худалдан авсан "Амарсанаа" ХХК-ийн захирал Ө.Б 2020 оны 07 сарын 19 ний өдөр "У.М.М" ХХК-ийн хамгаалалтын бүс рүү хүнд даацын трактор техникээр хууль бусаар халдан танхайрч, улмаар компанийн эд хөрөнгийг эвдэн сүйтгэж үгүй хийсэн гэмт үйлдэлд Монгол улсын ерөнхий прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн одоо Увс аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт хэрэг бүртгэлийн 203500173 дугаартай хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд нотолгоо болгон Увс аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Галбадрахын 2021 оны 10 сарын 25-ны өдрийн албан бичгийг хавсаргав.
Иймд "Х.У" ХХК-ийн захирал Ө.Б Улаангом сумын Засаг даргын 2013 оны 07 сарын 17-ний өдрийн А/217 дугаартай захирамжийг хүчингүй болгохоор 2021 оны 11 сарын 12-ны өдөр гомдол гаргасныг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар нэхэмжлэлийг гаргах эрхгүй гэж үзэж байна” гэжээ.
Нэхэмжлэгч “Х.У” ХХК-ийн захирал Ө.Б шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Х.У” ХХК-иас тус шүүхэд Улаангом сумын Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/127 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой “У.М.М” ХХК-ийн нэхэмжлэлтэй Увс аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х.У” ХХК нь Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдуулан “Улаангом сумын Засаг даргын 2013 оны 07 сарын 17-ны өдрийн А/217 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Х.У” ХХК-ийн захирал Ө.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж, хүсэлтээ ирүүлсэн байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож байгаа тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Х.У” ХХК-ийн “Улаангом сумын Засаг даргын 2013 оны 07 сарын 17-ны өдрийн А/217 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд мөн захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ОЮУНГЭРЭЛ